Өсвөр үеийнхэн
Бурханы гэрэлд алх


“Бурханы гэрэлд алх,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)

“Бурханы гэрэлд алх,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө

Зураг
Улаан агч модон дээгүүр тусаж буй нарны гэрэл

Бурханы гэрэлд алх

Галат 5:25

Зураг
Гэрэл рүү алхаж буй хүмүүсийн шигтгээ зураг

Та аливааг тод харахдаа илүү сайн сонголт хийдэг. Иймээс гэрэл маш чухал үүрэгтэй бөгөөд гэрэл зөв замыг илүү хялбар харахад тусалдаг. Тэнгэрлэг Эцэг танд тэнгэрлэг гэрэл буюу Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах боломжийг өгсөн бөгөөд энэ нь сайн, мууг, зөв бурууг тод томруун олж харахад тусалдаг.

Мөнхийн үнэнүүд

Зураг
Ариун ёслолын уснаас хүртэж буй залуу эмэгтэй.

Та баптисм хүртэхдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой баяр баясгалант гэрээний харилцаанд ордог. Ариун сүмд та энэ харилцааг хүчирхэгжүүлэх нэмэлт гэрээнүүдийг байгуулах болно. Долоо хоног бүрийн ариун ёслол дээр та гэрээнүүдээ шинэчилдэг. Та зарлигуудыг дагахад бэлэн байгаагаа илэрхийлснээр Их Эзэн таныг Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа байлгах боломжоор адисалдаг. Энэ бол Түүний танд өгч буй хамгийн агуу бэлгүүдийн нэг юм.

Зөв сонголт хийх нь Сүнсийг мэдрэх чадварыг тань нэмэгдүүлдэг. Энэ дэлхий дээр маш олон сайн, эерэг зүйл бий. Идэж, ууж байгаа зүйл тань бие махбодод тань нөлөөлдгийн адил уншиж, үзэж, сонсож байгаа бүхэн тань оюун санаа, сүнсэнд тань гүн гүнзгий нөлөөлдөг.

Урилга

Их Эзэнд зориулан өдөр бүр цаг гарга. Түүнээс суралц. Түүнийг үргэлж дурсан сана. Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбир. Ариун судруудыг болон амьд бошиглогчдын үгсийг судал. Сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрахыг хичээ.

Зураг
Ариун сүмийн ойролцоох цэцэрлэгт буй гурван залуу.

Өргөн дэмждэг, сүнслэг өдөөлт өгдөг, Сүнсийг урьдаг зүйлсийг эрэлхийл. Юу үзэх, унших, сонсохоо эсвэл юунд оролцох талаар сонголт хийх үедээ танд ямар санагдаж байгаа талаар бодож үз. Энэ нь сайхан бодол төрүүлж байна уу? Ариун зүйлсийг үгүйсгэсэн эсвэл ёс суртахуунгүй аливаа зүйлсээс зайлсхий. Хүчирхийлэл, согтууруулах ундаа, хор хөнөөлтэй бодис гэх зэрэг таны дүгнэлт хийх чадварыг эсвэл Сүнсэнд мэдрэмтгий байдлыг бууруулах аливаа зүйлд бүү оролц. Аливаа видео бичлэг, тоглоомыг унтраах эсвэл кино, бүжгээс гарч явах, хөгжмөө солих эсвэл Сүнстэй нийцэхгүй байгаа зүйлсээс холдон явах зоригтой бай.

Зураг
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл шигтгээ зураг

Өргөн дэмждэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашигла. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл харилцааны хүчирхэг зэмсэг болж болно. Хэрэв та үүнийг ашигладаг бол гэрэл гэгээтэй зүйлс, итгэл, үнэн дээр төвлөр. Бусад хүний туулж буй амьдралыг өөрийн амьдралтай бүү харьцуул. Таны үнэ цэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бус тэнгэрлэг эцэг эхийн хүүхэд гэдгээр тодорхойлогдоно.

Эерэг туршлагуудыг болон бодит, удаан үргэлжлэх харилцааг эрэлхийл. Та нарын технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээ гэр бүл, найз нөхөдтэйгөө биечлэн өнгөрүүлэх цагийг оролдоггүй байхад анхаар. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, бусад технологийн хэрэгсэл нь буцаад үнэ цэнээ өгөхгүй ч цагаас тань их хомсолдог. Онлайн ертөнцөөс завсарлага авч, бодит амьдрал дээрх хүмүүстэй холбогд.

Амлагдсан адислалууд

Та Ариун Сүнсийг өөртэйгөө үргэлж хамт байлгаж чадна. Ариун Сүнс танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай гэрчилдэг. Ариун Сүнс таныг тайтгаруулж, чиглүүлж, сэрэмжлүүлж мөн ариусгах болно. Тэр танд үнэнийг таньж, дэлхийн сайн сайхан зүйлсийг олж харахад тусална.

Зураг
асуулт, хариултын шигтгээ зураг

Асуулт, хариулт

Би Ариун Сүнсийг мэдэрч байгаагаа хэрхэн мэдэх вэ? Сүнсийг таньж сурахад цаг хугацаа, дадлага, тэвчээр шаардлагатай. Тэр хүн бүртэй өөр өөр арга замаар ярьдаг. Хэн нэгний гэрчлэлийг сонсож байх үед төрөх амар амгалангийн мэдрэмж эсвэл буруу сонголт хийсний дараах тавгүй мэдрэмж гэх зэрэг энгийн зүйлсийг бүү үл тоомсорло. Сүнсний харилцдаг өөр өөр арга замын талаар судруудаас хайж, үүний талаар залбир. Сүнсийг мэдрэх боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийл.

Зураг
Орныхоо хажууд өвдөг сөгдөн залбирч буй залуу эмэгтэй.

Порнограф гэж юу вэ? Би үүнээс яагаад зайлсхийх ёстой вэ? Порнограф бол бэлгийн дур хүслийг өдөөх зорилготой зураг, үг хэллэг бүхий дүрслэл юм. Порнограф нь видео бичлэг, зураг, ном, хөгжим гэх зэрэг олон хэлбэрээр тааралддаг. Энэ нь мөн найз нөхдийн хооронд илгээсэн мессеж эсвэл зураг зэрэг байж болно. Порнограф нь бие махбод, бэлгийн дур хүсэл зэрэг ариун нандин зүйлсэд хүндэтгэлгүй хандахад хүргэдэг. Та порнографын аливаа хэлбэртэй санамсаргүй тааралдаж болох юм. Та үүнтэй санаатай, санаандгүй ямар ч байдлаар таарсан бай нэн даруй холдон яв. Та энэ талаараа өөрийн эцэг эх эсвэл итгэж болох насанд хүрсэн хүнтэй ярилцмаар байж болно. Порнографыг зориуд үзэх нь нүгэл бөгөөд Сүнсийг мэдрэх чадварыг тань гэмтээдэг. Энэ нь таны өөрийгөө удирдах чадварыг сулруулж, өөрийгөө болон бусдыг үнэлэх үнэлэмжийг бууруулдаг. Порнографыг эсэргүүцэж, наманчлахад тань туслах хүч Есүс Христэд бий. Түүнд ханд; харанхуйг орхи. Бишоп тань Аврагчаар дамжуулан хүч чадлыг хүлээн авч, өршөөгдөхөд тань тусална.

Дараах судруудыг үзнэ үү: Амос 5:14 (сайныг эрэлхийл); Галат 5:22–23 (Сүнсний үр жимс); Моронай 7:18–19 (Христийн гэрэл); Сургаал ба Гэрээ 6:23 (Их Эзэн амар амгаланг ярьдаг); 20:77, 79 (Ариун ёслолын залбирал).

Зураг
ариун сүмийн шигтгээ зураг

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох асуултууд

Их Эзэн бүх зүйл Түүний өмнө “цэвэр ариун байдалд хийгддэг” (Сургаал ба Гэрээ 42:41) хэмээн хэлсэн. Та ёс суртахууны хувьд өөрийн бодол, зан үйлдлийг цэвэр ариун байлгахыг хичээдэг үү? Та ариун явдлын хуулийг дагадаг уу?

Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч, сүмд ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн түүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?