2017
Би та нарыг хайрласны адилаар
Үхэр 2017


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2017 оны 2-р сар

“Би та нарыг хайрласны адилаар”

Льюс гэдэг найз маань хэдэн жилийн өмнө уян зөөлөн эхийнхээ тухай дурсамжаа хуваалцсан юм. Эх нь нас барахдаа өөрийн хүү, охидод хөрөнгө мөнгө үлдээгээгүй ч үлгэр жишээ, золиослол, дуулгавартай байдлын өв үлдээжээ.

Оршуулгын газар руу гашуудлын цуваа хөвөрч, оршуулах ёслол дээр түүнийг магтсан үгсийг хэлж байв. Үүний дараа гэр бүлийнхэн нь ээжийнхээ эдэлж хэрэглэж байсан зүйлийг цэгцэлж эхэлжээ. Эд зүйлийнх нь дотроос Льюс нэгэн бичгийг түлхүүрийн хамт олжээ. Уг бичигт “Унтлагын өрөөний буланд байдаг миний шүүгээний доод талын шургуулганд жижигхэн хайрцаг байгаа. Энэ хайрцганд миний сэтгэл шингэсэн эрдэнэс бий. Энэ түлхүүрээр хайрцгийг нээж болно” гэсэн заавар байв.

Бүгд л ээжид минь цоожлон байж үлдээх ямар зүйл байсан юм бол гэж гайхаж байлаа.

Хайрцгийг байсан газраас нь гаргаад, түлхүүрээр болгоомжтой гэгч онгойлгов. Льюс бусадтайгаа хамт хайрцган доторхыг хартал хүүхэд бүрийн ганцаараа авахуулсан зураг мөн зураг болгон дээр нэр, төрсөн өдрийг бичсэн байхыг харав. Үүнээс гадна Льюс гараар бичсэн нэгэн хайрын захидал олжээ. Тэрээр үүнийг хүүхэд байхдаа сарайлган бичсэн өөрийн захидал болохыг таниад, 60 жилийн өмнө бичсэн “Хайрт ээж минь, тандаа хайртай” гэсэн үгсийг уншив.

Зүрх сэтгэл нь уярч, хоолой нь зангиран, нүд нь нулимсаар дүүрэв. Ээжийнх нь үнэт эрдэнэс мөнхийн гэр бүл нь байжээ. Үүний хүч чадал “Би танд хайртай” гэсэн үгийн бат бөх суурин дээр оршиж байв.

Өнөөгийн дэлхийд гэр орноос өөр хаана ч хайрын бат бөх суурь байхгүй. Мөн хайрыг гэр бүлийнхээ гол утга учир болгосон хожмын үеийн гэгээнтнүүдийн гэр орноос илүү сайн, ийм суурь болох жишээ дэлхийн хаанаас ч олдохгүй.

Аврагч Есүс Христийн шавь болох бид бүхэнд Тэрээр энэхүү алс хэтийг харсан зааврыг өгчээ.

“Би та нарт бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна.

Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно”1

Хэрэв бид бие биенээ хайрлах зарлигийг дагах юм бол өдөр бүр харилцахдаа бие биендээ хайртай гэдгээ харуулж, нэг нэгэндээ эелдэг даруу, хүндэтгэлтэй хандах болно. Хайр нь сайхан үг, тэвчээртэй хариулт, амиа бодоогүй үйлдэл, ойлгож сонсдог сонор, уучилдаг зүрх сэтгэлийг өгдөг. Бидний бүхий л харилцаанд илэрдэг эдгээр болон иймэрхүү үйлдлүүд бидний зүрх сэтгэл дэх хайрыг олж харахад бусдад туслах болно.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) “Хайр … солонгын төгсгөл дэх алттай ваар юм. Энэ нь солонгын төгсгөлөөс илүү дээр. Хайр мөн эхлэл билээ. Үүнээс шуургатай өдөр ч тэнгэрт нумлан татсан гоо үзэсгэлэн урган гардаг. Хайр бол хүүхдүүдийн уйлдаг, өсвөр үеийнхний хүсэн эрмэлздэг, гэрлэлтийг холбодог, гэр орон дахь сүйрүүлэх сөргөлдөөнийг холдуулдаг хамгаалалт юм. Энэ нь хөгшдийн амар амгалан байдал мөн үхэл хагацалтай тулгарсан үед гэрэлтэх найдварын гэрэл юм. Гэр бүл, найз нөхөд, Сүм, хөршүүдтэйгээ харьцахдаа хайрыг мэдэрдэг хүмүүс хэчнээн баян билээ”2 хэмээн бичжээ.

Хайр бол сайн мэдээний хамгийн чухал хэсэг бөгөөд хүмүүний бодгалийн хамгийн сайхан зан чанар билээ. Хайр өвдөж шаналсан гэр бүл, сөрөг үзэгдлээр дүүрэн нийгэм болон, эрүүл бус үндэстэнд эм эмчилгээ болдог. Хайр бол инээмсэглэл, гараараа даллах мэндчилгээ, эелдэг үг, магтаалд оршино. Хайр бол золиослол, үйлчлэл, амин хувиа үл хичээх явдал юм.

Нөхрүүд ээ, эхнэрүүдээ хайрла. Тэднээр бахарх. Тэдэнд талархалтай ханд. Эгч нар аа, нөхрүүдээ хайрла. Тэднийг хүндэл. Тэднийг урамшуулан дэмж.

Эцэг эхчүүд ээ, хүүхдүүдээ хайрла. Тэдний төлөө залбирч, тэдэнд заа мөн гэрчил. Хүүхдүүд ээ, эцэг эхээ хайрла. Тэдэнд хүндэтгэлтэй ханд. Талархлаа илэрхийл. Дуулгавартай бай.

Христийн цэвэр хайргүйгээр “[бид] юу ч биш” хэмээн Мормон зөвлөсөн.3 Мормоны “[бид] түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө; [бид] Бурханы хөвгүүд болж болохын тулд; тэрбээр хүрч ирэхэд [бид] түүнтэй адил байх болно,… зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун” (Moронай 7:48) хэмээх зөвлөгөөг бид дагаасай хэмээн би залбирч байна.

Энэхүү захиасаас заах нь

Ерөнхийлөгч Монсон жинхэнэ Христийнхтэй адил хайраар гэр бүлийнхнээ онцгойлон хайрлахын ач холбогдлын тухай заав. Айлчлан очдог хүмүүсээ гэр бүлээрээ цуглаад, нэг нэгэндээ хайраа харуулах арга замуудын тухай ярилцахад урих талаар эргэцүүлэн бод. Та эдгээр арга замаас аль нэгийг сонгоод, гэр бүлээрээ хамтдаа хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахад урамшуулан дэмжиж болно. Жишээлбэл: гэр бүлийн гишүүд гэр бүлийнхээ хэн нэгэнд долоо хоног бүр нууцаар үйлчлэл хийх арга зам хайж болно. Та тэднээс гэр бүлийнхнээ улам их хайрлах зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн хичээж зүтгэх талаар тунгаан бодохыг дараа нь хүсэж болно.