Гарын авлагууд болон дуудлагууд
6. Гадасны удирдлага


“6. Гадасны удирдлага,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“6. Гадасны удирдлага,” Ерөнхий гарын авлага.

Зураг
гэр бүлтэй ярилцаж буй удирдагч

6.

Гадасны удирдлага

6.1

Гадасны зорилго

Исаиа хожмын үеийн Сионыг олон гадсаар бэхэлсэн майхан буюу асартай адилтган дүрсэлсэн (Исаиа 33:20; 54:2-ыг үзнэ үү). Өнөө үед Сүм гадас хэлбэрээр зохион байгуулагдсан байдаг. Гадас бүр хэд хэдэн тойргоос бүрддэг бөгөөд гадасны ерөнхийлөгч тэдгээрийг удирддаг.

Их Эзэн Өөрийн хүмүүст “хамтдаа цуглах” мөн “батлан хамгаалалтын тулд” дэлхийгээс “хоргодох газар” байж болохын тулд гадаснуудыг байгуулдаг (Сургаал ба Гэрээ 115:6-г үзнэ үү). Гадасны гишүүд, удирдагчид Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхээр хамтран ажилладаг (1.2-ыг үзнэ үү).

6.2

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Гадасны ерөнхийлөгч гадасныхаа хэмжээнд Сүмийн ажлыг удирдан чиглүүлэх санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг (3.4.1-ийг үзнэ үү). Тэрээр зөвлөхүүдийнхээ хамт гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг бүрдүүлдэг. Тэд гадасны гишүүдийг хайраар халамжилж, Есүс Христийн жинхэнэ дагалдагч болоход нь тусалдаг.

Гадасны ерөнхийлөгч дараах дөрвөн үндсэн үүрэг хариуцлагатай. Үүнд:

  1. Гадасны тэргүүлэх дээд прист байх

  2. Тэр гадсан дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг удирддаг.

  3. Олон нийтийн шүүгч байх

  4. Бүртгэл, санхүү, өмч хөрөнгөд хяналт тавих зэрэг юм.

Гадасны ерөнхийлөгч санваарын түлхүүрүүдийг атгадаг тул зарим үүрэг хариуцлагыг дангаараа үүрдэг. Хэрэв тэр тэдгээрийг биелүүлэх боломжгүй байвал, нэг зөвлөх нь энэ гарын авлагад дурдсанчлан орлон гүйцэтгэж болно. Гадасны ерөнхийлөгчийг төлөөлөн ажиллах зөвлөхийн талаар асуух зүйл байвал гадасны ерөнхийлөгч эсвэл түүний зөвлөх Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөнө.

Гадасны ерөнхийлөгч олон үүрэг даалгаврыг бусдад даалган хариуцуулдаг. Эдгээрт түүний зөвлөхүүд, дээд зөвлөлийн гишүүд, гадасны байгууллагуудын удирдагчид, гадасны гүйцэтгэх нарийн бичиг, гадасны бичиг хэргийн ажилтан, гадасны туслах бичиг хэргийн ажилтнууд багтдаг.

6.2.1

Тэргүүлэх дээд прист

Гадасны ерөнхийлөгч бол гадасны гол сүнслэг удирдагч юм. Тэрээр Их Эзэний ажлыг “зүрх сэтгэлийн ариунаар” (Мозая 18:12) гүйцэтгэж, гадсандаа үлгэр жишээ үзүүлдэг. Тэр зааж мөн өргөн дэмждэг.

Гадасны ерөнхийлөгч бол Есүс Христийн итгэлтэй шавь юм. Тэр гэрээнүүддээ үнэнч байдаг. Тэрбээр эхнэр, гэр бүлийнхэндээ үнэнч байдаг. Тэрээр гэр бүл, гадсандаа, түүнчлэн нийгэмд зөв шударга байдлын үлгэр жишээг үзүүлдэг. Зөвлөхүүд нь ч мөн адил зан чанартай эрчүүд байдаг.

Гадасны ерөнхийлөгч нь бишоп, гадасны бусад удирдагчид удирдамж заавар өгдөг.

6.2.1.1

Мелкизедек санваар

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасныхаа Мелкизедек санваартнуудыг тэргүүлнэ.

Гадасны дээд пристийн чуулга. Гадасны ерөнхийлөгч бол гадасны дээд пристийн чуулгын ерөнхийлөгч мөн. Тэрээр зөвлөхүүдийнхээ хамт уг чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг бүрдүүлдэг. Гадасны дээд пристийн чуулгад түүнчлэн дараах дээд пристүүд ордог. Үүнд:

  • Бишоп ба түүний зөвлөхүүд

  • Дээд зөвлөлийн гишүүн

  • Үүрэг гүйцэтгэгч патриарх орно.

Дээд пристийн чуулгын гишүүд өөр газар томилогдоогүй бол тойргийнхоо ахлагчийн чуулгын цуглаанд оролцоно. Гадасны дээд пристийн чуулгын цуглааны талаарх мэдээллийг 29.3.5-аас үзнэ үү.

Ахлагчийн чуулга. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ахлагчийн чуулгыг хариуцна (8.3.3.1-ийг үзнэ үү).

Мелкизедек санваарт томилогдох. Гадасны ерөнхийлөгч Мелкизедек санваарын томилгоог хянана. Тэрээр мөн ахлагчийн болон дээд пристийн албанд томилох томилгоог хянана (18.10.4-ийг үзнэ үү).

6.2.1.2

Бишопын зөвлөл

Гадасны ерөнхийлөгч шинэ бишопын зөвлөлийг дуудагдсаны дараа цаг алдалгүй тэдэнтэй уулзаж, удирдамж заавар өгнө. Тэрээр ярилцлага, хурал цуглааны үеэр болон бусад орчинд бишоптой байнга уулзаж, заавар өгч, урамшуулан дэмжинэ.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд бишопын зөвлөлийн гишүүдэд Аароны санваартнууд, залуу эмэгтэйчүүдтэй холбоотой үүрэг хариуцлагынх нь талаар заавар өгнө.

6.2.1.3

Гадасны патриарх

Гадасны ерөнхийлөгч гадасны патриархын ажилд хяналт тавина. Тэрээр түүнтэй ойр дотно байна. Гадасны патриархыг дуудаж, ажлыг нь зохицуулах тухай мэдээллийг 6.6-аас үзнэ үү.

6.2.1.4

Зөвлөл, хороод ба хурал цуглаан

Гадасны ерөнхийлөгч дээд зөвлөл ба гадасны зөвлөлийг тэргүүлнэ. Тэрээр мөн гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороог тэргүүлнэ (29.3.9-ийг үзнэ үү). Тэр дараах ажилд хяналт тавихыг зөвлөхүүддээ хариуцуулна. Үүнд:

  • Гадасны өсвөр үеийнхний удирдлагын хороо (29.3.10-ыг үзнэ үү)

  • Гадасны ганц бие залуучуудын хороо

  • Гадасны ганц бие насанд хүрэгчдийн хороо (байдаг бол)

Гадасны ерөнхийлөгч бүр зохицуулах зөвлөлийн гишүүн байна (29.4-ийг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл 29.3-т жагсаасан гадасны хурал цуглаануудыг төлөвлөнө. Ерөнхий эрх мэдэлтэн эсвэл Бүсийн дал оролцоогүй л бол гадасны ерөнхийлөгч эдгээр хурлыг тэргүүлнэ. Түүний зөвлөхүүд эдгээр хурал цуглааныг тэргүүлж болно. Тэд мөн гадасны ерөнхийлөгчийг байхгүй үед тэргүүлж болно.

6.2.1.5

Дуудлага өгөх ба дуудлагаас чөлөөлөх

Дуудлагад дуудах ба дуудлагаас чөлөөлөх талаарх гадасны ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагыг 30-р бүлэгт заасан. Тэр 30.8-д зааснаар дуудлага өгөх, дуудлагаас чөлөөлөх ажлыг өөрийн зөвлөхүүд болон дээд зөвлөлийн гишүүдэд даалгаж болно. Гадасны ерөнхийлөгч дараах дуудлагуудыг өөрийн биеэр өгнө. Зарим хүний хувьд, дурдсаны дагуу эхлээд зөвшөөрөл авах хэрэгтэй.

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүд. Гадасны шинэ ерөнхийлөгч дуудагдах үед тэргүүлэгч Ерөнхий эрх мэдэлтэн эсвэл Бүсийн дал нь түүний зөвлөхүүдийг дуудаж, онцгойлон адисалдаг. Тэднийг гадасны шинэ ерөнхийлөгч санал болгодог. Одоо байгаа гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх чөлөөлөгдөх хэрэгтэй бол, эсвэл шинэ зөвлөх дуудах хэрэгтэй бол гадасны ерөнхийлөгч Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС)-аар дамжуулан санал тавина. Гадасны ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авсны дараа зөвлөхтэй ярилцаж, дуудаж, онцгойлон адисалж эсвэл чөлөөлнө.

  • Гадасны патриарх. Гадасны ерөнхийлөгч Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас зөвшөөрөл авсны дараа патриархтай ярилцаж, дуудаж, томилж болно. 6.6.1-ийг үзнэ үү.

  • Бишоп. Гадасны ерөнхийлөгч бишопоор дуудагдах ах нарыг санал болгоно. Тэр түүнчлэн тэднийг дуудлагаас чөлөөлөх саналыг оруулна. Тэрээр саналаа УБХАМС-аар дамжуулан оруулна. Гадасны ерөнхийлөгч Тэрrүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авсны дараа бишопыг дуудан, томилж, онцгойлон адисалж эсвэл чөлөөлж болно. Тэр бас уг дуудлагатай холбоотой санваарын түлхүүрүүдийг олгоно. 30.7-г үзнэ үү.

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч. Гадасны ерөнхийлөгч ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийг дуудаж, онцгойлон адисална. Тэр үүний өмнө бишоптой зөвлөлдөнө. Тэр түүнчлэн уг дуудлагатай холбоотой санваарын түлхүүрүүдийг олгоно. 8.3.3.1-ийг үзнэ үү.

  • Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч. Гадасны ерөнхийлөгч гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийг дуудаж, онцгойлон адисална.

УБХАМС-г ашиглах боломжгүй гадасны ерөнхийлөгч шаардлагатай үед бүсийн албатай холбогдож саналаа өгнө.

6.2.1.6

Гадасны байгууллага ба хөтөлбөр

Гадасны ерөнхийлөгч гадасны Халамжийн нийгэмлэгийг хариуцна. Тэрээр Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн ангийн байгууллагуудыг зөвлөхүүддээ хариуцуулан томилно.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд томилогдсон байгууллагынхаа ерөнхийлөгчийн зөвлөлтэй тогтмол хуралдана. Эдгээр хурлаар тэд:

  • Ерөнхийлөгчийн зөвлөлийнхнийг үүрэг хариуцлагаа ойлгосон байхад анхаарна.

  • Байгууллагын удирдагчдын хэрэгцээний талаар хамтдаа зөвлөлдөнө.

Гадасны аливаа байгууллагад шинэ ерөнхийлөгчийн зөвлөл дуудагдах үед, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл үйлчлэлд нь зөвлөгөө, заавар өгнө.

АНУ, Канадад байгууллагын шинэ ерөнхийлөгчийн зөвлөл ерөнхий байгууллагын зөвлөлөөс түүнчлэн заавар авч болно (5.1.2-ыг үзнэ үү). Бусад бүсэд, шинэ ерөнхийлөгчийн зөвлөл нь бүсийн байгууллагын зөвлөгчөөс түүнчлэн заавар хүлээн авч болно (5.2.5.1-ийг үзнэ үү). Энэ сургалтыг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор явуулна. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн оролцоно.

Гадасны ерөнхийлөгч шаардлагатай үед гадасны хөтөлбөрүүдийг хянах ажлыг зөвлөхүүддээ хариуцуулна. Эдгээрт:

  • Институт, семинар

  • Ганц бие залуучууд, ганц бие насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөр

  • Гадасны үйл ажиллагаа

  • Дуу хөгжим

  • Цуглааны байр зэрэг нь орно.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд хариуцсан хороо, дээд зөвлөлийн гишүүд, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүдтэй тогтмол уулзана.

Зураг
Залуу эмэгтэйчүүдийн удирдлагын хурал

6.2.1.7

Харилцаа холбоо (Олон нийттэй харилцах алба)

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасныхаа хэмжээнд харилцаа холбоотой холбогдох ажлыг удирдана. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд бас нийгэмд Сүмийн нэр хүндийг сайн авч явахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд иргэд, орон нутгийн удирдагчидтай харилцаа холбоо сайтай байхыг хичээнэ.

Гадасны ерөнхийлөгч бол гадсанд хамаарах асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сүмийг төлөөлөн ярьдаг гол хүн юм. Шаардлагатай үед тэр энэ үүргийг өөр хүнд даалгаж болно.

Гадасны ерөнхийлөгч эсвэл түүний томилсон зөвлөх гадасны харилцаа холбоо хариуцсан зөвлөлийг байгуулж, ажилд нь хяналт тавьж болно. Энэ зөвлөл нь иргэд, орон нутгийн удирдагчидтай харилцаа холбоо тогтооход Сүмийн удирдагчдад тусалдаг. Түүнчлэн энэ нь эдгээр удирдагчийг Сүмийн гишүүд, олон нийттэй үр дүнтэй харилцахад тусалдаг.

Харилцаа холбоо хариуцсан зөвлөлд гадасны олон нийттэй харилцах албаны захирал, туслах захирлууд, шаардлагатай бол зохицуулагчид багтаж болно. Тэднийг гадасны ерөнхийлөгч юм уу томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн дуудаж, онцгойлон адисална.

Түүнчлэн зохицуулах зөвлөлийн түвшинд харилцаа холбоо хариуцсан зөвлөл байдаг (29.4-ийг үзнэ үү). Энэ нь Бүсийн далын удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд харилцах газрын захирал үүнийг удирдана. Энэ харилцаа холбоо хариуцсан зөвлөл нь гадасны хил хязгаараас гадуурх харилцаа, үйл ажиллагаа, асуудлыг зохицуулахад тусалдаг. Энэ зөвлөлийн захирал нь гадасны харилцаа холбоо хариуцсан зөвлөлийг дэмжин, зааж сургана.

Юта бүсийн харилцаа холбоо хариуцсан зөвлөлийн бүтэц бусдаас өөр. Юта бүсийн Бүсийн дал энэ бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг гадасны ерөнхийлөгчдөд өгнө.

Харилцаа холбоо хариуцсан дуудлагын талаарх мэдээллийг GCN.ChurchofJesusChrist.org -оос үзнэ үү.

6.2.2

Гадсан дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг удирдан явуулах

Гадасны ерөнхийлөгч гадсан дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг тэргүүлнэ (1-р бүлгийг үзнэ үү). Тэрээр гадас, тойргийн удирдагч, гишүүдэд энэ ажлын талаар зааж, урамшуулан дэмжинэ. Түүний зөвлөхүүд мөн бусад удирдагч түүнд тусална.

Тэрээр гишүүдэд сайн мэдээний дагуу амьдарч, сүнслэг хүч чадлаа нэмэгдүүлэхэд тусалдаг. Тэр тэдэнд залбирч, судраас суралцахыг, мөн аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авахдаа байгуулах гэрээнүүдийнх нь талаар заадаг. Тэрээр тэднийг гэрээгээ сахихад урамшуулан дэмждэг.

Гадасны ерөнхийлөгч гэр бүлүүдийг хүчирхэгжүүлдэг. Тэр тэднийг тогтмол залбирч, сайн мэдээнээс хамтдаа суралцаж, гэр бүлийн үдэш хийхэд урамшуулдаг. Сүмийн дуудлагыг гэр бүлийн үүрэг хариуцлагаа умарталгүй гүйцэтгэж болдгийг үг үйлдэл, үлгэр жишээгээрээ тэр заадаг. Мөн тэрээр Сүмийн үйл ажиллагаанууд үр хүүхдээ зөв шударга хүмүүс болгон хүмүүжүүлэхийн тулд гаргаж буй эцэг эхчүүдийн хүчин чармайлтад дэмжлэг үзүүлдэг байхад анхаарна.

Гадасны ерөнхийлөгч сайн мэдээний дагуу амьдрахад нь гишүүдэд туслахаас гадна Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын бусад талыг хянана. Жишээлбэл, тэрээр:

  • Мелкизедек санваар хүлээн авахаар бэлдэхэд нь ах нарт тусална (18.10.1-ийг үзнэ үү).

  • Гадасны тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах ажлыг удирдана (22.9.1-ийг үзнэ үү).

  • Гадасны номлогчийн ажлыг хянаж, сайн мэдээг хуваалцахыг гишүүдэд уриална (23.4-ийг үзнэ үү).

  • Гадасны шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх хүчин зүтгэлийг удирдана (23.4-ийг үзнэ үү).

  • Номлолын үйлчлэлд явах хүмүүстэй ярилцлага хийнэ (24.4.2-ыг үзнэ үү).

  • Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хариуцна (25.3.1-ийг үзнэ үү).

  • Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхэд нь гишүүдэд тусална (27.1-ийг үзнэ үү).

  • Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран Ахлагчдын чуулга, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд номлогчийн (23.5.2-ыг үзнэ үү) болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг (25.2.2-ыг үзнэ үү) хийхэд хүлээх үүрэг хариуцлагынх нь талаар зааж, дэмжлэг үзүүлнэ.

6.2.3

Олон нийтийн шүүгч

Гадасны ерөнхийлөгч бол гадасны олон нийтийн шүүгч юм (Cургаал ба Гэрээ 107:71–74-ийг үзнэ үү). Тэрээр сүнслэг өдөөлт хүлээн авах, гадасны гишүүдийн сүнслэг болон материаллаг талын сайн сайхны төлөө шийдвэр гаргах санваарын түлхүүрүүдийг атгадаг. Энэ ажлынхаа хүрээнд тэрээр дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • 31.2-т тоймлосноор ярилцлагыг явуулна. Тэр мөн зарим нэгэн ярилцах эрхийг зөвлөхүүддээ олгож болно (31.2.2-ыг үзнэ үү).

  • Сүнслэг удирдамж эрэлхийлсэн, хувийн хүнд хэцүү асуудалтай эсвэл ноцтой гэм нүгэл үйлдсэн гадасны гишүүдтэй уулзана. Удирдамжийг 31.1-ээс үзнэ үү.

  • Гишүүд ноцтой нүгэл үйлдсэн үед гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулна (32-р бүлгийг үзнэ үү).

Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай асуудлуудын хувьд гадасны ерөнхийлөгч хүсэлтийг анхааралтай авч үзнэ. Тэр зохистой эсэхийг нь тодорхойлохоор тухайн хүнтэй ярилцана.

Ярилцсаныхаа дараа гадасны ерөнхийлөгч зөвхөн өөрөө зөвшөөрөл өгч болно гэж үзвэл Тэргүүн зөвлөл рүү өргөдлийг илгээнэ. Тэр дэмжиж байгаа шалтгаанаа тайлбарлана.

Гадасны ерөнхийлөгч өргөдлийг Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангаар дамжуулан илгээнэ.

6.2.4

Бүртгэл, санхүү ба өмч хөрөнгө

Гадасны ерөнхийлөгч гадасныхаа бүртгэл, санхүү, өмч хөрөнгөд хяналт тавина. Тэр бүртгэл, санхүүгийн ажлын ихэнх хэсгийг зөвлөх, бичиг хэргийн ажилтнууддаа даалган хариуцуулж болно. Тэрээр дээд зөвлөлийн нэг гишүүнийг гадасны барилгын албаны төлөөлөгчөөр томилж, өмч хөрөнгөнд хяналт тавих ажилд туслуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бүлгүүдээс үзнэ үү.

6.3

Дүүргийн ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч хоёрын эрх мэдлийн ялгаа

Гишүүдийн дүүрэгт нэг Мелкизедек санваартныг дүүргийн ерөнхийлөгчөөр дууддаг. Тэр тэргүүлэн удирдахад шаардлагатай санваарын түлхүүрүүдийг атгадаг (3.4.1.1-ийг үзнэ үү). Тэр дараахаас бусад тохиолдолд гадасны ерөнхийлөгчийн адил үйлчилдэг. Үүнд:

  • Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл зөвшөөрсний дараа номлолын ерөнхийлөгч түүнийг дуудаж, онцгойлон адисалдаг (30.8.4-ийг үзнэ үү). Харин гадасны ерөнхийлөгчийг томилогдсон ерөнхий эрх мэдэлтэн эсвэл Бүсийн дал дуудаж, онцгойлон адисалдаг (30.8.3-ыг үзнэ үү).

  • Тэр ахлагч эсвэл дээд прист байж болно. Гадасны ерөнхийлөгч нь дээд прист байх ёстой.

  • Тэр дээд пристийн чуулгын ерөнхийлөгч биш. Ийм чуулгуудыг зөвхөн гадсанд зохион байгуулдаг.

  • Дүүргийн ерөнхийлөгч дүүргийнхээ бүх санваартныг тэргүүлнэ. Гэвч номлолын ерөнхийлөгч тэргүүлэх дээд прист юм.

  • Номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгч ахлагчаар томилогдох ахтай ярилцаж болно. Энэхүү зөвшөөрлийг тохиолдол бүр дээр авна. Түүнчлэн дүүргийн ерөнхийлөгч эсвэл түүний удирдамжаар ажиллаж буй хүн (1) ахыг дэмжүүлж, (2) томилгоог гүйцэтгэж болно (18.10.1.3, 18.10.3-ыг мөн 18.10.4-ийг үзнэ үү). Гэхдээ дүүргийн ерөнхийлөгч патриарх, дээд прист эсвэл бишопыг томилж чадахгүй.

  • Номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр, дүүргийн ерөнхийлөгч салбарын ерөнхийлөгчийг онцгойлон адисалж болно (18.11-ийг үзнэ үү). Энэхүү зөвшөөрлийг тохиолдол бүр дээр авна.

  • Мөн бүрэн цагийн номлогчдыг чөлөөлдөггүй. Гэхдээ номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй хамт номлолоос чөлөөлөх ярилцлагад оролцож болно. Хэрэв аялах зай, цаг заваас болж номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн тодорхой нэг номлогчийг чөлөөлж чадахгүй бол номлолын ерөнхийлөгч чөлөөлөх эрх мэдлийг дүүргийн ерөнхийлөгчид олгож болно (24.8.2-ыг үзнэ үү).

  • Тэр ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага хийхгүй мөн ариун сүмийн зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурдаггүй (26.3.1-ийг үзнэ үү).

  • Номлолын ерөнхийлөгч зөвшөөрөөгүй бол тэр гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулахгүй (32.9.5-ыг үзнэ үү).

  • Тэр ерөнхийдөө Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй шууд харьцдаггүй. Харин номлолын ерөнхийлөгчийн зөвлөлөөр дамжуулан ажиллана.

Онцгой тохиолдолд, дүүргийн ерөнхийлөгчид номлогчдыг санал болгох, томилох, чөлөөлөх эрхийг олгож болно. Түүнчлэн түүнд ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг явуулах, зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурах эрхийг олгож болно. Түүнд мөн зөвлөхүүдээ онцгойлон адислах эрх мэдлийг олгож болно. Хэрвээ Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл дүүргийн ерөнхийлөгчийг ийм өргөжүүлсэн эрх мэдэлтэй байх нь зүйтэй гэж үзвэл тэд түүнийг Тэргүүн Зөвлөлд санал болгоно. Хэрэв зөвшөөрөл олгох аваас, энэ нь уг дуудлагад биш, харин тухайн хүнд өгч буй хэрэг юм. Дүүргийн шинэ ерөнхийлөгчийг дуудахад энэ өргөжүүлсэн эрх мэдэл түүнд шилжин очдоггүй.

6.4

Гадасны гүйцэтгэх нарийн бичиг, гадасны гүйцэтгэх нарийн бичгийн туслахууд, гадасны бичиг хэргийн ажилтан болон гадасны туслах бичиг хэргийн ажилтан

6.4.1

Гадасны гүйцэтгэх нарийн бичиг ба гадасны гүйцэтгэх нарийн бичгийн туслахууд

Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх гадасны гүйцэтгэх нарийн бичгийг дуудаж, адисалдаг. Тэр Мелкизедек санваартай, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.

Гүйцэтгэх нарийн бичиг дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлтэй уулзаж, хуваарилагдсаны дагуу хөтөлбөрийг бэлтгэх;

  • Гадасны зөвлөлийн гишүүнээр үйлчилж, дээд зөвлөлийн хуралд оролцох; Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдамжийн дагуу дээрх хурлууд дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгах;

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөл, гадасны бусад удирдагчийн ажлыг хооронд нь уялдуулан холбож зохицуулах;

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн уулзалтын цагийг товлох;

  • Цэрэгт татагдаж байгаа эсвэл цэргийн алба хааж байгаа гишүүдийн талаар гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд мэдээлэх; Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор цэрэгт явах гэж байгаа гадасны гишүүдэд Сүмийн талаар чиг баримжаа олгох сургалтыг явуулахад нь туслах (38.9.3-ыг үзнэ үү);

  • Тойргийн шинээр томилогдсон гүйцэтгэх нарийн бичгүүдэд дуудагдсаных нь дараа цаг алдалгүй чиг баримжаа олгох сургалтыг явуулах; Шаардлагын дагуу байнга сургалт явуулах үүрэг орно.

  • Сүмийн ажилтнууд, сайн дурынхнаас хүлээн авсан мэдээллийг гадасны ерөнхийлөгчийн зааврын дагуу зохих гадас, тойргийн удирдагчдад дамжуулна (38.8.9-ийг үзнэ үү).

Шаардлагатай бол гадасны гүйцэтгэх нарийн бичигт нэг юм уу хоёр туслахыг дуудаж болно. Түүнийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн дуудаж, онцгойлон адисална. Тэдгээр ах ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.

6.4.2

Гадасны бичиг хэргийн ажилтан ба гадасны бичиг хэргийн ажилтны туслах

Гадасны бичиг хэргийн ажилтныг гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх дуудаж, онцгойлон адисална. Тэрээр гадасны зөвлөлийн гишүүн байна. Гадасны туслах бичиг хэргийн ажилтныг бас дуудаж болно. Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх тэднийг дуудаж, онцгойлон адисална. Гадасны бичиг хэргийн ажилтан, гадасны туслах бичиг хэргийн ажилтны үүрэг хариуцлагыг 33.3.2, 33.3.3-т тайлбарласан.

6.5

Дээд зөвлөл

Гадасны дээд зөвлөлийг бүрдүүлэхийн тулд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл арван хоёр дээд пристийг дууддаг (Сургаал ба Гэрээ 102:1; 124:131-ийг үзнэ үү). Хэрэв ахлагч дээд зөвлөлд үйлчлэхээр дуудагдсан бол онцгойлон адислагдахаасаа өмнө дээд пристээр томилогдсон байх ёстой.

Дээд зөвлөлийн гишүүд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор гадсан дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд тусалдаг. Тэдний үүрэг хариуцлагыг дараах хэсгүүдэд тайлбарласан болно.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн тэргүүлээгүй бол дээд зөвлөл хуралдахгүй.

6.5.1

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг төлөөлөх

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны тойрог бүрд дээд зөвлөлийн нэг гишүүнийг хуваарилан томилно.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны ахлагчийн чуулга бүрд дээд зөвлөлийн нэг гишүүнийг мөн томилно. Дээд зөвлөлийн гишүүд энэ үүргийнхээ хүрээнд шинээр дуудагдсан ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд сургалт явуулдаг. Үүнд энэ гарын авлагын 1–4, 8-р бүлгээс заах зааварчилгаа орно.

Ахлагчийн чуулгад томилогдсон дээд зөвлөлийн гишүүд чуулгын удирдагчидтай тогтмол уулзана. Үүнд;

  • Тэдний хэрэгцээг олж мэднэ.

  • Дэмжлэг үзүүлнэ.

  • Тэдэнд үүрэг хариуцлагыг нь, тухайлбал номлогчийн (23.5.2-ыг үзнэ үү) болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд (25.2.2-ыг үзнэ үү) гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынх нь талаар заана.

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс өгсөн мэдээллийг уламжилна.

  • Дараагийн ёслолоо авах хэрэгтэй чуулгын гишүүдэд хэрхэн туслах талаар ярилцана. Ахлагчийн чуулгын удирдагчид энэ мэдээллийг УБХАМС дээрээс авах боломжтой.

Шаардлагын дагуу эсвэл уригдсан бол тэд ахлагчийн чуулгын цуглаан, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал зэрэгт оролцоно. Заримдаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн тойргийн гишүүдэд тохинуулахдаа дээд зөвлөлийн гишүүнийг хамт явахад урьж болно.

Томилогдсон эсвэл уригдсан үедээ дээд зөвлөлийн гишүүд бишопын зөвлөл, тойргийн зөвлөлийн хурлуудад оролцоно.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дээд зөвлөлийн гишүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн мөн номлогчийн ажилд гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынх нь талаар дараах хүмүүст заах үүрэгт ажилд томилж болно. Үүнд:

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл

  • Тойргийн номлолын удирдагчид

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч

Гадасны эдгээр ажлыг удирдахад дээд зөвлөлийн нэг юм уу нэгээс олон гишүүнийг томилж болно. Гэхдээ дээд зөвлөлийн бүх гишүүн өөрсдийн томилогдсон тойрог, ахлагчийн чуулгад энэ үүрэг хариуцлагыг гүйцэтгэнэ.

Дээд зөвлөлийн гишүүд ах нарыг ахлагч, дээд пристийн албуудад томилоход гадасны ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөж, тэдний шийдвэрийг дэмждэг. Гадасны ерөнхийлөгч эдгээр албанд эрэгтэйчүүдийг томилоход өөрийг нь төлөөлөх эрхийг дээд зөвлөлийн гишүүдэд олгож болно. Дээд зөвлөлийн эдгээр гишүүн уг ёслолыг зөв гүйцэтгэсэн байхад анхаарна.

Түүнчлэн дээд зөвлөлийн гишүүд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөж, гишүүдэд дуудлага өгөх тухай шийдвэрийг дэмждэг. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл зарим дуудлагыг өгч, дэмжин батлуулахаар зарим гишүүнийг танилцуулах мөн заримыг нь онцгойлон адислах эрхийг дээд зөвлөлийн гишүүдэд олгож болно. (30.8-ыг үзнэ үү.)

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн байгууллагуудтай хамт ажиллах дээд зөвлөлийн гишүүдийг томилно. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг эдгээр ерөнхийлөгчийн зөвлөлийн аль нэгэнтэй уулзахад дээд зөвлөлийн гишүүн мөн оролцоно. Түүнчлэн томилогдсон дээд зөвлөлийн гишүүд эдгээр байгууллагын гадасны удирдлагын хуралд оролцоно.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл 6.2.1.6-д жагсаасан хөтөлбөрүүдэд туслуулахаар дээд зөвлөлийн гишүүдийг томилж болно. Тэд мөн дээд зөвлөлийн нэг гишүүнийг тусгай хэрэгцээт гишүүдийн хэрэгцээ шаардлагад туслуулахаар томилж болно (38.8.27-г үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ариун ёслол мөн бусад цуглаан дээр өөрсдийг нь төлөөлөн үг хэлэх дээд зөвлөлийн гишүүдийг томилж болно. Үг хэлэх энэхүү даалгаврын давтамжийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл шийднэ. Дээд зөвлөлийн гишүүд ариун ёслолын цуглаан дээр сар бүр үг хэлэх шаардлагагүй. Түүнчлэн гадасны ерөнхийлөгчийн зөвлөл энэ нөхцөлд гадасны байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдээр үг хэлүүлэхээр томилж болно (6.7.1 ба 6.7.2-ыг үзнэ үү).

Зураг
Эрчүүд ярилцаж байгаа нь

6.5.2

Гадасны зөвлөл ба хороодод үйлчлэх

Дээд зөвлөлийн бүх гишүүн гадасны зөвлөлд үйлчилдэг.

Цөөн тохиолдолд дээд зөвлөлийн гишүүд гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцоно (32.9.2-ыг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл бусад хороонд үйлчлэх дээд зөвлөлийн гишүүдийг томилно. Жишээ нь, ахлагчийн чуулгатай хамт ажиллахаар томилогдсон дээд зөвлөлийн гишүүд гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороонд үйлчилдэг (29.3.9-ийг үзнэ үү).

6.5.3

Гадасны байгууллагын удирдагчаар үйлчлэх

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дээд зөвлөлийн гишүүнийг гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр дуудаж, онцгойлон адисална (6.7.2-ыг үзнэ үү). Тэд дээд зөвлөлийн өөр гишүүнийг гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгчөөр дуудаж, онцгойлон адисална (6.7.1-ийг үзнэ үү).

6.6

Гадасны патриарх

Патриарх нь Мелкизедек санваарын нэг алба юм. Патриарх нь Сүмийн зохистой гишүүдэд патриархын адислал өгөхөөр дуудагдаж, томилогддог. Энэ хэсэгт гадасны ерөнхийлөгчийн гадасны патриархтай холбоотой үүрэг хариуцлагыг тоймлосон. Патриархын адислалын тухай мэдээллийг дараах эх сурвалжуудаас үзнэ үү. Үүнд:

  • Энэ гарын авлагын 18.17, 38.2.10-р хэсэг

  • Патриархуудад зориулсан заавар, зөвлөмж

  • Worldwide Leadership Training Meeting: The Patriarch (Дэлхий даяарх удирдагчдын сургалт: Патриарх)

Дараах мэдээллийг авахын тулд Information and Suggestions for Patriarchs (Патриархуудад зориулсан мэдээлэл ба зөвлөмжүүд)-ийг үзнэ үү.

  • Үүрэг үл гүйцэтгэх статустай патриарх

  • Өөр гадсанд нүүж шилжсэн патриарх

6.6.1

Гадасны патриархыг дуудах, дэмжүүлэх болон томилох

Патриарх нь зохистой Мелкизедек санваартан байх ёстой. Тэр сайн мэдээний талаарх ойлголтын хувьд төлөвшсөн, Сүнсэнд мэдрэмтгий байх ёстой. Тэрээр өөрийн патриархын адислалыг хүлээн авсан байх ёстой. Ерөнхийдөө 55 эсвэл түүнээс дээш настай байх ёстой. Тэр дуудагдах үедээ гэрлэсэн байх ёстой.

Арван хоёр төлөөлөгчийн чуулга гадасны патриархыг дуудах ажлыг удирдан чиглүүлнэ (Сургаал ба Гэрээ 107:39-ийг үзнэ үү). Гадасны ерөнхийлөгч хэнийг дуудахыг санал болгож болно. Тэр саналаа УБХАМС-аар дамжуулан оруулна. Гадасны ерөнхийлөгч энэхүү саналыг оруулахдаа Сүнсний удирдамж хүлээн авахын тулд мацаг барьж, залбирах хэрэгтэй. Түүний зөвлөхүүд санал нэг байх хэрэгтэй.

Хэрэв Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга уг саналыг зөвшөөрвөл, гадасны ерөнхийлөгчид патриархтай ярилцаж, дуудах эрхийг өгч болно. Дараа нь тэр патриархын нэрийг гадасны дараагийн чуулганы ерөнхий хуралдаанаар дэмжүүлэхээр танилцуулна.

Гадасны ерөнхийлөгч патриархыг томилно. Тэр энэ үүрэг хариуцлагыг зөвлөхөд даалгах ёсгүй. Томилох үеэр түүнээс өөр хүн байх ёсгүй. Шинэ патриархыг эхлээд албан тушаалд нь томилоод, тодорхой гадсанд үйлчлүүлэхээр онцгойлон адисална. Өмнө нь томилогдсон байсан патриарх үүрэг гүйцэтгэх статустаа эргэн орж байвал түүнийг дахин томилдоггүй. Гэхдээ түүнийг онцгойлон адисална.

Патриархуудад зориулсан онлайн хэрэгслийг ашиглаж эхлэхээс нь өмнө патриархын томилгоог УБХАМС-д бүртгэсэн байх ёстой.

Үүрэг гүйцэтгэж байгаа патриарх нь дээд пристийн чуулгын гишүүн бөгөөд чуулгын хурал цуглаанд оролцдог (29.3.5-ыг үзнэ үү).

6.6.2

Гадасны хоёр дахь патриархыг дуудах

Ерөнхийдөө Арван хоёрын Чуулга патриархын адислал авахыг хүссэн хүмүүсийн хүсэлтийг патриарх авч барахгүй байгаагаас өөр шалтгаанаар гадсанд хоёр дахь патриархыг дуудахыг зөвшөөрдөггүй. Түүнчлэн дараах нөхцөл байдал үүссэн байсан ч гадсанд нэмж патриарх дуудахыг зөвшөөрдөггүй. Үүнд:

  • Газар нутгийн хэмжээний хувьд том;

  • Ихэнх гишүүний ярьдаг хэлээр ярьдаггүй гишүүд байдаг зэрэг юм.

Хэрэв тухайн гадсанд өөр хэлээр ярьдаг гишүүд байдаг бол гишүүдийн төрөлх хэлээр адислал өгч чадах, ойр байх гадасны патриарх руу очих зөвшөөрлийг бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл тэдэнд өгч болно.

Зураг
Адислал хүлээн авч буй залуу эмэгтэй

6.6.3

Шинээр дуудагдсан гадасны патриархад заавар өгөх

Гадасны ерөнхийлөгч адислал өгч эхлэхийнх нь өмнө шинээр дуудагдсан патриархад заавар өгдөг. Тэр уг патриархад албан тушаалынх нь ариун нандин, илчлэлт хүлээн авдаг мөн чанарын талаар заана. Тэр дараах эх сурвалжууд дахь зааврыг патриархтай няхуур ярилцана. Үүнд:

  • Патриархуудад зориулсан заавар, зөвлөмж

  • Worldwide Leadership Training Meeting: The Patriarch (Дэлхий даяарх удирдагчдын сургалт: Патриарх)

6.6.4

Гадасны патриархын ажилд хяналт тавих

Гадасны ерөнхийлөгч Information and Suggestions for Patriarchs (Патриархуудад зориулсан заавар, зөвлөмж) дээр тоймлосноор гадасны патриархын ажлыг хянана. Тэрээр энэ үүргийг зөвлөхүүдийнхээ нэгэнд даалгах ёсгүй. Гадасныхаа ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаатай байх нь патриархад ашиг тустай байдаг.

Гадасны ерөнхийлөгч патриархтай хамгийн багадаа жилд хоёр удаа уулзана. Тэд уг ажлын талаарх патриархын бодол санаа, эрүүл мэнд, ар гэрийнх нь нөхцөл байдал, зөвлөгөө өгөх хэрэгтэй өөр бусад аливаа зүйлийн талаар ярилцдаг.

Гадасны ерөнхийлөгч хамгийн багадаа жилд хоёр удаа патриархын өгсөн адислалуудыг уншиж танилцдаг. Шаардлагатай бол тэрээр патриархын адислалын агуулгын талаар ерөнхий санал өгч болно.

Гадасны ерөнхийлөгч адислалын хэвлэсэн хувийг адислал авсан гишүүдэд даруй өгөх ёстой гэдэгт анхаарна. Тэрээр мөн бүх адислалыг Сүмийн удирдах газарт илгээсэн байхад анхаарна. Адислалуудыг ChurchofJesusChrist.org дээрх Patriarchal Blessing System-ээр дамжуулан оруулна. Системд нэвтэрч орж чадахгүй бол адислалуудыг хамгийн багадаа зургаан сард нэг удаа дараах хаягаар шуудангаар явуулж болно.

Church History Library

Attn: Patriarchal Blessings

15 East North Temple Street

Salt Lake City, UT 84150-1600

6.6.5

Патриархын адислалын нууцлал

Патриархыг хүлээн авсан хүнд патриархын адислалынх нь нэг хувийг өгч, Сүмийн удирдах газар луу явуулсныхаа дараа бүх цаасан болон цахим хувийг устгасан байхад ерөнхийлөгч анхаарна. Харин патриарх өөрийн компьютер дээрх адислалуудыг устгаж, сэргээх боломжгүй болгоход анхаарна.

6.6.6

Сүмийн өөр албан тушаалд дуудагдсан патриарх

Патриархыг Арван хоёр төлөөлөгчийн чуулгаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр Сүмийн удирдах албан тушаалд дуудаж болохгүй. Тэдгээр албан тушаалд бишопын зөвлөлийн гишүүн, дээд зөвлөл эсвэл гадас, номлол, ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл багтана. Хэрэв зөвшөөрөл өгсөн бол патриархад үүрэг үл гүйцэтгэх статус олгодог.

Патриархыг Арван хоёрын Чуулгаас бичгээр зөвшөөрөл авалгүйгээр өөр дуудлагуудад дуудаж болно. Түүнчлэн тэрээр ариун сүмд лацдан холбогчоор эсвэл ариун ёслолын ажилтнаар үйлчилж болно.

6.6.7

Патриархын адислалыг бичигч

Патриарх өөрөө адислалуудыг бичиж буулгаж чадахгүй бөгөөд үүнийг хийхийг илүүд үзэхгүй бол гадасны ерөнхийлөгч эсвэл түүний нэг зөвлөх патриархын адислалуудыг цаасан дээр буулгаж бичих гадасны зохистой, чадвартай гишүүнийг дуудаж, онцгойлон адисалж болно. Шаардлагатай бол нэгээс илүү бичээчийг дуудаж болно.

Адислал бүр ариун нандин бөгөөд хувийн нууц гэдгийг бичээчид анхааруулах ёстой. Бичээч, патриарх хоёр адислалуудын хувийг хадгалж болохгүй. (6.6.5-ыг үзнэ үү.)

6.7

Гадасны байгууллагууд

Гадасны Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн анги, Залуу эрэгтэйчүүдийн байгууллага тус бүр ерөнхийлөгчөөр удирдуулдаг. Эдгээр ерөнхийлөгч гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор үйлчилнэ. Том гадаснуудад байгууллагын ерөнхийлөгч нь өөртэй нь хамт үйлчлэх нэг юм уу хоёр зөвлөх мөн нарийн бичгийг хамт санал болгож болно. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр саналыг авч үзнэ.

Эдгээр удирдагчийн үндсэн үүрэг хариуцлага бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд тусалж, тойргийн байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд заавар өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал юм. Тэд тойргийн эсвэл гэр бүлийн түвшинд хийгдэх ажил үүргийг гүйцэтгэдэггүй. Тэд түүнчлэн тойргийн байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд нэмэлт үүрэг хариуцлага өгөхгүй.

6.7.1

Гадасны Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд

Гадасны ерөнхийлөгч гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчлэх эмэгтэйг дуудаж, онцгойлон адисална. Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх гадасны Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчөөр үйлчлэх эмэгтэйчүүдийг дуудаж, онцгойлон адисална. Зөвлөх, нарийн бичгүүдийг дуудах бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн тэднийг дуудаж, онцгойлон адисална.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дээд зөвлөлийн нэг гишүүнийг гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгчөөр дуудаж, онцгойлон адисална.

Эдгээр ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Гадасны зөвлөлд үйлчлэх (зөвхөн ерөнхийлөгчид); Гадасны хувь хүн, гэр бүлүүдийн итгэлийг хөгжүүлж, хүчирхэгжүүлэхийн тулд хийгдэж буй ажилд оролцох;

  • Тойргийн байгууллагуудад шинээр дуудагдсан ерөнхийлөгчийн зөвлөлд чиг баримжаа өгөх; Үүнд энэ гарын авлагын 1–4-р бүлэг буюу уг байгууллагын талаарх бүлгээс удирдамж заавар өгөх зэрэг нь багтдаг.

  • Байнга дэмжлэг үзүүлж, удирдамж заавар өгөх. Тойргийн байгууллагуудын ерөнхийлөгчийн зөвлөлтэй тогтмол уулзаж, тэдний хэрэгцээ шаардлагыг мэдэж, үйлчилж байгаа гишүүдийнх нь хэрэгцээг авч хэлэлцэн, гадасны ерөнхийлөгчийн өгсөн мэдээллийг уламжилна. Тойргийн удирдагчидтай холбогдож цуглаан болон хичээлд нь үе үе оролцох ажлыг зохион байгуулна.

  • Гадасны удирдлагын хурлын үеэр тойргийн байгууллагуудын ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд заавар өгөх (29.3.4-ийг үзнэ үү). Эдгээр нь ерөнхийдөө жилд нэг удаа явагддаг. Хэрэв энэ нь оролцогчдод хүндрэл учруулахгүй бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөл хоёр дахь хуралдааныг зөвшөөрч болно. Бишоп тойргийн байгууллагуудын ерөнхийлөгчийн зөвлөлд нэмэлт заавар өгөхийг хүсэж болно.

  • Өөрсдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар тогтмол зөвлөлдөх (зөвлөхүүд дуудагдсан бол). Өөр өөрийнх нь үйлчлэлийг хариуцдаг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй байнга холбогдоно.

  • Бүсийн дал урьсан үед зохицуулах зөвлөлийн хуралд оролцох (29.4-ийг үзнэ үү).

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл урьсан үед ариун ёслолын цуглаан, бусад хурал цуглаан дээр үг хэлнэ.

  • Том гадаснуудад, шаардлагатай бол өөр өөрийн байгууллагад үйлчлэх зөвлөхүүд, бусад дуудлагад дуудах хүмүүсийн нэрсийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд санал болгоно. Удирдамжийг 30.1.1, 30.1.5-аас үзнэ үү.

Гадасны Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд үе үе хамтарсан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж болно. Эдгээр үйл ажиллагаанд гадасны бүх эмэгтэй, залуу эмэгтэй, 8 ба түүнээс дээш насны охидыг оролцуулж болно. Ийм үйл ажиллагааг мөн олон гадсыг хамруулан явуулж болно. Ерөнхийлөгчийн зөвлөлүүд хамтдаа зөвлөлдөж, хамтарсан үйл ажиллагааг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд санал болгоно (20.3.1-ийг үзнэ үү). Ийм үйл ажиллагаа гадасны Халамжийн нийгэмлэгийн нэг үйл ажиллагааг орлож болох юм (6.7.1.1-ийг үзнэ үү).

6.7.1.1

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэмэлт үүрэг хариуцлага

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл дараах нэмэлт үүрэгтэй. Үүнд:

  • Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороонд үйлчлэх (29.3.9-ийг үзнэ үү); Нарийн бичгийг дуудсан бол түүнийг мөн үүнд оролцоход урих;

  • Тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид тохинууллын болон тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах зарчмуудыг заах; Материаллаг, бие даах чадвар хөгжүүлэх асуудлаар бишопод туслахын тулд гүйцэтгэдэг үүрэг хариуцлагаа ойлгоход нь тэдэнд туслах;

  • Тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд номлогчийн (23.5.2) болон ариун сүм, гэр бүлийн түүхийн (25.2.2-ыг үзнэ үү) ажилд гүйцэтгэдэг үүрэг хариуцлагыг нь заах;

  • Гадасны ганц бие насанд хүрсэн эгч нарыг хүчирхэгжүүлэх. Гадсанд ганц бие залуучуудын хороо байдаг бол ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн уг хороонд үйлчилнэ. Хэрэв гадсанд ганц бие насанд хүрэгчдийн хороо байдаг бол дээрхтэй адил байна. (14.1.1.2-ыг үзнэ үү.)

  • Онцгой нөхцөлд гадасны Халамжийн нийгэмлэгийн ажлыг зохицуулах үүрэг орно.

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл гадасны Халамжийн нийгэмлэгийн бүх эгчид зориулсан нэг эсвэл хоёр цуглааныг жил бүр төлөвлөн явуулж болно. Эдгээр цуглааныг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор явуулдаг. Үүнд үйлчлэл, хичээл, төсөл, чуулган эсвэл сургалтууд орж болно. Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл шаардлагатай бол туслах хороодыг байгуулж болно.

6.7.1.2

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэмэлт үүрэг хариуцлага

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл дараах нэмэлт үүрэгтэй. Үүнд:

  • Гадасны өсвөр үеийнхний удирдлагын хороонд үйлчлэх (29.3.10-ыг үзнэ үү); Хэрэв нарийн бичгийг дуудсан бол түүнийг мөн үүнд оролцоход урих;

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор гадасны Залуу эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, аялал зугаалгыг төлөвлөн, зохицуулах үүрэг орно.

6.7.1.3

Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэмэлт үүрэг хариуцлага

Гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл 8-11 насны хүүхдүүдэд зориулан гадасны үйл ажиллагааг үе үе төлөвлөж болно. Эдгээр үйл ажиллагаа нь охид, хөвгүүдэд зориулсан эсвэл хамтарсан байж болно. Тэд 12.2.1.3 дахь удирдамж зааврыг дагана.

Зураг
Хүүхдүүдтэй ажиллаж буй эмэгтэй

6.7.1.4

Гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэмэлт үүрэг хариуцлага

Гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл дараах нэмэлт үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүнд:

  • Сайн мэдээнээс суралцах, заах арга барилыг сайжруулах гадасны ажлын мэргэжилтнээр үйлчлэх;

  • Боломжтой газарт гадасны эх сурвалжийн төвийн ажлыг зохицуулах (13.7.2-ыг үзнэ үү);

6.7.2

Гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл

Гадасны ерөнхийлөгч дээд зөвлөлийн гишүүнийг гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр дуудаж, онцгойлон адисална. Залуу эмэгтэйчүүдэд болон Хүүхдийн хэсэгт томилогдсон дээд зөвлөлийн гишүүдийг зөвлөхөөр нь үйлчлүүлэхээр дуудаж, онцгойлон адисалж болно.

Том гадаснуудад гадасны өөр нэг юм уу хоёр Мелкизедек санваартныг зөвлөхөөр дуудаж болно. Нэг санваартныг нарийн бичгээр бас дуудаж болно (6.7.3-ыг үзнэ үү). Гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч хэнийг дуудахаа санал болгоно. Удирдамжийг 30.1.1, 30.1.5-аас үзнэ үү. Зөвлөх, нарийн бичгийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн дуудаж, онцгойлон адисална.

Гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Гадасны зөвлөлд үйлчлэх (зөвлөхүүд нь дээд зөвлөлийн гишүүн биш бол зөвхөн ерөнхийлөгч оролцоно); Гадасны хувь хүн, гэр бүлүүдийн итгэлийг хөгжүүлж, хүчирхэгжүүлэх ажилд оролцоно.

  • Бишопын зөвлөлийн Аароны санваартан ах нартай холбоотой гүйцэтгэдэг үүрэг хариуцлагад нь эх сурвалж болж үйлчлэх; Үүнд гадасны ерөнхийлөгчийн заавраар Аароны санваарын чуулгуудын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ойлгоход тэдэнд туслах явдал багтана.

  • Өөрсдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар байнга хамтдаа зөвлөлдөх. Тэдний үйлчлэлийг хариуцдаг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй байнга холбоотой байна.

  • Гадасны өсвөр үеийнхний удирдлагын хороонд үйлчилнэ (29.3.10-ыг үзнэ үү). Нарийн бичиг дуудагдсан бол түүнийг мөн үүнд үйлчлэхэд урина.

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор гадасны Аароны санваартнуудын үйл ажиллагаа, аялал зугаалгыг төлөвлөн, зохицуулна.

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл урьсан үед ариун ёслолын цуглаан, бусад хурал цуглаан дээр үг хэлнэ.

  • Бүсийн дал урьсан үед зохицуулах зөвлөлийн хуралд оролцоно (29.4-ийг үзнэ үү).

Гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл гадасны удирдлагын хурлыг хуралдуулдаггүй. Гадасны санваарын удирдлагын хурлаар Аароны санваарын чуулгуудыг хариуцдаг хүмүүст заавар өгнө (29.3.3-ыг үзнэ үү).

6.7.3

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Гадасны байгууллагын нарийн бичиг

Гадасны байгууллагын нарийн бичгүүд зөвхөн том гадаснуудад дуудагддаг. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн тэднийг дуудаж, онцгойлон адисална. Гадасны байгууллагын ерөнхийлөгчийн удирдлага доор тэд дараах үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүнд:

  • Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын хөтөлбөрийг бэлдэх

  • Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын үеэр тэмдэглэл хөтөлж, үүрэгт даалгаврын биелэлтэд хяналт тавих

  • Бусад бүртгэлийг хөтөлж, ерөнхийлөгчийн зөвлөлийн хүсэлтээр тайланг бэлдэх

  • Байгууллагынхаа жил тутмын төсвийг бэлдэхэд нь ерөнхийлөгчийн зөвлөлд туслах Зардлын тооцоо гаргах

  • Үүрэг даалгаврын дагуу тойргийн байгууллагын нарийн бичгүүдэд сургалт өгөх. Энэ сургалтаар ирц бүртгэж, мэдээлэх тухай заавар өгнө.

6.8

Зураг
шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Гадасны зохицуулагч

Шаардлага гарвал гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дараах зорилгоор мэргэжилтнүүдийг дуудан, онцгойлон адисалж болно.

  • Дуу хөгжим (19.5.3-ыг үзнэ үү)

  • Халамж ба бие даах чадвар (22.9.4-ийг үзнэ үү)