2017
Шавь хүний амьдрал
August 2017


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2017 оны 8-р сар

Шавь хүний амьдрал

30 жилийн өмнө Гана улсын нэгэн коллежийн оюутан Доу анх удаа ХҮГ цуглааны байранд хөл тавьжээ. Найз нь Доуг хамт явъя хэмээн урьсан бөгөөд түүнд Сүм ямар байхыг мэдэх хүсэл төрсөн байв.

Тэнд байсан хүмүүс эелдэг, сайхан ааш зантай байсан бөгөөд түүнд өөрийн эрхгүй “Энэ чинь ямар гээчийн сүм бэ?” гэсэн бодол төржээ.

Энэ нь Доуд гүн сэтгэгдэл төрүүлж, тэр Сүмийн тухай болон баяр баяслаар дүүрэн хүмүүсийнх нь талаар илүү сайн судлахаар шийдэв. Харин түүнийг судалж эхэлмэгц түүнд сайн сайхныг хүсдэг байсан гэр бүлийнхэн болоод найз нөхөд нь хийж буй бүхий л үйлдлийг нь буруушаах болжээ. Тэд Сүмийн талаар муу муухай зүйлс хэлж, түүнийг болиулахын тулд бүхий л аргаа хэрэглэв.

Гэвч Доу гэрчлэл хүлээж авсан аж.

Тэр итгэлтэй байж, амьдралыг нь баяр баясгалангаар дүүргэх болсон сайн мэдээг хайрлах болов. Тиймээс тэр баптисм хүртсэн байна.

Үүний дараа тэр судлах, залбирахад өөрийн биеийг зориулжээ. Тэр мацаг барьж, Ариун Сүнсний нөлөөг амьдралдаа эрэлхийлэх болов. Үүний үр дүнд Доугийн гэрчлэл, итгэл хүчирхэгжин, гүнзгийрчээ. Эцэст нь тэр Их Эзэний төлөө бүрэн цагийн номлолд үйлчлэхээр шийдсэн байна.

Номлолоос эргэж ирснийхээ дараа тэр хэдэн жилийн өмнө өөрт нь баптисм хүртээж байсан эргэж ирсэн номлогчтойгоо болзож, улмаар гэрлэжээ. Тэд дараа нь Өмнөд Африкийн Иоханнесбургийн ариун сүмд лацдан холбуулсан байна.

Доу Каку анх Есүс Христийн сайн мэдээний баяр баясгаланг мэдэрснээс хойш олон жил улиран өнгөрсөн. Тэр хугацаанд амьдрал нь үргэлж шулуун дардан байсангүй. Тэр, хоёрын хоёр хүүхдээ алдсан гээд маш их зовлон шаналлыг туулсан бөгөөд өнөөдөр ч гэсэн эдгээр үйл явдлаас үүссэн гуниг харууслын ул мөрийг мэдэрсээр байдаг.

Гэхдээ тэрээр нөхөр Антонигийн хамт бие биендээ төдийгүй бүхий л зүрх сэтгэлээрээ хайрладаг Тэнгэрлэг Эцэгтэйгээ ойр дотно байхыг хичээсэн.

Өнөөдөр, баптисм хүртсэнээсээ хойш 30 жилийн дараа Каку эгч өөр нэгэн бүрэн цагийн номлолыг хийж дуусгажээ. Энэ удаад тэр нөхрийгөө Нигерт номлолын ерөнхийлөгчөөр ажиллахад нь хамт үйлчилсэн юм.

Каку эгчийг мэддэг хүмүүс түүнийг онцгой нэгэн гэж хэлдэг бөгөөд царайнд нь үргэлж гэрэл гийж байдаг. Түүнтэй хамт байхад аз жаргалыг мэдрэхгүй байхын аргагүй.

“Аврагч намайг өөрийнхөө охин мөн найз гэж хардаг гэдгийг би мэднэ” гэсэн тодорхой гэрчлэл түүнд бий (Мозая 5:7; Ифер 3:14-ийг үзнэ үү). “Түүнчлэн би зөвхөн үг хэлээрээ биш мөн үйл хөдлөлөөрөө Түүний найз байхыг үнэхээр их хичээж, суралцаж байна” хэмээн тэр хэлсэн юм.

Бид бол шавь

Каку эгчийн түүх бусад олон хүний түүхтэй адил. Түүнд үнэнийг мэдэх хүсэл байсан бөгөөд тэр сүнслэг гэрлийг олж авах төлөөсийг төлж, Бурханыг болон хөршөө хайрладаг гэдгээ харуулж, замдаа зовлон бэрхшээл, уй гашууг амссан.

Ямар ч эсэргүүцэл, зовлон бэрхшээлтэй тулгарсан бай, тэр итгэлтэй байж урагшилсаар байсан. Хамгийн чухал нь тэр энэ явцад баяр баясгалантай байж чадсан. Тэр зовлон бэрхшээлийг даван туулахын зэрэгцээ зовж зүдэрсэн ч гэсэн өөдлөн дэвжих арга замыг олсон байлаа.

Түүний түүх миний мөн таны түүхтэй адил.

Бидний аялал шулуун дардан эсвэл зовлон бэрхшээлгүй байх нь ховор.

Бидний хүн нэг бүрд сэтгэлийн зовлон, урам хугалах үйл явдал, уй гашуу тохиолддог.

Тэр ч бүү хэл сэтгэл гонсойн, цочирдож ч болох юм.

Гэхдээ шавь хүний амьдралаар амьдарч, итгэлтэй байж мөн итгэл дүүрэн урагшилж, Бурханд найдан, зарлигуудыг нь сахиж1, өдөр тутам, цаг мөч бүрд сайн мэдээний дагуу амьдарч, эргэн тойрныхондоо Христийнхтэй адилаар, өчүүхэн ч гэсэн сайн үйл хийж үйлчилдэг хүмүүсийн зөв үйлс том өөрчлөлт авчирдаг.

Тэд илүү эелдэг, илүү өршөөнгүй мөн энэрэнгүй байснаар ивээл энэрэл хүртэх болно.2 Хайр, халамжийн сайн үйлийг бага багаар хийн, энэ дэлхийг илүү сайн сайхан болгож, Есүс Христийн шавийн адислагдсан, сэтгэл хангалуун, амар амгалан амьдралаар амьдрахыг хичээдэг хүмүүс эцэстээ баяр баясгаланг олох болно.

Тэд “энэ бол хүмүүний үрсийн зүрхэнд хааяагүй түгэх Бурханы хайр … хамгийн ихээр хүслийг татагч буюу … мөн бодгальд хамгийн их баясгалант болой”3 гэдгийг мэдэх болно.