Шинэ Гэрээ 2023
5-р сарын 8–14. Матай 19–20; Марк 10; Лук 18: “Надад өөр юу дутагдаж байна вэ?”


“5-р сарын 8–14. Maтай 19–20; Maрк 10; Лук 18: ‘Надад өөр юу дутагдаж байна вэ?,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“5-р сарын 8–14. Maтай 19–20; Maрк 10; Лук 18,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Усан үзмийн талбайд ажиллагсад

5-р сарын 8–14

Матай 19–20; Марк 10; Лук 18

“Надад өөр юу дутагдаж байна вэ?”

Та Maтай 19–20; Maрк 10 болон Лук 18-ыг уншиж, тунгаан бодохдоо хүлээж авах сүнслэг өдөөлтүүддээ анхаарлаа хандуулаарай. Өдөөлтөө тэмдэглэж аваад, тэдгээрийн дагуу хэрхэн үйлдэхээ тодорхойл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хэрэв танд Аврагчид асуулт тавих боломж байсан бол юу асуух байсан бэ? Нэгэн баян залуу эр Есүс дээр анх удаа ирээд, “Мөнх амийг олохын тулд би ямар сайн юм хийх ёстой вэ?” (Maтай 19:16) гэж асуужээ. Аврагчийн хариулт уг залуугийн хийсэн сайн зүйлсэд талархаж байгааг мөн илүү ихийг хийхийг хайраар урамшуулсныг нь харуулдаг. Бид мөнх амьдралын боломжийн талаар тунгаан бодохдоо үүнд өгүүлсэнчлэн өөр хийх зүйл байгаа болов уу гэж боддог байж болно. Биднийг “Надад өөр юу дутагдаж байна вэ?” (Maтай 19:20) гэж өөр өөрийн арга замаар асуух үед Их Эзэн бидэнд баян залуу эрд хариулсны адил зөвхөн танд зориулсан хариултыг өгч болох юм. Их Эзэн биднээс юу ч хийхийг хүссэн бай, Түүний хариултын дагуу үйлдэх нь биднээс өөрийн зөвт байдалд (Лук 18:9–14-ийг үзнэ үү) итгэхийн оронд Түүнд илүү их итгэж найдан, “Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахыг” (Лук 18:17 мөн 3 Нифай 9:22-ыг үзнэ үү) үргэлж шаардах болно.

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Maтай 19:3–9; Maрк 10:2–12

Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлтийг Бурхан томилсон.

Аврагч болон фарисайчуудын хооронд өрнөсөн энэхүү харилцан яриа нь гэрлэлтийн талаарх Аврагчийн тодорхой заасан зүйлс бичигдсэн цөөн хэдэн жишээний нэг юм. Maтай 19:3–9, Maрк 10:2–12-ыг уншаад, гэрлэлтийн талаарх Аврагчийн үзэл бодлыг өөрийнхөөрөө тоймлон жагсааж бич. Дараа нь “Marriage” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org) болон өөр мэдэгдлүүдийг жагсаалтдаа нэм. Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаар мэдэх нь гэрлэлтийн талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Maтай 19:3–9; Maрк 10:2–12

Есүс салалтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй эсвэл салсан хүмүүс дахин гэрлэж болохгүй гэж заасан уу?

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс салалтын тухай хэлсэн үгэндээ Тэнгэрлэг Эцэг гэрлэлтийн харилцааг мөнхийн байхаар төлөвлөсөн гэж заасан. Гэсэн ч Бурхан зарим тохиолдолд салах шаардлагатай гэдгийг ойлгодог. Ерөнхийлөгч Өүксийн тайлбарласнаар, Их Эзэн “гэр бүлээсээ салсан хүмүүсийг селестиел хуульд зааснаар ёс суртахуунгүй байдлын толбогүйгээр дахин гэрлэхийг зөвшөөрдөг. Гэр бүлээсээ салсан гишүүн ноцтой нүгэл үйлдээгүй л бол бусад гишүүнд хамаарах зохистой байдлын жишгийн дагуу ариун сүмийн эрхийн бичиг авах эрхтэй” (“Divorce,” Liahona, May 2007, 70).

Maтай 19:16–22; Maрк 10:17–22; Лук 18:18–23

Хэрэв би Их Эзэнээс асуувал, Тэр надад мөнх амийг өвлөн авахын тулд юу хийхийг зааж өгнө.

Баян залуу эрийн түүх итгэлтэй, бүх насаараа шавь байгаа хүмүүст ч толгойгоо гашилгах зүйл өгч болох юм. Та Марк 10:17–22-ыг уншихдаа, залуу эрийн итгэлтэй байдал, чин сэтгэлийг харуулсан ямар нотолгоог олсон бэ? Их Эзэн энэ залуугийн талаар ямар бодолтой байсан бэ?

Энэ түүх таныг “Надад өөр юу дутагдаж байна вэ?” гэж өөрөөсөө асуухад хүргэж болох юм (Maтай 19:20). Их Эзэн бидэнд дутагдаж буй зүйлээ нөхөхөд хэрхэн тусалдаг вэ? (Ифер 12:27-г үзнэ үү). Бид сайжрах гэж хичээхдээ Түүний залруулга болон тусламжийг хүлээн авахад өөрсдийгөө бэлдэхийн тулд юу хийж болох вэ?

Түүнчлэн Ларри Р.Лорэнсын “Надад юу дутагдаж байна вэ?” үгийг 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 17–19-өөс; С.Maрк Палмэрийн “Есүс түүнийг ширтэн харж, хайрлав” үгийг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 105–107-оос үзнэ үү.

Матай 20:1–16

Сайн мэдээг хэзээ хүлээн авснаас үл хамааран хүн бүр мөнх амьдралын адислалыг хүлээн авч чадна.

Усан үзмийн талбайд ажиллагсдын аль нэгнийх нь туршлага тантай ямар нэгэн байдлаар холбогдож байна уу? Та судрын энэ хэсгээс танд зориулсан ямар сургамжийг авсан бэ? Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн “Талбайд хөдөлмөрлөгсөд” (2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32–34) үг энэхүү сургаалт зүйрлэлийг амьдралдаа хэрэгжүүлэх шинэ шинэ арга замыг олж харахад танд тусалж болох юм. Ямар нэмэлт өдөөлтийг Сүнс танд өгч байна вэ?

Зураг
Даруу хүн, фарисай хүн хоёр

Гэмшсэн татвар хураагч ба өөрийгөө зөвтгөгч фарисай хүн хоёр сүм дотор байгаа нь, Фрэнк Адамс

Лук 18:9–14

Би зөвт байдалдаа биш, харин Бурханы нигүүлсэлд найдах ёстой.

Та энэ сургаалт зүйрлэл дэх хоёр залбирлын ялгааг хэрхэн дүгнэх вэ? Энэ түүхэн дэх фарисай хүн шиг биш, харин татвар хураагч шиг байхын тулд юу хийх ёстойгоо тунгаан бод.

Мөн Филиппой 4:11–13; Алма 31:12–23; 32:12–16-г үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Марк 10:13–16; Лук 18:15–17.Гэр бүлийнхэндээ эдгээр шүлэгт өгүүлсэн түүхийн талаар тунгаан бодоход нь туслахын тулд та “Эрт үеийн сайхан түүхийг уншихдаа би” (Хүүхдийн дууны ном, 35) гэх мэт холбогдох дуунуудыг хамтдаа дуулж болно. Есүсийн адисалсан хүүхдүүдийн дунд байхад танд ямар санагдах байсан бэ? “Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж авах” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Марк 10:15).

Марк 10:23–27.Баялагтай байх, баялагт итгэх хоёр юугаараа ялгаатай вэ? (Марк 10:23–24-ийг үзнэ үү). Та 27-р шүлгийг уншихдаа Иосеф Смитийн Орчуулгыг онцолж болно. “Баялгуудад итгэж найддаг хүний хувьд энэ нь боломжгүй; гэхдээ Бурханд итгэж найдан, Бурханы төлөө бүхнээ орхидог хүнд энэ нь боломжтой. Учир нь Түүний хувьд эдгээр бүх зүйл боломжтой юм” (Иосеф Смитийн Орчуулга, Maрк 10:26 [Марк 10:27, зүүлт тайлбар a-д]). Бид гэр бүлээрээ материаллаг зүйлсийн оронд Бурханд илүү их итгэж найддаг гэдгээ хэрхэн харуулж байгаа вэ?

Maтай 20:1–16.Матай 20:1–16 дахь зарчмуудыг үлгэрлэн үзүүлэхийн тулд богино зайд гүйх зэрэг энгийн тэмцээн зохион байгуулж болно. Хүн бүрийг тэмцээнд оролцож дууссаны дараа бүх хүнд адилхан шагнал өг. Ингэхдээ хамгийн сүүлд орсон хүнээс эхэлж өгөөд, түрүүлсэн хүнд хамгийн сүүлд өгөөрэй. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд хэн мөнх амьдралын адислалыг хүртдэг талаар бидэнд юу зааж байна вэ?

Матай 20:25–28; Марк 10:42–45.“Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог” гэсэн хэллэг ямар утгатай вэ? (Maтай 20:27). Есүс Христ хэрхэн энэ зарчмын үлгэр жишээ болдог вэ? Бид гэр бүл, тойрог, салбар, эргэн тойрондоо Түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Лук 18:1–14.Бид эдгээр шүлгэн дээрх хоёр сургаалт зүйрлэлээс залбирлын тухай юу сурч мэдэж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгосон дуу: “Хайрт хүүхдүүд минь, Бурхан ойр байна,” Дуулал, д. 47.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өөртөө хамгийн тохиромжтой цагийг ол. Судраас судлахад ямар нэгэн саад болох зүйлгүй бол суралцахад хамгийн амар байдаг. Өөрт тань хамгийн тохиромжтой цагийг сонгож, өдөр бүр яг тэр цагтаа тогтмол судлахын тулд бүх чадлаараа хичээ.

Зураг
Христ, чинээлэг залуу хоёр

Христ, залуу баян захирагч хоёр, Хэйнрих Хофманн