Ариун сүмийн бэлтгэл
2-р хичээл: Бид ариун сүмд орохоор зохистой байх ёстой


“2-р хичээл: Бид ариун сүмд орохоор зохистой байх ёстой,” Тэнгэрээс хишиг хүртэх нь: Ариун сүмд ороход бэлтгэх семинарын багшийн гарын авлага (2003), 6–11

“2-р хичээл,” Тэнгэрээс хишиг хүртэх нь, 6–11

2-р хичээл

Бид ариун сүмд орохоор зохистой байх ёстой

Зорилго

Ариун сүмд орохоор зохистой байх ёстой гэдгийг ойлгоход нь ангийн гишүүдэд туслах.

Бэлтгэл

  1. Энэ хичээлийг заахаас өмнө бишопыг эсвэл салбарын ерөнхийлөгчийг ариун сүмийн эрхийн бичиг авах үйл явцын талаар танилцуулахад урь. Энэ танилцуулгад зориулсан материал 10–11-р хуудасны “Ариун сүмийн эрхийн бичиг авах үйл явц нь адислал байдаг” хэсэгт байгаа. Хэрэв бишоп ирэх боломжгүй бол та түүний нэг зөвлөхөөс толилуулга хийхийг хүсэж болно.

  2. Дараах эшлэлүүдийг самбарт эсвэл цаасан дээр бич. “Би Сүмийн бүх гишүүнийг Их Эзэн Есүс Христийн жишээ болон амьдрал дээр анхаарлаа илүү их төвлөрүүлэн амьдрахад урьж байна” (President Howard W. Hunter, in Conference Report, Oct. 1994, 7; or Ensign, Nov. 1994, 8).

Хичээлийн толилуулга

Нээлтийн залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.

Ангийн гишүүдэд асуух зүйл байгаа эсэхийг лавла. Их Эзэний Сүнсээр удирдуулан, тэдний тавьсан асуултуудад чадлынхаа хэрээр цаг гарган хариул. Ариун сүмийн ажлын зарим зүйлийг ариун сүмээс гадуур ярьдаггүй гэдгийг санаарай.

Ариун сүмд орж байгаа хүмүүс Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ сайн мэдээний дагуу амьдарч, зарлигуудыг сахиснаар харуулах ёстой гэдгийг тайлбарлан хэл. Тэд ёс суртахууны хувьд цэвэр байж, аравны нэгээ бүрэн төлж, мэргэн ухааны үгийг дагаж, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, бүх талаараа зөв шударга амьдрахыг хичээх ёстой. Тэд бишоптой эсвэл салбарын ерөнхийлөгчтэй мөн гадас эсвэл номлолын ерөнхийлөгчтэй ярилцлагад орж, ариун сүмийн эрхийн бичиг авахаар зохистой гэдгээ баталгаажуулах хэрэгтэй. Энэ хичээлээр ангийн гишүүд ариун сүмд зохистойгоор орохын тулд дагавал зохих сайн мэдээний зарим зарчим, зарлигийг тоймлон авч үзнэ.

Ёс суртахууны цэвэр байдал

Их Эзэн болон Түүний бошиглогчид ёс суртахууны хувьд цэвэр байхын асар их ач холбогдлыг ахин дахин заасныг тайлбарла. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Бид гэрлэхээсээ өмнө цэвэр ариун байж, гэрлэснийхээ дараа үнэнч байхад итгэдэг. Товчоор илэрхийлэхэд л ийм байна. Энэ нь аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах арга зам мөн. Энэ нь зүрх сэтгэлд болон орон гэрт амар амгаланг авчирдаг” гэж заажээ (Conference Report, Oct. 1996, 68; or Ensign, Nov. 1996, 49).

Дараах судруудыг хамтдаа унш.

Сургаал ба Гэрээ 42:22–24 (Их Эзэн бидэнд ханиа хайрлаж, өөр бусад хэн нэгнийг эрэлхийлэхгүй байхыг зарлигласан. Тэр биднийг садар самууныг үйлдэхгүй байхыг зарлигласан.)

Сургаал ба Гэрээ 121:45 (Их Эзэн бидэнд “Бодол санааг [маань] ариун журам зогсолтгүй чимэн гоёг” хэмээн зарлигласан.)

1 Tимот 4:12 (Бид цэвэр ариун байдлын үлгэр жишээ байх ёстой.)

1 Нифай 10:21 (Цэвэр бус нэгээхэн ч зүйл Бурхантай хамт оршиж эс чадна.)

Итгэлийн тунхаг 1:13 (Бид ариун явдалтай, ариун журамтай байхад итгэдэг.)

  • Их Эзэн яагаад ёс суртахууны цэвэр ариун байдал дээр маш их анхаарлаа хандуулдаг вэ?

  • Ёс суртахуунгуй байдлын ямар үр дагаврыг бид эргэн тойрондоо хардаг вэ? Ёс суртахууны хувьд цэвэр ариун амьдарснаар ямар адислал авдаг вэ?

Ангийн гишүүдийн анхаарлыг самбарт эсвэл цаасан дээр бичсэн эшлэл дээр төвлөрүүл (энэ хичээлийн “Бэлтгэл” хэсгийг үзнэ үү).

  • Энэ зөвлөгөө нь бидэнд болон хүүхдүүдэд маань дэлхийн уруу таталтуудаас татгалзаж, ёс суртахууны хувьд цэвэр ариун амьдралаар амьдрахад хэрхэн туслах вэ?

Аравны нэг

Ангийн гишүүдээс Сургаал ба Гэрээ 119:4-ийг уншихыг хүс.

Тэргүүн Зөвлөлөөс аравны нэгээ зөв төлөх талаар дараах тайлбарыг өгсөн гэдгийг цохон тэмдэглэ. “Их Эзэний Өөрийнх нь хэлсэн бидний мэдэх хамгийн энгийн тодорхойлолт бол Сүмийн гишүүд ‘жилд олсон орлогынхоо арав хуваасны нэгийг’ төлөх ёстой” (First Presidency letter, 19 Mar. 1970). Аравны нэгийн санг цуглааны байр ба ариун сүмүүдийг барих, номлогчийн ажлыг дэмжих, дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахад зориулдаг.

Ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалц.

“Аравны нэг нь дэлхий даяарх Сүмийн бүх гишүүний, тийм ээ, баян ядуу аль алиных нь хувийн аз жаргал, сайн сайхан байхын үндсэн зарчим юм. Аравны нэг бол золиосын зарчим бөгөөд тэнгэрийн цонхыг онгойлгох түлхүүр мөн. … Аравны нэгээ төлдөггүй Сүмийн гишүүд гишүүнчлэлээ алдахгүй, харин адислалуудаа алддаг” (Conference Report, Oct. 1998, 73–74 эсвэл Ensign, Nov. 1998, 58–59).

Дараах судруудыг ангийн гишүүдтэй дүгнэн ярилц.

Леви 27:30 (Аравны нэг нь Эзэнийх бөгөөд Эзэнд ариун болой.)

Maлахи 3:8–11 (Бид аравны нэгээ төлөхгүй байснаар Бурханаа луйварддаг; аравны нэгээ төлдөг тэдгээрийг Бурхан элбэгээр адисална.)

  • Аравны нэгээ төлснөөр та нар ямар адислал хүлээн авсан бэ?

  • Аравны нэгээ төлөхгүй байснаар бид Бурханыг яаж луйварддаг вэ? (С ба Г 104:14-ийг үзнэ үү.)

Гишүүд жил бүр бишоптой эсвэл салбарын ерөнхийлөгчтэй уулзахаар аравны нэгийн тайлан хэлэлцүүлэгт дуудагдах бөгөөд бүрэн төлсөн эсэхээ мэдүүлдэг. Энэ уулзалт нь гишүүд энэ чухал зарлигийг хэрхэн биелүүлж байгаагаа дүгнэх боломж юм.

Мэргэн ухааны үг

Биднийг ариун сүмд орохоосоо өмнө амьдралыг маань сүнслэг байдал болон бие махбодын аль алинаар нь цэвэр бус мөн эрүүл бус болгодог дадал зуршлуудаас салсан байхыг Их Эзэн биднээс хүсэн хүлээдгийг тайлбарла.

Дараах судруудыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн унш.

1 Коринт 3:16–17 (Бидний бие Бурханы сүм бөгөөд бид үүнийг устгаж болохгүй.)

Сургаал ба Гэрээ 89 (Энэ илчлэлтийг мэргэн ухааны үг гэдэг. 1–9-р шүлэг бидний хэрэглэж болохгүй зүйлсийн талаар авч үздэг ба 10–17-р шүлэг бидний бие махбодод хэрэгтэй зүйлсийн талаар хэлэлцдэг мөн 18–21-р шүлэгт зарлигуудыг нь сахисан хүмүүст Их Эзэний амласан зүйлсийн талаар дүрсэлдэг.)

  • Дэлхий дээрх ямар зүйл биднийг өнөө үед мэргэн ухааны үгэнд өгөгдсөн зарлигуудыг зөрчихөд нөлөөлдөг вэ?

  • Бид өөрсдөдөө болон хүүхдүүддээ Их Эзэний эрүүл мэндийн хуулийг дагахад нь хэрхэн тусалж чадах вэ?

Ангийн гишүүдээр Сургаал ба Гэрээ 29:34-ийг уншуул.

  • Мэргэн ухааны үгэнд дуулгавартай байх нь ямар арга замаар биднийг сүнслэг байдал болон бие махбодын хувьд адисалж чадна гэж та нар бодож байна вэ?

  • Бид эдгээр зарлигийг дагаснаар ямар “мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг” (С ба Г 89:19) хүлээн авч болох вэ?

Ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалц.

“Сүнслэг байдлын хувьд та юу сурах нь таны бие махбоддоо хэрхэн хандсанаас тодорхой хэмжээгээр хамаардаг. Ийм учраас мэргэн ухааны үг маш чухал юм.

Илчлэлтээр хэрэглэхийг нь хориглосон, зуршил болдог цай, кофе, тамхи, согтууруулах ундаа зэрэг нь донтуулах бодисуудын адил сүнслэг харилцааны нарийн мэдрэмжийг сулруулдаг.

Мэргэн ухааны үгийг ойшоолгүй бүү орхи. Хэрэв тэгвэл та үүнийг сахидаг хүмүүнд амлагдсан ‘мэдлэгийн агуу сан бүр нуугдмал санг’ хүлээн авахгүй. Үүнийг сахиснаар сайн эрүүл мэндээр адислагдах болно” (Conference Report, Oct. 1994, 78; эсвэл Ensign, Nov. 1994, 61).

Хүндэтгэлийн өдөр

Гэтлэл 20:8–11-ийг хамтдаа унш.

Их Эзэний хүмүүст Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих ёстой хэмээн үргэлж зарлигласаар ирснийг тайлбарла. Үүнийг сахисан хүмүүст Их Эзэн агуу адислалуудыг амласан.

Ангийн гишүүдээс Сургаал ба Гэрээ 59:9–13-ыг уншихыг хүс.

  • Их Эзэний Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахь хэмээн тушаасан гол шалтгаан юу вэ?

  • Сургаал ба Гэрээ 59:9–13 нь биднийг Хүндэтгэлийн өдрийг сахихад ямар ямар арга замаар чиглүүлдэг вэ?

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахидаг хүмүүст ямар ямар адислал амлагдсан бэ?

Энэ ярилцлагын нэг хэсэг болгож ахлагч Жэймс Э.Фаустын заасан дараах зарчмуудыг хуваалц.

“Бурхан Хүндэтгэлийн өдөрт хүндэтгэлтэйгээр хандахыг биднээс яагаад хүссэн бэ? Үүнд багаар бодоход гурван үндсэн шалтгаан байдаг гэж би боддог. Нэгдүгээрт, амрах хийгээд шинэ эрч хүч авах бие махбодын хэрэгцээтэй холбоотой. …

Хоёрдугаар шалтгаан нь миний бодлоор илүү их утга учиртай. Энэ нь хүчирхэгжин, шинэчлэгдэх бидний сүнслэг байдлын хэрэгцээтэй холбоотой.…

Гуравдугаар шалтгаан нь магадгүй энэ гурвын хамгийн чухал нь байх. Энэ бол Бурханыг хайрлах хайраа илэрхийлэн зарлигуудад нь дуулгавартай байх явдал юм. Аврагчид хайртай учраас л бүх зарлигийг нь дагадаг тэд адислагдсан болой” (Conference Report, Oct. 1991, 46–47; эсвэл Ensign, Nov. 1991, 35).

  • Хүндэтгэлийн өдрийг сахисан учраас та ямар ямар адислал хүлээн авсан бэ?

Өнөөдрийн ярилцсан ёс суртахууны цэвэр ариун байдал, аравны нэг, мэргэн ухааны үг болон Хүндэтгэлийн өдрийг сахих зарлигуудын дагуу амьдрах шийдвэр гаргахыг ангийн гишүүдээс хүс. Ингэснээр тэд ариун сүмд ороход илүү сайн бэлтгэгдэж, Их Эзэний адислалуудыг илүү элбэг дэлбэгээр хүлээн авах болно.

Ариун сүмийн эрхийн бичиг авах үйл явц нь адислал юм

Гишүүд ариун сүм явахаасаа өмнө ариун сүмийн эрхийн бичиг авах зохистой байх ёстой гэдгийг тайлбарла. Ариун сүмийн эрхийн бичиг авах үйл явц нь хүн бүрийн амьдралыг адисалдаг гэдгийг дараах мэдэгдэлд тайлбарласан.

“Бишоп бидний хувийн зохистой байдлыг шалгах үүрэгтэй. Их Эзэний томилсон үйлчлэгчтэй хамт амьдралынхаа хэв маягийг тодорхойлдог учраас энэ ярилцлага маш чухал юм. Хэрэв танд ямар нэг асуудал байвал үүнийг шийдвэрлэхэд тань бишоп туслах болно. Энэ үйл явцаар дамжуулан, Израилын олон нийтийн шүүгчтэй зөвлөлдсөнөөр танд Их Эзэний зөвшөөрөлтэйгөөр ариун сүмд орох зохистойг тань мэдэгдэнэ эсвэл зохистой болох тал дээр тусламж авч болдог” (Ариун сүмд ороход бэлтгэх нь, 3).

Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч мөн гадас эсвэл номлолын ерөнхийлөгч нь анх удаа ариун сүм орохоор болон ариун сүмд гэрлэхээр эрхийн бичиг авах гэж байгаа гишүүдтэй ярилцлага хийдгийг тайлбарла. Бишопын болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүд ариун сүмийн эрхийн бичгээ шинэчлэхийг хүссэн хүмүүстэй ярилцлага хийж болно.

Хичээлийн энэ үед бишоп, салбарын ерөнхийлөгч, бишопын зөвлөлийн зөвлөхийн хэн нэг нь ариун сүмийн эрхийн бичгийн талаар бэлдсэн зүйлээ толилуулж болно. Тэрээр ярилцлагын асуултуудыг бүлэг хүнд унших ёсгүй, харин ангийн гишүүд ариун сүмийн эрхийн бичиг авахаар ярилцлагад орохдоо юу мэдвэл зохих талаарх санаануудыг толилуулж болно. Дараах мэдэгдлүүдийг удирдамж болгон ашиглаж болно.

Ариун сүмийн эрхийн бичиг авахаар эрэлхийлж байгаа гишүүд Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христийн тухай болон Ариун Сүнсний талаар гэрчлэлтэй байх ёстой. Тэд Их Эзэний бошиглогч, бусад ерөнхий эрх мэдэлтэн болон Сүмийн орон нутгийн удирдагчдаа дэмждэг байх ёстой. Сүмээс урвасан эсвэл сургаал юм уу үйл ажиллагаа нь сайн мэдээний эсрэг байдаг бүлэг, хувь хүмүүсийг дэмжиж, тэдэнтэй нийлдэг байх ёсгүй.

Эрхийн бичиг авах гэж байгаа хүмүүс ариун ёслолын болон санваарын мөн Сүмийн бусад цуглаанд итгэлтэйгээр оролцдог байх ёстой. Тэд санваарын эрх мэдлээр олгогдсон өөрсдийн дуудлагуудад чин сэтгэлээр ханддаг байх хэрэгтэй. Тэд аравны нэгээ бүрэн төлж, үг, үйлсдээ үнэнч шударга байж, цай, кофе, архи, тамхинаас болон бусад биед хортой зуршил болдог зүйлүүдээс татгалзах зэрэг Их Эзэний бүхий л зарлигийг дагахыг хичээх ёстой.

Тэд цэвэр ариун байж, ариун журамтай амьдарч мөн хууль ёсны эхнэр, нөхрөөсөө гадуур хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орохыг хориглодог Их Эзэний ариун явдлын хуулийг дагадаг байх ёстой. Тэд гэр бүлийнхээ бусад гишүүнтэй сүнслэг болон бие махбодын харилцааны аль алинд сайн мэдээний зарчмын дагуу нийцүүлэн харьцдаг байх ёстой. Тэд бусдыг сүнслэг болон бие махбодын мөн оюуны болон сэтгэл санааны аливаа дарамтад оруулах байдалд оролцож болохгүй.

Тэд нүглээ наманчилж, тэдгээрийг орхих хүсэлтэй байх ёстой. Ёс суртахууны гэм нүглүүд үйлдэх, гэр бүлийн гишүүдээ дарамтлах, урвагч бүлгүүдэд эсвэл үйл ажиллагаанд нэгдэх, орон нутгийнхаа хуулийг ноцтойгоор зөрчих зэрэг ноцтой гэм нүглүүдийг ариун сүмийн эрхийн бичиг авахаар ярилцлагад орохоосоо өмнө бишоп юм уу салбарын ерөнхийлөгчдөө наманчилсан байх ёстой. Хүн бүрд өгөгдсөн Христийн гэрэл болох ухамсар нь тухайн хүний оюун санаанд бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэй ямар нэгэн зүйлийн талаар ярилцах эсэх талаар эргэлзээ төрүүлж байвал энэ талаараа ярилцах нь зүйтэй.

Гэрлэлтээ цуцалсан хүмүүс ариун сүмийн эрхийн бичиг авахаасаа өмнө бишопоос эсвэл салбарын ерөнхийлөгчөөс мөн гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. Тэтгэмжийн мөнгөө цаг тухайд нь төлөх зэрэг гэр бүл цуцлах тогтоолын тохиролцоогоо үргэлж баримталдаг байх ёстой.

Ариун сүмийн эрхийн бичиг авахыг хүсэж байгаа гишүүд бишопын зөвлөлийн гишүүнтэй эсвэл салбарын ерөнхийлөгчтэй уулзсаны дараа гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй эсвэл номлолын ерөнхийлөгчтэй ярилцлагад орох ёстой. Яагаад үүнийг хийх хэрэгтэй юм бэ? гэж зарим хүн гайхаж болох юм. Ариун сүмийн эрхийн бичиг авахыг эрэлхийлэх нь үнэндээ ариун сүмд орохоор Их Эзэний зөвшөөрлийг эрэлхийлж байна гэсэн үг юм. Бидэнд өөрсдийн зохистой байдлыг Их Эзэний эрх мэдэл бүхий үйлчлэгчид болох хоёр гэрчийн өмнө батлах онцгой боломж байдаг. Их Эзэний үйлчлэгчдийн өмнө ариун сүмд орох зохистой гэдгээ батлах нь бидний хувьд адислал юм.

Дүгнэлт

Ариун сүмд орох зохистой байж, ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй байхын чухлыг онцлон хэлэхдээ ерөнхийлөгч Ховард В.Хантэрын дараах үгсийг дурдаарай.

“Би … Сүмийн гишүүдийг тэдний гишүүнчлэлийн агуу бэлгэ тэмдэг, тэдний хамгийн ариун нандин гэрээнүүдийн бурханлаг нөхцөл байдал нь болсон Их Эзэний ариун сүмийг байгуулахыг урьж байна. Сүмийн гишүүн бүр ариун сүмд орохуйц зохистой байхыг миний бие зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсдэг билээ. Ариун сүмээс хол амьдардаг, байнга орох боломж нь хязгаарлагдмал байсан ч насанд хүрсэн гишүүн бүр ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй байхаар зохистой байж, үүнийгээ авч явдаг байгаасай хэмээн би найдаж байна” (Жэй M.Тоддын “President Howard W. Hunter” нийтлэлээс эш татав Ensign, July 1994, 5).

Та ариун сүмд орохуйц зохистой амьдарснаар хүлээн авсан адислалуудынхаа талаар гэрчлэлээ хуваалц.

Хаалтын залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.