Ариун сүмийн бэлтгэл
4-р хичээл: Ариун сүмийн ёслол, гэрээнүүдийг хүлээн авах


“4-р хичээл: Ариун сүмийн ёслол, гэрээнүүдийг хүлээн авах,” Тэнгэрийн хүчээр хишиг хүртэх нь: Ариун сүмд бэлтгэх семинарын багшийн гарын авлага (2003), 16–20

“4-р хичээл,” Тэнгэрээс хишиг хүртэх нь, 16–20

4-р хичээл

Ариун сүмийн ёслол, гэрээнүүдийг хүлээн авах

Зорилго

Ариун сүмийн ёслол, гэрээнүүдийн ач холбогдлыг ойлгоход нь ангийн гишүүдэд туслах.

Бэлтгэл

  1. Хэрвээ Introductory Gospel Messages (5X196) видео толилуулга танай бүсэд байгаа бол та үзүүлж болно. Энэ бичлэг ойролцоогоор 27 минут гарна.

  2. Мөн та энэ хичээл дээр ангийн гишүүдээр “More Holiness Give Me” (Hymns, no. 131) дууллыг дуулуулахаар бэлдэж болно.

Хичээлийн толилуулга

Нээлтийн залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.

Ангийн гишүүдэд асуух зүйл байгаа эсэхийг лавла. Их Эзэний Сүнсээр удирдуулан, тэдний тавьсан асуултуудад чадах чинээгээрээ цаг гарган хариул. Ариун сүмийн ажлын зарим зүйлийг ариун сүмээс гадуур ярьдаггүй гэдгийг санаарай.

Ариун сүмд бид ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулдаг

Ариун сүмд хүлээн авдаг ёслолууд нь Бурханы оршихуйд эргэн очих боломжийг бидэнд олгодог. Бид түүнчлэн сайн мэдээний хуулиудын дагуу амьдрах гэрээнүүдийг байгуулдаг. Дараах материал нь ёслол, гэрээнүүдийн тухай ерөнхий мэдээллээр, тэр дундаа ариун сүмийн ёслол, гэрээнүүдийн тухай мэдээллээр хангана.

Ёслолууд

Ёслол нь сүнслэг утга учир, үр нөлөөтэй ариун нандин зан үйл гэдгийг тайлбарла.

Сүмд хийгддэг зарим ёслолоос нэрлэхийг ангийн гишүүдээс хүс. (Тэд нялх хүүхдүүдийн нэрийн адислал, баптисм, гишүүний баталгаа, ариун ёслол, санваарын томилгоо, ариун сүмийн ёслолууд зэргийг нэрлэж болох юм.)

Санваарын хүчээр гүйцэтгэх ёслолууд нь бидний өргөмжлөлд амин чухал гэдгийг тайлбарла. Бид эдгээр адислалаар дамжуулан амьдралдаа Бурханы хүч чадлыг хүлээн авдаг билээ.

Сургаал ба Гэрээ 84:19–21-ийг уншихыг ангийн гишүүдээс хүс.

  • Бурханлаг чанарын хүч бидний амьдралд байхын тулд юу зайлшгүй чухал вэ? (Мелкизедек санваарын ёслолууд. Эдгээр шүлэгт “дээд санваар” гэсэн нь Мелкизедек санваарыг хэлж байгаа болно.)

Ариун сүмд ороход бэлтгэх нь товхимлын 29-р хуудсыг нээхийг ангийн гишүүдээс хүс. Дараах мэдэгдлийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.

“Сүмийн гишүүдийн хувьд ёслолууд нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

Ёслолгүйгээр та аз жаргалтай байж, гэтэлгэгдэж, өргөмжлөл хүлээн авч чадах уу? Хариулт нь: Ёслолууд бол зүгээр нэг хүсүүштэй хэрэгцээт зүйл биш. Тэр ч бүү хэл чухал эсвэл амин чухал гэхээс ч илүү зүйл. Ёслолуудыг хүлээн авах нь бидний хүн нэг бүрийн хувьд амин чухал юм.”

Гэрээнүүд

Гэрээ нь хувь хүн эсвэл бүлэг хүн ба Бурханы хоорондох ариун нандин хэлэлцээр юм гэдгийг онцлон хэл. Бурхан тодорхой нөхцөлүүдийг тогтоодог бөгөөд тэдгээр нөхцөлд дуулгавартай байвал Тэр биднийг адисална хэмээн амладаг. Гэрээнүүдийг дагахгүй бол бид адислалуудыг хүлээн авч чадахгүй мөн зарим тохиолдолд дуулгаваргүй байсныхаа үр дүнд зовж шаналдаг. Санваарын авралын бүх ёслолыг гэрээнүүд үргэлж дагалддаг.

  • Та нар өнөөг хүртэл амьдралдаа ямар ямар гэрээг Их Эзэнтэй байгуулсан бэ? (Ангийн гишүүд ариун ёслол хүртэх бүрд шинэчлэгддэг баптисмын гэрээг дурдаж болох юм.)

  • Бид баптисм хүртэх үедээ ямар ямар гэрээг байгуулдаг вэ? (Moзая 18:8–10; С ба Г 20:37-г үзнэ үү.)

Бурхантай гэрээ байгуулах үедээ бид Бурханд үйлчлэх мөн биднээс хийхийг хүссэн бүгдэд дуулгавартай байх өөрсдийн хүслийг илэрхийлдэг. Үүний хариуд Бурхан бидэнд олон гайхалтай адислалыг амладаг. Бид мөнх амьдралын төлөө өсөж хөгжихийн тулд гэрээнүүдийг байгуулж дагах ёстой.

Ариун сүмийн ёслол, гэрээнүүд

Ариун сүмийн ёслолуудад амьд хүмүүсийн болон нас барагсдын төлөө хишиг хүртэх, лацдан холбох ёслолууд (ариун сүмийн гэрлэлт ба хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох) ордог. Нас барагсдын төлөөх баптисмын ёслол нь бусад санваарын ёслолын адил ариун сүмүүдэд хийгддэг. Ариун сүмийн ёслолуудад бид өөрсдийгөө Бурханд зориулж, дэлхий дээр Түүний хаант улсыг байгуулахад тусална хэмээн ариун гэрээнүүд байгуулдаг.

Ахлагч Жэймс Э.Талмэйж хишиг хүртэхэд бидний байгуулдаг гэрээнүүдийн тухай ийн хэлжээ.

“Хишгийн ёслолууд нь ариун журам хийгээд ариун явдлын хуулийг чанд сахихын тулд энэрэнгүй, нинжин сэтгэлтэй, тэвчээртэй, хүлцэнгүй мөн цэвэр ариун байж; үнэнийг дэлгэрүүлж, хүмүүний угсааг өргөн сайжруулахын тулд авьяас чадвар, эд хөрөнгөө зориулж; үнэний зарчимд үнэнчээр үлдэж; мөн газар дэлхий өөрийнхөө Хаан Их Эзэн Есүс Христийг хүлээн авахад бэлэн байж болохын төлөөх агуу бэлтгэлд бүхий л боломжтой аргаараа хувь нэмрээ оруулахыг эрэлхийлэх зэрэг тодорхой нөхцөлүүдийг хувь хүмүүс өөрсөд дээрээ хүлээн авч, гэрээ байгуулан, амлалт өгөхөөр болгодог билээ. Гэрээ бүрийг байгуулж, үүрэг болгоныг авч, тэдгээрийн нөхцөлүүдийг үнэнч итгэлтэй сахиснаар ирэх адислал амлагдан, тунхаглагддаг билээ” (The House of the Lord, rev. ed. [1976], 84).

Та сая дурдсан гэрээнүүдийг самбар дээр бичингээ дүгнэн ярилцаж болно. Бид зөв шударга, цэвэр ариун байх мөн Их Эзэний хаант улсыг байгуулахын тулд байгаа бүхнээ өгөх гэрээ байгуулдаг гэдгийг онцлон хэл. Дараах мэдэгдлийг унш.

“Бид гэрээт хүмүүс. Бид өөрсдийн боломж бололцоог буюу цаг зав, мөнгө төгрөг, авьяас чадвар гэх мэт өөрт байгаа бүхнийг дэлхий дээрх Бурханы хаант улсын ашиг тусын тулд зориулах гэрээг байгуулдаг” (Ариун сүмд ороход бэлтгэх нь, 38).

  • Бид ямар арга замаар “өөрсдийгөө бүгдийг хийгээд эзэмшиж байгаа бүхнээ” Бурханы хаант улсын төлөө өгч чадах вэ?

  • Бурханы хаант улсад байгаа бүхнээ зориулахад гишүүдэд заримдаа юу саад болдог вэ?

Ариун сүмийн гэрээнүүд байгуулж, үүнийг сахиснаар хүлээн авсан адислалуудынхаа талаарх гэрчлэлээ хуваалцахыг та хүсэж болно. Эсвэл ариун сүмийн хишгээ хүртсэн өөр нэгнээс гэрчлэлээ хуваалцахыг хүсэж болно.

Бид ариун сүмд байгуулдаг гэрээнүүддээ итгэлтэй байх ёстой

“Хэнд их өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана” (Лук 12:48) хэмээн Их Эзэн хэлсэн гэдгийг тайлбарла.

  • Энэ шүлэг бидний ариун сүмд байгуулдаг гэрээнүүдтэй хэрхэн холбогдож байна вэ?

Их Эзэн ариун сүмийн ёслол, гэрээнүүдийг өгсөн учраас Түүний хүүхдүүд энэ амьдралын зорилгыг ойлгож, мөнх амьдралын гайхамшигтай боломжуудад бэлтгэгдсэн байх болно гэдгийг тайлбарла. Эдгээр адислалыг хүлээн авахад бид өсөн нэмэгдсэн мэдлэг, боломжууддаа зохицохоор зохистой амьдрах үүрэгтэй болдог. Бид ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ итгэлтэй байх ёстойг онцлон хэл.

  • Яагаад ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ итгэлтэй байх нь бидэнд тийм чухал байдаг вэ?

Aнгийн гишүүдээс Сургаал ба Гэрээ 82:10-ыг уншихыг хүс.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “Би та нарт хэлье, та нар гэрээгээ сахихгүй бол Их Эзэн үүрэг хүлээхгүй. Их Эзэн Өөрийн гэрээг хэзээ ч зөрчдөггүй. Тэрээр бидний хэн нэгэнтэй гэрээ байгуулбал үүнийгээ зөрчихгүй. Хэрэв энэ нь зөрчигдсөн бол бид үүнийг зөрчсөн хэрэг болно. Гэвч биднийг гэрээгээ зөрчихөд Тэр биднийг адислах үүрэггүй бөгөөд бид адислал хүлээн авахгүй болно” гэж хэлсэн (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:256–57).

Гэрээнүүддээ итгэлтэй байх нь амар амгалан, аюулгүй байдлыг авчирна

Ариун сүм нь энэ түгшүүрт дэлхий дээрх амар амгалангийн ариун газар мөн гэдгийг тайлбарла. Ариун сүмд тогтмол орж, гэрээнүүддээ итгэлтэй байснаар амар амгалан, аюулгүй байдлыг болон амьдралдаа удирдамж чиглүүллийг олох болно.

Ахлагч Нийл А.Максвэлл: “Хэрэв бид өөрсдийн гэрээнүүдийг сахих аваас гэрээнүүд биднийг сүнслэг байдлаар аюулгүй байлгах болно” хэмээн хэлсэн (Conference Report, Apr. 1987, 87; or Ensign, May. 1987, 71).

  • Өнөөг хүртэлх байгуулсан гэрээнүүд тань сүнслэг байдлаараа аюулгүй байхад танд хэрхэн тусалсан бэ?

Ариун сүмд бид Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн оршихуй руу буцахаар зохистой амьдарна хэмээн гэрээ байгуулдгийг тодотгон хэл. Заримдаа бид өдөр тутмын амьдралын нугачаанд тийн зохистой амьдрах боломжтой эсэхэд эргэлздэг.

1 Нифай 17:3, 13-ыг уншихыг ангийн гишүүдээс хүс.

  • Биднийг Түүн рүү буцахаар хичээх үед Их Эзэн бидэнд хэрхэн туслах талаар эдгээр сударт юу заадаг вэ? Эдгээр судар та нарын амьдралд хэрхэн биеллээ олсон бэ?

Ахлагч Боид К.Пакэр: “Та нар ариун сүмд ирж, хишгээ хүртэн, тахилын ширээний өмнө өвдөглөн сууж, лацдан холбуулж байлаа ч уруу таталтын эсрэг тэмцэхийг хичээж, унаж мөн наманчлан, дахин унаж мөн наманчилдаг энгийн амьдралаар амьдран, энгийн бодгаль байж болно, гэвч гэрээнүүдээ сахина гэж үргэлж шийдсэн байх ёстой. … Тэгээд ‘Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор’ (Maтай 25:21) хэмээн тунхаглах та нарын адислал хүлээн авах өдөр ирэх болно” гэж хэлжээ (Let Not Your Heart Be Troubled 1991, 257).

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр биднийг “ариун сүмд шүтэн бишрэх хувийн адислалын төлөө, тэдгээр ариусгагдсан мөн өргөмжлөгдсөн ханануудын дунд олдог адислагдсан бөгөөд аюулгүй байдлын төлөө” ариун сүм рүү байнга очиход урьсан. Ариун сүм бол үзэсгэлэн төгөлдөр, илчлэлтийн болон амар амгалангийн газар мөн. Энэ бол Их Эзэний өргөө. Энэ нь Их Эзэнд ариун билээ. Энэ нь бидэнд ариун байх ёстой” (Jay M. Todd, “President Howard W. Hunter,” Ensign, 1994 оны 7-р сар, 5).

Дүгнэлт

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээнүүдийг байгуулснаар хүлээн авах адислалуудынхаа тухай өөрсдийн мэдрэмжийг хуваалцахыг ангийн гишүүдээс хүс.

Хэрвээ цаг байвал мөн танай бүсэд Together Forever толилуулга байгаа бол та үүнийг үзүүлж болно.

“More Holiness Give Me” дууллыг дуулахыг ангийн гишүүдээс хүсэж болно. Ариун сүмийн ёслолуудын тухай болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ байгуулах онцгой боломжийн тухай гэрчлэлээ хуваалц.

Хаалтын залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.