Лиахона
“Үнэт өмч”
2026 оны 5-р сар


8:23

“Үнэт өмч”

Их Эзэн хэрэв Түүний хүмүүс Түүний дуу хоолойг дуулгавартай дагаж, гэрээг нь сахих юм бол Түүний хувьд үнэт өмч байх болно гэж тунхагласан.

Би бага байхдаа эрдэнэстэй холбоотой бүх зүйлийг ихэд сонирхдог байв. Нуусан эрдэнэс, нууц газрын зураг, алдсан баялгийг хайж буй эрэлхэг хайгуулчдын тухай түүх, кинонд өөрийн эрхгүй татагддаг байлаа. Би ах дүү нартайгаа Аргентины Мэндоза дахь Андын нурууны бэлд амьдардаг өвөө эмээ дээрээ зочлох үедээ талбайгаас гялалзсан чулуу хайн олон цагийг өнгөрөөдөг байсан юм. Бид дотор нь маш үнэтэй зүйл байгаа гэж найдан, чулуунуудыг хорхойсон хагалдаг байсан ч ердөө л илүү их гялалзсан эрдэс бодис байснаас биш хэзээ ч жинхэнэ эрдэнэ олж байгаагүй юм.

Биднийг судруудыг судлахад эрдэнэс гэдэг үг олон арван удаа гарч ирдэг бөгөөд ихэнхдээ эд баялаг эсвэл дэлхийн зуурдын зүйлст зүрх сэтгэлээ бүү автуул гэсэн анхааруулга байдаг. Гэвч дэлхийн эрдэнэсийн талаарх энэ бүх анхааруулгын дундах нэгэн гайхалтай эшлэлд Их Эзэн Өөрөө биднийг Түүний үнэт өмч болох эрдэнэс хэмээн онцолсон байдаг. Их Эзэн Синаи уулан дээр бошиглогч Мосед хандан, хэрэв Түүний хүмүүс Түүний дуу хоолойг дуулгавартай дагаж, гэрээг нь сахих юм бол Түүний хувьд үнэт өмч байх болно гэж тунхагласан.

Тэнгэрлэг Эцэгийн хамгийн агуу хүсэл бол бид Түүнтэй дахин хамт амьдарч, Түүний хажууд мөнхөд хамт байх явдал юм. “Хүмүүний үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах” нь Түүний ажил, алдар суу билээ. Ийн тохиолгон авчрахын тулд Тэрээр авралын төлөвлөгөөг бэлтгэсэн. Есүс Христ үхлийн хүлээсийг тайлж, дэлхийн нүглийг цагаатгахын тулд Бурхан Өөрийн Хайрт Хүү Есүс Христийг илгээсэн. Энэ золиос нь Эцэгийн Өөрийн бүх хүүхдийг хайрлах хязгааргүй хайрын илрэл юм. Бүх хайрын дундаас бидний Тэнгэр дэх Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн хайраас “илүү агуу хайр байхгүй”. Аврагч биднийг хайрладаг тул Түүнд ирж, Түүнийг сонгохыг урьдаг. Амилсан Их Эзэн бол Синаи уулан дээр ярьсан тэр Эзэн мөн. Амьд Христ өнөөдөр ч гэрээт хүмүүсээ дуудсаар байна.

Их Эзэн Мосед энэрлээр заахдаа эртний Израилын угсаанд төдийгүй, Их Эзэний үнэт өмч болохыг хүсдэг Түүний гэрээт хүмүүст хамаатай нэгэн загварыг өгсөн. Энэ загварт Түүний дуу хоолойг дуулгавартай дагах, Түүнтэй байгуулсан гэрээгээ сахих гэсэн хоёр энгийн боловч хүчирхэг нөхцөл багтдаг. Ингэснээр бид онцгой үнэт өмч, эрдэнэс болох бөгөөд бид ийнхүү Аврагчийн цагаатгагч золиосоор дамжуулан адислагдаж, хүчирхэгжиж, мөн ивээгдэнэ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Та бид Бурхантай гэрээ байгуулсан л бол Түүнтэй харилцах харилцаа маань бидний гэрээ хийхээс өмнөх үеийнхээс ч илүү дотно болдог. Одоо бид гэрээт хүмүүс болсон. Бид гэрээгээр холбогдсон тул Тэр бидэнд туслахдаа хэзээ ч ядрахгүй бөгөөд Түүний бидэнд үзүүлдэг нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч цуцахгүй. Бид бүгдээрээ Бурханы зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Тэр бидэнд их итгэл найдвар тавьдаг” гэж заасан. Израилын угсааг дуудсан тэр Бурхан одоо биднийг Түүний гэрээт хүмүүс болж, дэлхийн нөлөөнөөс ангид байж, Түүнээс өөр хэн ч өгч чадахгүй тэдгээр адислалыг хүлээн авахад урьж байна.

Гэрээндээ үнэнч байх нь биднийг Бурханы хүмүүс гэж тодорхойлохоос хавьгүй илүү зүйл бөгөөд энэ унасан дэлхийн хязгаарлалтуудыг ялан дийлэх хүч чадлыг өгдөг. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах нь амьдралын зовлон бэрхшээлийг даван туулахад зайлшгүй шаардлагатай гэж заасан. Тэрээр биднийг Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христтэй холбодог ариун гэрээнүүдийн талаар: “Бид Тэдний зарлигуудыг дагаж, гэтэлгэлийн төлөвлөгөөг сахих үед Тэдний амласан адислалууд бидэнд селестиел өндөрлөг өөд хөөрөх боломжийг олгодог” хэмээн тунхагласан.

Орчин үеийн илчлэлтэд Их Эзэн биднийг Түүгээр хүлээн зөвшөөрөгдсөнөө хэрхэн мэдэж болохыг гайхалтайгаар дүрсэлсэн байдаг. “Үнэнээр би та нарт хэлнэ, тэдний дундах, зүрх сэтгэл нь үнэнч шударга мөн харууссан мөн сэтгэл нь гэмшсэн гэдгийг мэддэг тэд, мөн гэрээнүүдээ золиосоор—тийм ээ, Их Эзэн миний зарлиглах золиос бүрээр—дагахад бэлэн байгаа тэд бүгд, тэд надаар хүлээн зөвшөөрөгддөг билээ” хэмээн Тэр хэлсэн. Их Эзэн шууд төгс төгөлдөр болохыг шаарддаггүй. Тэр биднээс үнэнч, харууссан зүрх, даруу сэтгэл, золиослол шаардлагатай үед гэрээнүүдээ сахихад бэлэн байхыг хүсдэг.

Би ах нартайгаа хайсан эрдэнэсээ хэзээ ч гаднаас олж байгаагүйтэй адил Их Эзэний үнэт өмч болж, Түүний бурханлаг тусламжийг хүлээн авах нь тохиолдлын, санаандгүй зүйл биш юм. Энэ нь уйгагүй хичээл зүтгэл, хичээнгүй байдал, золиос шаардана. Бид өөрсдийгөө бүрэн дүүрэн, эргэж буцалтгүйгээр зориулахын тулд зүрх сэтгэлийг маань Түүнээс холдуулдаг зуршил, амбиц, тав тух гэх мэт ач холбогдолгүй зүйлсээ хойш тавихад бэлэн байх ёстой. Биднийг сорьж, тавгүй байдалд оруулж болох ч бошиглогчийн зөвлөгөөг дагаснаар бид Их Эзэнд хайраа харуулж, Түүнийг дэлхийн бүх хүслээс дээгүүр тавьдгаа харуулдаг.

Ерөнхийлөгч Д.Тодд Кристоффэрсон бид гэрээнүүддээ үнэнч, дуулгавартай байх үед бидний амьдралд “зовлонг ч ялалт болгон хувиргах” бурханлаг хүч Бурханаас “тасралтгүй [урсах] адислал” болон цутган орж ирдгийг заасан.

Мөн бид гэрээнүүдээ эрхэмлэн дээдлэх үед “дуулгавартай байдлын үр жимс харагдана, Сүнс Бурханы тааллыг илчилнэ, Бурхан бидэнд амласан тул бид эцэст нь авралд хүрнэ гэдгээ мэдэн амьдралыг итгэл найдвар тээн туулна” гэсэн гурван ариун адислал өгөгдөхийг заасан. Энэ бол Их Эзэний үнэт өмч байхын нэг хэсэг юм. Тэр биднийг Өөрийн гэрээт хүмүүс гээд зогсохгүй, биднийг хүчирхэгжүүлж, дэмжиж, алхам тутамд гэрээний хүчээр хүрээлдэг.

Бид өдөр бүр багахан бөгөөд чимээгүйхэн золиослол хийгээд ч гэсэн Аврагчийн дуу хоолойг дуулгавартай дагаж, гэрээнүүдээ сахиснаар Түүний хайрыг илүү гүнзгий мэдэрч, Түүний удирдамжийг илүү тодорхой хүлээн авах болно гэдгийг би гэрчилж байна. Тэр амьд учраас бид нэг л өдөр Түүний өмнө зогсоод Тэр биднийг хүлээн зөвшөөрсөн гэх хамгийн чухал үгсийг сонсох болно гэдэгт итгэлтэй байж болно. Есүс Христийн нэрээр, амен.