Ирээд, Намайг дага
Сүмийн удирдагчдаа дэмжинэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ?


Сүмийн удирдагчдаа дэмжинэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Сүмийн гишүүд бидний хувьд Их Эзэний үйлчлэл хийлгэхээр дуудсан хүмүүсийг дэмжих боломжтой байдаг. Бид ерөнхий эрх мэдэлтэн, Сүмийн албан тушаалтан, Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг оролцуулан тойрог, гадсан дахь удирдагч бүрийг дэмжиж байгаагаа илэрхийлж, гараа өргөдөг. Удирдагчдаа дэмжинэ гэдэг нь зөвхөн гар өргөх төдий зүйл биш бөгөөд тэднийг дэмжин тусалж, тэдний төлөө залбирч, өгөх үүрэг даалгавар хийгээд дуудлагыг хүлээн авч, зөвлөгөөг нь сонсож, тэднийг шүүмжлэхээс зайлсхийнэ гэсэн үг юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та Сүмийн удирдагчдыг дэмжихийн тулд юу хийдэг вэ? Та үүнийг хийснээрээ хэрхэн адислагдсан бэ?

Аароны санваартнууд бишоп эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд зэрэг Сүмийн удирдагчдыг дэмжиж байгааг та хэзээ харсан бэ? Тэд бие биетэйгээ ямар туршлага хуваалцаж болох вэ?

Эдгээр судар, материалыг залбирч судал. Чуулгын гишүүдийг Сүмийн удирдагчдаа дэмжихэд юу урамшуулан дэмжих вэ?

Eгипетээс Гарсан нь 17:8–12 (Aaрoн, Хур хоёр Мосегийн гарыг өргөсөн нь)

С ба Г 21:1–6; 124:45–46 (Их Эзэний үйлчлэгчдийн дуу хоолойг сонсдог хүмүүс адислагдах болно)

Нифай 18:9-14; С ба Г 84:23–25 (Удирдагчдаа эсэргүүцсэн хүмүүсийн жишээ)

Хаадын Дээд 17:8-16; Хаадын дэд 5:8-14 (Удирдагчдаа дэмжсэн хүмүүсийн жишээ)

Хэнри Б.Айринг, “Бурханаас дуудагдаж, хүмүүсээр дэмжигдсэн,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 6-р сар, 4–5

Жэймс И.Фауст, “Дуудагдагсад ба сонгогдогсод,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 53–55

Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчдыг дэмжин батлах нь,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 74-77

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн шавь нарт итгэж, тэднийг бэлтгэж, мөн бусдад зааж, үйлчлэх чухал хариуцлагуудыг тэдэнд өгсөн юм. Тэрээр энэхүү замаар Өөрийн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөхөд тэдэнд тусалсан. Та Аароны санваартнуудын зөвлөхийн хувьд Аврагчийн жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Залуу эрэгтэйчүүдээс өнгөрсөн долоо хоногт суралцсан зүйлсээ хэрэгжүүлэхийн тулд юу хийснийг асуу. Тэдэнд ярилцсан зүйлсийнх нь талаар ямар нэгэн асуулт эсвэл санаа бодол байна уу?

  • Энэ хичээлийн нэрийг самбар дээр бичээд, дэмжихгэдэг үгтэй ижил утгатай үгсийг бодож олохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Дараа нь тэднийг чуулгынхаа ерөнхийлөгчийн зөвлөлийг оролцуулан тойргийн удирдагчдын нэрсийг самбар дээр жагсааж бичихэд урь. Залуу эрэгтэйчүүд тэдгээр хүнийг дэмжихийн тулд юу хийж байна вэ?

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь Сүмийн удирдагчдыг дэмжих гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход чуулгын гишүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Чуулгын цуглааны өмнө залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний “Бошиглогчдыг дэмжин батлах нь” хэлсэн үгийг уншаад, үүнээс ерөнхийлөгч Томас С.Монсонг дэмжин батлахад юу тэдэнд сүнслэгээр нөлөөлсөн талаар хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Чуулгыг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд ерөнхийлөгч Жэймс И.Фаустын “Дуудагдагсад ба сонгогдогсод” хэлсэн үгээс, эсвэл Сургаал ба Гэрээ 124:45-46-р шүлгээс хэсэгчлэн хуваарилж өг. Тэднээс удирдагчдаа дэмждэг хүмүүст амлагдсан амлалтыг болон дэмждэггүй хүмүүст өгөгдсөн анхааруулгыг олж уншихыг хүс. Тэднийг олсон зүйлээ хуваалцаж, уг үгнээс эдгээр адислал ба анхааруулгыг харуулж буй түүхүүдийг хуваалцахад урь.

  • Залуу эрэгтэйчүүдийг дор дороо Египетээс Гарсан нь 17:8-12-ыг уншаад, уг түүхийг өөрийн үгээр товчлон ярьж өгөхийг тэдний нэгээс хүс. Бид Сүмийн удирдагчдаа дэмжихтэй энэ түүх хэрхэн холбогдож байна вэ? Чуулгынхаа ерөнхийлөгчийг болон бусад удирдагчаа дэмжих үед бид Аарон, Хур хоёртой юугаараа адил байдаг вэ?

  • Судраас Лемен, Лемүел хоёр (1 Нифай 18:9-14-ийг үзнэ үү), эсвэл Израилийн хүүхдүүд (С ба Г 84:23-25-ыг үзнэ үү) гэх мэт удирдагчаа эсэргүүцсэн хүмүүсийн жишээг олоход залуу эрэгтэйчүүдийн заримыг урь. Үлдсэн залуу эрэгтэйчүүдийг Зарефатын бэлэвсэн эхнэр (Хаадын Дээд 17:8-16-г үзнэ үү), эсвэл Нааман (Хаадын Дэд 5:8-14) гэх мэт удирдагчаа дагасан хүмүүсийн жишээг олохыг хүс. Тэднээс олсон түүхээсээ хуваалцаж, Сүмийн удирдагчдаа хүндэтгэх эсвэл эсэргүүцэхийн үр дагаврын талаар юу зааж байгааг тайлбарлахыг хүс.

  • Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Бурханаар дуудагдаж, хүмүүсээр дэмжигдсэн нь” өгүүллийг уншин, Сүмийн удирдагчдаа дэмжих арга замын талаарх жишээнүүдийг олоход урь. Сүмийн сэтгүүлүүдийг авчирч, Сүмийн удирдагчдыг дэмжих арга замуудыг харуулж буй зургуудыг олж, хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Чуулгынхаа ерөнхийлөгчийн зөвлөлийг, мөн бусад удирдагчаа дэмжихийн тулд залуу эрэгтэйчүүд юу хийдэг вэ? Хэн нэгэн хүн удирдагчийг нь шүүмжилж байгааг сонсох юм бол тэд юу хэлж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд Сүмийн удирдагчдыг дэмжих гэдэг нь ямар утгатайг ойлгож байна уу? Тэдэнд ямар мэдрэмж эсвэл сэтгэгдэл төрсөн бэ? Тэдэнд өөр нэмэлт асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Үйлдэхэд урь

Удирдаж байгаа залуу эрэгтэй цуглааныг өндөрлүүлнэ. Тэрээр:

  • Тухайн үед тэргүүлэхээр дуудагдсан санваарын удирдагчдын талаар санал бодлоо хуваалцаж болно.

  • Сүмийн удирдагчдаа бүрэн дүүрэн дэмжихийн тулд чуулгын гишүүд юу хийж болох тухай товч ярилцлага хөтлөн явуулж болно.