2010
Ариун Сүмийн адислалууд
Хонь 2010


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг, 2010 оны наймдугаар сар

Ариун Сүмийн адислалууд

Эцэг эх маань гэр бүлээ аван Европд анхных нь болох шинэхэн баригдсан Шведийн Ариун Сүм уруу мөнхийн гэр бүл болохоор явсныг би тод санаж байна. Тэгэхэд би 16-тай байсан бөгөөд дөрвөн хүүхдийн хамгийн бага нь байв. Бид хамтдаа тахилын ширээний өмнө өвдөг сөгдөн сууцгааж, дэлхий дээрх санваарын хүчээр үүрд мөнхөд холбогдох гайхамшигт амлалтаар лацдан холбогдсон юм. Би энэхүү сэтгэл догдлом агуу мөчийг хэзээ ч мартахгүй.

Гэр бүлээрээ лацдан холбогдохоор өөр улс орны хил даван явах нь бяцхан хөвгүүн надад гайхалтай санагдаж байв. Миний хувьд ариун сүмийн ажил нь дэлхийн хил хязгааруудыг гатлан, ертөнцийн бүх оршин суугчдад мөнхийн адислалуудыг авчрах бэлэг тэмдэг байв. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмүүд нь яс үндэс, соёл иргэншил эсвээс улс төрийн байдлаас үл хамааран, үнэхээр бүх дэлхийн тусын тулд баригддаг билээ.

Ариун сүмүүд нь сайн сайхан ялах болно гэдгийн баттай гэрч юм. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Ерөнхийлөгч Жорж К.Каннон (1827-1901) нэг удаа, “Ариун Сүмийн суурийн чулуу бүр, мөн баригдсан Ариун Сүм бүр дэлхий дээрх Сатаны хүчийг сааруулж, Бурханы болон Бурханлаг байдлын хүчийг өсгөдөг” гэжээ.1

Ариун сүм бүр дэлхий дээрх сайн сайхныг өсгөхөд нөлөөлдөг болохоор ариун сүмд ордог хүмүүст хамгийн агуу адислалууд ирэх нь лавтай юм. Тэнд бид гэрэл ба мэдлэгийг хүлээн авч, чухал гэрээнүүдийг хийдэг. Хэрэв бид тэдгээр гэрээнүүдийг дагах аваас Есүсийн шавь байх зам дээр алхахад маань тустай байх юм. Товчоор хэлэхэд, ариун сүм нь амьдралын нандин зорилго төдийгүй биеийн болон сүнслэг байдлаа үнэний дагуу авч явах арга замыг бидэнд заадаг.

Гэсэн ч бид зөвхөн өөрсдийнхөө төлөө ариун сүмд ордоггүй. Эдгээр нандин барилга байгууламжууд уруу орох бүрдээ бид Эцэгийн цорын ганц Хүүгийн цагаатгалын үр дүн болох Бурханы бүх хүүхдүүдэд боломжтой болгосон авралын ажилд өөрсдийн үүргүүдийг биелүүлдэг. Энэ бол аминч бус, ариун үйлчлэл бөгөөд мөнх бус байдалдаа Сионы уулан дээрх аврагчид болох агуу ажилд оролцох боломжийг бидэнд олгодог.

Ямар нэгэн шалтгаанаар одоохондоо ариун сүмд орж чадахгүй байгаа хүмүүст би ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ хадгалах хүчтэй байхын төлөө бүхнээ хийхийг урамшуулан дэмжиж байна. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг нь бидний итгэлтэй байдал ба Их Эзэнд үйлчлэх шийдвэр төгс байдлын маань тэмдэг байх юм. Энэ бол Есүсийн “Миний тушаалуудыг сахьдаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ” гэж заасан (Иохан 14:21), бидний Их Эзэнээ гэсэн хайрын тэмдэг мөн.

Дэлхий Их Эзэний адисалсан эдгээр нандин барилгуудаар ямагт үзэсгэлэнтэй сайхан болж, ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ хадгалан, ашиглахад зохистой байснаар бид тэнгэрийг дэлхийд ойртуулан авчрахын төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно хэмээн би залбирч байна. Тийн байх аваас сайн сайхан зөвхөн бидний амьдрал, гэр оронд төдийгүй бидний амьдарч буй нийгэм хамт олон улмаар бүх дэлхий даяар гарцаагүй өсөн дэгжих болно.

Эшлэл

  1. Жорж К.Каннон, in “The Logan Temple,” Millennial Star, 1877 оны 11-р сарын 12, 743.

Энэ захиасаас заах нь

Зааж буй санаагаа зөвхөн ярихын оронд үзүүлэн таниулах материал ашигласнаар ихэнх хүмүүс илүү сайн суралцаж, удаан хугацаанд тогтоож чаддаг (Teaching, No Greater Call [1999], 182-г үз). Хичээлийн турш ариун сүмийн зургийг үзүүлэхийг хичээ. Өгүүллийг уншсаныхаа дараа ариун сүм нь яагаад Ерөнхийлөгч Угдорфд чухал байсныг ярилц. Гэр бүлийн залуу хүүхдүүдийг гэр бүлээрээ ариун сүмд байгаа зураг зурахыг хүс.

Teaching, No Greater Call дээр “Өөрийн чинь зааж буй зарчмуудаар амьдрахад нь туслах нэг буюу хэд хэдэн зорилго тавихыг тэдгээр хүмүүсээс хүс” (159). Ерөнхийлөгч Угдорфын захиасыг гэр бүлээрээ унш. Мөн гэр бүлийн гишүүдийг ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байхаар зохистой үлдэхэд туслах үүднээс хувийн зорилгоо бичихийг тэднээс хүс.