Ирээд, Намайг дага
Амилалт гэж юу вэ?


Амилалт гэж юу вэ?

Есүс Христийн Цагаатгалын ачаар бүх хүн амилуулагдах болно. Бидний бие сүнстэйгээ төгс бөгөөд үхэшгүй байдалд эргэн нэгдэх болно. Бид амилалтыг ойлгож, энэ тухай гэрчлэлтэй болсноор амьдралдаа тохиолдох сорилт бэрхшээлийг даван туулж, амжилт болон итгэл найдвар, хэтийн төлөвт хүрч чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Амилалтын тухай та юу мэддэг вэ? Бид өнөө үеийн судраас амилалтын тухай юу мэддэг вэ?

Залуу эрэгтэйчүүд амилалтын тухай ямар ойлголттой байдаг вэ? Амилалтын тухай гүнзгий мэдлэгтэй байх нь бие махбодынхоо талаарх тэдний үзэл бодолд хэрхэн нөлөөлж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдэд амилуулалтын тухай заахад та ямар судрууд болон бусад эх сурвалжийг ашиглаж болох вэ? Юуг тэдэнтэй хуваалцах хэрэгтэй гэж та боддог вэ?

Лук 24 (Есүс Христийн Амилалт)

1 Коринт 15 (Аврагч үхлийг ялсан учраас бид бүгд амилуулагдах болно)

Aлма 11:41–45 (Амилалтаар бидний сүнс, бие хоёр дахин нэгдэж, бид шүүгдэхэд бэлэн болно)

Aлма 40–41 (Алма амилалтыг хүү Кориантондоо тайлбарлажээ)

Пол В.Жонсон, “Тэнд цаашид үхэл үгүй болно,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122–124

Томас С.Монсон, “Тэр амилсан!” Ensign эсвэл Liahona, 2010 оны 5-р сар, 87–90).

Tомас С.Монсон, “Хатагтай Паттон—Түүх үргэлжилж байна,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 11-р сар, 21–24

Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн амилалт,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар

Видео бичлэг: ”Тэр амилсан“

Аврагчийн арга барилаар заах нь

Есүс Христ Өөрийн үүрэг зорилгын тухай заахад судруудыг ашигладаг байв. Тэр шавь нартаа судруудын тухай тунгаан бодож, асуултууддаа хариулахад ашиглахыг заадаг байв. Залуу эрэгтэйчүүд судруудыг судалснаар Бурханы төлөвлөгөөг ойлгож мөн үүнээс ирдэг адислалуудыг хүлээн авахад нь та тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Зураг

Бусад видео бичлэгийг үзнэ үү

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлээр судалсан судраа нээхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэр судрынхаа тухай, тэндээс юу сурч мэдсэнээ, тэдгээр сургаалыг дагаж амьдрахын тулд юу хийх гэж байгаагаа хуваалцахад нь цөөн суралцагчийг урамшуулан дэмж.

  • Христийн амилсны баярыг хэрхэн тэмдэглэдгийг нь залуу эрэгтэйчүүдээс асуу. Христийн амилсны баярын зарим бэлгэдэл юу вэ? Эдгээр бэлгэдэл амилалтын тухай тэдэнд юу заадаг вэ?

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь амилалтыг ойлгоход чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн “Тэр амилсан!,” aхлагч Пол В.Жонсоны хэлсэн “Тэнд цаашид үхэл үгүй болно” хэмээх үгсийн түүхүүдийг уншихад урь. Түүхүүдийг өөрийнхөө үгээр хураангуйлан ярьж, эдгээр нь амилуулалтын тухай юу зааж байгааг хуваалцахыг тэднээс хүс. Эдгээр сургаалаас өөр юу тэдэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ? 

  • 1 Коринт 15-аас амилалтын тухай зарим хэсгийг сонгож ав. Судрын хэсгүүдийг цөөн хүнтэй бүлгүүдээр эсвэл ганцаарчлан уншуулж, амилалтын талаар мэдсэн зүйлээ хураангуйлан дүгнэхэд залуу эрэгтэйчүүдийг урь (жишээ нь, 1–8-р шүлгийг “Амилалтын гэрчүүд байдаг” хэмээн хураангуйлан дүгнэж болно). Амилалтын тухай эдгээр үнэнийг залуу эрэгтэйчүүд мэдэх нь яагаад тэдэнд чухал гэж та бодож байна вэ?

  • Сүмийн гишүүн биш найз нь хайртай хүнээ алджээ гэж төсөөлөн бодохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Залуу эрэгтэйчүүдийн хагасыг Aлма 40-ийг, нөгөө хагасыг Aлма 41-ийг уншихад урь. Эдгээр бүлгээс амилалтын тухай найзуудтайгаа хуваалцаж болох сургаалуудын жагсаалт хийхийг тэднээс хүс. Дараа нь жагсаалтаа ангийн үлдсэн хэсэгтэй хуваалцахад тэднийг урь.

  • Чуулгаараа судар дээрх Аврагчийн амилалтын гэрч болсон хүмүүсийг жагсааж бич. Залуу эрэгтэйчүүдийг өөр бусад жишээг олохын тулд ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн “Есүс Христийн амилалт” үгийг уншихад урь. Тэднийг судар дээрх эдгээр гэрчийн гэрчлэлийг олж уншихад урамшуулан дэмж (зарим тайлбарыг ахлагч Кристоффэрсоны хэлсэн үгэнд тайлбарласан байгаа). Бид эдгээр гэрчээс Аврагч болон Түүний амилалтын талаар юу сурч байна вэ? Та Аврагчийн амилалтын талаар гэрчлэлээ хуваалцаад, чуулгын хэдэн гишүүнийг гэрчлэлээ хуваалцахад урь.

  • Сүмийн ерөнхийлөгчдийн сургаал номын хэд хэдэн хувийг тарааж өгөөд (эсвэл хэдэн бүлгийг сонгож хувилах), хожмын үеийн бошиглогчдын заасан амилалтын тухай сургаалуудыг олоход залуу эрэгтэйчүүдийг урь. Олж мэдсэн зүйлээ ангитай хуваалцахыг тэднээс хүс.

  • Амилалтын тухай дууллуудыг олоход залуу эрэгтэйчүүдийг урь (дууллын номын төгсгөл дэх сэдвийн индексийг үзнэ үү). Дууллуудаас заримыг нь ангиараа дуул. Дууллын зүүлт тайлбар дахь судруудыг харж, тэдгээр нь юуны тухай зааж байгааг ярилц.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд амилалтын талаар илүү сайн ойлголттой болсон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Та олон төрлийн сурах үйл ажиллагааг ашиглах юм бол суралцагчид сайн мэдээний зарчмуудыг сайн ойлгож, энэхүү мэдлэгээ удаан хугацаанд хадгалах болно. Анхааралтай сонгосон заах арга нь аливаа зарчмыг илүү тод, илүү сонирхолтой, ой ухаанд урт удаан хугацаанд хадгалагдахаар болгож чадна” (Teaching, No Greater Call [1999], 89).

Үйлдэхэд урь

Цуглааныг хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Амилалтын тухай гэрчлэлээ хэлнэ.

  • Амилалтын тухай улам их зүйлийг судалж, судрын тэмдэглэлдээ бичин, сурч мэдсэн зүйлээ чуулгынхантайгаа хуваалцахыг чуулгын гишүүдэд урь.