Гарын авлагууд болон дуудлагууд
27. Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолууд


“27. Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолууд,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“27. Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолууд,” Ерөнхий гарын авлагын түүвэр

сүйт бүсгүй, залуу хоёр

27.

Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолууд

27.0

Оршил

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Энэ нь биднийг Аврагч, Есүс Христ рүү маань чиглүүлдэг. Ариун сүмд бид ариун нандин ёслолуудад оролцож, Өөртэй нь болон Аврагчтай биднийг холбодог гэрээнүүдийг Тэнгэрлэг Эцэгтэй байгуулдаг. Эдгээр гэрээ ба ёслолууд биднийг Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очиж, гэр бүлээрээ мөнхөд хамт лацдан холбуулахад бэлтгэдэг.

Ариун сүмийн гэрээ, ёслолуудад “бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг” (Сургаал ба Гэрээ 84:20).

Ариун сүмийн гэрээ, ёслолууд ариун нандин юм. Ариун сүмийн гэрээнүүдтэй холбоотой бэлгэдлүүдийг ариун сүмээс гадуур ярих ёсгүй. Түүнчлэн бид илчлэхгүй хэмээн ариун сүм дотор амласан ариун нандин мэдээллийн талаар ярилцаж болохгүй. Гэхдээ бид ариун сүмийн гэрээ, ёслолуудын үндсэн зорилго, төрсөн сүнслэг мэдрэмжийнхээ талаар ярилцаж болно.

Тойрог, гадасны удирдагчид хишиг хүртэхээр эсвэл лацдан холбох ёслолыг хүлээн авахаар бэлтгэж байгаа гишүүдтэй энэ бүлэг дэх мэдээллийг ярилцана.

27.1

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах

27.1.1

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэх

Гишүүд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж, эрхэмлэн дээдлэхийн тулд өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд бэлтгэх хэрэгтэй.

Эцэг эхчүүд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад хүүхдүүдээ бэлдэхэд нь туслах үндсэн үүрэгтэй. Гадас, тойргийн удирдагчид, тохинуулагч ах эгч нар, хамаатан садны гэр бүлийн гишүүд энэ үүргээ гүйцэтгэхэд нь эцэг эхчүүдийг дэмжинэ.

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхэд гишүүдэд туслах эх сурвалжууд temples.ChurchofJesusChrist.org-д байгаа.

Өөрсдийн хувийн хишгийг хүртэхээр эсвэл эхнэр нөхөртэйгөө лацдан холбуулахаар бэлтгэж байгаа гишүүдийг ариун сүмд ороход бэлтгэх цуврал хичээлд явахыг уриална (25.2.8-ыг үзнэ үү).

27.1.3

Бие махбодын тусгай хэрэгцээт гишүүд

Бие махбодын тусгай хэрэгцээт, зохистой гишүүд ариун сүмийн бүх ёслолыг хүртэж болно. Эдгээр гишүүнийг өөрсдөд нь тусалж чадах, хишиг хүртсэн, адил хүйсийн төрөл садны хүмүүс, найз нөхөдтэйгөө ариун сүмд ирж орохыг урамшуулан дэмждэг. Гэр бүлийн гишүүнтэй эсвэл найзтайгаа хамт орох боломжгүй бол тэд хэрхэн зохицуулах боломжтойг мэдэхээр ариун сүмтэй урьдчилан холбоо барьж болно.

27.1.4

Орчуулга, хөрвүүлгийн туслалцаа

Хэрэв гишүүдэд орчуулга эсвэл хөрвүүлгийн туслалцаа хэрэгтэй бол тэд ариун сүмтэй урьдчилан холбоо барьж, тийм туслалцаа авах боломжтой эсэхийг мэдвэл зохино.

27.1.5

Ариун сүмд ороход өмсөх хувцас

Ерөнхийдөө гишүүд ариун сүм рүү явахдаа ариун ёслолын цуглаанд өмсдөг хувцсаа өмсөнө.

Ариун сүмийн гэрлэлт, лацдан холбогдоход өмсөх хувцас зэргийн талаарх мэдээллийг 27.3.2.6-аас үзнэ үү.

38.5-аас дараах мэдээллийг үзнэ үү. Үүнд:

  • Хишиг хүртэх болон лацдан холбогдох ёслолын үеэр өмсөх хувцас

  • Ариун сүмийн ёслолын хувцас ба гармент авах, өмсөх, арчлах

27.1.6

Хүүхэд асрах

Хүүхдүүд ариун сүмийн талбайд байгаа бол насанд хүрсэн хүн тэднийг харж хандах ёстой. Зөвхөн дараах нөхцөлд ариун сүмийн ажилтнууд хүүхдүүдийг нь харж өгөх боломжтой. Үүнд:

  • Эцэг эхтэйгээ лацдан холбогдох гэж байвал

  • Амьд байгаа, төрсөн эсвэл хойд ах эгч, дүүс нь эцэг эхтэйгээ лацдан холбогдож байгааг харах гэж байгаа бол.

27.1.7

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авсных нь дараа гишүүдтэй уулзах

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авсны дараа гишүүдэд олон асуулт гарч ирдэг. Хишиг хүртсэн гэр бүлийн гишүүд, бишоп, тойргийн бусад удирдагч, тохинуулагч ах эгч нар ариун сүмийн туршлагынх нь талаар ярилцахаар гишүүдтэй уулзаж болно.

Эдгээр асуултыг хариулахад туслах эх сурвалжуудыг temples.ChurchofJesusChrist.org-оос үзэж болно.

27.2

Ариун сүмийн хишиг

Хишиг гэдэг нь “бэлэг” гэсэн утгатай. Ариун сүмийн хишиг бол Бурханы өгсөн бэлэг бөгөөд Тэрээр үүгээр дамжуулан Өөрийн хүүхдүүдийг адисалдаг. Ариун сүмийн хишгээр дамжуулан гишүүдийн авч болох зарим бэлгийг дурдвал:

  • Их Эзэний зорилго, сургаалуудын талаарх илүү их мэдлэг

  • Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээсээ хийгээсэй хэмээн хүсдэг бүхнийг хийх хүч

  • Их Эзэнд, гэр бүлдээ болон бусдад үйлчлэхдээ хүлээн авах тэнгэрлэг удирдамж

  • Илүү их итгэл найдвар, тайтгарал, амар амгалан гэх зэрэг болно.

Эдгээр адислалыг хүлээн авах эсэх нь Есүс Христийн сургаалд хэр үнэнч байхаас шалтгаална.

Хишиг нь хоёр хэсгээс бүрддэг. Эхний хэсэгт тухайн хүн тосолгоо буюу анхдагч ёслолыг хүлээн авдаг. Тосолгоонд угаах, тослох, хувцаслах гэсэн гурван ёслол багтдаг (Гэтлэл 29:4–9-ийг үзнэ үү). Үүнд уг хүний тэнгэрлэг өв, чадавхтай холбоотой онцгой адислалууд орсон байдаг.

Тосолгооны үеэр тухайн гишүүн ариун сүмийн гармент өмсөхөөр гэрээлдэг. Гармент нь уг хүний Бурхантай харилцах хувийн харилцааг мөн ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахина гэсэн амлалтыг нь төлөөлдөг. Гишүүд гэрээнүүддээ үнэнч байж, амьдралынхаа туршид гарментаа зөв зохистой өмсөх юм бол энэ нь мөн хамгаалалт болдог. Гарментыг өмсөх, арчлах талаарх мэдээллийг 38.5.5-аас үзнэ үү.

Хишгийн хоёр дахь хэсэгт авралын төлөвлөгөөг, тухайлбал: Бүтээлт, Адам Ева хоёрын Уналт, Есүс Христийн Цагаатгал, Урвалт болон Сэргээлтийн талаар заадаг. Гишүүд түүнчлэн Их Эзэний оршихуйд хэрхэн эргэн очих зааврыг хүлээн авдаг.

Хишгийн үеэр гишүүдийг дараах ариун нандин гэрээг байгуулахад урьдаг. Үүнд:

  • Дуулгавартай байдлын хуулийг сахиж, Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагахаар хичээх

  • Их Эзэний ажлыг дэмжихийн тулд золиос гаргаж мөн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр наманчилна гэсэн утга бүхий золиосны хуулийг дагах

  • Есүс Христийн сайн мэдээний хуулийг дагах.

  • Ариун явдлын хуулийг сахих гэдэг нь Бурханы хуулийн дагуу хууль ёсоор гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй байхаас бусдаар бэлгийн харьцаанд орохыг тэвчих явдал юм.

  • Цаг зав, авьяас чадвар, Их Эзэний өөрсдөд нь адислал болгон өгсөн бүхнийг Есүс Христийн Сүмийг дэлхий дээр барьж босгоход зориулах буюу бүхнээ зориулах хуулийг сахих ордог.

Хариуд нь, ариун сүмийн гэрээнүүддээ үнэнч үлдсэн хүмүүс “тэнгэрийн хүчээр хишиг хүртэх” болно хэмээн Тэнгэрлэг Эцэг амладаг (Сургаал ба Гэрээ 38:32, 38; мөн Лук 24:49; Сургаал ба Гэрээ 43:16-г үзнэ үү).

27.2.1

Хишгийг хэн хүртэж болох

Сүмийн бүх хариуцлага хүлээх чадвартай насанд хүрсэн гишүүнийг хишиг хүртэхэд бэлтгэж, хүлээн авахад урьдаг. Гишүүд хишиг хүртэхийнхээ өмнө бүх урьдчилан шаардагдах ёслолыг хүртэж, бүртгүүлсэн байх ёстой (26.3.1-ийг үзнэ үү).

27.2.1.1

Шинээр баптисм хүртсэн гишүүд

Насанд хүрсэн, зохистой шинэ гишүүд гишүүнээр батлуулсан өдрөөс хойш хамгийн багадаа бүтэн нэг жилийн дараа хишиг хүртэж болно.

27.2.1.2

Хишиг хүртээгүй эхнэр, нөхөртэй гишүүд

Хишиг хүртээгүй эхнэр, нөхөртэй зохистой гишүүд дараах нөхцөлүүд хангагдсан тохиолдолд хувийн хишгийг хүртэж болно. Үүнд:

  • Хишиг хүртээгүй эхнэр эсвэл нөхөр нь зөвшөөрсөн бол

  • Ариун сүмийн гэрээнүүд байгуулснаар хүлээдэг үүрэг хариуцлага нь гэрлэхэд нь саад болохгүй гэдэгт тухайн гишүүн, бишоп, гадасны ерөнхийлөгч итгэлтэй байгаа бол хүртэж болно.

Эдгээр нөхцөл эхнэр, нөхөр нь Сүмийн гишүүн байх эсэхээс үл хамаарна.

27.2.1.3

Оюуны тусгай хэрэгцээт гишүүд

Оюуны тусгай хэрэгцээт гишүүд дараах нөхцөлд хишиг хүртэж болно. Тухайлбал:

  • Бүх анхдагч ёслолоо хүлээн авсан бол (26.3.1-ийг үзнэ үү)

  • Холбогдох гэрээнүүдийг ойлгох, байгуулах, сахих оюуны чадавхтай бол хүртэж болно.

Бишоп тухайн гишүүнтэй, шаардлагатай гэж үзвэл эцэг эхтэй нь зөвлөлдөнө. Тэр түүнчлэн Сүнсний удирдамжийг эрэлхийлнэ. Тэрээр гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж болно.

27.2.2

Хэзээ хишиг хүртэхээ шийдэх

Хишиг хүртэх шийдвэрийг хувь хүн өөрөө, залбирч байгаад гаргах ёстой. Хишиг нь үүнийг хүртэхэд бэлэн бүх хүнд олгогддог хүч чадал, илчлэлтийн адислал юм. Гишүүд дараах бүх нөхцөлийг хангасан бол хишиг хүртэх сонголтыг хийж болно. Үүнд:

  • Тэд хамгийн багадаа 18 настай байх ёстой

  • Ахлах сургуулиа төгссөн эсвэл сургуульд явахгүй байгаа

  • Гишүүнээр батлуулснаас хойш бүтэн жил өнгөрсөн

  • Ариун сүмийн нандин гэрээнүүдийг хүлээн авч, амьдралынхаа туршид эрхэмлэн дээдлэх хүсэлтэй байх.

Номлолын дуудлагаа хүлээн авсан эсвэл ариун сүмд лацдан холбогдохоор бэлтгэж байгаа гишүүд хишиг хүртэх ёстой.

Хишиг хүртэх гэж байгаа гишүүнд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохын өмнө бишоп, гадасны ерөнхийлөгч нь тухайн хүнийг ариун сүмийн ариун нандин гэрээнүүдийг ойлгож, сахихад бэлэн гэдгийг мэдэрсэн байх ёстой. Энэхүү шаардлагыг хүн бүр хангаж байгааг тодорхойлно.

27.2.3

Хишиг хүртэхээ төлөвлөж, цаг авах

27.2.3.1

Амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичиг авах

Ариун сүмд орж, хишиг хүртэхийн тулд гишүүн нь амьд хүмүүст зориулсан ёслолын эрхийн бичгийг авсан байх ёстой. Эдгээр эрхийн бичгийн талаарх мэдээллийг 26.5.1-ээс үзнэ үү.

27.2.3.2

Ариун сүмтэй холбоо барих

Хишиг хүртэхээр төлөвлөж буй гишүүд ёслол хийлгэх цаг авахын тул ариун сүмтэй урьдчилан холбоо барьсан байх ёстой.

27.2.3.3

Хишиг хүртэж байгаа гишүүдийг дагалдах хүмүүс

Хишиг хүртэж байгаа гишүүд өөрийг нь дагалдах, хишиг хүртэх ёслолын үеэр туслах ижил хүйсийн, хишиг хүртсэн гишүүнийг урина. Дагалдаж байгаа хүн нь ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Шаардлагатай бол ариун сүмээс дагалдан явах хүнийг гаргаж өгч болно.

27.3

Эхнэр, нөхөр хоёрыг лацдан холбох

Ариун сүмийн лацдан холболт нь эхнэр, нөхөр хоёрыг үүрд мөнх холбодог. Тэд ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ итгэлтэй байвал эдгээр адислалыг хүлээн авна. Энэ ёслолоор дамжуулан хүүхдүүд нь бас мөнхийн гэр бүлийнх нь нэгэн хэсэг болдог.

Сүмийн удирдагчид гишүүдийг ариун сүмд гэрлэхээр мөн лацдан холбогдохоор бэлтгэхэд урамшуулан дэмждэг. Ариун сүмийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй газруудад Сүмийн эрх бүхий удирдагч эсвэл өөр хүн иргэний гэрлэлтийг нь баталсны дараа ариун сүмд лацдан холбогдож болно (38.3-ыг үзнэ үү). Ариун сүмийн гэрлэх ёслолд оролцож чадахгүйн улмаас орхигдож байгаа мэт мэдрэмж эцэг эх, гэр бүлийн гишүүдэд нь төрүүлэхгүйн тулд дээрх үйл явцыг бас даган гүйцэтгэж болно.

27.3.1

Ариун сүмд хэн лацдан холбогдож болох

Гэрлээгүй, хариуцлага хүлээх чадвартай Сүмийн бүх гишүүнийг ариун сүмд лацдан холбогдоход бэлдэхэд урьдаг. Иргэний гэрлэлтээр гэрлэсэн хүмүүсийг бэлэн болсон даруйд ариун сүмд энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбогдоход урамшуулан дэмждэг. Гишүүд лацдан холбогдохынхоо өмнө хишиг хүртсэн байх ёстой (27.2-ыг үзнэ үү).

Ариун сүмд лацдан холбуулж буй хосууд (1) лацдан холбуулахаас өмнө иргэний гэрлэлтээр гэрлэсэн эсвэл (2) ариун сүмийн ижил ёслолоор гэрлэж мөн лацдан холбуулсан байх ёстой. 27.3.2-ыг үзнэ үү

27.3.1.2

Оюуны тусгай хэрэгцээт гишүүд

Оюуны тусгай хэрэгцээт гишүүд эхнэр, нөхөр, сүйт залуу эсвэл сүйт бүсгүйтэйгээ дараах нөхцөлд лацдан холбогдож болно. Үүнд:

  • Тэд хишиг хүртэх зэрэг бүх анхдагч ёслолоо хүлээн авсан байх (27.2.1.3-ыг үзнэ үү).

  • Холбогдох гэрээнүүдийг ойлгож, байгуулж мөн сахих оюуны чадавхтай байх ёстой.

Бишоп уг гишүүнтэй болон түүний эхнэр нөхөр, сүйт залуу эсвэл сүйт бүсгүйтэй зөвлөлдөнө. Тэр мөн Сүнсний удирдамжийг эрэлхийлнэ. Тэрээр гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж болно.

27.3.2

Ариун сүмийн гэрлэлт, лацдан холболтыг төлөвлөж, цаг авах

27.3.2.1

Амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичиг авах

Гишүүн нь эхнэр нөхөртэйгөө лацдан холбогдохын тулд амьд хүмүүст зориулсан ёслолын эрхийн бичгийг авсан байх ёстой. Эдгээр эрхийн бичгийн талаарх мэдээллийг 26.3-аас үзнэ үү.

27.3.2.2

Ариун сүмтэй холбоо барих

Гэрлэх эсвэл лацдан холбуулахаар төлөвлөж байгаа гишүүд ёслол үйлдэх цаг авахаар ариун сүмтэй урьдчилан холбоо барих ёстой.

27.3.2.3

Гэрлэлтийн гэрчилгээ авах

Гэрлэхээсээ өмнө хосууд гэрлэлтийг гүйцэтгэх газарт хүчинтэй гэрлэлтийн гэрчилгээг хуулийн дагуу авсан байх ёстой. Хэрвээ уг хос нэг ёслолоор гэрлэж, лацдан холбогдохоор төлөвлөж байгаа бол тэд ариун сүмд ирэхдээ гэрлэлтийн хүчинтэй гэрчилгээгээ авчрах ёстой.

Иргэний гэрлэлтийн дараа лацдан холбогдож байгаа хосууд ариун сүмд ирэхдээ гэрлэлтийн гэрчилгээгээ авчрах хэрэггүй. Харин оронд нь бүртгэл баталгаажуулах үйл явцын нэгэн хэсэг болгож, иргэний гэрлэлт хийлгэсэн огноо, газрынхаа мэдээллийг өгнө.

27.3.2.4

Сүйт залуу, бүсгүй хоёрыг дагалдах хүмүүс

Хишиг хүртсэн эгч хувцаслах өрөөнд сүйт бүсгүйд туслахаар дагалдан явж болно. Хишиг хүртсэн ах сүйт залууд мөн ийн тусалж болно. Дагалдаж байгаа хүн нь ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Шаардлагатай бол ариун сүмээс дагалдан явах хүнийг гаргаж өгнө.

27.3.2.5

Ариун сүмийн гэрлэлт, лацдан холболтыг хэн гүйцэтгэх

Ерөнхийдөө ариун сүмийн гэрлэлт эсвэл лацдан холболтыг хосын гэрлэж, лацдан холбогдох гэж байгаа ариун сүмд үйлчилдэг лацдан холбогч гүйцэтгэдэг. Хэрвээ гэр бүлийн нэг гишүүн нь эсвэл таньдаг хүн нь лацдан холбох эрх мэдэлтэй мөн уг хосын гэрлэж, лацдан холбогдох гэж байгаа ариун сүмд томилогдсон бол тэд түүнийг гэрлэлт, лацдан холболтоо гүйцэтгүүлэхээр урьж болно.

27.3.2.6

Ариун сүмийн гэрлэлт, лацдан холболтод өмсөхөд тохирох хувцас

Сүйт бүсгүйн даашинз. Сүйт бүсгүйн ариун сүмд өмсөх даашинз цагаан өнгөтэй, загвар материалын хувьд даруу, хэт чамин хийц чимэглэлгүй байх ёстой. Энэ нь түүнчлэн ариун сүмийн гарментыг халхалсан байх ёстой. Нимгэн даавуугаар хийсэн хувцсыг доторлосон байх ёстой.

Ариун сүмд өмсдөг бусад даашинзтай адил, сүйт бүсгүйн даашинз урт ханцуйтай эсвэл гарын дөрөвний гурвыг халхалсан байна. Даашинз чирэгддэг урт хормойгүй байх ба хормой болж салдаг юм уу дээш тогтоож болдог байх ёстой.

Шаардлагатай бол эсвэл хүсвэл ариун сүмээс даашинз өгч болно.

Сүйт залуугийн хувцас. Сүйт залуу нь гэрлэлт, лацдан холбох ёслолын үеэр ариун сүмийн энгийн хувцас өмсдөг (38.5.1 ба 38.5.2-ыг үзнэ үү).

Зочдын хувцас. Гэрлэлт эсвэл лацдан холбох ёслолд оролцох хүмүүс ариун ёслолын цуглаанд өмсдөгтэй адил хувцас өмсөх ёстой. Хишиг хүртэх ёслолоос лацдан холболт руу шууд орох гишүүд ариун сүмийн ёслолын хувцастайгаа байж болно.

Цэцэг. Гэрлэх хос мөн тэдний зочид гэрлэлт, лацдан холбох ёслолын үеэр цэцэг зүүж, барих ёсгүй.

27.3.2.7

Ариун сүмийн гэрлэлт, лацдан холболтын дараа бөгж солилцох

Бөгж солилцох нь ариун сүмийн лацдан холбох ёслолын хэсэг биш юм. Гэвч хосууд ёслолын дараа, лацдан холболтын өрөөнд бөгжөө солилцож болно. Хосууд ариун сүм дотор эсвэл ариун сүмийн талбайн өөр хаана ч, өөр ямар ч цаг үед бөгжөө солилцох ёсгүй.

Нэг ёслолоор гэрлэж, лацдан холбогдсон хосууд ариун сүмийн гэрлэлтэд оролцож чадаагүй гэр бүлийн гишүүддээ зориулан бөгжөө дараа нь солилцож болно. Бөгж солилцох нь ариун сүмийн гэрлэлт, лацдан холбох ёслолын аль ч хэсгийг дуурайх ёсгүй. Хосууд ариун сүмд гэрлэж, лацдан холбогдсоныхоо дараа тангараг солилцох ёсгүй.

Ариун сүмд лацдан холбогдохынхоо өмнө иргэний гэрлэлтээр батлуулсан хосууд иргэний ёслол ба ариун сүмийн лацдан холболтынхоо үеэр эсвэл аль алин дээр нь бөгж солилцож болно.

27.3.4

Ариун сүмийн гэрлэлт, лацдан холболтод хэн оролцож болох

Хосууд зөвхөн гэр бүлийн гишүүд, ойр дотны найз нөхдөө ариун сүмийн гэрлэлт, лацдан холболтод урих ёстой. Хариуцлага хүлээх чадвартай гишүүд ёслолд оролцохын тулд хишиг хүртсэн, бас ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.

Оюуны тусгай хэрэгцээнийхээ улмаас баптисм эсвэл хишиг хүртээгүй хүнд амьд байгаа ах, эгч, дүүгийнхээ ариун сүмийн гэрлэлт, лацдан холболтыг харах зөвшөөрлийг гадасны ерөнхийлөгч олгож болно. Уг хүн:

  • Хамгийн багадаа 18 настай байх ёстой.

  • Ёслолын үеэр хүндэтгэлтэй, чимээгүй байх чадвартай байх ёстой.

Гадасны ерөнхийлөгч уг хүнд лацдан холболтыг харах зөвшөөрөл өгснийг дурдсан зөвшөөрлийн бичиг хийж өгсөн байна. Уг бичгийг ариун сүмд авчирч үзүүлнэ.

27.4

Амьд хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох

Эхнэр, нөхөр хоёрыг ариун сүмд лацдан холбогдсоны дараа төрсөн хүүхдүүд уг лацдан холболтын гэрээнд төрдөг. Тэд эцэг эхтэйгээ лацдан холбогдох ёслол үйлдэх шаардлагагүй.

Гэрээнд төрөөгүй хүүхдүүд төрүүлсэн эсвэл үрчилж авсан эцэг эхтэйгээ лацдан холбогдсоноор мөнхийн гэр бүлийн хэсэг болох боломжтой. Эдгээр хүүхэд гэрээнд төрсөн хүүхдүүдтэй адилхан адислалуудыг хүлээн авах эрхтэй.

27.4.2

Ариун сүмтэй холбоо барих

Хүүхдүүдтэйгээ лацдан холбогдохыг хүсэж байгаа хос эсвэл нас барсан эцэг эхтэйгээ лацдан холбогдохыг хүсэж байгаа хүүхдүүд уг ёслолыг үйлдэх цаг авахын тулд ариун сүмтэй урьдчилан холбоо барина.