Өсвөр үеийнхэн
Үнэн таныг чөлөөлнө


“Үнэн таныг чөлөөлнө,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)

“Үнэн таныг чөлөөлнө,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө

Зураг
Лаа барин, тэнгэр өөд харж буй залуу эмэгтэйн хөрөг.

Үнэн таныг чөлөөлнө

Иохан 8:32

Та нарын Тэнгэрлэг Эцэг бол үнэний Бурхан юм. Тэр бүгдийг мэддэг. Бүх үнэн Түүнээс ирж, Түүн рүү хөтөлдөг. Та суралцахаар, үнэнч шударгаар амьдрахаар, зөв гэдгийг нь мэддэг зүйлийнхээ төлөө ганцаараа зогсох шаардлагатай байсан ч зоригтой зогсох үедээ үнэнийг эрхэмлэж байгаагаа харуулдаг.

Зураг
Инээмсэглэж буй залуу эрэгтэй.

Мөнхийн үнэнүүд

Тэнгэрлэг Эцэг Өөрийн хөвгүүд, охидыг үргэлж суралцдаг байгаасай гэж хүсдэг. Танд суралцахыг эрэлхийлж, шимтэн суралцахад материаллаг, сүнслэг аль аль хэрэгцээ байгаа. Боловсрол бол зөвхөн мөнгө олох тухай асуудал биш юм. Энэ бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болох мөнхийн зорилгын тань нэг хэсэг юм.

Үнэнч шударгаар амьдарна гэдэг нь үнэнийг өөрийн ая тух, нэр алдар, ашиг сонирхлоос илүү, бүх зүрх сэтгэлээрээ хайрлана гэсэн үг юм. Энэ нь зөв зүйлийг зөв учраас л хийнэ гэсэн үг юм.

Хуваалцаж болох үнэ цэнтэй зүйл танд бий. Есүс Христийн сайн мэдээ нь амьдралын асуултуудад хариулдаг. Энэ бол амар амгалан, аз жаргалд хүрэх зам юм. Та бүгдийг мэдэхгүй ч бусдад үнэн хийгээд мөнхийн зарчмуудыг ойлгон, үнэлж цэгнэхэд туслахуйц хангалттайг мэднэ.

Урилга

Үргэлж суралцаж бай. Оюун ухаанаа тэлж, ур чадвараа сайжруулах боломжийг эрэлхийл. Энэ боломж нь сургууль, мэргэжил сургалтын төвөөс авч болох албан ёсны боловсролоос гадна өөрийн найдвартай гэж үзсэн боловсролын албан бус эх үүсвэрүүд байж болно. Хичээл зүтгэлдээ Их Эзэнийг оролцуулснаар Тэр таныг удирдах болно. Амьдарч буй эх дэлхийнхээ талаар суралцахдаа дэлхийг бүтээсэн Есүс Христийн талаар түүнчлэн суралц. Түүний амьдрал, сургаалаас суралц. Институт, семинар, сайн мэдээнээс суралцах хувийн сургалтаа насан туршид суралцах үйл явцынхаа нэг хэсэг болго.

Сургууль, ажил, онлайн, өөр бусад газарт ямар нэгэн аргаар хуурах, мэхлэх, худал ярих, хулгай хийхийг хэзээ ч хүсэхгүй болтлоо үнэнийг хайрла. Олон нийтийн дунд ч, ганцаараа байхдаа ч Есүс Христийн чин үнэнч дагалдагч бай.

Бусдад гэрэл бол. Үг болон үйлдлээрээ Есүс Христэд итгэх итгэлээ харуул. Одооноос номлогчийн хувиар мөн амьдралынхаа туршид Түүний алдар суут сайн мэдээг хуваалцах боломжуудаа хүлээн авахын тулд бэлтгэж эхэл. Мэдэрдэг найдвар, аз жаргалын тань талаар асуусан хүнд ярьж өгөхөд бэлэн бай.

Амлагдсан адислалууд

Боловсрол Их Эзэнд үйлчлэх чадварыг тань нэмэгдүүлнэ. Энэ нь та нарт бусдыг, ялангуяа гэр бүлээ адислах хүч чадлыг өгөх болно. Илүү ихийг сурч мэдэх тусмаа та нар Бурханы хаант улсыг байгуулж, дэлхийд сайнаар нөлөөлөх болно.

Шударга байдал нь амар амгалан, өөрийгөө хүндлэх хүндлэлийг авчирдаг. Үг, үйлдлээ үнэнтэй нийцүүлэх үедээ та Их Эзэнд болон бусад хүнд итгэл дааж чадна гэдгээ харуулдаг.

Та Есүс Христийн сургаалын төлөө зогссоноор Тэр тантай хамт зогсох болно. Хүмүүс тантай санал нийлэхгүй байж болох ч зориг, чин сэтгэлийг тань анзаарах болно. Бусад хүн таны үлгэр жишээг дагасан эсэхээс үл хамааран гэрчлэл, өөртөө болон Христэд итгэх итгэл тань өсөн нэмэгдэх болно.

Зураг
асуулт, хариултын шигтгээ зураг

Асуулт, хариулт

Сүмийн талаар асуулт асуух нь буруу юу? Би хэрхэн хариулт олж мэдэх боломжтой вэ? Асуух нь сул дорой байдал эсвэл итгэл сул байгаагийн илрэл биш юм. Бодит байдал дээр асуулт асуух нь итгэлийг төлөвшүүлдэг. Сайн мэдээний Сэргээлт нь 14 настай Иосеф Смит итгэлтэйгээр асуулт асууснаас эхэлсэн. Хариултуудыг судруудаас, Бурханы бошиглогчдын үгээс, удирдагчдаасаа, итгэлтэй эцэг эх, мөн Бурханаас Өөрөөс нь эрэлхийл. Хэрэв хариулт тэр даруй ирэхгүй бол бага багаар мэдэж авна гэдэгт итгэ. Мэддэг зүйлсийнхээ дагуу амьдарч, үнэнийг үргэлжлүүлэн эрэлхийл.

Зураг
Иосеф Смит ариун төгөлд Бурхан Эцэг, Есүс Христ хоёрын өмнө өвдөг сөгдөн суусан байгаа нь.

Өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг гомдоохгүйгээр тэдний өмнө үнэнийг хэрхэн хамгаалах вэ? Үг, үйлдэл тань Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлах хайраар өдөөгдсөн байгаа эсэхийг анзаарч эхэл. Сайн мэдээг зөрчилдөөний сүнсээр бус, харин тодорхой, даруу байдал, сайхан сэтгэлээр хуваалцах ёстой. Танд бусдын үзэл бодол таалагдахгүй байсан ч та тэдэнд хайраар хандаж чадна.

Матай 5:14–16 (Гэрлээ тусга); Иохан 14:6 (Есүс бол үнэн); 1 Петр 3:15 (Христэд найдах найдвараа хуваалцахад үргэлж бэлэн бай); Сургаал ба Гэрээ 88:77–80 (Их Эзэний биднээс сураасай хэмээн хүсдэг зүйлс); 93:36 (Бурханы алдар суу бол оюун билиг); 124:15 (үнэнч шударга байдал гэдэг бол зөвийг хайрлана гэсэн үг юм); 130:18 (бидний оюун билиг амилуулалтад бидэнтэй хамт сэргэх болно)-ыг үзнэ үү.

Зураг
ариун сүмийн шигтгээ зураг

Ариун сүмийн эрхийн бичиг олгох асуултууд

Та хийж буй бүх зүйлдээ шударга байхыг хичээдэг үү?