Бишопын зөвлөл
Цуглааны байруудыг арчлах


“Цуглааны байруудыг арчлах,” Цуглааны байр болон шүтэн бишрэх бусад газраар хангах (2021)

“Цуглааны байруудыг арчлах,” Цуглааны байр болон шүтэн бишрэх бусад газраар хангах

Цуглааны байруудыг арчлах

Цуглааны байруудыг цэвэрлэх

Сүмийн цуглааны байруудыг тэдний ариун нандин байдал, зорилгыг харуулах замаар арчлах ёстой. Цуглааны байр болон гаднах талбайг цэвэр, цэгцтэй байлгах үүргийг орон нутгийн санваарын удирдагчид, гишүүд, барилгын алба бүгд хамтдаа хариуцна.

Гишүүдийн оролцоо

Цуглааны байрыг цэвэрлэх, арчлах үүргийг барилгын албаныхантай хамт хариуцахыг гишүүдээс хүсдэг. Гишүүний оролцооны гол зорилго нь үйлчлэх боломжоор хангаснаар өсвөр үеийнхэн, идэвх султай гишүүдэд төдийгүй бүх гишүүнд туслах, тэднийг адислах явдал юм. Энэ нь мөн Их Эзэний шүтэн бишрэх байруудын хүндэтгэлтэй байдлыг нэмэгдүүлж, батжуулдаг.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор гишүүний оролцоог зохион байгуулж, хэрэгжүүлнэ. Гадас, тойргийн барилга хариуцсан төлөөлөгчид эдгээр үүрэг хариуцлагыг зааж өгч, зохицуулахад туслахаар дуудагдаж болно. (Хөтөлбөр зохион байгуулах талаарх мэдээллийг үзнэ үү.)

Барилга байгууламжийг ашиглаж байгаа хүмүүс цаг үргэлж ухаалаг байж, болгоомжтой, хүндэтгэлтэй хандаж, ашигласныхаа дараа цэвэрлэдэг байвал их цэвэрлэгээ болон бусад ажлыг хийх хэрэгцээ багасах болно.

Тойргийн барилга хариуцсан төлөөлөгч долоо хоног тутмын боломжит цэвэрлэгээг зохион байгуулж, боломжоороо хянана. Бүх гишүүнд цэвэрлэгээнд оролцох боломж олгосон байх ёстой. Залуу эрэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүдийг өөрсдийн гэр бүл, чуулга, эсвэл ангийнхантай хамт оролцоход урина.

Залуу хүмүүст шөнийн цагаар Сүмийн байрыг түгжих эсвэл цахилгаан тоног төхөөрөмжийг ажиллуулах үүрэг даалгавар өгөх ёсгүй.

Гишүүдийн цэвэрлэгээний материалын өрөө

Цуглааны байранд гишүүдийн хэрэгцээнд зориулсан цэвэрлэгээний тоног төхөөрөмж, материалыг агуулдаг гишүүдийн цэвэрлэгээний материалын өрөө байж болно. Гадас, тойргийн барилга хариуцсан төлөөлөгчид энэхүү цэвэрлэгээний материалын өрөөг багаж хэрэгсэл, цэвэрлэгээний материалаар хангах ажлыг барилгын албаныхантай хамт зохицуулна .

Гэнэтийн ослын үед дагах дүрэм журам

Орон нутгийн санваарын удирдагчид цуглааны байранд гарч болох олон төрлийн гэнэтийн осолд хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулна. Тэд эдгээр төлөвлөгөөг гишүүдийг сургах, онцгой нөхцөл байдлын үед дагах зорилгоор ашиглана. Орон нутгийн цагдаа, гал түймэр, түргэн тусламжтай холбоо барих мэдээллийг зохих газруудад байрлуулахыг зөвлөж байна.

Гал түймрээс урьдчилан сэргийлэх

Цуглааны байрыг ашиглаж байгаа хүн бүр урьдчилан сэргийлэх алхмуудыг дагаж мөрдвөл гал түймэр гарах эрсдэл багасна. Доорх жагсаалтад гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг оруулав. Үүнд:

  • Мод, цаасан бүтээгдэхүүн, химийн бодис, хог хаягдал зэрэг бүх шатамхай материалыг өрөө танхим, шүүгээ, цэвэрлэгээний материалын өрөө, бойлер, зуух, механик тоног төхөөрөмж, хэрэгслүүдтэй газруудаас хол байлгах хэрэгтэй.

  • Зөөврийн халаагуурыг ашиглахаас зайлсхий.

  • Гал зууханд хоол халаах эсвэл ус буцалгахаар зуух, пийшин ашиглаж байхдаа хүнгүй орхиж гарч болохгүй.

Явган хүний зам болон гадна гарц

Удирдагчид коридор болон бусад дотогшоо нэвтрэх цэгүүдийг саад тотгор болох зүйлгүй байлгадагтай адил гадна талбайн явган хүний ​​зам эсвэл гарцыг аюулгүй нэвтрэх, гарахад саадгүй чөлөөтэй, цэвэр цэмцгэр байлгах нь чухал юм.

Цуглааны байрны түлхүүр

Барилга байгууламжийн алба гадасны удирдагчдыг цуглааны байрны түлхүүрээр хангана. Бишопын зөвлөл гадасны удирдлаган доор тойргийн удирдагчдад түлхүүрийг тараана. Бишопын зөвлөл бүр хэнд түлхүүр байгаа тухай бүртгэлийг хадгалж, нэг хувийг гадасны барилгын төлөөлөгчид өгнө. Гишүүд холбогдох үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөхдөө бүх түлхүүрээ буцааж өгнө.

Мөнгө

Мөнгийг цуглааны байранд хонуулах эсвэл ямар ч цаг үед хараа хамгаалалтгүй үлдээх ёсгүй.

Аюулгүй байдал болон цоожилж түгжих журам

Гадасны удирдагчид эсвэл төлөөлөгч бишопууд цуглааны байрыг хаах, түгжих цагийн хуваарь гарган ашиглах талаар бодож үзнэ. Орой бүр тогтоосон цагт хаахдаа эдгээр дүрэм журмыг мөрдөнө.

Санваарын удирдагчид хувь хүний аюулгүй байдлыг хангах үүднээс барилгыг түгжих үүрэгт ажилд хүмүүсийг хоёр хоёроор нь томилж болно. Түгжих үйл явцад зөвшөөрөөгүй хүмүүс байранд үлдсэн эсэх, бүх гэрэл болон түр залгаж ажиллуулдаг халаагуур, хөргүүрийг унтраасан эсэх, хаалга, цонхнуудыг түгжсэн эсэх зэргийг шалгах нь багтана.

Цуглааны байр луу нэвтрэх түлхүүртэй Сүмийн гишүүд цуглааны байрнаас гарахдаа гадна хаалга болон бүх цонхыг хааж, түгжих хэрэгтэй.

Санваарын удирдагчид компьютер, хувилагч машин, зөөврийн цахилгаан төгөлдөр хуур, дуу бичлэгийн тоног төхөөрөмжүүдийг цоожтой өрөө эсвэл агуулахад хадгалсан эсэхийг шалгана. Үүнээс гадна, компьютер, цахилгаан тоног төхөөрөмжийг Сүмийн өмч хөрөнгө хэмээн тэмдэг тавьж; бүх загвар, серийн дугаарын жагсаалтыг хадгална.