Шинэ Гэрээ 2023
12-р сарын 25–31. Илчлэл 15–22: “Ялагч нь үүнийг өвлөнө”


“12-р сарын 25–31. Илчлэл 15–22: ‘Ялагч нь үүнийг өвлөнө,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“12-р сарын 25–31. Илчлэл 15–22,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Зураг
Есүс Христ Хоёр дахь ирэлтийнхээ үеэр хүмүүстэй мэндчилж байгаа нь

Мөнхийн хот, Кийт Ларсон

12-р сарын 25–31

Илчлэл 15–22

“Ялагч нь үүнийг өвлөнө”

Заахаар бэлтгэхдээ Илчлэл 15–22-ыг ганцаарчлан эсвэл гэр бүлтэйгээ хамт судалж байх үедээ олж авсан туршлага дээрээ тулгуурла. Танд юу нь онцгой санагдсан бэ? Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Энэхүү тоймд санал болгосон үйл ажиллагаануудыг ямар ч насны хүүхдүүдэд тохируулан ашиглах боломжтой гэдгийг сана.

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Яагаад Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрахыг хүсэж байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Хичээлийн үеэр Түүн рүү эргэж очиход бэлдэхийн тулд хийж болох зүйлсийг олоход тэдэнд тусал.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Илчлэл 15:2–4

Би дуулах замаар Бурханыг магтаж чадна.

Илчлэл 15:2–4 дээр Гэгээн Иохан Бурханы алдрыг магтсан дууг дүрсэлсэн байдаг. Хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг хайрлах хайраа илэрхийлэхэд ямар магтаалын дуунууд тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Та Илчлэл 15:2–4-ийн хэсгүүдийг чанга уншиж байхдаа, босоо ятга тоглож байгаагаар эсвэл найрал дуу удирдаж буй мэт дүр үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Есүсийн тухай дуулах үед бидэнд ямар санагддаг вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай дуртай дуунаасаа заримыг хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Цөөн хэдэн дууг хамтдаа дуулаад, эдгээр дуу бидэнд Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын тухай юу зааж буйг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Илчлэл 19:7

Би зөвийг сонгосноор Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлдэж чадна.

Хэрэв бид Христийн зарлигуудыг дагавал Хоёр дахь ирэлт бидний хувьд баяр баясгалант үйл явдал байх болно гэдгийг та хүүхдүүдэд хэрхэн ойлгуулан тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдээс хуримд оролцож байсан эсэхийг асуу. Энэ нь ямар байсан бэ? Яагаад хүмүүс хурим дээр аз жаргалтай байдаг вэ? Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх энэ долоо хоногийн тоймд буй Аврагчийн Хоёр дахь ирэлтийн зургийг үзүүлээд, Илчлэл 19:7-г уншиж өг. “Хурганы хурим” гэдэг нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг төлөөлж байгаа гэдгийг тайлбарла. Аврагчийг дахин ирэхэд бид яагаад баясах вэ? Хурим дээр мэдэрдэг баяр баясгаланг Аврагчийн дахин ирэхэд мэдрэх баяр баясгалантай харьцуулахад хүүхдүүдэд тусал.

  • Та яагаад Аврагчийн Хоёр дахь ирэлтийг хүлээж байгаагаа хүүхдүүдтэй хуваалц. “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46) гэх мэт Хоёр дахь ирэлтийн тухай дууг хамтдаа дуулж болох юм.

  • Ням гарагт сүм рүү явахад бэлдэхийн тулд юу хийж болохоо хуваалцахад хүүхдүүдийг урь. Яагаад бид сүмд ирэхийнхээ өмнө эдгээр зүйлийг хийдэг вэ? Яагаад бид Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх ёстой вэ? Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээр Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд хийж болох зүйлийг нь хүүхдүүдээр зуруул.

Илчлэл 21:1, 3–4, 22–27; 22:1–2

Тэнгэрлэг Эцэг намайг Өөртэй нь хамт селестиел хаант улсад амьдраасай хэмээн хүсдэг.

Илчлэлийн сүүлийн хоёр бүлэгт Иохан итгэлтэй хүмүүсийн баярлан хүлээн авах селестиел алдар сууг дүрслэхдээ үнэхээр уран яруу үг хэрэглэсэн.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд Илчлэл 22:2-т дүрсэлсэн модыг самбар дээр зурахад тусал. Энэ мод нь амьдралын мод бөгөөд жимс нь Бурханы хайрыг төлөөлдөг гэдгийг тайлбарла (1 Нифай 11:21–22-ыг үзнэ үү). Хүүхдүүдэд жимсний хэлбэртэй цаас өгөөд, Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тусалдаг ямар нэг зүйлийг зурахад тэднийг урь. Тэнгэрлэг Эцэгийг хайрлаж, дуулгавартай дагадаг хүмүүс Түүнтэй хамт селестиел хаант улсад амьдарна гэдгийг тайлбарла.

  • Иоханы селестиел хаант улсыг дүрслэхдээ ашигласан зарим дүр зураг, нарийн мэдээллийг хүүхдүүдтэй хуваалцаад (Илчлэл 21:1, 3–4, 22–27; 22:1–2-ыг үзнэ үү), зургийг нь зурахад тэднийг урь.

  • Би Бурханы зааснаар амьдарна” (Хүүхдийн дууны ном, 86–87) гэх мэт Бурханы оршихуй руу очиход бид хэрхэн бэлтгэх тухай заасан дууг хамтдаа дуул. Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрахын тулд юу хийж болохыг олж тогтооход хүүхдүүдийг урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Илчлэл 19:7–8

Би зөвийг сонгосноор Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлдэж чадна.

Та Есүс Христийн Хоёр дахь ирэлт зөв шударга хүмүүсийн хувьд баясгалант үйл явдал байх болно гэдгийг ойлгоход нь заадаг хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Илчлэл 19:7–8-ыг хамтдаа уншаад, хурим нь Аврагчийн Хоёр дахь ирэлт, Хурга нь Аврагч, харин Түүний сүйт бүсгүй бол Сүм (буюу бид бүхэн) гэдгийг хэлж, эдгээр шүлгийн бэлгэдлийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Бид Аврагчийг дахин ирэхэд өөрсдийгөө бэлдэхийн тулд юу хийх ёстой вэ?

  • Итгэлийн тунхаг 1:10-ыг хүүхдүүдтэй хамт уншиж, цээжил. Энэхүү итгэлийн тунхаг нь Есүсийг дахин ирэхэд болох сэтгэл хөдөлгөм, гайхамшигт үйл явдлуудыг дүрсэлдэг гэдгийг тайлбарла. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх Есүсийн Хоёр дахь ирэлтийн зургийг үзүүлээд, хүүхдүүдийг Есүсийн Хоёр дахь ирэлт ямар байхыг төсөөлөн зурахад урь.

Илчлэл 20:12–13

Би Бурханаар шүүгдэх болно.

Бидний хүн нэг бүр нэгэн өдөр Бурханы өмнө зогсож шүүгдэх болно. Түүний шүүлт нь зүй ёсны, шударга, нигүүлсэнгүй байна гэдгийг ойлгоход тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Самбарт Шүүлт ямар байх вэ? гэж бич. Энэхүү асуултынхаа хариултыг Илчлэл 20:12–13 болон Судруудын удирдамж “Эцсийн шүүлт” (scriptures.ChurchofJesusChrist.org) хэсгээс хайхад хүүхдүүдийг урь. Шүүлтийн өдөр баяр баясгалантай өдөр байж болохын тулд Аврагч юу хийсэн бэ? (Итгэлийн тунхаг 1:3–4-ийг үзнэ үү). Тэрхүү өдөр бидний хувьд баяр баясгалантай өдөр байж болохын тулд бид юу хийж чадах вэ?

    Зураг
    Есүсийн баруун гар талд гэрэлд буй хүмүүс, зүүн гар талд харанхуйд буй хүмүүс байгаа нь

    Эцсийн шүүлт, Жон Скотт

  • Христийнхтэй адил зарим зан чанарыг, бас ангийнхаа хүүхдүүдийн сайн үйлсийг бичсэн бичвэр бүхий “Амьдралын ном” (Илчлэл 20:12)-ыг төлөөлүүлсэн дэвтрийг ангид авчир. Бичсэн зүйлээ хүүхдүүдэд уншиж өгөөд, бие биеэсээ олж харсан Христийнхтэй адил зан чанаруудын тухай ярихад тэднийг урь. Есүс Христ бидэнд Өөртэй нь илүү адил болоход тусалдаг ба наманчилж, нүглийг ялан дийлэх арга замыг бидэнд өгдөг талаарх гэрчлэлээ хуваалц.

Илчлэл 21:1, 3–4, 22–27; 22:1–2, 17

Тэнгэрлэг Эцэг намайг Өөртэй нь хамт селестиел хаант улсад амьдраасай гэж хүсдэг.

Илчлэл 21–22 дээр буй селестиел алдар сууг дүрсэлсэн Иоханы тодорхойлолтыг уншихад танд юу дүрслэгдэж байна вэ? Та заадаг хүүхдүүддээ юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Иоханы селестиел алдар сууг дүрслэхдээ ашигласан үг, хэллэгийг олохын тулд Илчлэл 21:1, 3–4, 22–27; 22:1–2 зэрэг шүлгийг уншихад урь. Тэдэнд зурахыг хүсэж байгаа ямар нэгэн зүйлээ сонгох боломжийг олго. Дараа нь зургийнхаа талаар ангийнхантайгаа ярилцаж болно. Зурсан зургаа гэртээ очоод, гэр бүлийнхэндээ үзүүлэхэд тэднийг урамшуулан дэмж.

  • Илчлэл 22:17-г хамтдаа уншаад, “ирээрэй” гэж хэлсэн сүйт бүсгүй бол Сүм юм гэдгийг тайлбарла. Сүмийн гишүүдийн хувьд бид хэнийг “ирээрэй” гэж урихыг хүсдэг вэ? (Моронай 10:30–33-ыг үзнэ үү). Бидний эргэн тойронд буй хүмүүс юуны тулд “цангасан” байж болох вэ? Тэнгэрлэг Эцэгийн биднээс хийгээсэй хэмээн хүсдэг зарим зүйл юу вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа Мормоны Номын дуртай шүлэг эсвэл түүхээ хуваалцахад урихыг хүүхдүүдээс хүсэх замаар дараа жил Мормоны Номыг уншихад тэднийг бэлдэхэд тусал.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэхийг заа. Хэрэв хүүхдүүд төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэж дадвал, энэ нь тэдэнд Сүнсийг таньж мэдэн, дагахад тусална. Хүүхдүүд судрыг тодруулан тэмдэглэх, зураг зурах, энгийн тэмдэглэл хөтлөх зэрэг замаар төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэж чадна. (Аврагчийн арга барилаар заах нь, 30-ийг үзнэ үү.)