Ирээд, Намайг дага
6-р сарын 17–23: “Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно.” Алма 8–12


“6-р сарын 17–23: ‘Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно.’ Алма 8–12, Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“6-р сарын 17–23. Алма 8–12,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Алма зааж байгаа нь

Үнэн сургаалыг заах нь, Майкл Т.Мом

6-р сарын 17–23: Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно

Алма 8–12

Бурханы ажил унахгүй. Гэхдээ Түүний ажилд туслах гэсэн бидний хүчин чармайлт заримдаа амжилтгүй болсон юм шиг санагдаж, бид хүсэн хүлээж байсан үр дүнгээ шууд харж чадахгүй байж болох юм. Бидэнд Аммонайха дахь хүмүүст сайн мэдээг номлож байхад нь Алмаг хүлээн зөвшөөрөхгүй, нулимж, хөөж байсантай адил санагдах үе гарч магадгүй. Гэсэн ч тэнгэр элч буцаж очин, дахин оролдох зааврыг Алмад өгөхөд тэрээр зоригтой “хурдан эргэсэн” (Алма 8:18) ба Бурхан түүнд замыг нь бэлдэж өгчээ. Тэрээр Алмад хоол унд, орогнох газар гаргаж өгөхийн зэрэгцээ түүнтэй хамт ажиллах сайн мэдээний зоригтой хамгаалагч, үнэнч найз нь болсон Амюлекийг мөн адил бэлдсэн. Их Эзэний хаант улсад үйлчлэхдээ бид саад тотгор, сэтгэлээр унах явдалтай тулгарах бүрд Бурхан Алмад хэрхэн тус дэм үзүүлж, удирдан залж байсныг санаж; бидэнд ч мөн адил хүнд хэцүү нөхцөлд тусламж дэмжлэг үзүүлэн, удирдан зална гэдэгт найдаж болно.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Зураг
Семинарын дүрс

Алма 8

Хүчин чармайлт гарган, Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад тэвчээр шаардагддаг.

Танд хэн нэгэнтэй Есүс Христийн сайн мэдээг хуваалцахыг хичээсэн ч урилгыг тань үл ойшоож байсан тохиолдол гарч байсан уу? Алмад ч бас ийм зүйл тохиолдож байсан. Та асуудалтай тулгарсан ч сайн мэдээг хуваалцах талаар түүнээс Алма 8:13–16-аас юу олж мэдсэн бэ? 17–32-р шүлгийг үргэлжлүүлэн уншаад, бүр амжилттай болно гэж бодохгүй байсан ч сайн мэдээг хуваалцсаар байхад нөлөөлөх үг хэллэгүүдийг хайж ол.

Бошиглогч, төлөөлөгчид Христийн онцгой гэрчүүд учраас тэдэнд Түүний тухай гэрчлэх олон сүнслэг зөвлөгөө байдаг. Ахлагч Дийтр Ф.Угдорфын “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган) хэлсэн үгийн “Гэхдээ үүнийг хийхэд хэцүү байвал яах вэ?” хэсгийг эсвэл ахлагч Гари Э.Стивэнсоны “Хайрла, хуваалц, урь,” (Лиахона, 2022 оны 4-р сар) хэлсэн үгэнд юу гэснийг хар. Та эндээс сайн мэдээг хуваалцахаас шантарч эхэлж байгаа хүнд тусалж болохоор юуг олсон бэ?

Та эндээс сурсан бүхнээ сайн мэдээг хуваалцахад урамшуулсан нэг, хоёр өгүүлбэрээр хэрхэн дүгнэж болох вэ? Таныг (эсвэл бусдыг) үргэлжлүүлэн хичээхэд нь туслах зурагт хуудас эсвэл меме бүтээхийг бод.

Мөн “Ариун Сүнсний тань” дууллыг Дуулал номын д. 143-аас үзнэ үү.

Алма 9:14–23

Бурханы адислалууд нь агуу хариуцлагатай хамт ирдэг.

Аммонайха дахь нифайчуудыг Их Эзэний үйлчлэгчдэд хэрхэн хандсан талаар уншиж байхдаа, тэд өмнө нь сайн мэдээний дагуу амьдардаг, “Их Эзэний ихээр таалсан хүмүүс байсны[г]” (Алма 9:20) мартахад амархан. Та Бурханы Нифайн хүмүүст өгсөн агуу адислалуудын талаар уншихдаа (ялангуяа Алма 9:14–23-ыг үзнэ үү), Түүний танд өгсөн агуу адислалуудыг тунгаан бодно уу. Эдгээр адислалтай хамт ямар үүрэг хариуцлагууд ирдэг вэ? Та тэдгээр хариуцлагадаа үнэнч байхын тулд юу хийж байна вэ?

(Сургаал ба Гэрээ 50:24; 82:3; 93:39-ийг үзнэ үү.)

Алма 11–12

Бурханы төлөвлөгөө бол гэтэлгэлийн төлөвлөгөө юм.

Алма 11–12-т Алма, Амюлек хоёр Бурханы төлөвлөгөөг гэтэлгэлийн төлөвлөгөө гэж нэрлэжээ. Та эдгээр бүлгийг уншихдаа, Бурханы төлөвлөгөөг яагаад гэтэлгэл гэх үгийг ашиглан тайлбарласныг тунгаан бод. Та мөн Алма, Амюлек хоёр уг төлөвлөгөөний дараах хэсгүүдийн талаар юу заасныг товч хураангуйлан бичихийг бодоорой.

  • Уналт

  • Гэтэлгэгч

  • Наманчлал

  • Үхэл

  • Амилалт

  • Шүүлт

Амюлекийн үгс хүмүүст хэрхэн нөлөөлснийг анхаарна уу (Алма 11:46-г үзнэ үү). Бурханы төлөвлөгөөний тухай мэдэх нь танд хэрхэн нөлөөлдөг вэ?

Мөн Даллин Х.Өүксийн “Агуу төлөвлөгөө” захиасыг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.

Алма 12:8–18

Би зүрх сэтгэлээ хатууруулахгүй бол Бурханы үгийг илүү сайн хүлээн авч чадна.

Яагаад Тэнгэрлэг Эцэг бүх зүйлийг бидэнд мэдэгдэж болдоггүй юм бол гэж зарим хүн боддог байж болох юм. Алма 12:9–14 дээр Алма нэг боломжтой шалтгааныг тайлбарласан. Дараах асуултууд нь түүний заасан зүйлсийн талаар тунгаан бодоход танд тусалж болно.

  • Зүрх сэтгэлээ хатууруулах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хатуу зүрх сэтгэлтэй байснаар ямар үр дагаварт хүрэх вэ? (мөн Алма 8:9–11; 9:5, 30–31; 10:6, 25-ыг үзнэ үү).

  • Зүрх сэтгэлээ Бурханд хандуулахын тулд та юу хийж чадах вэ? (Иеремиа 24:7; Алма 16:16; Хиламан 3:35-ыг үзнэ үү).

  • Бурханы үгийг “[өөрийнхөө] дотроос олж” болохын тулд та юу хийж болох вэ? (Алма 12:13). Дотор тань Бурханы үгс байвал энэ нь таны “үгс,” “үйл,” “бодолд” хэрхэн нөлөөлөх вэ? (Алма 12:14).

Амюлекийн туршлага танд зөөлөн зүрх сэтгэлтэй байснаар ирдэг адислалуудын талаар юу зааж байна вэ? (Алма 10:1–11-ийг үзнэ үү).

Нэмж санаа авахын тулд Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Алма 8–10

Би Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж чадна.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас нь Алма 8–10 дээрх үйл явдлуудыг хүүхдүүддээ товч ярьж өгөхөд тань тусалж болно. Та бас Алма, Амюлек хоёрыг сайн номлогчид болгосон зарчмуудыг хайж олоход нь тэдэнд тусалж болно. Жишээлбэл: Тэд бууж өгөөгүй (Алма 8:8–13-г үзнэ үү), тэд Христийн тухай гэрчилсэн (Алма 9:26–27-г үзнэ үү) мөн тэд хамт хөдөлмөрлөсөн (Алма 10:12-ыг үзнэ үү).

  • Би яг одоо номлогч болохыг хүсэж байна” (Хүүхдийн дууны ном, 90) гэх мэт номлогчийн ажлын тухай дуу нь хүүхдүүдэд сайн мэдээг найзуудтайгаа хуваалцах арга замуудын талаар санаа өгч болох юм. Тэднийг олсон санаагаа болон сайн мэдээг хуваалцаж болох хүмүүсээ жагсаан бичихэд урь. Та тэднээр хэлэх эсвэл хийх зүйлсийг нь жүжигчлэн тоглуулж болно.

Оролцоог дэмж. Та заахаар бэлтгэхдээ, хэлэх зүйлсээ төлөвлөхийн оронд “Хүүхдүүд сурахын тулд юу хийж болох вэ?” гэсэн асуултыг өөртөө тавь. Хүүхдүүд идэвхтэй оролцсоноор илүү сайн сурахаас гадна илүү удаан хугацаанд санах болно.

Алма 11–12

Бурханы төлөвлөгөө бол гэтэлгэлийн төлөвлөгөө юм.

  • Хүүхдүүд Адам, Ева хоёрын Уналт, Есүс Христийн Цагаатгал, наманчлал, үхэл, амилуулалт, шүүлт зэрэг гэтэлгэлийн төлөвлөгөөний зарчмуудыг төлөөлсөн ямар нэг зураг зурж болох юм. Дараа нь та тэдэнд зургуудаа эдгээр зарчмын талаар зааж буй Алма 11–12-ын шүлгүүдтэй тохируулахад нь тусалж болно.

Aлма 8:18–22

Би сайн найз байж чадна.

  • Та Aлма 8:18–22 дээрх түүхийг ярихдаа нэг хүүхдийг Амюлекийн, өөр нэг хүүхдийг Алмагийн дүрд тоглоход урьж болно. Амюлек хэрхэн Алмад сайн найз нь байсан бэ? Дараа нь хүүхдүүд хэн нэгэн хэрхэн өөрийнх нь найз болсон, тэр туршлага нь тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлсэн тухай хуваалцаж болно.

  • Та нөхөрлөлийг харуулсан эвлүүлдэг зураг бүтээхийн тулд нөхөрлөлийг харуулсан зураг олох юм уу зураад, жижиг хэсгүүд болгон хайчил. Дүрс болгоны ард Алма, Амюлек хоёрын хийсэн зүйлсийг оруулаад, сайн найз болохын тулд бидний хийж чадах зүйлсийг бич. Хүүхдүүд ээлжлэн нэг жижиг хэсгийг сонгоод, ард нь бичсэн зүйлийг уншиж, уг хэсгийг бусадтай нь нийлүүлэхийг хүсэж болно. Хэнд бидний нөхөрлөл хэрэгтэй вэ?

Зураг
Инээлдэж буй хоёр охин

Бид бусдын сайн найз байж чадна.

Aлма 11:43–44

Есүс Христийн ачаар би амилуулагдана.

  • Амилуулалтын талаар заахын тулд таны гар сүнсийг төлөөлж мөн таны бээлий бие махбодыг төлөөлж болохуйц иймэрхүү үзүүлэнт хичээл бодож ол. Биднийг үхэх үед сүнс биеэсээ тусгаарлагддаг гэдгийг харуулахын тулд бээлийг тайл. Тэгээд Амилуулалтын үед бидний сүнс бие махбодтойгоо дахин нийлнэ гэдгийг харуулахын тулд бээлийг буцааж өмс. Та Aлма 11:43-ыг уншиж өгөх үедээ ээлжлэн бээлийг өмсөж, тайлах боломжийг тэдэнд олго. Амилсан Аврагчийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга д. 59), Есүс Христ хүн бүрийг амилуулагдах боломжтой болгосон гэдгийг гэрчил.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Алма Амюлектэй хамт хооллож байгаа нь

Алма Амюлектэй хамт хооллож байгаа нь, Дан Бөрр