2025
Логаны аравны нэгтэй холбоотой сонголт
2025 оны 11-р сарын Найз сэтгүүл


“Логаны аравны нэгтэй холбоотой сонголт,” Найз, 2025 оны 11-р сар, 8–9.

Логаны аравны нэгтэй холбоотой сонголт

“Чи аравны нэгийн зарлигийг дуулгавартай дагахад бэлэн үү?” гэж ээж нь асуув.

АНУ-д болсон бодит түүх.

Долларын дэвсгэртүүд барьсан гарыг хараад эргэлзэж буй хүү

Логан таван настай байхдаа аравны нэгийг ухаалаг бус санаа гэж боддог байжээ.

Гэр бүлийн үдшийн үеэр ээж нь ширээн дээр 10 доллар тавиад, “Чи 10 доллар авлаа гэж төсөөл” гэлээ.

Логан инээмсэглэн “За!” гэв.

“Аравны нэг бол 10 хувь юм. Тиймээс Их Эзэний Сүмд нэг доллар өгнө” гээд ээж нь ширээн дээрх мөнгөнөөс нэг доллар сугалж авав.

Логан хөмсгөө зангидаад, “Нэг доллароо өгөх юм уу? Би бүх мөнгөө авмаар байна!” гэлээ.

Ээж нь: “Чи том болоод өөрөөр боддог болох байх. Тэнгэрлэг Эцэг биднийг бүх зүйлээр адисалсан. Аравны нэгийн өргөлөө өгөх нь Бурханыг хайрладгаа болон адислалуудынх нь төлөө талархаж явдгаа харуулах нэг арга зам юм” гэж хэлэв.

Сүмийн хувцас өмссөн хөвгүүн ариун сүм рүү харж байгаа нь

Логаныг зургаан настай байхад Хүүхдийн хэсгийн багш нар нь аравны нэгийн өргөлийг ариун сүм барихад ашигладаг тухай түүнд заажээ. Логан ариун сүмд дуртай байв. Тиймээс зарим хүний хувьд аравны нэгийг төлөх нь зөв байж магад. Гэвч түүний хувьд тийм биш байлаа.

Логан долоон настай байхдаа хүмүүс аравны нэгийн дугтуйгаа бишопт өгөхдөө инээмсэглэж байхыг анзаарчээ. Мөнгөө бусдад өгөх нь үнэхээр аз жаргалтай болгодог юм байх даа?

Түүнийг найман настай байхад ээж нь: “Логан, чи яагаад баптисм хүртэхээр шийдсэн юм бэ?” гэж асуув.

Энэ нь харин түүний хувьд амархан асуулт байлаа. “Зарлигуудыг сахиж, Есүс Христийг дагахын тулд” гэж Логан хариулав.

“Тийм бол чи аравны нэгийн өргөлийн зарлигийг дуулгавартай дагахад бэлэн үү?” гэж ээж нь асуугаад, “Энэ нь өөрөөс чинь л шалтгаална” гэлээ.

Логаны дотор палхийв. Энэ нь харин хүнд асуулт байлаа. Мөнгөө өгөх тал дээр түүний бодол өөрчлөгдөөгүй хэвээр байсан ч тэр зарлигуудыг дагахыг хүсэж байв. Логан ариун сүмийн тухай, аравны нэгээ төлдөг инээмсэглэсэн хүмүүсийн тухай бодлоо. Тэгээд тэр гүнзгий амьсгаа аваад, “Бэлэн” гэлээ.

“Зөв сонголт байлаа!” гэж ээж нь магтав.

Логанд сайхан мэдрэмж төрлөө. “Бүх мөнгөө өөртөө авч үлдэхээс илүү зарлигуудыг сахих нь чухал гэдгийг би мэднэ.”

Сүмийн хувцастай инээмсэглэсэн хүү аравны нэгийн дугтуй барьсан байгаа нь

Дараагийн ням гарагт тэр анхны аравны нэгийн дугтуйгаа бишопт өгөхдөө инээмсэглэж байгаагаа анзаарчээ. Тэр аз жаргалтай байлаа! Тэр аравны нэгийн тухай бүх зүйлийг ойлгохгүй байсан ч Бурханыг хайрлаж, зарлигуудыг дагасных нь төлөө Бурхан түүнийг адисална гэдгийг мэдэж байлаа.

PDF түүх

Зураг чимэглэлийг Шона Ж.К.Тэнни