Ирээд, Намайг дага
Сорилт бэрхшээл тулгарсан үед Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?


Сорилт бэрхшээл тулгарсан үед Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?

Аврагч цагаатгагч золиослолынхоо нэг хэсэг болгон бидний өвчин зовлонг Өөр дээрээ авсан билээ. Тэрбээр бидний сорилт бэрхшээлүүдийг биеэр амссан учраас бидэнд хэрхэн туслахыг мэддэг. Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлээ ашиглавал, Тэр бидэнд хүч чадал өгч, бидний ачааг хөнгөлөх болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Өөртөө тохиолдож байгаа сорилт бэрхшээлийн талаар бод. Та Цагаатгалаар дамжуулан хүч чадлыг хэрхэн хүлээн авсан бэ?

Чуулгынхаа залуу эрэгтэйчүүдийн талаар бод. Тэдэнд ямар сорилт бэрхшээл тулгарч байна вэ? Та хувийн ямар туршлага, судар, хэлсэн үгийн эшлэлүүдийг тэдэнтэй хуваалцахыг хүсэж байна вэ? Залуу эрэгтэйчүүдэд бие биетэйгээ хуваалцаж болох хувийн туршлага байна уу?

Бэлтгэх явцдаа эдгээр материалыг болон хэрэгцээ гарсан үед Аврагчид хандахад тань тусалсан бусад материалыг залбирч судлаарай.

Maтай 11:28–30; Филиппой 4:13; 1 Нифай 17:3; Хиламан 5:12; C ба Г 19:23; С ба Г 68:6 (Есүс Христ бидэнд хүч чадал өгч бидний ачааг хөнгөлдөг)

Moзая 23:12–16; 24:8–17 (Их Эзэн Алмагийн хүмүүсийн ачааг хөнгөлөхийн тулд тэднийг хүчирхэгжүүлсэн билээ)

Исаиа 53:3–5; Aлма 7:11–13 (Есүс Христ зовлонг өөрийн биеэр туулсан учир бидний зовлонг ойлгодог)

Улиссес Соарес, “Бурханд эргэлзэхгүйгээр найдах нь,” Ensign, 2017 оны 5-р сар, 33-35 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19-21

Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71-75

В.Кристофэр Ваддэлл, “Амар амгаланд хүргэх загвар,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74-77 

Даллин Х.Өүкс, “Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50–53

Саад тотгор,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 152-156

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн номлолыг зааж, гэрчлэхдээ судруудыг ашигладаг байлаа. Сорилт бэрхшээл тулгарсан үед Аврагч биднийг хэрхэн хүчирхэгжүүлдэг тухай заадаг хүч нөлөө ихтэй олон судар энэ хичээлд байгаа. Залуу эрэгтэйчүүд эдгээр судрыг судалж, ярилцахад Ариун Сүнс тэдэнд эдгээр судрын үнэнийг гэрчлэх болно.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс сурч мэдсэн зүйлийнхээ талаар ярихыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Сурч мэдсэн зүйлээ үйлдэл болгон хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцах цагийг тэдэнд гаргаж өг.

  • Чуулгын гишүүн бүрд цаас өгч, одоо өөрт нь тулгараад байгаа сорилтын талаар бичихийг тэднээс хүс. Сорилт бэрхшээл тулгарсан үед Есүс Христ тэдэнд хүч чадал хэрхэн өгдгийг тунгаан бодохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Цагаатгалын сургаалыг мэдсэний ачаар, тохиолдсон сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах талаарх бодлоо бичихэд тэднийг урамшуулан дэмж.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь сорилт бэрхшээл тулгарсан үед Цагаатгал тэдэнд хэрхэн тусалдгийг ойлгоход чуулгын гишүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ахлагч Улиссес Соаресын хэлсэн “Бурханд эргэлзэхгүйгээр найдах нь” үгээс эгч нь нас барсан нэгэн номлогчийн түүхийг унших эсвэл үзэхэд залуу эрэгтэйчүүдийг урь. Есүс Христийн Цагаатгал болон авралын төлөвлөгөөний талаарх мэдлэг нь уг номлогчид хүнд бэрх үед нь хэрхэн тусалсан бэ? Ахлагч Соаресын хэлсэн үгээс залуу эрэгтэйчүүд ямар нэмэлт ойлголттой болсон бэ? Одоо тулгарч байгаа сорилт бэрхшээлийнхээ тухай бодохыг тэднээс хүс. Тэд Аврагчаас өөрсдөд нь туслах хүчийг хэрхэн олж авч болох вэ? 

  • Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь” үгийн зарим хэсгийг, ялангуяа Элиза Р.Снөүгийн туршлагыг судлахад урь. Залуу эрэгтэйчүүд хүнд хэцүү нөхцөлд баяр баясгалантай байсан ямар туршлагаасаа хуваалцахыг хүсэж байна вэ? Залуу эрэгтэйчүүдийг баяр баясгаланг авчрах зүйлсийн талаар бодоход нь туслахын тулд тэднийг хоёр багт хуваа. Баг бүрд тодорхой хугацаа өгөөд, баяр баясгаланг авчирдаг аль болох олон зүйл бичих даалгавар өг. Бичиж дууссаных нь дараа тэднийг ерөнхийлөгч Нэлсоны үгээс жагсаалт дээрээ нэмж бичиж болох зүйлийг хайж олоход урь. Тэд хүнд хэцүү үед баяр баясгаланг авчирдаг зүйлсээ санахын тулд юу хийж болох вэ?

  • Энэ хичээлийн аль нэг хэсгийг заахад чуулгын нэг гишүүнийг урь. Тэр үүнийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ Цагаатгалын тухай сурч мэдэх болон заах төлөвлөгөөний нэг хэсэг болгон хийж болно (“Сургаалыг ойлго,” 18, 42, 66-р хуудсыг үзнэ үү).

  • Чуулгыг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрийг энэ тойм дахь судруудаас нэг буюу түүнээс олныг уншаад, уншсан зүйлээ чуулгынханд хураангуйлан танилцуулахад урь. Залуу эрэгтэйчүүдийг эдгээр судраас сорилт бэрхшээлийг даван туулахад нь туслах сурч мэдсэн зүйлээ бичиж тэмдэглэхэд урь.  Хэрэв тэнд бичсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй байвал хуваалцахад урамшуулан дэмж. Та өөрийнхөө туршлагыг хуваалцах талаар бодож үз. Бишопын зөвшөөрлөөр та бас залуу эрэгтэйчүүдийн зарим аавыг анги дээр урьж авчран, хүнд хэцүү үед Аврагч тэднийг хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хуваалцахад урь.

  • “Бурхан биднийг өргөн дэмжих болно” видео бичлэгийг үзүүл. Видео бичлэгийн эхэнд ахлагч Робэрт Д.Хэйлсийн тавьсан асуултад залуу эрэгтэйчүүд хэрхэн хариулах бол? Бритни өөрт нь тохиолдсон хүнд сорилтыг даван туулах хүч чадлыг олохын тулд юу хийсэн бэ? Тохиолдсон сорилт бэрхшээлүүдийг даван туулахад Бритнигийн үлгэр жишээг дагаж болох арга замуудын тухай тунгаан бодоход залуу эрэгтэйчүүдийг урь.

  • Залуу эрэгтэйчүүдийг хүмүүст тулгардаг гай зовлон, хүнд хэцүү бэрхшээлийг жагсаан бичихэд урь. Ангиараа ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн “Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн” эсвэл бишоп В. Кристофэр Ваддэллийн хэлсэн “Амар амгаланд хүргэх загвар”  хэмээх үгсийг уншаад, хүнд хэцүү цаг үед Аврагч бидэнд хэрхэн тусалж болох санааг хай. Залуу эрэгтэйчүүдийг жагсаан бичсэн зовлон бэрхшээлээс заримтай нь тулгараад байгаа нэг найздаа тусалж байгаа дүрд жүжигчлэн тоглоход урь. Тэднийг жүжигчлэн тоглох үедээ дээрх хэлсэн үгсээс төрсөн санаа бодлоо хуваалцахад урь. 

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Цагаатгал сорилт бэрхшээл тохиолдсон үед нь хэрхэн тусалж болохыг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаалд илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Жижиг бүлгүүдээр ярилцах нь сонирхол нь буурч, анхаарал сарниж байгаа хүмүүсийг ярилцлагад татан оруулах сайн арга юм” (Teaching, No Greater Call [1999], 72).

Үйлдэхэд урь

Цуглаан хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаана. Тэрээр:

  • Сорилт бэрхшээлийг даван туулахад Аврагч түүнд хэрхэн тусалсан туршлагаа хуваалцаж, сорилт бэрхшээл тохиолдсон үед Аврагчид найддаг байх хүслийг чуулгын гишүүдэд төрүүлэх хэрэгтэй.

  • Өнөөдөр сурч мэдсэн зүйлээ Аврагчийн тусламж хэрэгтэй байгаа хэн нэгнийг урамшуулан дэмжихэд хэрхэн ашиглаж болох тухай ярилцлага явуул.