2013
Баптисмыг ойлгох нь
2013 оны дөрөвдүгээр сар


Хүүхдүүдэд зориулав

Баптисмыг ойлгох нь

Надад хэн баптисм хүртээх вэ?

Баптисм хүртээх хэн боловч санваар буюу Бурханы нэрээр үйлдэх хүчтэй байх ёстой. Есүс баптисм хүртэхийн тулд санваар атгагч Иохан Баптист дээр очсон билээ (Maтай 3:13-ыг үзнэ үү).

Өөрт чинь баптисм хүртээх хүн бишоп буюу салбарын ерөнхийлөгчөөс чинь зөвшөөрөл авах ёстой.

Би баптисм хүртэхийн тулд усан дотор орох шаардлагатай юу?

Есүс усанд умбуулалтаар баптисм хүртсэн юм. Энэ нь Тэр усан дор бүрэн орж, тэр дороо уснаас гарч ирсэн гэсэн үг юм (Maтай 3:16-г үзнэ үү). Чи ч гэсэн ийм байдлаар баптисм хүртэх болно. Бид ийм байдлаар баптисм хүртсэнээр хуучин амьдралаа орхиж, Бурхан болон Түүний хүүхдүүдэд үйлчлэхэд зориулах шинэ амьдралаа эхэлдэг.

Би баптисм хүртэхдээ юу амладаг вэ?

Чи баптисм хүртсэнээр Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулах буюу хоёр талын амлалт хийдэг. Чи Түүнд тодорхой зүйлс хийхээр амладаг харин Тэнгэрлэг Эцэг хариуд нь чамайг адислахаар амладаг. Энэ гэрээг ням гараг бүр хэлдэг ариун ёслолын залбирлуудад дүрсэлсэн байдаг (С ба Г 20:77–79-ийг үзнэ үү). Чиний хийдэг амлалт:

  • Есүс Христийг санах.

  • Түүний зарлигуудыг сахих.

  • Христийн нэрийг өөр дээрээ авах гэдэг нь Түүний ажлыг амьдралдаа нэгдүгээрт тавьж дэлхий чамаас хүсдэг зүйлийг биш харин Их Эзэн чамаас хүсдэг зүйлийг хийдэг байх ёстой гэсэн үг юм.

Чи энэ амлалтаа биелүүлэх юм бол Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсийг чамтай хамт байлгаж, нүглийг чинь уучлах болно гэж амладаг.

Ариун Сүнс гэж юу вэ?

Ариун Сүнсний бэлэг бол Тэнгэрлэг Эцэгийн хамгийн үнэтэй бэлгүүдийн нэг мөн. Мелкизедек санваартай эрэгтэйчүүд чиний толгой дээр гараа тавьж, Ариун Сүнсний бэлэг өгснөөр усанд умбуулалтаар хийсэн баптисм чинь бүрэн хүчин төгөлдөр болдог ( Иохан 3:5-ыг үзнэ үү).

Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний нэг гишүүн юм. Тэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэрчилж, үнэнийг мэдэхэд бидэнд тусалдаг. Ариун Сүнс сүнслэг байдлын хувьд хүчтэй байхад бидэнд тусалдаг. Тэр биднийг аюулаас сэрэмжлүүлдэг. Тэр бидэнд суралцахад тусалдаг. Ариун Сүнс бидэнд Бурханы хайрыг мэдрэхэд тусалдаг.

Чамайг Сүмийн гишүүнээр батлагдсанаас хойш хэрэв чи зөв зүйлийг хийх юм бол Ариун Сүнс үргэлж чамтай хамт байх болно.

Би баптисм хүртэхийн тулд яагаад заавал найман нас хүрсэн байх ёстой вэ?

Хүүхдүүд буруу зүйлийг зөв зүйлээс ялгаж ойлгох насанд хүртэл баптисм хүртэх ёсгүй гэж Их Эзэн заасан юм. Судруудад энэ насыг найман нас гэсэн байдаг (Moронай 8:11–12; С ба Г 29:46–47; 68:27-г үзнэ үү).

© Dynamic Graphics-ын гэрэл зураг; гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер, Maттью Рейер, Сара Женсон