2013
Дени эмээгийн бяцхан номлогч
2013 оны дөрөвдүгээр сар


Дени эмээгийн бяцханномлогч

Эмилия Мария Гуймаррес Корреа Бразилын Федерал дүүрэгт амьдардаг.

“Хүн Ариун Сүнсний хүчээр ярихад Ариун Сүнсний хүч үүнийг хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэдэг” (2 Нифай 33:1).

Виктор ээж, эгч хоёртойгоо Дени эмээгийндээ амьдардаг байлаа. Викторын эмээ өвчилж, хэдэн долоо хоногоор гэрээсээ гарч чадахгүй байлаа. Тэр өрөөндөө ганцаархнаа уйтгартай байдаг байлаа.

Виктор эмээдээ хань болж байхаар шийдэв. Тэгээд тэр өдөр бүр хичээлээсээ ирээд эмээгийнхээ өрөөнд орж Лиахона сэтгүүлээс хүүхдийн өгүүллүүдийг эмээдээ уншиж өгдөг болов.

Лиахона сэтгүүлийн өгүүллүүдийг тэр эмээдээ уншиж өгч дууссаны дараа Мормоны Ном, Библи хоёроос эмээдээ уншиж өгдөг болов. Дени эмээ Сүмийн гишүүн байгаагүй ч, Викторын уншиж өгсөн зүйл түүнд таалагддаг байлаа. Тэр сайн мэдээний тухай сонссондоо баяртай байлаа.

Эмээ нь олон асуулт асууна. Хэрэв Виктор өөрөө хариулж мэдэхгүй байвал Хүүхдийн Хэсгийн багшаасаа асуух юм уу, судруудаас хардаг байв. Эмээ нь Викторыг өөрийн бяцхан номлогч гэж нэрлэв.

Дени эмээ түүнээс олон зүйл сурч мэдсэн гэдгээ Викторт хэлжээ. Бие нь сайжрахаар түүнтэй хамт сүмд явна гэж эмээ нь амлажээ. Сурсан зүйл нь илүү сайн хүн болж, сайн мэдээний тухай улам их зүйлийг мэдэхийг хүсдэг болоход эмээд нь тусалсан ажээ.

Эмээ нь бие нь сайжирсан хойноо амлалтандаа хүрчээ. Тэр Викторын заасан зүйлийг улам сайн ойлгохын тулд түүнтэй хамт сүмд явдаг болжээ. Эмээ нь удалгүй баптисм хүртэж, гишүүнээр батлагджээ. Сайн мэдээ үнэн гэдгийг мэдэхэд нь Виктор түүнд тусалсан байна.

Виктор том болоод Массачусетсын Бостон номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилжээ. Тэр явахаасаа өмнө Дени эмээтэйгээ хамт Ариун сүмд орсон гэнэ.

Гэрэл зургуудыг Эмилия Мария Гуймараес Корреагийн зөвшөөрлөөр нийтлэв