2022
Сүмд ээлжлэн явсан нь
2022 оны 5, 6-р сар


Сүмд ээлжлэн явсан нь

Зураг
girl waving to mom and daughter

“Хүүхдийн хэсэгт ямар дуу дуулснаа гэртээ ирээд хэлээрэй” гэж Жэнни хэлэв.

“Тэгнэ ээ!” хэмээн эгч Мириам нь гутлаа өмсөнгөө хариулав.

Жэннигийн гэр бүлийнхэн ням гараг бүр хамтдаа Сүмд явж чаддаггүй байлаа. Тэднийх ам бүл зургуулаа ажээ. Гэвч ээжийнх нь олдог мөнгө долоо хоног бүр автобусны хоёр тасалбар авахад л хүрэлцдэг байв. Тиймээс тэд Сүмд явахын тулд ээлжлэх хэрэгтэй болдог байв.

Жэнни Сүмдээ долоо хоног бүр явдаг болох юмсан гэж хүсдэг байлаа. Тэр Есүс Христийн тухай сурахдаа дуртай мөн Хүүхдийн хэсэг дээрээ дуулах дуртай байв. Тэр найзуудтайгаа уулзахыг хүсдэг байв. Хамгийн гол нь тэр Сүм дээр мэдэрдэг халуун дулаан, аз жаргалтай мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг байлаа. Гэвч өнөөдөр түүний гэртээ үлддэг өдөр.

“Явах цаг боллоо” гэж хэлээд ээж нь Жэнниг болон түүний эгч нарыг тэврэв.

Ээж, Мириам хоёрыг явах үед Жэнни инээмсэглэхийг хичээсэн боловч тэднийг холдохыг хараад хоолой нь зангирав. Миний явах ээлж байсан ч болоосой хэмээн Жэнни бодов. Гэртээ үлдэх нь үргэлж хэцүү байдаг байв.

“Будмаар байна уу?” гэсээр Жэннигийн эрэгтэй дүү Марко өнгийн харандаа, цаас барин ирэв.

Жэнни толгой дохив.

Дараагийн хэдэн цагт Жэнни, Марко хоёр эгч нартайгаа түүх уншиж, зураг будав. Хөгжилтэй байсан хэдий ч Жэнни Сүмийн талаар бодсоор байв. Хүүхдийн хэсгийнхэн одоо шинэ дуу сурч байгаа болов уу? Өнөөдрийн хичээл юуны тухай байсан бол?

Эцэст нь Жэнни урд хаалга онгойхыг сонсов. Ээж, Мириам хоёр гэртээ ирлээ!

“Ээж ээ! Мириам!” гэсээр Жэнни үүд рүү гүйн, тэднийг тэврэв.

Ээж нь цүнхээ газарт тавиад “Бид сүм дээр юу сурсан талаараа ярьж өгье” гэв.

Бүгд хамтдаа сууцгаалаа. Ээж нь цүнхэндээ хийсэн жижиг Сүмийн дууны номыг гаргаад, “Гэр бүлүүд үүрд хамт байх болно” дууллыг гэр бүлээрээ дуулав. Жэнни бүх үгийг нь мэдэж байв.

Дараа нь Жэнни Мириамаас Хүүхдийн хэсгийн талаар асуув. Мириам Мормоны Номоо нээж, нугалсан цаас гаргаж ирлээ. Тэр үүнийг хүн болгонд харагдахаар дээш өргөв. Есүсийг хүүхдүүдтэй хамт байгаагаар будсан байлаа.

Зураг
drawing of Jesus with two children

“Бид зураг будаж, ‘Би Есүс шиг байхыг хичээнэ’ дууг дуулсан. Дараа нь бид Есүс хүн бүрд хэрхэн тусалж болох талаар ярилцсан” гэв.

“Бид Халамжийн нийгэмлэг дээр ч бас энэ тухай ярьсан” гэж ээж нь хэлэв. “Есүс Христ биднийг айж, ганцаардсан үед тусалж чадна” гэж хэлээд, ээж нь цүнхнээсээ жижиг цаас гаргаж ирэв. “Багш маань хүн бүрд бошиглогчийн энэхүү эшлэлийг өгсөн. ‘Та Их Эзэний талд амьдрахаар сонгосон бол хэзээ ч ганцаараа биш.”*

Зураг
mom and children sitting on floor in circle

“Энд гэртээ ч гэсэн!” хэмээн Жэнниг нэмж хэлэхэд

ээж нь инээмсэглээд, “Гэртээ ч гэсэн. Бид Аврагчийг үргэлж бидэнтэй ойр байгааг мэдэрч чадна” хэмээн хариулав.

Жэнни нүүр дүүрэн инээмсэглэв. Түүнд долоо хоног бүр Сүмд явах боломж гараагүй боловч тэр Есүстэй ойр байгаагаа гэртээ байхдаа ч мэдэрдэг болжээ. Мөн тэр Сүмд явах өөрийнхөө ээлжийг тэсэн ядан хүлээдэг байв.

  • Ерөнхийлөгч Рассэл М.Нэлсон, “Youth of the Noble Birthright: What Will You Choose?” (Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2013 оны 9-р сарын 6), broadcasts.ChurchofJesusChrist.org.

Зураг
Page from the May/June 2022 Friend Magazine.

Зураг чимэглэлийг Лаура Катринэлла