2010
Сүнслэгээр бэлтгэлтэй байх нь
Үхэр 2010


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг, 2010 оны хоёрдугаар сар

Сүнслэгээр бэлтгэлтэй байх нь

Бошиглогчоос ирсэн зөвлөмж

Итгэлийн суурь

“Хэрэв бидэнд итгэлийн гүн суурь мөн үнэний тухай бат бөх гэрчлэл байхгүй бол бидэнд зайлшгүй тохиолдох зовлон бэрхшээлийн хатуу шуурга, тэсгэм хүйтэн салхийг сөрөн зогсоход хүндрэлтэй байх болно.

“Мөнх бус амьдрал бол бид Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд буцаж очихын тулд өөрсдийгөө зохистой гэдгийг батлах сорилтын цаг үе мөн. Бид соригдохын тулд сорилт болон зовлон бэрхшээлтэй нүүр тулгарах ёстой. Хэрэв итгэлийн суурь мөн үнэний тухай гэрчлэл маань бидний дотор гүн гүнзгийгээр суулгагдаагүй бол эдгээр сорилт болон зовлон бэрхшээл нь биднийг мохоож бодгалийг минь сөхрүүлэх болно.”1

Өнгөрснөөс суралц

“Өөрсдийнхөө хамгийн сайн талуудыг эргэцүүлэх үед, дараах хэдэн асуулт бидний бодлыг хөтлөх болно: Би болохыг хүсдэг шигээ хүн мөн үү? Өнөөдөр би өчигдөр байснаасаа илүү Аврагчтайгаа ойр байна уу? Маргааш би үүнээс илүү ойр болох уу? Илүү сайн болохын тулд өөрчлөлт хийх зориг надад байна уу? …

“Он жилүүд урсан өнгөрч байсан ч, сайн мэдээний тухай гэрчлэл нь нэн тэргүүний хэрэгцээ байсаар байх болно. Ирээдүйн зүг урагш явахдаа бид өнгөрснөөс суралцсан зүйлсээ үгүйсгэх ёсгүй.”2

Таны хувийн луужин

“Таны патриархын адислал бол зөвхөн таных юм. Энэ нь товч эсвэл урт, энгийн эсвэл хэтийг зөгнөсөн байж болно. Патриархын адислалын урт ба үгийн баялаг нь ямар байх нь чухал биш. Үнэн утга санаа, агуулгыг Сүнс илэрхийлэн дамжуулдаг. Таны адислал цэвэрхэн нугалж, цааш хийж хадгалахад зориулагдаагүй. Мөн жаазанд хийж эсвэл нийтэд зарлахад зориулагдаагүй. Харин энэ нь уншихад, нандигдахад, мөн дагахад зориулагдсан юм. Таны патриархын адислал хамгийн хүнд хэцүү үед танд туслах болно. Энэ нь таныг амьдралын аюул дундуур хөтлөх болно. … Таны патриархын адислал бол замналыг тань чиглүүлж, замыг тань хөтлөх таны хувийн луужин юм. …

“Амлагдсан адислалыг гүйцэлдэхийг харж, хүлээж, мөн ажиллахад бидэнд тэвчээр шаардагдах болно.”3

Түүн уруу ирцгээ

“Та ганцаараа биш гэдгийг сана. … Амьдралын шуургаар алхахдаа үргэлж гэрэл гэгээ уруу алх. Тэгвээс амьдралын сүүдэр ард тань үлдэх болно. …

“Би сүнслэг нөлөөг эрэлхийлэн судруудаа нээх үед, нэгэн тодорхой үг дахин дахин тодрон гарч ирдэг. Тэр бол ‘ир’ гэсэн үг. Их Эзэн, ‘Над уруу ир’ гэж хэлсэн. Тэр, ‘Надаас суралц’ гэж хэлсэн. Тэр мөн ‘Намайг дага’ гэж хэлсэн. Би ир гэдэг үгэнд их дуртай. Бүгд Их Эзэнд ирээсэй гэж би хүсдэг.”4

Эшлэл

  1. “Бат бөх суурь,” Лиахона, 2006 оны арваннэгдүгээр сар, 62.

  2. “Өөрсдийнхөө хамгийн сайн талуудыг хөгжүүлэх нь,” Лиахона, 2006 оны дөрөвдүгээр сар, 3, 5.

  3. “Таны патриархын адислал: Гэрлийн луужин,” Ensign, 1986 оны арваннэгдүгээр сар, 66.

  4. Бригам Янгийн Их Сургуулийн 16-р гадасны галын дэргэдэх ярилцлага, 1986 оны арваннэгдүгээр сарын 16

Энэ захиаснаас заах нь

Заахаас өөр агуу дуудлага гэж үгүй дээр заахдаа: “Чадварлаг багш, … ‘Өнөөдөр би юу заах вэ?’ гэж бодохын оронд харин ‘Суралцагсадаа юу мэдэх шаардлагатайгаа илрүүлэхэд нь би хэрхэн туслах вэ?’ гэж боддог” ([1999], 61). Хувь хүмүүст энэ өгүүллээс суралцахад нь туслахын тулд тэднийг цаас, харандаагаар хангаж, Ерөнхийлөгч Монсоны үгсийг унших цаг хугацааг өгч, сүнслэг байдлаар бэлтгэлтэй байх талаар олж мэдсэн зүйлсээ бичихийг хүс. Хүүхдүүд суралцсан зүйлсийнхээ талаар зураг зурж болно. Тэднийг бичсэн эсвэл зурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг урь.