Хуучин Гэрээ 2022
Санах зүйлс: Хуучин Гэрээний түүхэн номууд


“Санах зүйлс: Хуучин Гэрээний түүхэн номууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Санах зүйлс: Хуучин Гэрээний түүхэн номууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022

Зураг
санах шигтгээ зураг

Санах зүйлс

Хуучин Гэрээний түүхэн номууд

Иошуа номоос Естер хүртэлх номуудыг Хуучин Гэрээний “түүхэн номууд” гэдгээр нь мэддэг. Энэ нь Хуучин Гэрээний бусад ном түүхэн үнэ цэнгүй гэсэн үг биш юм. Харин тэдгээр номын бичээчдийн гол зорилго Израилын ард түмний түүхэнд Бурханы мутар оролцсоныг үзүүлэх явдал байсан тул ийн нэрлэдэг. Тэд Леви болон Дэд хууль шиг Мосегийн хуулийг тоймлохыг зориогүй. Түүнчлэн Дуулал болон Гашуудал шиг магтаал, уй гашууг яруу найргийн хэлбэрээр илэрхийлэх гээгүй. Мөн Исаиа, Езекиел номууд шиг бошиглогчдын үгсийг цэдэглэх гээгүй. Үүний оронд түүхэн номууд түүх өгүүлдэг.

Харах өнцгийн асуудал

Мэдээж түүхийг тодорхой нэг өнцгөөс буюу үнэндээ хэд хэдэн харах өнцгөөс өгүүлсэн байдаг. Цэцэг, чулуу эсвэл модыг нэг дор олон өнцгөөс харах боломжгүйн адил түүхэн цэдгийг бичиж буй хүний эсвэл бүлэг хүний харах өнцөг тэдгээрт туссан байх нь гарцаагүй. Энэхүү харах өнцөг нь бичээчдийн үндэстэн, угсаатны хэлхээ холбоо мөн соёлын хэм хэмжээ, итгэл үнэмшлийг агуулсан байдаг. Үүнийг мэдэх нь түүхэн номын бичээч, эмхэтгэгчид зарим зүйл дээр нь төвлөрч, заримыг нь орхигдуулсан байдгийг ойлгоход бидэнд тусална.1 Тэд бусдын хэлээгүй байж болох зүйлийн талаар тодорхой таамаглал дэвшүүлж, тэдгээр мэдээлэл, таамаглал дээрээ үндэслэн дүгнэлт хийсэн байж болох талтай. Тэр ч байтугай бид Библийн номуудаас (заримдаа нэг номоос) ч янз бүрийн харах өнцгийг олж харж болно.2 Эдгээр харах өнцгийн талаар бид хэдий чинээ сайн мэднэ, төдий чинээ түүхэн номуудыг сайн ойлгож чадна.

Хуучин Гэрээний түүхэн бүх номд тусгагдсан нэгэн нийтлэг харах өнцөг бол Бурханы гэрээт хүмүүсийн буюу Израилын хөвгүүдийн харах өнцөг юм. Тэдний Их Эзэнд итгэх итгэл Түүнийг өөрсдийнх нь амьдралд төдийгүй улс орных нь асуудалд хөндлөнгөөс оролцож байгааг олж харахад тусалж байсан юм. Иргэний түүхийн номуудад аливаа зүйлийг энэ талаас нь харуулдаггүй ч энэхүү сүнслэг харах өнцөг нь Хуучин Гэрээний түүхэн номуудыг Бурханд итгэх итгэлээ хөгжүүлэхийг эрэлхийлж буй хүмүүсийн хувьд асар үнэ цэнтэй болгодог зүйлсийн нэг юм.

Хуучин Гэрээний үлдсэн номын агуулга

Түүхэн номууд нь Дэд хууль номд израилчууд олон жил цөлөөр тэнүүчилсний дараа ийн тэнүүчлэх хэрэггүй болж байгааг өгүүлж дууссанаар эхэлдэг. Иошуа номд Израилын хөвгүүд амлагдсан газартаа буюу Канаан нутагт ороход бэлэн байгааг харуулж, хэрхэн уг газрыг эзлэн авсныг нь дүрсэлдэг. Үүний дараах буюу Шүүгчид номоос эхлэн 2 Шастир хүртэлх номуудад, амлагдсан газарт суурьшсан үеэс Ассирид болон Вавилонд эзлэгдэх хүртэлх Израилд тохиолдсон үйл явдлыг дүрслэн харуулдаг. Езра, Нехемиа номуудад хэдэн арван жилийн дараа хэсэг бүлэг израил нийслэл Иерусалим руугаа эргэж ирсэн тухай өгүүлдэг. Эцэст нь, Естер номд Персийн эрхшээл доор цөллөгт амьдарч байсан израилчуудын түүхийг өгүүлдэг.

Хуучин Гэрээний он дарааллын бичиг үүгээр дуусдаг юм. Библийг анх удаа уншиж байгаа зарим уншигч Хуучин Гэрээ номын хуудаснуудын тал гаруйг уншаад л түүхийг нь бүхэлд нь уншиж дууссандаа гайхдаг. Естерээс хойших номуудад израилчуудын түүхийн талаар бараг ямар ч мэдээлэл байдаггүй. Харин дараа дараагийн, ялангуяа бошиглогчдын номууд нь түүхэн номд өгүүлсэн цаг хугацааны хүснэгттэй нийцдэг.3 Жишээлбэл, бошиглогч Иеремиагийн тохинуулал 2 Хаад 22–25-д цэдэглэгдсэн үйл явдлуудын үеэр болж өрнөсөн (мөн 2 Шастир 34–36-д яг ижил үйл явдлын талаар цэдэглэсэн байдаг). Үүнийг мэдэх нь түүхэн өгүүллийг болон бошиглогчдын номыг унших байдалд тань нөлөөлж болно.

Зураг
Ширээн дээрх дутуу эвлүүлсэн эвлүүлдэг тоглоомын нэг хэсгийг гараараа барьсан байгаа нь

Зарим судрын хэсэг нь үлдсэн хэсэгтэй нь хэрхэн таарч тохирохыг мэдэхгүй байгаа эвлүүлдэг тоглоомын хэсгүүд шиг байж болно.

Ямар нэгэн зүйл таарч тохирохгүй байвал

Аль ч түүхэн номын адил Хуучин Гэрээг унших явцдаа орчин үеийн хүний нүдээр харахад хачин жигтэй, бүр таагүй сэттгэгдэл төрүүлэх зүйлсийг хийж, хэлж байгаа хүмүүсийн тухай унших нь гарцаагүй. Бид үүнийг тооцоолбол зохино. Хуучин Гэрээний бичээчид дэлхий ертөнцийг зарим талаараа биднийхээс тэс өөр өнцгөөс хардаг байсан. Эртний бичээчдийн өнөөгийн биднийхээс өөрөөр харж байсан асуудлуудад хүчирхийлэл, угсаатны харилцаа, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо зэрэг нь орно.

Судрын хэсгүүдийг уншиж байхдаа таагүй сэтгэгдэл төрүүлэх зүйлтэй таарвал бид яах ёстой вэ? Нэгдүгээрт, хэсэг бүрийг илүү өргөн хүрээнд авч үзэх нь зүйтэй. Энэ нь Бурханы авралын төлөвлөгөөтэй хэрхэн нийцэж байна вэ? Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын мөн чанарын талаар таны мэддэг зүйлтэй хэрхэн нийцэж байна вэ? Энэ нь бусад сударт илчлэгдсэн үнэнтэй эсвэл амьд бошиглогчдын сургаалтай хэрхэн нийцэж байна вэ? Энэ нь таны зүрх сэтгэл, оюун санаанд шивнэсэн Сүнсний шивнээтэй хэрхэн нийцэж байна вэ?

Зарим тохиолдолд судрын ямар нэгэн хэсэг эдгээрийн алинтай нь ч тохирохгүй байгаа мэт санагдаж болно. Заримдаа таны аль хэдийн эвлүүлсэн бусад хэсгийн дунд, оруулах орон зай байхгүй мэт харагдах эвлүүлдэг тоглоомын нэг хэсэг шиг байж болно. Хэсгийг хүчээр тааруулах гэж оролдох нь сайнгүй. Эвлүүлдэг тоглоомоо тэр чигээр нь хаях нь мөн л нийцэхгүй. Үүний оронд та тэр хэсгээ түр хойш тавих хэрэгтэй байж болно. Та илүү их сурч мэдэн, эвлүүлдэг тоглоомын өөр олон хэсгийг нэгтгэхийн хэрээр хэсгүүд өөр хоорондоо хэрхэн нийцэж байгааг илүү сайн харж болох юм.

Энэ нь мөн судрын түүхүүдийг тодорхой нэг харах өнцгөөр хязгаарлахаас гадна тэдгээрт хүний алдаа орсон байж болохыг сануулахад тус болж магад (Итгэлийн тунхаг 1:8-ыг үзнэ үү). Жишээлбэл, олон зууны туршид чухал сургаал, ёслолуудын тухай үнэнүүд гэх мэт “олон тодорхой болоод эрхэм үнэт зүйл [Библиэс] авч зайлуулагдсан” (1 Нифай 13:28-ыг мөн 29, 40-р шүлгийг үзнэ үү). Үүний зэрэгцээ бидний харах өнцөг мөн л хязгаарлагдмал гэдгийг, түүнчлэн бүрэн ойлгоогүй, хариултаа хараахан аваагүй асуултууд үргэлж байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Үнэт чулууг олох

Гэсэн хэдий ч хариултаа хараахан аваагүй байгаа асуултууд биднийг хүнд хэцүү туршлага, төгс бус хүмүүсийн гаргасан буруу сонголт гэх мэт чулуурхаг хөрсөн доор дарагдсан байх магадлалтай Хуучин Гэрээнээс олж авч болох мөнхийн үнэний үнэт чулуунаас холдуулах ёсгүй. Эдгээр үнэт чулууны хамгийн үнэ цэнтэй нь Бурханы хайрыг гэрчилсэн, ялангуяа бидний оюун санааг Есүс Христийн золиос руу чиглүүлдэг түүх ба хэсгүүд юм. Аль ч өнцгөөс харсан бай, эдгээр эрдэнийн чулуу олон жилийн тэртээх шигээ өнөө үед ч тод гялалзсан хэвээр. Эдгээр цэдэг нь Их Эзэнийг хайрладаг, Түүнд үйлчилдэг байсан сул дорой ч бай хамаагүй, эрэгтэй, эмэгтэй хүмүүс буюу Бурханы гэрээт хүмүүсийн тухай өгүүлдэг тул үнэний үнэт чулуунууд Хуучин Гэрээний түүхэн номуудаар дүүрэн байдаг.

Тэмдэглэл

  1. Өнөөдөр бидэнд байгаа Библийн түүхэн өгүүллүүд нь юуны түрүүнд дүрслэн өгүүлсэн цаг үеэсээ хойш олон жил, бүр хэдэн зуун жилийн турш ажилласан, олон нэргүй бичээч, эмхэтгэгчдийн бүтээл юм. Тэд янз бүрийн түүхэн эх сурвалжид тулгуурлан, цэдэгтээ юуг оруулж, юуг хасахаа шийдсэн.

  2. Жишээлбэл, хэдийгээр 1–2 Шастир нь ойролцоогоор 1 Самуел 31 номоос эхлэн 2 Хаад номын төгсгөл үе хүртэлх хугацааг хамардаг боловч 1–2 Шастирт өөр нарийн ширийн мэдээлэл, харах өнцгийг онцолсон байдаг. 1 Самуел–2 Хаадтай харьцуулахад 1–2 Шастир нь бараг тэр чигээрээ Иудагийн Өмнөд Хаант улс дээр төвлөрдөг бөгөөд Давид, Соломон хоёрын тухай сөрөг түүхүүдийг орхигдуулсан байдаг (жишээлбэл, 2 Самуел 10–12-ыг 1 Шастир 19–20, 1 Хаад 10–11-ийг 2 Шастир 9-тэй харьцуулна уу). Ирээд, Намайг дага товхимол нь 1, 2 Хаад дээрх цэдгийг судлахыг онцолсон байдаг боловч үүнийг 1, 2 Шастир дээрх цэдэгтэй харьцуулах нь үр дүнтэй. 1 Самуел–2 Хаад дээр Вавилоны эзэнт гүрэн Иудаг эзлэхээс өмнө ажиллаж эхлэн, Вавилонд цөллөгдөж байх үеэр дууссан гэдгийг мэдэхэд тустай байж болох юм. Нөгөө талаар 1–2 Шастир болсон цэдгийг иудейчүүд Иерусалимд цөллөгөөс буцаж ирснийхээ дараа эмхэтгэсэн. Уншиж байхдаа та энэхүү өөр өөр нөхцөл байдал өөр өөр цэдэг эмхэтгэгчдийн харах өнцөгт хэрхэн нөлөөлсөн байж болох талаар бодолцож болох юм.

  3. Энэ эх сурвалжийн эхэнд буй, тухайлбал бошиглогч бүрийн тохинуулал Израилын түүхэнд хэзээ болж өнгөрснийг харуулсан (боломжийн хэрээр тусгасан) “Хуучин Гэрээний тойм” гэх он цагийн хүснэгтийг та олж болно. Хуучин Гэрээний ихэнх бошиглолын ном он цагийн хүснэгтийн төгсгөлд буюу Израилын хөвгүүд дайсандаа эзлэгдэж, цөллөгдөн, тараагдахын өмнөхөн болон дараахан орсон байгааг та анзаарна.