Жил тутмын нэвтрүүлэг
Бид Христийн тухай ярьж, Христэд баясдаг


Бид Христийн тухай ярьж, Христэд баясдаг

Шашны институт, семинарын жил тутмын сургалтын нэвтрүүлэг • 2018 оны 6-р сарын 12 • Чуулганы төвийн театр

Баярлалаа, гайхамшигтай байлаа. Бид үнэхээр адислагдсан хүмүүс. Та нартай хамт байх нь надад олдсон онцгой боломж юм. Та бүхний хийдэг бүхий л зүйлд баярлалаа. Бид та нарт хайртай бөгөөд та нартай хамт үйлчлэхдээ баяртай байдаг.

Та нартай л адил би Сүмийн өсвөр үеийнхэн, залуучуудад туслах боломжийнхоо талаар мөн суралцагчдадаа Их Эзэн Есүс Христэд итгэх гүн гүнзгий, бат бөх итгэлийг хөгжүүлэхэд нь туслахын тулд хэрхэн илүү эрч хүчтэй зааж болох вэ гэж байнга боддог. Би энэхүү чухал асуултын талаар эргэцүүлэн бодохдоо, Аврагчийн тухай суралцах Түүний урилга бол нэгдүгээрт бид Түүнийг таньж мэдэхийн тулд суралцах ёстой гэсэн ахлагч Кларкийн бидэнтэй хамт хуваалцсан санаан дээр анхаарлаа хандуулсан. Хоёрдугаарт, бид Түүнээс суралцах ёстой. “Надаас суралц” хэмээх Аврагчийн урилгыг дурдаж, “Үүнээс илүү гүн гүнзгий суралцах арга үгүй”1 хэмээн нэмж хэлсэн ахлагч Нийл А.Максвэллийн үгсээс тэрээр эш татсан.

Өсвөр үеийнхэнд итгэлээ нэмэгдүүлэхэд нь туслах цорын ганц хамгийн чухал арга бол бид Есүс Христийг таньж мэдэн, Түүнээс суралцаж, Түүнтэй адил болохын тулд ухамсартайгаар хичээн зүтгэхэд нь суралцагчдадаа тусалснаар Есүс Христийг заах, суралцах үйл явцынхаа гол цөмд илүү бүрэн дүүрэн байрлуулах явдал юм гэдгийг би ойлгож, үүнд итгэх болсон. Бид өдөр бүр “Христийн тухай ярьж, … Христэд баясч, … Христийн талаар номлох”2 ёстой.

Та нараас олон нь энэхүү санааг баримтлан хичээлүүддээ анхааралтайгаар бэлтгэж, Есүс Христ, Түүний бурханлаг зан чанар, хязгааргүй хүч, хувиршгүй хайрыг гэрчлэх боломжуудыг эрэлхийлэн, энэ урилгыг аль хэдийн хэрэгжүүлж байгаа. Эдгээр ангид Ариун Сүнсний нөлөө нэмэгдэж, Аврагчид улам их талархлаа илэрхийлдэг болж мөн хувийн хэрэгжүүлэлтээ илүү утга учиртай, хамааралтай болгож, итгэлээр үйлдэх илүү олон залуу хүмүүс байх болсон.

Мэдээжийн хэрэг, суралцагчдадаа Есүс Христийг таньж мэдэхэд нь туслах хамгийн чухал арга зам бол тэдэнд ариун нандин санваарын ёслолуудад бэлдэж, гэрээнүүдээ сахихад нь туслах явдал билээ.3 Тэдэнд ариун сүмийн адислалуудыг хүртэхүйц зохистой байхад туслах нь Аврагч Есүс Христийг таньж мэдэж, дагахад тусалж байгаа хэрэг. Гэвч тэднийг бидэнтэй хамт байх үед Түүнд болон Түүний сургаал, Цагаатгалд тулгуурлахад туслах бидний хийж чадах өөр бусад зүйл байдаг.

Энэхүү шалтгааны учир би Есүс Христийг өдөр тутмынхаа суралцах, заах үйл явцын гол цөмд байлгах дөрвөн арга замыг санал болгож байна.

1. Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, шинж чанар, зан байдалд анхаарлаа хандуул

Нэгдүгээрт, Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, шинж чанар, зан байдалд анхаарлаа хандуул. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд “Topical Guide дээрх Есүс Христийн тухай судрын эшлэлүүдийг хувийн гол судлах материалаа болго”4 хэмээх урилгыг өгсөн. Энэхүү урилга нь бидэнд Есүсийн хийсэн зүйлсийн тухай мэдэхээс илүүгээр, Түүнийг болон Түүний зан байдал, шинж чанарыг таньж мэдэхэд туслах зорилготой.

Жишээлбэл, Есүс Христийн нэгэн нэр бол Бүтээгч юм. Есүс Эцэгийнхээ удирдлаган доор тэнгэр, газрыг бүтээсэн. Бүтээгч гэдэг нь Түүний бас нэгэн бурханлаг үүрэг бөгөөд Түүний төрөлх чанарыг харуулдаг. Бид Есүс хэрхэн, яагаад дэлхийг бүтээсэн тухай судлахдаа “Энэ нь бидэнд Түүний хэн болох тухай юу зааж байна вэ? Бидэнд Түүний санаа, хайр, хүч чадлын талаар юу зааж байна вэ? Аврагчийн ямар бурханлаг зан чанар Бүтээгч хэмээх үүргээр нь дамжуулан илэрхийлэгдэж байна вэ?” гэж асууж болно.

Та бүхэн ерөнхийлөгч Боид К.Пакэрийг модон шувуу сийлбэрлэх дуртай чадварлаг сийлбэрчин байсан гэдгийг санаж байгаа байх. Нэг өдөр түүнийг ахлагч А.Тийдор Таттлын жолоодож явсан машинд сууж явахад нэг сийлбэр нь машины арын суудал дээр байжээ. Замын уулзвар дээр ахлагч Таттл огцом тоормослон, сийлбэр шалан дээр доошоо харан унаад, хэдэн хэсэг болон эвдэрсэн байна. Ахлагч Таттл ихэд санаа зовсон боловч ерөнхийлөгч Пакэр огт тоосонгүй. Тэр “Битгий санаа зов. Би хийсэн юм чинь Би засаж чадна” гэж хэллээ. Тэр ч зассан. Тэрээр уг сийлбэрээ өмнөхөөс нь илүү бат бөх болгож, бага зэрэг сайжруулан засжээ. Ерөнхийлөгч Пакэр “Таныг хэн бүтээсэн бэ? Таны Бүтээгч хэн бэ? Таны амьдралд Түүний засаж чадахааргүй нугарсан, эвдэрсэн юм гэж байхгүй”5 хэмээн тайлбарлан хэлсэн.

Суралцагчид маань Бүтээгчийнх нь хувьд Есүсийн үүргийг ойлгож, Өөрийнхөө бүтээлүүдийг засаж, эдгээх Түүний гайхалтай хүчиййг гэрчилдэг судрын түүхүүдийг тунгаан бодох үедээ тэрхүү хүч, амлалтыг өөрсдийн амьдралд мэдэрч үзэхийг хүсдэг. Тэгээд тэд өөрсдийн доторх эвдэрсэн зүйлийг засах Түүний гайхалтай хүчийг мэдрэхийн тулд итгэлээр үйлдэх болно.

Есүсийн өөр нэгэн ариун нандин алдар бол Гэтэлгэгч юм. Судруудад Түүнийг энэ үүргээр нь 930 удаа дурдсан байдаг. Энэхүү алдар нь Түүний шинж чанар, зан байдлын талаар бидэнд юу заадаг вэ? Түүний гэтэлгэх хүч Алма, Саул, завхайрсан эмэгтэй нарын хувьд ямар утга учиртай байсан бэ? Энэ нь татвар хураагч, сайн мэдээний бичээч Матай нарын хувьд ямар утгатай байсан бэ?

Матай арван хоёрын нэг байхаар дуудагдсан тухай бүлэгт Есүс гайхамшгуудыг үйлдэж, “бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээж”6 байгаа түүх гардаг нь надад сонирхолтой санагддаг. Эдгээр гайхамшгийн учир шалтгаан нь Есүсийн “өрөвдсөн” 7 сэтгэл юм. Гэвч яагаад бүх сайн мэдээний бичээч дундаас Матай ганцаараа эдгээр гайхамшгийн дундуур өөрийн дуудлагыг оруулж бичсэн юм бол? Энэ нь он дарааллаар бичигдсэн үйл явдал байж болох ч бид эндээс өөр нэгэн зүйлийг сурч болно гэж би бодож байна. Есүсийн үйлдсэн хамгийн агуу гайхамшиг нь биднийг өршөөж, хайрлаж, өргөж мөн Матайд харуулсны адил хүн төрөлхтөнд өөрийнх нь үнэн төрх, чадавхыг харуулснаар биднийг гэтэлгэх явдал гэдгийг Матай ойлгож мэдсэн байх боломжтой юу?

Есүсийн зан чанарыг ойлгож мэдэхэд нь суралцагчдад туслах бас нэгэн арга бол зөвхөн судрын үйл явдлуудад биш, харин эдгээр үйл явдал бидэнд Аврагчийн тухай юу зааж байгаад анхаарлаа хандуулах явдал юм. Жишээлбэл, бид Лемонай хааны сүргийг тараасан хүмүүсийн гарыг Аммон тасалсан тухай түүхийг яагаад заадаг вэ? Аммоны сүр жавхлангийн талаар ярихын тулд уу? Эсвэл энэ нь үнэндээ Бурханы сүр жавхлангийн тухай түүх үү? Энэ түүх бидэнд Их Эзэний тухай болон Өөрт нь итгэсэн хүмүүсийг адисалдаг Түүний арга замын талаар юу заадаг вэ? Аммоны түүх “Би өөрийн хүч чадалд … бардамнан сагсуураагүй байна. Би юу ч биш гэдгээ мэднэ; … тиймийн тул … би Бурханаараа бардамнах болно, учир нь түүний хүч чадалд би бүх зүйлийг хийж чадна”8 хэмээх урам зоригтой гэрчлэлээр төгсдөг.

Хэдэн сарын өмнө, хэсэг гайхалтай багш нарын хамт байхдаа би тэднээс судрын ямар нэгэн түүх эсвэл Сүмийн түүхийн ямар нэгэн үйл явдлыг сонгож, энэ нь Бурханы шинж чанарын талаар юу илэрхийлж байгаа талаар бодохыг хүссэн. Эхний багш “Олон эхнэр авах ёс” гэж хариуллаа. Би эхлээд дотроо “За за. Өөр илүү хүнд сэдэв сонгож болоогүй л юм байх даа” гэж бодов. Харин биднийг ярилцаж эхлэхэд гайхалтай зүйлс тохиолдсон юм. Хүмүүс Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ хайрладаг бөгөөд тэднийг халамжлуулж, хамгаалуулахыг хүсдэг талаар гэрчлэлээ хуваалцаж эхлэв. Нэг хүн Их Эзэн биднээс хэцүү зүйлсийг хүсдэг боловч үргэлж биднийг дэмжиж, дуулгавартай байдлыг маань шагнадаг хэмээн ярьсан. Бас нэг хүн гэр бүлүүдийг хайрлаж, хүүхдүүдэд хайраар дүүрэн эцэг эхээр заалгуулахыг хүсдэг Бурханы тухай ярив. Ярилцлага үргэлжлэх үед би Сүнс Бурханы шинж чанар, зан байдлыг гэрчилж байгааг мөн бид Тэнгэр дэх Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд илүү ойр байгаагаа мэдэрч, Тэднийг арай илүү таньж мэдэн, хайрлаж байгаагаа анзаарсан.

Есүс Христ бол бидний Бүтээгч. Тэр бидний хайртай, өршөөнгүй, энэрэнгүй Гэтэлгэгч, Чөлөөлөгч юм. Мөн Тэрээр Иммануел, Бурханы Хурга, Мессиа, Израилийн Ариун Нэгэн, Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч билээ. Биднийг Түүний нэр, үүрэг, шинж чанар, зан байдалд анхаарлаа төвлөрүүлэх үед Ариун Сүнс Түүний үнэн төрх байдлыг илүү сайн ойлгож, хайрлаж, Түүнтэй адил болохыг илүү ихээр хүсэх хүслийг төрүүлэн, Түүнийг гэрчлэх болно.

2. Есүс Христийн үлгэр жишээг онцол

Есүсийг зааж буй зүйлийнхээ гол цөмд байлгах хоёр дахь арга зам бол Тэр бол сайн мэдээний бүх зарчмын төгс үлгэр жишээ, биелэл, илэрхийлэл мөн гэдгийг анзаарч, онцлох явдал юм.9 Манай багш нарын нэг нь саяхан надтай гэр бүлийнхээ судрын сургалтад Шинэ Гэрээнээс дахин уншихаар шийдсэн тухайгаа хуваалцсан юм. Харин энэ удаа Есүсийн хэлсэн зүйлс дээр биш, Түүний хийсэн зүйлс дээр гол анхаарлаа хандуулжээ. Түүний төгс үлгэр жишээн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь Түүний тухай гэрчлэхэд Ариун Сүнсийг урьдаг.

Бидний зааж буй түүхэнд Есүсийн тухай шууд утгаараа гарахгүй байгаа ч Тэрээр энэхүү түүхэнд дүрслэгдэж буй зарчмын үлгэр жишээ мөн болохыг бид онцолж болно. Жишээлбэл, нэг зарчмыг тодорхойлж, дүгнэснийхээ дараа бид “Есүс сударт энэ зарчмыг үлгэрлэн үзүүлсэн байсан жишээг санаж байна уу?” Эсвэл “Та хэзээ энэхүү зарчмыг Есүс үлгэрлэн үзүүлж байгааг амьдралдаа эсвэл өөрийн биеэ авч явах байдал дээр олж харсан бэ?” гэж асууж болно. Саяхан нэг суралцагчид Аврагчийн номхон дөлгөөн зангийн талаарх дээрх асуултыг тавьжээ. Түүний бодол санаа, мэдрэмж Аврагчийг өөрт нь үргэлж эелдэг зөөлөн байдлаар хандаж байсан үе рүү хөврөв. Анги дахь энэ туршлага нь тэр өөрөө Их Эзэнд тулгуурладагтай адил өөрт нь тулгуурлах хүмүүст илүү Христтэй адил, эелдэг зөөлөн байдлаар хандах гүн хүслийг түүнд төрүүлсэн аж.

Та нар бичигдсэн бүх номыг судлаад, сайн мэдээний зарчим бүрийг Есүсийн талаарх болон Түүний мөнхийн тохинууллын талаарх судрын түүхүүдээс илүү сайн тайлбарласан дүрслэлийг олж чадахгүй. Их Эзэний үлгэр жишээг Иехова, мөнх бус Христ, амилсан Аврагч зэрэг дүрээр тунгаан бодох нь манай суралцагчдын үр дүнтэй, зөв шударга үйлдэл хийх хүч, чадварыг өсгөн нэмэгдүүлэх болно. Энэ нь бидний хичээлийг ёс суртахуун болон өөрийгөө хянах чадварын талаарх ярилцлагаас илүү утга учиртай болгож, суралцагчдыг Аврагчийн хүчтэй бөгөөд аз жаргалын мөнхийн төлөвлөгөөтэй холбох болно.

Бид дүрслэл ашиглан шударга байдлын зарчмыг хэрхэн зааж болох вэ? Хэрэв бид өөрсдөө үнэнч шударга байвал хүмүүс бидэнд илүү итгэж найдах болно гэдэг нь “хамгийн шилдэг бодлого” уу? Эсвэл шударга үнэнч байдал Христийн шинж чанарын гол цөм үү? Хэрвээ бид Түүнтэй адил байх гэж байгаа бол бүхий л зүйл дээр үнэнч шударга байх Түүний төгс жишээг дагахад суралцах ёстой биш гэж үү? Ийм төрлийн асуултыг сайн мэдээний бүх зарчимтай холбон тавьж болно.

Артур Хэнри Кинг энэхүү санааг “Бид [сайныг] Бурханы Хүү Есүс Христ буюу бодит хүнээр дүрслэн бэлгэддэг. Тэр бол зарчим биш, бүх зарчмыг агуулдаг хүн. … Хүнийг дагах нь зарчмыг дагахаас тэс өөр юм. … Бид ёс суртахууны гүн ухааны нарийн түвэгтэй байдлын учрыг олох шаардлагагүй. Энэ Түүнтэй ямар ч хамааралгүй. Бид сайн мэдээг судалж, Христийн юу хийснийг харж, хийсэн зүйлтэй нь өөрсдийгөө зүйрлэхийг хичээх ёстой. Учир нь бид Эзэний сүнс болон хайрыг мэдэрдэг бөгөөд сайн мэдээнд умбаж шумбасан учраас энэ нь бидний хийх ёстой зүйл гэдгийг мэддэг. Бидний дотор хадгалагдсан байгаа сайн мэдээ нь тодорхой нөхцөл байдалд юу хийх ёстойг бидэнд ямар ч үед мэдрүүлдэг”10 хэмээн гайхалтайгаар заасан байдаг.

Сайн мэдээний дагуу амьдрах хичээл зүтгэлээ Есүс Христтэй холбох үед ирдэг хүч чадал байдаг. Хэрвээ бидэнд урсгал даган хөвж байгаа мэт эсвэл сайн мэдээний дагуу амьдрах нь хийх ёстой зүйлсийн жагсаалт мэт санагдаж байгаа бол бид хайж буй ач ивээл, баяр баяслын эх сурвалжаасаа тасарсан байж магадгүй. Бид бүхий л зөв зүйлийг хийж байгаа ч зорилгоо алдаж байгаагаа анзаарч болох юм. Сайн мэдээ бол шаардлагуудын жагсаалт биш бөгөөд харин Есүс Христ нүгэл, үхлийг даван туулсан хэмээх сайн мэдээ юм. Есүс Христ бол Өөртэй нь адилхан болоход бидэнд туслах Тэнгэр дэх Эцэгийн авралын төлөвлөгөөний гол дүр. Тэр бол бидэнд хэрхэн амьдрах ёстойг харуулсан төгс үлгэр жишээ төдийгүй бидэнд хэрэгтэй боломжийг олгогч бурханлаг хүчний эх сурвалж юм. Бид Түүний үлгэр жишээг дагахад суралцаж, сайн мэдээний дагуу амьдрах хичээл зүтгэлээ Түүнтэй холбохдоо Түүний шавь байхын баяр баяслыг олох болно.

3. Есүс Христийн хэв шинж болон тусгалыг эрж хай

Гуравдугаарт, бид сударт бичигдсэн итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс болон бошиглогчдын амьдралаас Аврагчийн хэв шинж, сүүдрийг11 эрж хайх хэрэгтэй. Бошиглогч Иаковын зааснаар “хүмүүнд, энэ дэлхийн эхлэлээс Бурханаас өгөгдөх тэдгээр бүх зүйл, түүнийг бэлэгдэх ажгуу.”12

Энэ санааныхаа ачаар би Шинэ Гэрээнээс семинарын ангид заахдаа ангийнхаа арын хананд том цааснуудыг наасан. Би цааснуудын дээд талд Шинэ Гэрээний бошиглогчдын нэрийг бичсэн. Бид Шинэ Гэрээний нэг бүлгийг судалж дуусахад би суралцагчдаасаа судалсан бошиглогчийнхоо талаар сурсан зүйлс, түүний туршлагууд хэрхэн Аврагчийг дүрсэлсэн эсвэл сануулсан тухай бодохыг хүссэн. Адамын талаар суралцсаны дараа суралцагчид “Адам Бурханы хүү байсан.” “Тэр үхэшгүй.” “Тэр цэцэрлэг рүү очсон.” “Биднийг амьдруулж болохын тулд Тэрээр сайн дураараа үхлийг өөр дээрээ авсан” гэх мэт зүйлсийг бичсэн юм. Хэн нэгэн “Бид Адамын тухай л ярьж байна уу? Эсвэл Есүсийн тухай ярьж байна уу?” гэж асуух хүртэл тийм ч урт хугацаа шаардаагүй.

Тэр үед нэг суралцагч судар судлах үедээ олж авсан туршлагаа надтай хуваалцахаар ангид цагаасаа эрт ирсэн байв. Тэрээр урьд орой нь “Өргөс тэрчлэн, мөн өргөст халгайг энэ нь чамд урагш авчрах болно”13 хэмээх Мосе 4-р бүлэгт гардаг Адамын уналтын үр дагаврын талаарх шүлгийг уншжээ. Тэр “Энэ түүх Христийг хэрхэн гэрчилж байна вэ?” гэж асуух талаар сурсан байсан болохоор “Есүс Адамтай ярьж байхдаа хэзээ нэгэн өдөр Уналтын үр дагаврын өргөст титмийг жинхэнээсээ өмсөнө гэдгээ мэдэж байсан болов уу?” хэмээх асуулт руу хөтлөгджээ.

Суралцагчид маань Египетийн Иосефын амьдралаас 60 гаруй арга замаар Аврагчийн хэв шинжийг харуулж байгаа өөр нэгэн жишээг олсон юм. Тэд хоёулаа Эцэгээрээ хайрлуулж, ах нараараа басамжлуулан, боолын үнээр зарагдаж байсныг суралцагчид онцолж хэлсэн. Тэд тэр хоёрт ирсэн уруу таталтын адил төстэй байдлыг мөн Бурхан үргэлж тэдэнтэй хамт байсныг олж харсан. Эдгээр холбоос нь ямар нэгэн анзаарагдах төдий зүйлээс хамаагүй илүү зүйл юм. Их Эзэний сонгогдсон бошиглогчдын амьдрал Түүний хэв шинж бөгөөд Түүний бурханлаг зан чанаруудыг бидэнд заадаг. Эдгээр нөхцөл байдлын дүр зургийг үр дүнтэй ашиглах үед энэ нь бидэнд Есүсийг илүү сайн таньж мэдэн, Түүнтэй илүү адил болоход тусалдаг.

Миний эхнэр Кристи саяхан Египет дэх Иосефын тухай судрын энэхүү түүхийг зааж байхдаа “Та нар Иосефын үлгэр жишээнээс Христийнхтэй адил ямар зан чанаруудыг олж харж байна вэ?” хэмээн ангийнхнаас асуусан. Бид түүний сорилт бэрхшээл бүрийг адислал болгох чадварын талаар мөн түүний дуулгавартай байдал, тэвчээр, тусламж хэрэгтэй хүмүүсийг санах, бусдыг уучлах хүслийнх нь талаар ярилцсан. Тэр асуулт уг түүхийг өмнө нь судалж, Иосеф хэн гэдгээ ах нартаа илчлэх нь ямар байсан талаар төсөөлөн бодож байсан үеийг минь надад сануулсан. Сударт тэд “түүнээс айн сандарсан”14 гэж гардаг. Та бүхэн тэрхүү мөч ямар байсныг, тэд юу хийснээ ухаараад юу мэдэрч байсан талаар төсөөлж чадах уу? Гэвч Иосеф ах нартаа “Над уруу ойртоцгоо … Би бол та нарын дүү Иосеф. … Бүү санаа зов … Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ”15 хэмээн хэлдэг. Би тэрхүү үйл явдлыг оюун санаандаа дүрслэн бодохдоо, бид Шүүлтийн өдөр Их Эзэний өмнө зогсох үед ямар байх бол гэдгийг илүү сайн ойлгодог. Мэдээж хэрэг, бид нүглүүдээ санаж, Түүний оршихуйд байхдаа “айн сандрах” байх гэж би төсөөлөн боддог. Гэхдээ Тэр биднийг өвдөг сөхөрч байхад маань өргөн босгоод, “Над руу ир. Над руу ойрт. Би чиний ах байна. Бурхан амийг аврахаар намайг илгээжээ” хэмээн хэлнэ гэж мөн төсөөлж чаддаг.

Бид Есүс Христийн хэв маяг, сүүдэрт анхаарлаа төвлөрүүлэх үедээ дараах асуултуудыг тавьснаар суралцагчдадаа Түүний зан байдал, шинж чанарыг таньж мэдэхэд тусална.

  • “Та нар энэ бошиглогчийн амьдралаас Христийнхтэй адил ямар шинж чанарыг олж харж байна вэ?”

  • “Есүс энэхүү зан чанарыг агуулсан учраас та нар хэзээ адислагдаж байсан бэ?” Эсвэл “Аврагч та нарын төлөө энэ шинжийг хэрхэн харуулсан бэ?”

  • “Та нар Есүс Христтэй илүү адилхан болж, энэхүү бурханлаг зан чанарыг олж авахын тулд юу хийж болох вэ?” “Та нар Тэнгэр дэх Эцэг, Есүс Христийг дагахын тулд итгэлтэйгээр үйлдэхэд тань сүнслэгээр нөлөөлөх Тэдний тухай юу сурсан бэ?”

Суралцагчид “залбирах” эсвэл “судраас унших” гэх мэт хариулт өгөхөд бид дараахтай төстэй асуултуудыг тавьснаар эдгээр үйлдлийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй холбож ойлгоход нь туслах болно.

  • “Хэнтэй ярьж байгаагаа мэдэж байгаа үед залбирал тань хэр өөр байх вэ?”

  • “Та нар судруудыг Аврагчийг илүү сайн таньж мэдэхэд болон Түүнтэй илүү адилхан болоход тань туслах арга замаар хэрхэн судлах вэ?

Ийм төрлийн асуултууд нь суралцагчдад Аврагчийг таньж мэдэн, Түүний талаар суралцах илүү агуу хүч, чадавхыг хөгжүүлэхэд тусална.

4. Есүс Христийн тухай цэвэр гэрчлэлийг хуваалц

Бидний хийж болох дөрөв дэх зүйл бол Есүс Христийн тухай цэвэр гэрчлэлийг хуваалцах явдал юм.

Бид Түүний тухай илүү олон удаа, илүү хүчтэй, хүндэтгэл, бишрэл, талархалтайгаар ярих хэрэгтэй. Бид өөрсдийн гэрчлэлийг хуваалцах хэрэгтэй бөгөөд бие биетэйгээ гэрчлэлээ хуваалцахад суралцагчдаа урих илүү үр дүнтэй аргыг олох ёстой. Саяхан нэг хичээл дээр залбирлын зарчмын тухай ярилцаж байхад багш нь суралцагчдаа Их Эзэний залбирах урилга болон залбиралд хариулах амлалт бидэнд хайртай Тэнгэр дэх Эцэгийн маань шинж чанарын талаар юу заадаг тухай эргэцүүлэн бодоход урьсан. Тэгээд тэднийг Аврагчийн нэрээр залбирах боломж олгодог Түүний зан чанаруудын талаар бодоход урьсан юм. Эдгээр энгийн асуултаас улбаалан залбирлын тухай хичээл маань суралцагчдад Тэнгэр дэх Эцэгийн маань болон Түүний Хүү Есүс Христийн хүч, хайрын талаар гэрчлэлээ хуваалцах боломжийг нээж өгсөн. Суралцагчдыг ангиас гарах үед Бурхантай харилцах харилцаандаа болон Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч болох Есүс Христийн нэрээр залбирах бидэнд өгөгдсөн гайхалтай адислалдаа талархах талархал нь нэмэгдсэн байсан.

Есүс Христийн тухай гэрчлэх бас нэгэн чухал арга зам бол эртний болон одоо үеийн бошиглогчдын гэрчлэлийг ангид хуваалцаж байх явдал юм. Төлөөлөгч Петр биднийг “Бурханаар урьд нь сонгогдсон гэрчлэгчид” хэмээн хэлсэн. Мөн тэрээр “Тэр бол Бурханаар томилогдсон … гэдгийг гэрчлэхийг … бидэнд тушаасан юм. Бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг”16 хэмээн хэлсэн.

Саяхан ахлагч Робэрт Д.Хэйлс намайг эргэцүүлэн бодоход хүргэсэн нэгэн мэдэгдлийг хэлж билээ. Тэрээр “Бид урьдчилан сэрэмжлүүлэгдэж, хамгаалуулахын тулд бошиглогчдын үгсийг үзэж, сонсон, уншиж, судалж, бусадтайгаа хуваалцдаг. Жишээ нь: Өнөөдөр гэр бүлүүдэд тохиож буй саад бэрхшээл тохиолдохоос олон жилийн өмнө ‘Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг’ өгөгдсөн” хэмээн хэлсэн бөгөөд энэхүү бодол дээрээ нэмээд “Бидэнд хамгийн их хэрэгтэй болохоос өмнө ‘Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл’ өгөгдсөн юм”17 хэмээн хэлсэн.

Би гутранги үзэлтэн биш. Гэвч яагаад уг тунхаг уламжлалт гэр бүлийн эсрэг үлээж байгаа хүчит салхины өмнө өгөгдсөн нь тодорхой болж байна. Мөн бошиглогчийн “Амьд Христ” баримт “бидэнд хамгийн их хэрэгтэй болохоос өмнө” өгөгдсөн хэмээн хэлэхийг сонсох нь илүү хүчтэй салхи үлээж, суралцагчид болон хүүхдүүдийн маань итгэлийг нүдэх болно гэж бодоход хүргэж байна. …

“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” нь “Бид Түүний зүйрлэшгүй амьдрал болон агуу их цагаатгах золиослолын хязгааргүй ач тусын бодит үнэнийг гэрчилдэг. Тэр бол Хуучин Гэрээний агуу Иехова, Шинэ Гэрээний Мессиа билээ. … Тэрээр Палестины замаар явж, өвчтэй нэгнийг анагааж, сохор нэгнийг хараатай болгож, үхсэн нэгнийг амилуулж байв. Тэрээр мөнх байдал[ын] … бодит үнэний … тухай заасан. … Тэрээр бүх л хүн төрөлхтний нүглийг цагаатгахын төлөө амиа өгсөн. … Тэр бол ‘нойрсогчдоос эхний үр жимс’ болохын тулд үхэгсдээс амилсан юм. … Тэрээр эртнээс амласан ‘цаг хугацааны бүрэн дүүрэн эрин үе’-ийг эхлүүлэхээр Тэр ба Түүний Эцэг Иосеф Смит хүүгийн өмнө гарч ирсэн билээ. … Түүнийг хэзээ нэгэн цагт дэлхий дээр эргэж ирнэ гэдгийг бид гэрчилж байна. … Тэрээр Хаадын Хааны хувьд удирдан, Эзэдийн Эзэний хувьд захирах болно. … Есүс бол амьд Христ, Бурханы үхэшгүй Хүү. Тэр бол өнөөдөр Эцэгийнхээ баруун гар талд зогсож буй агуу Иммануэл Хаан. Тэр бол дэлхийн гэрэл, амь бөгөөд найдвар юм. … Тэнгэрлэг Хүүгийнх нь зүйрлэшгүй бэлгийнх нь төлөө Бурхандаа талархъя”18 хэмээн тунхагладаг.

Энэхүү Бурханы бошиглогчдын гэрчлэл нь бидний суралцагчид болон хүүхдүүдэд хамгийн их хэрэгтэй болохоос өмнө өгөгдсөн. Бид тэдэнд энэхүү гэрчлэлийг оюун бодол, зүрх сэтгэлдээ гүн гүнзгий суулгахад нь туслах ёстой. Суралцагчдадаа Есүс Христийг таньж мэдэхэд нь туслахаас илүү тэднийг адислах бидний хийж чадах юм гэж байхгүй. Бид тэдэнд Түүнийг хайрлаж, даган, Түүнтэй адил болохыг ухамсартайгаар хичээхэд нь туслах ёстой. Би Бурханы бошиглогчдын гэрчлэл дээр Есүс бол Христ, Бурханы Хүү, дэлхийн Аврагч хэмээх даруухан гэрчлэлээ нэмж байна.

Есүс Христийн ариун нэрээр, амен.