2017
Амар амгалангийн төлөө залбирсан нь
Үхэр 2017


Өсвөр үеийнхэнд зориулав

Амар амгалангийн төлөө залбирсан нь

Зохиогч нь АНУ-ын Аризонад амьдардаг.

Манай эцэг эх Сүмийн цуглааны дараа хурал, уулзалтад явдаг байсан бөгөөд би гурван эрэгтэй дүүгээ харж үлдээд, өдрийн хоол хийхэд тусалдаг байв. Гэсэн ч тэд заримдаа өлсөөд, тэвчээргүй загнадаг байлаа. Ихэнх тохиолдолд тэднийг муудалцаад зодолдож эхэлбэл би тэрүүхэндээ асуудлыг нь шийдчихдэг байв. Гэхдээ зарим үед тэднийг зодолдоод эхлэхэд л би цухалдаад эхэлдэг учраас тэднийг эвлэрүүлэхэд хэцүү байдаг байсан.

Нэг өдөр дүү нар маань хоорондоо таарахгүй тун хэцүү байлаа. Би өөрөө сэтгэл тавгүй байсан болохоор тэднийг эвлэрүүлэх гэсэн оролдлого маань байдлыг улам дордуулж байна гэдгийг мэдэв. Тэгээд л би өөрийнхөө хоолыг хийчихээд, тэдэнтэй дуугарсангүй. Эцэст нь “Би залбирах гэж байна. Та нар жаахан ч гэсэн чимээгүй байж болох уу?” гэж асуув. Тэднийг аядуу болмогц би хоолоо адислахыг гуйн залбираад, залбирлаа дуусгахаасаа өмнө “Биднийг энх амгаланг тогтоогч болоход тусална уу” хэмээн нэмж хэлэв.

Эхлээд тэд сонсохгүй, дахиад л зодолдож гарав. Надад түвэгтэй санагдаж байсан боловч амар амгаланг гуйж залбирсан учраас тэднийг хайрлан, амгалан тайван байх хэрэгтэй гэдгээ би ойлгож билээ. Нэг минут өнгөрөхөд тайвширсан мэдрэмж төрөв. Би үг дуугүй хоолоо идэж эхлэв. Хөвгүүд ч зодолдохоо болилоо. Миний мэдэрсэн амар амгалан жирийн нэг залбирлын хариу байсан гэдгийг би ухаарсан юм. Би энх амгаланг тогтоогч болохыг гуйн залбирсан бөгөөд Тэнгэрлэг Эцэг минь намайг орилж хашхирмаар санагдсан үедээ амар тайван байхад тусалсан билээ. Тэрээр бидэнд үнэхээр амар амгаланг өгдөг гэдгийг би мэднэ.