2010
Өндөр дээрээс харагдах үзэгдэл
Хонь 2010


Залуучуудад зориулав

Өндөр дээрээс харагдах үзэгдэл

Бага байхдаа би Калифорнийн Сан Диего дахь Ариун сүмд олон нас барагсдын төлөөх баптисм гүйцэтгэх боломжтой байлаа. Хэдийгээр үргэлж сайхан дурсамжтай байдаг байсан ч нэг аялал маань сэтгэлд онцгойгоор үлдсэн юм.

Би 16 настай, дүү охин маань 12 хүрч, анх удаагаа нас барагсдын төлөөх баптисм хийхээр явж байлаа. Тэр анх удаа ариун сүмд ирж байгаа болохоор бид ёслолын дараагаар ариун сүмийн гадна талбайг тойрч үзэхээр шийдлээ.

Ариун сүмийн гаднах талбайн нэг талд алсыг харах хоёр өндөрлөгтэй бөгөөд бид тийш очлоо. Сан Диегогийн Ариун сүм нь хурдны замын ойролцоо байрладаг тул өндөрлөг дээрээс доош харахад хурдны зам харагддаг юм.

Тэр өдөр ариун сүмийн хамгийн өндөрлөг хэсэгт зогсож байхад амьдралын талаарх нэгэн үзэл бий болсон юм. Би доош хурдлах машинууд, түмэн олон шавсан худалдааны төвүүд болон элдэв зурагт хуудас тэмдгүүдээр дүүрэн хурдны замыг харж байв.

Энэ бүгдийг хараад толгойд минь: “Чи энэ бүгдийн нэг хэсэг байхыг хүсэхгүй байгаа биз дээ. Энэ бол чиний хүссэн амьдрал биш” гэсэн бодол орж ирсэн юм. Амьдралын зорилго бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болж, Түүн уруу эргэн очих гэдгийг би үргэлж заалгаж байсан билээ. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд надад дэлхийн зүйлс хэрэггүй гэдгийг би мэдэж байв.

Би үзэсгэлэнт ариун сүм уруу эргэн харлаа. Надад амьдралыг үзэх үзлийг өгсөн сайн мэдээний талаар мэдлэгтэй байгаадаа би баяртай байлаа. Дэлхийн хөл толгойгүй үймээн, өөрчлөлтийн дунд өндөрт зогсох газар надад байдаг гэдгийг би мэдэж байлаа.

Тэр өдөр ариун сүм дээр би дэлхийн талд биш үргэлж Түүний талд зогсох болно гэсэн амлалтыг Тэнгэрлэг Эцэгтээ амласан юм. Дэлхий бидний дээр юу ч тохиолдуулж байсан ч бид хийсэн гэрээнүүдээ сахиж, ариун газруудад зогссоноор тэдгээрийг даван туулж чадна (C ба Г 87:8).