Лиахона
Мөнхийн гэрлэлт бол мөнхийн аялал юм
2026 оны 5-р сар


11:42

Мөнхийн гэрлэлт бол мөнхийн аялал юм

Бид мөнхийн гэрлэлтэд итгэдэг, мөнхийн гэрлэлтийн тухай заадаг мөн мөнхийн гэрлэлтийг эрэлхийлдэг.

Аврагч Гетсеманийн цэцэрлэгт болон загалмай дээр Өөрийн зүйрлэшгүй хайр, золиослолыг харуулсны дараа Түүний амьгүй биеийг булшинд хийн лацаджээ. Гэвч булш Бурханы тэнгэрлэг Хүүг хорьж дийлээгүй. “Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ? Тэр энд байхгүй, Тэр амилсан.”

Аврагч маань бидний төлөө нүгэл, үхлийг ялсан учраас бид Түүний нэрийг үүрд магтах болно.

Есүс Христ бусад хэмжээлшгүй олон адислалыг авчирсан. Тэрээр Өөрийн төлөөлөгч Петрт хандан “Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно” гэж хэлжээ. Лацдан холбох ариун нандин хүч дэлхий дээр сэргээгдсэн бөгөөд өнөөдөр Түүний онцгойлон адислагдсан ариун сүмүүдэд байдаг. Олон жилийн өмнө ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Гэр бүлүүдийг үүрд нэгтгэх ариун санваарын лацдан холбох хүч нь сэргээлтийн бүх уй гашуу, зовлон шаналлаас илүү үнэ цэнтэй байсан юм” хэмээжээ.

Тахилын ширээн дээр өвдөг сөгдөх нь

Миний 74 жилийн амьдралын туршид сэтгэлд минь тод хадгалагдан үлдсэн дурсамж цөөхөн бий. Тэдгээр нандин дурсамжуудын нэг бол Кэти бид хоёр ариун сүмд тахилын ширээний өмнө өөд өөдөөсөө харан өвдөг сөгдөн сууж байсан тэр үе юм. “Энэ амьдралд болон үүрд мөнхөд” гэсэн мартагдашгүй үгсийг сонсоод бид хоёрын найдвар, мөрөөдөл, хайр бүгд өнгө өнгөөр тодорч, баяр хөөрөөр дүүрсэн.

Лацдан холбогдсон өдрөө хайраар дурсаж буй та бүхэнд энэхүү дэлхий даяарх цугларалтын үеэр онцгойлон ярья.

Тахилын ширээний өмнө өвдөг сөгдөн суусан тэр мөчид бид Бурханд болон бие биедээ үнэнч байх нь хэчнээн чухал болохыг улам бүр ухаардаг. Энэ ариун нандин ёслол биднийг мөнхийн ханьтай маань болон Бурхантай холбодог. Бид гэрээнүүдээ сахихаар чанд тангарагладаг бөгөөд биднийг үнэнч байвал Их Эзэн хэлж баршгүй адислалуудыг энэ амьдралд болон ирэх дэлхий дэх хаан сэнтийнүүд, хүчнүүд, ноёрхлуудтай нь хамт амладаг.

Мөн чанараа цэвэршүүлэх нь

Харин бидний илүү агуу найдвар нь өөрсдийн мөн чанарыг цэвэршүүлж, Түүнтэй илүү адил болох хүсэл бөгөөд ингэснээр хэзээ нэг өдөр Аврагчтайгаа хамт амьдрах боломжтой болно. Бурхантай болон бие биетэйгээ холбогдсон ариун нандин гэрлэлтийнхээ хүрээнд бид өөрсдийгөө сүнслэг хөгжлийн хүнд хэцүү сорилтод байгаагаа олж хардаг. Энэ үед золиослол, энэрэл, тэвчээр, амар тайвныг тогтоогч байх зэрэг Христийн мөн чанарууд ерөнхийлөгч Кристоффэрсоны хэлснээр бидний амьдралын илүү том хэсэг болж чадна.

Бид Аврагчийг хайрлах хайраа нэмэгдүүлэхийн хэрээр бие биеэ хайрлах хайр маань ч өсдөг. Бидний шавь байх замнал ч, мөн бидний мөнхийн гэрлэлт ч богино хугацааны туршилт биш, харин Бурханы биднийг хэн болоосой гэж хүсдэг тэр хүн болох мөнхийн аялал юм.

Дэлхийн ихэнх хэсэгт гэрлэлтийн урт удаан үргэлжлэх мөн чанарт итгэх итгэл буурч байна. Есүс Христийн сайн мэдээнд бид “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлтийг Бурханаас заяагддаг гэж тунхагладаг.” Бид мөнхийн гэрлэлтэд итгэдэг, мөнхийн гэрлэлтийн тухай заадаг мөн мөнхийн гэрлэлтийг эрэлхийлдэг.

Гэрээнүүдэд бэлтгэх нь

Бид Их Эзэний өргөөнд байгуулдаг гэрээнүүддээ чин сэтгэлээсээ бэлтгэдэг учраас гэрлэлтээ итгэл, найдвар дүүрэн хүсэн хүлээдэг. Бид залуу насандаа Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, Түүний зарлигуудыг тэр дундаа дэлхий дээр олон хүний тоомжиргүй ханддаг хууль болох ариун явдлын хуулийг сахидаг. Бид өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авдаг.

Бид бэлтгэдэг хэдий ч мэдээж сул талуудтай бөгөөд амьдрал маань амин хувиа хичээхгүй байдал, наманчлал, уучлалыг улам их шаардах болно гэдгийг ухамсарладаг. Кэти бид хоёр хуримынхаа хүлээн авах ёслолын амны цаасан алчуур дээр Виллиам Шекспирийн “Хайр нөхцөл байдал өөрчлөгдөхөд хамт өөрчлөгддөггүй” хэмээх үгсийг бичүүлсэн юм. Эхнэр минь намайг илүү сайн таньж эхэлсэн эхний хэдэн сард би үлдсэн алчууруудыг гэрийнхээ энд тэндгүй тавьж билээ.

Амьдралдаа аз жаргал, уй гашууг хүлээн авахын зэрэгцээ бид гэрээнүүдээ зүрх сэтгэлдээ мөнхөд сийлж, биднийг хүлээж буй алдар суу тийш тэнгэр өөд харцаа чиглүүлдэг. Бид эрэлхийлдэг бурханлаг чанаруудаа бүгдийг нь энэ амьдралд төгс эзэмшиж чадахгүйгээ мэднэ. Мөнхийн гэрлэлт бол мөнхийн аялал юм.

Ариун Сүнсэнд найдах нь

Хувийн амьдрал, гэрлэлтэд маань Ариун Сүнсний бэлэг маш их хэрэгтэй. Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн: “Дайсан үнэнийг нуун дарагдуулахдаа улам гаршсаар байгаа тул хэрэв танд Ариун Сүнс байхгүй бол та хууртагдах болно. Саад бэрхшээлүүд улам ихсэх болно. Сатааруулах зүйл олон байх болно” гэсэн үгийг энэ чуулган дээр аль хэдийн эш татсан билээ.

Дэлхийнхний хууран мэхлэх нэг арга бол лацдан холбох ёслолын ариун нандин ач холбогдол, хүчийг үл тоомсорлох явдал юм. Бие биедээ болон Есүс Христэд итгэх найдвараа хадгал. Түүний амлалтууд биднийг саад бэрхшээл, анхаарал сарниулах зүйлсийг даван туулахад тусалж чадна.

Гэрлэлтэд маань ихээхэн тэвчээр шаардагдах үе гардаг.

Хуримынхаа 25 жилийн ойгоор Кэти бид хоёр Филадэлфиад номлогчдод хандан үг хэлсэн юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр над руу утасдав. Ярьж дуусахын алдад би “Ерөнхийлөгч Пакэр, өнөөдөр бидний хуримын 25 жилийн ой тохиож байна. Энэ үнэхээр том амжилт биз дээ?” гэж хэлэв. Тэрээр огт торолгүй “Кэтигийн л амжилт шүү дээ!” гэж хариулж билээ. Христэд итгэх итгэл, Түүнд найдах найдвараар дамжуулан ойлголтын мөн тэвчээрийн сүнслэг бэлгүүдийг тань хөгжүүлэх боломжийг Их Эзэнд олго.

Мөнхийн гэрлэлтийн талаар ярихдаа би хоёр өөр асуудлыг дурдъя.

Нэгдүгээрт, Есүс Христийн жинхэнэ шавь бүр мөнхөд амьдрахаар сонгосон зөв шударга ханьтайгаа хүсвэл энэ амьдралд болон ирэх амьдралд үүрд мөнхөд лацдан холбогдох болно.

Хоёрдугаарт, “Салалтын талаар бодож үзэх нөхцөл байдал байдаг уу?” гэсэн асуултыг асуудаг. Үүнд “Тийм ээ, байгаа. Гэхдээ анхаарах зүйлс ч бас бий” гэж хариулдаг. Би захиасаа нийтлүүлэхдээ энэ сэдвийн талаарх бошиглолын сургаалуудыг оруулах болно.

Бие биеэ халамжлах нь

Тавин жилийн өмнө Кэти бид хоёр Их Эзэний өргөөнд дөнгөж гэрлэсэн, нэгэн сайхан хостой танилцсан юм. Амьдрал нь гэрэл гэгээгээр дүүрэн байв. Тэд хэдэн хүүхэдтэй байлаа. Эхнэр нь авьяаслаг, гайхалтай итгэлтэй, нөхрийнх нь ажил ид цэцэглэж байв. Тэд гэрээнүүдээ сахидаг байлаа.

Эхнэр нь гэнэт эрүүл мэндийн ноцтой асуудалтай болжээ.

Саяхан тэдний хүү дараах бодлыг хуваалцсан юм.

“Намайг бага байхад хайрт ээж минь гүн сэтгэл гутралтай хүнд хэцүү үеийг туулж, бүр өөрийн хэрэгцээг хангахад удаан хугацаанд хүндрэл гарч байв. Энэ нь эцэг эх хоёрын маань аль алиных нь хувьд шинэ бодит байдал байв. Амьдрал тэдний төсөөлж байснаас өөр байх болсон.

Аав маань сэтгэцийн өвчинтэй хэзээ ч тулгарч байгаагүй бөгөөд Тэнгэрлэг Эцэгээсээ тусламж эрэлхийлдэг байв. Түүнийг өвдөг сөхрөн залбирч байхтай хэдэн удаа таарснаа, мөн хэчнээн удаа ням гаргуудад чимээгүйхэн мацаг барьсныг нь тоолж барамгүй. Аав минь ээжид болон бидэнд ер бусын хайр, тэвчээр, даруу байдлаар үйлчилж байв. Тэр Аврагчийн жишгээр хайрлаж, үйлдэж, хариу үйлдэл үзүүлэхийг хүсэж, Ариун Сүнсний нөлөөг эрэлхийлдэг байсан.

Миний ээж түүний насан туршийн хайр нь байв. Энэ он жилүүд хэсэгхэн зуур байх байв. Тэд бие биетэйгээ үүрд мөнхөд холбогдсон байсан. Тэд үнэнч хэвээр үлдэж чадвал эрүүл энх, аз жаргалтайгаар үүрд хамт амьдрах болно. Энэхүү амлалт түүнд найдварын төгс гэрлийг өгчээ.

Ээж маань өөрийгөө аавд дарамт болж байна гэж олонтоо боддог байсан ч аав үүнийг өөрөөр хардаг байсан. Аав минь Бурханы онцгой бөгөөд эрхэм энэ охинд үйлчлэхдээ дуртай байв.

Ээжийг минь эрүүл мэндийн олон асуудлаа зоригтой, гайхамшигтайгаар даван туулж байхад тэр хоёр маань гэрлэсэн хос, эцэг эх, эмээ өвөөгийн хувиар хамтдаа гэрэл гэгээ, баяр баясгалан мэдэрч байсан.

Хожим нь, 60 гаруй насандаа ээж хөхний хорт хавдар, алхах чадварт нь нөлөөлсөн мэдрэлийн асуудал зэрэг огт өөр сорилтуудтай тулгарав. Дахин нэг удаа, ээж, аав хоёр минь бие биедээ болон Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүддээ илүү тууштай үнэнч байхаар шийдсэн.

Ээжийн минь мөнх бус аяллын эцсийн өдөр хүртэл тэд тууштай байсан.”

Мөнхийн гэрлэлт бол мөнхийн аялал юм.

Хүч чадлыг хүлээн авах нь

Хэн танд бие биеэсээ чанга зуурч, энэхүү мөнхийн аяллын мөнх бус хэсгийг гүйцээх хүчийг өгдөг вэ?

“Мөнхийн Бурхан, … дэлхийн хязгаарыг Бүтээгч,” гурав дахь өдрөө амилсан Тэр шантардаггүй, ядардаггүй. …

“Тэр [та нарыг сул дорой үед] хүч чадал өгдөг; [та нарыг хүч чадалгүй үед] [Тэр] ] хүчийг нэмэгдүүлдэг. …

“[Та нар хамтдаа] Эзэнд итгэснээр … [та нар] бүргэд мэт жигүүр дээрээ элин халина; [хамтдаа] гүйж, ядрахгүй; … алхаж, сульдахгүй.”

Би энэхүү ариун амлалтыг чин сэтгэлээсээ гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Лук 24:5–6

  2. Maтай 16:19

  3. Gordon B. Hinckley, “As One Who Loves the Prophet,” in Susan Easton Black and Charles D. Tate Jr., eds., Joseph Smith: The Prophet, the Man (1993), 6.

  4. Сургаал ба Гэрээ 132:19-ийг үзнэ үү. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хэрэв бидний төгс төгөлдөр болох гэсэн хичээнгүй чармайлт одоогоор давагдашгүй бөгөөд дуусашгүй мэт санагдаж байгаа бол бид үүнд зовох хэрэггүй. Төгс байдалд хүрэх хараахан болоогүй байна. Үүнд зөвхөн Амилуулалтын дараа, зөвхөн Их Эзэнээр дамжин бүрэн хүрэх боломжтой. Түүнийг хайрлаж, зарлигуудыг нь дагадаг бүх хүн үүнд хүрэх болно. Үүнд хаан сэнтий, хаант улс, вант улс, хүч, ноёрхол багтдаг. Энэ бол бидний тэвчээрээр хүрэх ёстой эцсийн зорилго юм. Энэ бол бидний хүн нэг бүрд зориулж Бурханы нөөцөлсөн мөнхийн төгс төгөлдөр байдал юм” (“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 88; мөн John Taylor, The Mediator and Atonement, 139–141-ийг үзнэ үү) гэж хэлсэн.

  5. Брайан Ж.Виллоубиг үзнэ үү, Мянган жилийн гэрлэлт (2021), 14–16.

  6. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Gospel Library.

  7. Мөнхийн гэрлэлтийн гэрээтэй холбоотой нөхцөл, адислалуудын тайлбарыг Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.5.3.5, “Ариун сүмийн лацдан холболт” хэсгээс үзнэ үү.

    “Лацдан холбох ёслолоор эрэгтэй, эмэгтэй хүмүүс Бурхантай болон бие биетэйгээ гэрээ байгуулдаг. Тэд бие биенээ нөхөр эхнэр гэж хүлээн авч, хайр, зөв шударгаар хамтран зөвлөлдөж, хөдөлмөрлөж, нөхөр эхнэр, эцэг эхийн бурханлаг үүргээ биелүүлэх гэрээ байгуулж, амладаг.

    Энэхүү гэрээндээ үнэнч эрэгтэй, эмэгтэй хүмүүс үүрд мөнхөд нөхөр, эхнэр болж нэгддэг. Хосууд Бурханы үүрдийн гэрээний бүх адислалыг өөрсөд дээрээ лацадсан бөгөөд үүний хамгийн дээд нь мөнхийн үр удамтай хамт өргөмжлөгдөх явдал юм (Сургаал ба Гэрээнүүд 132:19–20 мөн 66:2; 131:1–4; мөн энэхүү гарын авлагын 27.3 ба 38.4-ийг үзнэ үү).

  8. Виллиам Шекспир, 116-р сонетын 2-3-р мөрүүд.

  9. Рассэл М.Нэлсон, “Perfection Pending,” 86–88-ыг үзнэ үү.

  10. Даллин Х.Өүкс, “Coming Closer to Jesus Christ “(Бригам Янгийн Их Сургуулийн цугларалт, 2026 оны 2-р сарын 10), 2, speeches.byu.edu.

  11. “Хэрэв та энэ амьдралдаа үнэнч байдлаараа амилуулалтын өглөө босох эрхийг олж авч чадвал эхнэр нь нөхөртөө, нөхөр нь эхнэртээ сэтгэл дундуур байх вий гэж айх хэрэггүй; учир нь анхны амилуулалтынхан нүгэл, нүглийн үр дагавар, хүчнээс чөлөөлөгдөх болно” (Brigham Young, “Remarks,” Deseret News, Dec. 3, 1862, 178).

  12. “Хосууд ариун сүмд гэрлэхдээ амар амгалан, эв найрамдалтай амьдрахыг хичээх ёстой бөгөөд хэрэв хоёулаа Сүмийн итгэлтэй гишүүд бол энэ нь боломжгүй зүйл биш байх ёстой. Залуу хүмүүс бие биенийхээ сул талыг тэвчиж, даван туулахыг хичээх хэрэгтэй. Хэрэв тэд өргөмжлөл хүртэхүйц зохистой амьдарвал мөнх бус амьдралын сул дорой байдал, дутагдалгүйгээр селестиел хаант улсад орж, төгс төгөлдөр болно” (Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie [1955], 2:84).

  13. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Зохистой, гайхалтай олон хожмын үеийн гэгээнтэн одоо өөрсдийнх нь өсөж хөгжихөд хэрэгтэй бодит боломж, чухал шаардлагатай зүйлээр дутаж байгаа гэдгийг бид мэднэ. Ганц бие амьдрал, хүүхэдтэй болж чадахгүй байх, үхэл хагацал, гэр бүл салалт зэрэг нь туйлын зорилгыг хясаж, амлагдсан адислалууд гүйцэлдэхийг хойшлуулдаг. … Зарлигуудыг сахидаг, гэрээндээ үнэнч байдаг, зөвийг хүсдэг охид, хөвгүүддээ мөнх байдалд өгөхөөс татгалзах ямар ч адислал гэж үгүй хэмээн Их Эзэн амласан” (“The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 75). Зөв шударга хамтрагч нь эмэгтэй хүн болон эрэгтэй хүний аль алиных нь сонголт бөгөөд Эзэний зөвшөөрлөөр байх болно.

  14. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс хэлэхдээ: “Та нарын олон нь гэмгүй хохирогч бөгөөд салсан эхнэр/нөхөр нь ариун нандин гэрээнүүдээсээ байнга урваж, удаан хугацаанд гэрлэлтийн үүргээ биелүүлэхээс татгалзсан эсвэл огоорсон гишүүд гэдгийг бид мэднэ. Ийм хүчирхийлэлд өртсөн гишүүд салалтаас дор нөхцөл байдлыг өөрийн туршлагаар мэддэг” (“Divorce,” Liahona, May 2007, 70–71) гэжээ.

    Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст “Миний бодлоор, [салалтын] ‘зөвт шалтгаан’ гэдэгт хүний нэр төрийг гутаан доромжилсон удаан хугацааны, нөхөж баршгүй мэт харьцаанаас өөр ноцтой зүйл байх ёсгүй” (“Father, Come Home,” Ensign, May 1993, 36) гэж хэлсэн.

  15. Хувийн захидлаас, 2026 оны 2-р сарын 3.

  16. Исаиа 40:20–29, 31; тодотгол нэмсэн.