Жил тутмын нэвтрүүлэг
“Бүх зүйлээс дээгүүр”


“Бүх зүйлээс дээгүүр”

Сүмийн Боловсролын Системийн сургалтын шууд нэвтрүүлэг • 2019 оны 6-р сарын 12 • Сүмийн удирдах албаны байрны төв тэнхим

Та суралцагчдаа харах дуртай биш гэж үү? Найрал дууныханд маш их баярлалаа. Би бас та нарын хүн нэг бүрийг сайн мэдээнээс суралцаж, заахдаа Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж байгаад талархаж байна. Би ангиудыг ажиглан, та нарыг болоод та нарын суралцагчдыг Аврагчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлж, зан төрх, шинж чанарыг судалж, төгс үлгэр жишээнээс нь суралцаж байгааг хараад,1 Хайрт Хүүгийнх нь тухай гэрчилж байгаад Тэнгэрлэг Эцэг та нарт хэрхэн талархаж байгааг мэдэрсэн. Түүнийг таньж мэдэн, Түүнээс суралцахад нь суралцагчдадаа туслах2 ахлагч Кларкийн өгсөн зөвлөгөөг дагах үед та нарын заасан хичээл, өгсөн урилгад нөлөөлөх Ариун Сүнсний нөлөө хэрхэн улам бүр өсөн нэмэгдэж байхыг би харсан. Нэгэн багш саяхан “Заах хичээлийнхээ төвд Есүсийг тавьсан нь ангид баяр баясгаланг эргүүлэн авчирсан” хэмээн надад хэлсэн юм. Үүнийг өдөр бүр хэрхэн хамгийн үр дүнтэй явуулж болох талаар сүнсний удирдамжийг эрэлхийлэхэд би та нарыг урамшуулан дэмжиж байна.

Өнөөдөр би Аврагчийг зөвхөн судруудаас суралцах үйл явцаас биш, харин та нарыг Түүний үлгэр жишээ, хайрыг үлгэрлэн дууриахыг хичээх үед та нараас олж харахад суралцагчдадаа туслахад хүчээл зүтгэл гаргахыг уриалж байна. Та бүхэн ерөнхийлөгч Боид К.Пакэрыг санаа бодлоо хуваалцаж байсныг санаж байгаа байх. Би үүнийг сэтгэл хөдлөм, гайхалтай зүйл гэж боддог. Тэр:

“Ах, эгч нараа, олон жилийн туршид та бүхний зан хандлагаас Гарамгай багшийн дүр төрхийг олж хардаг байсан маань миний хувьд нэр төрийн хэрэг юм. Та нарын тулгарсан сорилт бэрхшээл, хүлээн авсан үүрэг даалгавраа ямар түвшинд хийж гүйцэтгэснээс шалтгаалан, нүүр царайнаас тань Христийн дүр төрх харагддаг гэдэгт би итгэдэг. Аль ч талаас нь харахад, тэр ангид мөн тухайн цаг үед, тийм дүр төрхтэй, ийм сүнслэг өдөөлттэй байснаар та Тэр болж, Тэр та болдог гэж хэлэхэд хилсдэхгүй байх аа”3 хэмээн хэлсэн.

Аврагчийн өв тэгш шинж чанарууд дундаас ганцхан Түүний төгс хайр буюу Тэнгэр дэх Эцэгээ болон бидний хүн нэг бүрийг хайрлах хайр л бүх хүнд урам зориг өгч, үндэс суурийг нь тавьдаг зүйл бололтой.

Төлөөлөгч Паул “Хэрэв би эш үзүүлэх чадвартай, мөн бүх нууцууд болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр байхгүй бол би юу ч биш”4 хэмээн хэлсэн. Төлөөлөгч Паул семинар, институтын багш нарт хандан “Хэрэв би бусдыг өөртөө татах суу билэгтэй, зааж сургах, сурган хүмүүжүүлэх үндсийг сайн мэддэг мөн маш сайн үзүүлэн таниулах хичээлтэй байсан ч энэрэл байхгүй бол би юу ч биш” хэмээн хэлэх байсан биз ээ. Харин энэ мэдэгдлийг ажиллаж хөдөлмөрлөхгүй байх болон чадвартай багш байхгүй байх шалтгаан болгох ёсгүй. Гэвч биднийг ойлголт, мэдлэгийг, бүр итгэлийг хүлээн авахаар залбирахдаа үүн дээр энэрлийг нэмэхгүй байх аваас “нүргэлэх харанга, хангинах цан”5 адил байна гэдгийг санаарай.

“Энэрэл бол удаан тэсвэрлэдэг мөн сайхан сэтгэлтэй”

Төлөөлөгч Паул бас “Энэрэл бол удаан тэсвэрлэдэг мөн сайхан сэтгэлтэй”6 хэмээн бичсэн.

Аврагчийн сайхан сэтгэлийн нэгэн жишээ Лук 19-д цэдэглэгдсэн байдаг. Татвар хураагч Закхай ромчуудад үйлчилж, бэл бэнчинтэй болсон ч татвар хураадагт нь дургүйцсэн еврейчүүд түүнийг үзэн яддаг байв. Нэгэн өдөр Закхай Есүсийг харахыг хүсжээ. Тэр биеэр бага байсан болохоор мөн өөрт нь туслах хүсэлгүй цугласан олны дундуур хүчилсэн ч гарч чадахгүй байснаас болж харж чадсангүй. Тиймээс Закхай Есүсийн явж байсан замаар түрүүлэн гүйж, Түүнийг дайран өнгөрөх үед нь харахаар инжир модон дээр авиран гарчээ.

[Закхайн модон дээр байгаа зургийг оруулна уу]

“Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд—Закхай, түргэл, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ.

Тэр шалавхан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав”7 хэмээн судруудад цэдэглэсэн байдаг.

Закхайтай адил үргэлж гадуурхагдаж байдаг хүнд Аврагчийн нүдэнд өртөж, урилгыг нь хүлээн авах ямар сонсогдохыг та төсөөлж чадах уу? Сайхан сэтгэлийн энэхүү жижигхэн үйлдэл амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн байх.

Манай суралцагчдад бидний тэсвэр тэвчээр, сайхан сэтгэл хэрэгтэй. Заримдаа тэдний сахилгагүйтэх, үймүүлэх, сөрөг хандлага гаргах зэрэг үйлдлүүд заах нөхцөлийг илүү хүндрүүлдэг. Гэхдээ яг тэр мөчид тэдний зан араншинг биш, харин хувь хүнийг нь харахыг би та нарт уриалж байна. Тэгээд түр азнаж, “Энэ зан араншин, хандлагын цаана юу байна вэ?” гэж асууна уу. Харин дараа нь ахлагч Жэффри Р.Холландын зааснаар:

“Хэрэв тухайн хүүхдүүд өөрчлөгдөхгүй бол та тэдэнд зааж чадахгүй ч та тэднийг гарцаагүй хайрлаж чадна. Харин та өнөөдөр тэднийг хайрлаж чадах юм бол магадгүй маргааш тэдэнд зааж болох юм.

… Эдгээрийн аль нь ч тэднээс шалтгаалахгүй. Бид тэднийг эхнээс нь эцсийг хүртэл хайрлаж чадах бөгөөд тэгж чадвал гайхамшгууд тохиох болно.”8

Гэхдээ хайрлахад ч хэцүү зарим хүнийг хэрхэн хайрлах билээ? Ахлагч Холландын хэлсэн дараах үг бидэнд хайрлахад тусалдаг. Тэр: “Та Бурханыг хайрлахаас эхэлж болно. Харин дараа нь та Бурханыг гэх хайраа таны хайр хэрэгтэй хүмүүст өгөхөд туслахыг Түүнээс гуйж болно.9 Та “Түүний хайраар дүүргэгдэж болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбир[ч]”10 чадна. Та Бурхан тэднийг хэрхэн хардаг шиг харж болно. Мөн та тэднийг сонсож, ойлгохыг хичээж болно. Харин ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Тэдэнд үйлчил. Тэдэнд зориулан хийх өчүүхэн жижиг ч болов зүйлийг хайн ол. Үйлчлэлийн төлөөсийг төл. Тэгвэл Бурхан танд хайрыг өгөх болно. Би үүнийг та нарт амлаж байна. Зарим үед суралцагчдаа хайрлах хэцүү байсан ч үүнд бүү санаа зов. Зүгээр л тэдний төлөө ямар нэгэн зүйлийг хий. Тэгвэл тэднийг хайрлах тийм ч хэцүү санагдахаа болино. Энэ бол Бурханаас өгөх бэлэг байх болно”11 хэмээн нэмж хэлсэн.

Суралцагчдынхаа хөгжмийн тоглолт, спорт үйл ажиллагаанд ирдэг эсвэл өөр арга зам олж тэдэнд нууцаар үйлчилдэг та бүхэнд баярлалаа. Таныг харахгүй байсан ч гэсэн өөрсдийг нь улам ихээр хайрлах болсон таны хайрыг тэд мэдэрнэ. Учир нь та тэдэнд үйлчилсэн тул Их Эзэн таныг энэрэл хайраар адислах болно.

Аврагчийн сайхан сэтгэлийн өөр нэгэн жишээг Маркийн 5-р бүлгээс олж болох юм.

[Христ ба цус алддаг эмэгтэй гэсэн зургийг оруулна уу]

Есүс цус алддаг эмэгтэйд зориулан юу хийснийг тунгаан бод. Тэрээр түүний биеийг эмчлэхээс илүү чухал зүйлийг хийсэн. Тэр эмэгтэй өвчин эмгэгт автаж, нийгэмдээ гадуурхагдаж, санхүүгийн хүнд асуудалд орсон байсан нь гарцаагүй. Тиймээс Есүс Өөрөөс нь хүч гарсныг мэдээд, “үүнийг үйлдсэн тэр эмэгтэйг харах гэж эргэн тойрноо ажиглав.”12 Эмэгтэйн бие аль хэдийн эдгэрсэн байлаа. Есүс өөр хойшлуулшгүй ажилтай байсан ч зогсоод, тэр эмэгтэйн итгэлийг хүлээн зөвшөөрч, “Охин минь”13 гэж дууддаг. Аврагч өвчнийг нь биш, харин түүний хэн болохыг харсан. Тэр шийдэх хэрэгтэй асуудлыг эсвэл хийх ёстой ажлыг биш, харин хайр, тусламж дэмжлэг хэрэгтэй хүнийг харсан.14

Ямар ч даалгаврыг биелүүлэх, ямар ч хичээлийг бэлтгэх эсвэл заах, ямар ч сахилга баттай холбоотой асуудал тулгарсан ч гэлээ, эдгээр нь хүмүүсийг өөд нь татах боломж гэдгийг бүү март.

Мөн бидний хайр одоо хамрагдахгүй байгаа эсвэл явахгүй байгаа хүмүүст ч хүрнэ байх хэмээн би найдаж байна. Закхай болон энэ эмэгтэйн адил хүмүүсийн ард хүлээн зогсдог олон хүн бий. Явж тэднийг олох нь Аврагчийн үлгэр жишээг дагаж байна гэсэн үг.15 Та илүү олон залууд Аврагч болон Түүний сургаалын талаар суралцахад нь хэрхэн тусалж болох талаар сүнслэг удирдамж эрэлхийлэхдээ залбирч, хамтдаа зөвлөлдөөрэй. Хамруулах, төгсгөх ажлыг нэн тэргүүнд тавих ёстой бөгөөд энэ нь бидний Тэнгэрлэг Эцэгийн илүү олон хүүхдийг адислах ажлын хөдөлгөгч хүч байх ёстой.

“Мөн бүх зүйлээс дээгүүр, … өөрсдийгөө энэрлийн холбоогоор хувцаслагтун”

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд “Мөн бүх зүйлээс дээгүүр, мөн төгс чанар хийгээд амар амгалангийн холбоо болох нөмрөг лугаа адил өөрсдийгөө энэрлийн холбоогоор хувцаслагтун”16 хэмээн хэлсэн. Энэрлийн холбоогоор хувцаслах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

[Христ ба завхайрч байгаад баригдсан эмэгтэй гэсэн зургийг оруулна уу]

Бид Иохан 8-аас фарисайчууд ариун сүмд нэгэн эмэгтэйг Есүс дээр авчирдаг тухай уншдаг. Тэд Аврагчид хандан:

“Багш аа, энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм.

‘Ийм эмэгтэйчүүд уруу чулуу шидэгтүн гэж Мосегийн хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ?’ гэцгээв.

Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив. Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод, ‘Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид’ гээд Тэр дахин бөхийж, газарт бичив.

Фарисайчууд өөрсдийн бурууг мэдэрч эхэлсэн тулд нэг нэгээрээ гарч оджээ. Есүс тэр эмэгтэйтэй хоёулахнаа үлдэхэд Тэр Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу? гэсэнд тэр

Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс—Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд”17 гэжээ.

Та энэ үйл явдлыг эргэцүүлэн бодоод, Аврагчийн төгс үлгэр жишээнээс бидний сурч болох олон сургамжаас гурвыг бодож үзнэ үү.

Нэгдүгээрт, Есүс Христийн Цагаатгал бидэнд алдаанаасаа суралцаж, наманчлалаар дамжуулан тэдгээрийн өмнөөс яллагдахгүй байх боломжийг олгодог. Манай ангиудад алдаа гаргасан суралцагчид байдаг. Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ уучлах хүсэл, наманчилснаас ирэх баяр баяслыг энэрэл хайрын үндсэн дээр зааснаар18 суралцагчдадаа (хүүхдүүддээ) Аврагчийн Цагаатгал тэдэнд хамаатай гэдэгт итгэхэд тусалдаг. Яагаад гэвэл, энэ нь тэдэнд хамаатай!

Нэмж хэлэхэд, энэ зөвлөгөө бидний хүн нэг бүрд адилхан хамаатай. Бидэнд ч гэсэн уучлагдан, эдгэрэхэд Аврагчийн Цагаатгал хэрэгтэй. Харин дараа нь наманчлалын баяр баясгаланг өөрийн биеэр мэдэрснээр, суралцагчдаа Аврагчид хандахад сүнсээр өдөөж чадна. Учир нь энэ урилга бидний өөрчлөгдсөн зүрх сэтгэлээс гарах болно.

Хоёрдугаарт, хайр бол бидэнд зөвийг үйлдэх хүслийг өгч тусалдаг агуу хөдөлгөгч хүч юм. Ахлагч Дэйл Г.Рэнланд:

“Есүс садар самууныг зөвтгөөгүй нь лавтай. Гэхдээ Тэрээр уг эмэгтэйг ч бас буруутгаагүй. Тэрээр эмэгтэйд амьдралаа өөрчлөхийг зөвлөсөн. Уг эмэгтэй Түүний нинжин сэтгэл, нигүүлслийн ачаар өөрчлөгдөх хүсэлтэй болсон. Иосеф Смитийн Библийн орчуулгад тэр эмэгтэйн ямархуу шавь байсан талаар ‘Мөн уг эмэгтэй тэр цагаас эхлэн Бурханыг алдаршуулан мөн түүний нэрэнд итгэв’ [Иохан 8:11, зүүлт тайлбар c]”19 хэмээн өгүүлдэг.

Бид багшийн эсвэл эцэг эхийн хувьд хайраа илэрхийлэх хэрэггүй гэж уруу татагдаж магадгүй. Учир нь ингэснээр нүглийг хүлцэж, буруу зан авирыг өөгшүүлж байгаа мэт санагдуулчих вий гэж бид санаа зовдог. Суралцагчид болон хүүхдүүд маань Их Эзэний төдийгүй Түүний зарлигуудын талаарх бидний бодлыг аль хэдийн мэднэ. Тэднийг хайрладгаа мөн өөрсдийг нь үнэ цэнтэй гэдгийг байнга мэдрүүлэх хэрэгтэй. Аврагчийн тухай болон сайн мэдээний талаар сурч байхдаа бүх суралцагч маань тэр эмэгтэйн Түүний “энэрлийн холбоосоор” адислагдахдаа мэдэрсэн хайр, найдварыг мэдрээсэй гэж бид хүсдэг.

Гуравдугаарт, Аврагчийн хайр. Уучлаарай, Аврагч Эцэгийн сургаалыг хайрладаг байсан, одоо ч хайрладаг тул үүнийг шийтгэл маягаар хэзээ ч ашиглаж байгаагүй. Фарисайчууд Мосегийн хуулийг сайн мэддэг байхын зэрэгцээ хуулийг үр дагаврынх нь хамт үргэлж эш татдаг байсан: Харин хуулийг Өгөгч нь “шаналсан зүрхтэйг эдгээж, олзлогсдод эрх чөлөөг тунхаглах” явдлыг эрхэм зорилгоо болгож, өршөөл нигүүлслийг сонгосон билээ.20 Тэрээр фарисайчуудын буруутгасан зүрх сэтгэл, чичилсэн хуруунаас нэгэн эмэгтэйг хамгаалаад зогсохгүй, өөрсдөд нь үйлдлийнхээ талаар эргэцүүлэн бодож, өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэдгээ мэдрэхэд тусалсан.

Заримдаа суралцагч болон багш нар буруушаах, зэмлэх сүнсийг урин авчрах байдлаар сургаалыг ашигладаг. Энэ арга зам нь урамшуулан, сэнхрүүлэхийн оронд доромжилж, бүр устгаж үгүй хийж чаддаг. Багшийн үлгэр жишээг дагах гэдэг нь итгэл найдвар төрүүлж, гэмшсэн зүрх сэтгэлийг эдгээх замаар зааж сургахыг хэлнэ.

Гэм нүглээс гадна, янз бүрийн нөхцөл байдал ч гэсэн зүрх сэтгэлдээ гэмшихэд хүргэдэг. Олон суралцагч хэцүү байтугай бүр сэтгэл санааны хүнд нөхцөл байдалд орж үзсэн байдаг тул хэн нэгэн өөрсдийг нь хайрладаг, үнэлдэг гэдэгт итгэдэггүй. Заримд нь сэтгэлийн түгшүүр болон бүхнийг төгс хий хэмээх үзэл асуудал болж, тэд итгэл найдвар төрүүлэх үгсийг биш, харин буруутгах үгсийг сонсдог. Харин заримд нь бэлгийн чиг хандлагатай холбоотой уруу таталт эсвэл сорилт бэрхшээлтэй тулгарч, хавханд орсон мэт санагдан, Есүс Христийн сэргээгдсэн Сүмд байх орон зай үгүй эсвэл ирээдүй байхгүй гэж боддог.

Багшийн хувьд бид иймэрхүү туршлага суралцагчдын маань хувьд ямархуу байж болохыг ойлгохыг хичээх хэрэгтэй. Жишээлбэл, семинарт явдаг байсан нэг суралцагч семинарын туршлагынхаа талаар: “Зарлигт хөршөө хайрла гэсээр байхад, гомо биш байвал л хөршөө хайрла гэж хүмүүс ойлгодог юм шиг санагддаг. Гол нь тэд энэ бол байж болох хамгийн муу зүйл гэсэн ойлголтыг өгч байгаа бөгөөд энэ нь намайг хэрхэн өөрийгөө үнэ цэнтэй болгох вэ мөн Тэнгэрлэг Эцэг намайг хэрхэн хайрлах вэ гэж асуухад хүргэдэг” гэсэн юм.

Суралцагчдад ямар ч хувийн асуудал тулгарсан бай, бид тэднийг ойлгож, зовлонг нь чин сэтгэлээсээ мэдэрч, хайрлах сэтгэлээр сонсох ёстой. Бид ангид чөлөөтэй асууж, асуудлуудын талаар хүндэтгэлтэй, маш сайн бодолцож ярилцдаг орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Бид үнэнийг тодорхой зааж, суралцагч бүрд хайрт тэнгэрлэг эцэг эхийн хүүхдүүдийн хувьд мөнхийн мөн чанараа таньж мэдэхэд нь туслах хэрэгтэй.21 Бид бас суралцагчдадаа ганцаараа биш гэдгийг мэдрүүлэн туслах ёстой. Бид илүү их хайрлаж, ойлгодог гэдгээ тэдэнд мэдрүүлснээр Ариун Сүнсийг урин авчирч, тэдний сурч мэдэх хүслийг нэмэгдүүлж, шархалсан сэтгэл зүрхийг эдгээх болно.22

Ахлагч Даллин Х.Өүкс:

“Бид баптисмынхаа үеэр ‘нэг нэгнийхээ ачааг хөнгө[лөх]’ [Мозая 18:8] гэрээг байгуулсан билээ. Хэдийгээр бид Их Эзэний сургаалыг өөрчилж чадахгүй ч манай гишүүд төдийгүй явуулж буй бодлого маань мөнх бус амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа хүмүүсийг анхаарахад чиглэдэг байгаасай хэмээн бид хүсдэг” гэж заасан. Мөн тэрээр “манай гишүүдийн илүү их ойлгож, нинжин сэтгэл гарган, хайрлаж халамжлахын тулд гаргаж буй хичээл зүтгэл нь хүндэтгэл, ойлголцлыг өсгөн нэмэгдүүлж … [мөн] өнөө үед нийтлэг тохиолддог үзэн ядалт, сөргөлдөөнийг багасгах ёстой. Энэ бол бидний хүсэн хүлээж байгаа зүйл мөн бөгөөд бид үүнийг олж авахад нь гишүүддээ болон бусдад туслахыг эрэлхийлдэг”23 хэмээн нэмж хэлсэн юм.

Багш бүр сургаалыг болон Их Эзэний бошиглогчдын эдгээр сэдвийн талаар өнөө үед юу хэлж байгааг ойлгодог мөн энэрэнгүй байж, тус нэмэр болох замаар хэрхэн хариу үйлдэл хийж болохыг мэддэг байх нь юу юунаас илүү чухал.24 Бид эдгээр чиглэлээр ахиц дэвшил гаргахыг ихээхэн хүсэж байгаа бөгөөд танд туслах нэмэлт сургалт, эх сурвалжийг өгөх болно

Хэрэв таны эсвэл аль нэгэн суралцагчдын тань хэлсэн зүйл хэн нэгэнд өөрийгөө хэнд ч хэрэггүй юм байна гэсэн мэдрэмжийг төрүүлж байгаа бол та буруутган чичлэхээ болих хүч, ойлголтыг авахын төлөө залбирах уу? Бидний хүн нэг бүр өсөн хөгжиж байгаа бөгөөд бидэнд Аврагчийн нигүүлсэл хэрэгтэй гэдгийг санахад нь суралцагчдадаа тусал. Люсифер бол “Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг”25 Буруутгагч байсан юм. Үүний дэргэд Их Эзэн Өөрийн мутар, гар, хайрыг одоо ч гэсэн дэлгэсэн хэвээрээ.

Тэнгэрлэг хайрын өөр нэгэн шинж чанар бол Тэнгэр дэх Эцэгийн маань биднийг Өөртэйгөө адилхан болоосой, үр хүүхдүүддээ бэлдсэн бүх адислалыг минь хүлээн аваасай хэмээх хүсэл юм.

Тэнгэрлэг Эцэг Бурхан маань бидэнд өндөр жишиг тавьдаг

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Тэнгэрлэг Эцэг Бурхан маань бидэнд өндөр жишиг тавьдаг”26 хэмээн хэлжээ. Тэр хэзээ ч биднийг орхидоггүй. Тэр биднийг бүдчих үед хамт алхаж, сайжирна гэж найдан, өсөж хөгжихийг маань тэвчээртэй хүлээдэг. Суралцагчдаа хайрладаг багш ч бас өндөр жишиг тавьдаг бөгөөд өнөөдрийн хичээл ямар байв, тэдэнд хэр таалагдсан бол гэхийн оронд суралцагчдынхаа мөнхийн өсөлт хөгжилтөд илүү их анхаардаг.

Есүс дагалдагчдынхаа өсөлт хөгжилтөд ихээхэн анхаардаг байсан.

[Христ уснаас нэг эрийг гаргаж байгаа зургийг оруулна уу]

Жишээлбэл, Есүс Петрийн өөрөөсөө олж харахгүй байсан зүйлийг түүнээс олж харсан. Аврагч Петрийг итгэлээр үйлдэхэд урьсан ба бүдрэхэд нь татаж босгон, ирээдүйд Петрийн хэн болж чадахад анхаарлаа үргэлж хандуулж байсан.

Өндөр жишиг тавих нь суралцагчдыг итгэлийнхээ дагуу үйлдэхэд сүнсээр өдөөж, Их Эзэний амласан адислалуудыг хүлээн авах боломжийг олгодог. Ахлагч Нийл Л.Андэрсэн хайрлахгүйгээр удирдаж, зааж сургах, түүнчлэн жишгээ доошлуулах нь эсэргүүцэх хандлагыг өөгшүүлж байгаа гэсэн үг гэж бидэнд заасан. Хайрлахгүй байж хэт өндөр жишиг тавих нь ухарч шантрахад хүргэдэг. Хайрлах нь их ч жишгээ доогуур тавивал ахан дүүгийн харилцаатай болгож болох ч өсгөж хөгжүүлдэггүй. Харин их хайрлахын сацуу жишгээ өндөр тавих юм бол гайхамшгийг бүтээнэ.27 Аврагчид ийм л хайр байдаг бөгөөд суралцагчдынхаа амьдралыг өөрчлөхийг хүсэж байвал бидэнд ийм л хайр байх ёстой.

Намайг институт, семинарын суралцагчдаас багшийнх нь хайр тэднийг хэрхэн адисалсан талаар асуухад тэд эргэлзэлгүй хариулсан ба талархлаар дүүрэн байсан. Саяхны хэдэн жишээг хуваалцъя.

Нэгэн залуу эмэгтэй “Би семинарт явах, багшийнхаа аз жаргалтай инээмсэглэж байгааг харах дуртай. Түүний хайр надад ямар их зүйл өгснийг хэрхэн үгээр илэрхийлэхээ би сайн мэдэхгүй байна. Хэд хоногийн өмнө тэр намайг магтан сайшаасан ба би байрнаас нулимсаа барьж ядан гарч явсан. Энэ нь миний хувьд маш их утга учиртай зүйл байсан бөгөөд надад үнэхээр их аз жаргалыг мэдрүүлсэн. Тэр энгийн магтаалын үгсийн ачаар би өдөр бүр баяр хөөрөөр дүүрэн семинартаа ирдэг болсон. Энэ бол өдрийн маань хамгийн сайхан цаг мөч байдаг. Бусдыг Бурханы охин, хүү гэдгээр нь хэрхэн харахыг багшийн минь хайр надад заасан” гэж ярьсан.

Өөр нэг түүх өгүүлэхэд, “Өнөөдрийн хичээл намайг үнэхээр өөрчилсөн. Намайг зориг гарган, бэлгийн чиг хандлагын талаар асуухад багш чин сэтгэлээсээ сонсож, юу ярьж байгааг маань ойлгохыг хичээсэн. Дараа нь тэр цаг гарган миний асуултад хариулсан. Түүний хэлсэн үг урьд нь бодож байгаагүй зүйлсийг олж харахад надад тусалсан.”

Эцэст нь, нэгэн залуу эрэгтэй: “Би хичээлийн энэ хагас жилийг сөрөг хандлагатай эхлүүлсэн юм. Би сайн мэдээнд ч мөн өөртөө ч санаа тавьдаггүй байсан ба аз жаргалгүй нэгэн байсан. Би аав, ээждээ ч семинарт явах хүсэлгүй байгаагаа хэлсэн. Тэгээд би семинарын хичээлдээ явсан юм. Харин өмнө нь семинарт сууж байгаагүй ч гэсэн багш миний нэрийг мэдэж байсан. Ангид мэдэрсэн сүнс өдрийн үлдсэн цагийн өнгө аясыг ч бас өөрчилж, амьдрал бага багаар сайжирч эхэлсэн. Би дадал хэвшлээ өөрчлөн, сүмд илүү их ирэх болж, судраа уншдаг, боддог болж эхэлсэн юм. Багшийн маань биднийг болон сайн мэдээг хайрлах хайрын ачаар мөн миний түүнээс олж харсан Христийн гэрлийн ачаар би өөртөө тийм гэрэл, хайрыг авахыг хүсдэг болсон. Багш маань Сүнсийг урьж авчран, өдөр бүр Түүнтэй хамт байж, Түүний хамтрагчийн хувиар зааж байсан учраас би семинараа төгсөж, номлолд үйлчилж, хэзээ нэгэн цагт ариун сүмд гэрлэх болно” гэж бичжээ.

Би эцэст нь Их Эзэнд болон та нарт хэрхэн талархаж явдгаа илэрхийлэхийг хүсэж байна. Би Их Эзэний бүхнийг хамарсан, шууд өгдөг хайранд талархдаг. Өнөөдрийн бидний ярьсан сургамжуудаас суралцахыг хичээхдээ би Түүний гаргаж буй тэвчээрт талархаж байна. Түүний хайр, энэрэл надад илүү сайн байх хүслийг төрүүлдэг. Бид та нарыг ямар их хайрладгийг мэдээсэй гэж би хүсэж байна. Зааж, тусалж байгаа хүмүүстээ ядарч туйлдахаа умартан үйлчилдгийг тань бид мэднэ. Та нар тэдний төлөө ямар их залбирч мөн асуудалтай үед нь хэчнээн их зовж, амжилт гаргахад нь хэчнээн их баярладгийг бид мэднэ. Та нар өөр өөрийн ачааг үүрдэг ба өдөр бүр өөртөө болон гэр бүлдээ хүч авахаар Их Эзэнд найддагийг бид мэднэ. Та нарын төлөө залбирдгийг маань мөн та нарт хайртай гэдгийг маань мэднэ байх гэж бид найдаж байна.

Та нар суралцагч бүрээ Аврагчийг судраас мөн танаас өөрөөс тань олж харахад туслах замаар Түүнийг таньж мэдэн, хайрладаг болоход сургах болтугай. Бид зүгээр л эелдэг найрсаг байж; асуудлыг биш, харин хувь хүнийг нь харж; Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд гараа сунган, илүү ихээр адисалж мөн хүмүүсийг буруутган чичлэхээ больж, Их Эзэний Сүмд хүн бүрд байх орон зай, ирээдүй байгааг мэдүүлэн тусалж; Есүс Христийн насан туршийн шавийн хувьд Аврагчийн сургаалыг дагахад суралцагчдаа урамшуулаасай түүнчлэн тэд Тэнгэрлэг Эцэгийн өөрсдөд нь зориулсан бүхий л адислалаас хүртэхийн тулд гэрээний зам дээрээ баттай үлдээсэй хэмээн би залбирч байна. Бид тэдэнд Тэнгэрлэг Эцэгийнхээ болон Түүний Хүү Есүс Христийн хайрыг мэдэрч, найддаг болоход нь туслах болтугай. “Та нарын нүүр царайнаас Христийн дүр төрх харагддаг гэдэгт би итгэдэг. Аль ч талаас нь харахад тэрхүү ангид, тухайн цаг үед, тийм дүр төрхтэй, ийм сүнслэг өдөөлттэй байснаар та Тэр болж, Тэр та болдог гэж хэлэхэд хилсдэхгүй байх”28 гэдгийг та нар мартаж болохгүй.

Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Chad H Webb, “We Talk of Christ, We Rejoice in Christ” (address given at the Church Educational System annual training broadcast, Jun. 12, 2018)-ийг үзнэ үү.

  2. Kim B. Clark, “Learn of Me” (evening with a General Authority, Jan. 26, 2018)-ийг үзнэ үү.

  3. Boyd K. Packer, “The Ideal Teacher” (address to seminary and institute teachers, June 28, 1962), 5–6.

  4. 1 Коринт 13:2

  5. 1 Коринт 13:1

  6. 1 Коринт 13:4

  7. Лук 19:5–6; Лук 19:1–6-г үзнэ үү.

  8. Jeffrey R. Holland, “Teaching and Learning in the Church,” Ensign, June 2007, 102; Liahona, June 2007, 70.

  9. Хувийн захидал

  10. Moронай 7:48

  11. Henry B. Eyring, “The Book of Mormon Will Change Your Life,” Ensign, Feb. 2004, 14; Liahona, Feb. 2004, 18.

  12. Mарк 5:32, тодотгол нэмэгдсэн.

  13. Марк 5:34

  14. “Шийдэх ёстой асуудлаа хайрлах ёстой хүнээсээ хэзээ ч дээгүүр бүү тавь” (Томас С.Монсон, “Аялалдаа баяр баяслыг олох нь,” Ensign, Nov. 2008, 86 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 98).

  15. Иохан 9:1–38-ыг үзнэ үү.

  16. Сургаал ба Гэрээ 88:125; тодотгол нэмэгдсэн.

  17. Иохан 8:1–11

  18. “Маш олон хүн наманчлалыг шийтгэл буюу хамгийн ноцтой нөхцөлөөс бусад үед аль болох зайлсхийх ёстой зүйл гэж үздэг. Гэхдээ шийтгэгдэнэ гэсэн мэдрэмж Сатанаас ирдэг. Биднийг эдгээж, өршөөн, цэвэршүүлж бас хүчирхэгжүүлэн, ариусгахыг хүсэж, найдаж байдаг Есүс Христийн мутраа дэлгэн байгааг харах харааг маань халхлахыг тэр оролддог. …

    Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг” (Russell M. Nelson, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” Ensign эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

  19. Дэйл Г.Рэнланд, “Бидний сайн хоньчин,” Ensign, May 2017, 30 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15.

  20. Исаиа 61:1

  21. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2017 оны 5-р сар, 145.

  22. Бригам Янгийн Их Сургуулийн судлаачид сүнслэг байдлыг бэхжүүлж, оюуны чадамжийг тэлсэн асуултуудын аль алинд өндөр оноо авсан багш нарыг тодорхойлжээ. Тэд тэрхүү багш нараас суралцагчдад хэрхэн зааж, тэдэнтэй ямар харилцаатай байдгаа хуваалцахыг хүссэн байна. Багш нарын хуваалцсан зүйлээс судлаачид 15 асуулт бүхий судалгаа боловсруулан гаргав. Дараа нь тэд уг судалгаагаа олон оюутанд илгээж, багш нарын ямар зан чанар тэдний сүнслэг байдлаа бэхжүүлж, оюуны чадамжаа тэлэхэд хамгийн их нөлөөлснийг тодорхойлохыг хүссэн байна. Судалгаанаас харахад, ийм үр дүн гарахад хүргэсэн хүчин зүйлсийн нэгдүгээрт багш нарынх нь “оюутнуудынхаа чадавхад итгэдэг” явдал хэмээн тэд хариулжээ. Хамгийн чухал хүчин зүйлсийн зургаадугаарт, багш нар нь “оюутнууддаа санаа тавьж, зовлонг нь ойлгодог” явдал гэсэн хариулт орсон байв. Alan L. Wilkins and A. Jane Birch, “Spiritually Strengthening and Intellectually Enlarging Faculty: What Students Want,” Perspective, Spring 2017, 30–37-оос энэ судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

  23. First Presidency Shares Messages from General Conference Leadership Session,” Apr. 4, 2019, mormonnewsroom.org.

  24. Ronald A. Rasband, “Jesus Christ Is the Answer” (evening with a General Authority, Feb. 8, 2019); “Suicide—Instructions for Inservice Leaders”-ийг үзнэ үү. The Church’s “Hope and Help” website offers resources to assist teachers on a variety of topics, including: abuse; addiction; addressing pornography; death, grieving, and loss; disabilities; divorce; emotional and mental health; Mormon and gay; pregnant and single; and suicide.

  25. Илчлэлт 12:10

  26. Д.Тодд Кристоффэрсон, “Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,” Ensign, May 2011, 97 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104.

  27. Neil L. Andersen, “The Faith to Find and Baptize Converts” (seminar for new mission presidents, June 25, 2016)-ийг үзнэ үү.

  28. Boyd K. Packer, “The Ideal Teacher,” 6.