Лиахона
Би хамгаалагдсан гэдгээ мэдсэн
2024 оны 3-р сар


“Би хамгаалагдсан гэдгээ мэдсэн,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Би хамгаалагдсан гэдгээ мэдсэн

Гадаа дайн ширүүсэж байсан ч Мормоны Номыг унших үед надад амар амгалан мэдрэмж төрж, би айхаа больдог байлаа.

Зураг
Ном уншиж буй эмэгтэй

Зургийг Алэкс Набаум

1992 онд Югославын дайн ширүүсэж эхлэв. Манай Мостар хотыг өдөр бүр бөмбөгдөж байв. Бүх нийтийн үйлчилгээ, түүний дотор шуудангийн үйлчилгээ зогслоо.

Гэтэл 4-р сарын 1-ний өдөр хэн нэгэн хаалгыг минь тогшив. Хаалгаа нээтэл миний өмнө нь харж байгаагүй нэгэн хүн охиноос минь ирсэн гэх илгээмжийг надад өгөв. Охин минь тэр үед Испанийн Малага хотод амьдарч байсан ба тэнд байхдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн байсан юм. Илгээмжийн дотор нэг Мормоны Ном байв.

Би номыг өдөр бүр унших болов. Гадаа дайн болж байсан хэдий ч Мормоны Номыг унших үедээ би амар амгаланг мэдэрч, айхаа больдог байлаа. Хожим нь миний мэдэрсэн амар амгалан мэдрэмж Ариун Сүнс байсныг би сурч мэдсэн. Би хамгаалагдсан, үхэхгүй гэдгээ мэдэж авав.

Унших үедээ би Есүс Христийн талаар мөн Түүнийг амьд байгаа гэдгийг мэддэг болсон. Би баптисм болон Аврагчийн Сүмийн талаар сурсан. Миний уншсан юм бүхэн үнэн гэдгийг би мэдэрсэн. Хааяа миний охин асуултуудад минь хариулдаг байв.

2019 онд нөхөр минь нас барж, би охиныхоо амьдарч байгаа Америкийн Нэгдсэн Улс руу явахаар шийдэв. Би түүнтэй уулзаж, сэргээгдсэн Сүмийн талаар илүү ихийг мэдэж авахыг хүссэн юм.

Би Юта мужийн Солт Лэйк Ситид дөрвөн сар хагасын хугацаанд амьдрав. Долоо хоног бүр би охинтойгоо сүмд явж байлаа. Надад үгээр тайлбарлаж чадахааргүй тийм мэдрэмж төрсөн. Би номлогчдоос хичээл авч, энэ бүгд үнэн гэдгийг мэдсэн. 2019 оны 7-р сарын 27-ны өдөр би баптисмын усанд орж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлуулсан. Энэ өдөр бол миний амьдралын хамгийн сайхан өдөр байлаа.

Намайг баптисмынхаа дараа гишүүнээр батлуулахаар танхимд орж ирэхэд бүх хүн уйлж байсан. Баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авна гэдэг бол Тэнгэрлэг Эцэгээс маань ирдэг агуу бэлэг юм. Гишүүнээр батлагдсаныхаа дараа би тэнгэр нээгдэж, бид бүгд хамтдаа тэнд байгаагаар мэдэрсэн. Хожим нь патриархын адислалдаа би олон онцгой, мөнхийн шинж чанартай амлалтуудыг хүлээн авсан билээ.

Мормоны Ном бол үнэн. Бид үүнийг уншиж, үүний талаар залбирах үедээ энэ номын талаарх гэрчлэлийг өөрсдөө хүлээн авч чадна. Энэ гэрчлэлээр дамжуулан Иосеф Смит бошиглогч байсан гэдгийг мөн түүгээр дамжуулан Есүс Христийн үнэн Сүм дэлхий дээр сэргээгдсэн гэдгийг бид мэдэж авах болно.