Судрууд
Инос 1


Иносын Ном

Бүлэг 1

Инос хүчтэйгээр залбирч мөн нүглийнхээ ангижралыг хүлээн авав—Их Эзэний дуу хоолой түүний оюун ухаанд ирж, леменчүүдэд ирээдүйн өдөр авралыг амлав—Нифайчууд леменчүүдийг залруулахаар эрэлхийлэв—Инос өөрийн Гэтэлгэгчид баясав. Ойролцоогоор МЭӨ 420 он.

1 Болгоогтун, мөнхүү улиран тохиох дор Инос би, миний эцэг шударга хүн байсныг мэдэж байв—учир нь тэрээр надад өөрийн хэлийг зааж, мөн түүнчлэн Их Эзэний халамж болон зөвлөгөөгөөр заан хүмүүжүүлсэн болой—мөн үүний учир Бурханы минь нэр алдаршиг—

2 Мөн нүглийнхээ ангижралыг хүлээн авахаас өмнө, би Бурханы өмнө хэрхэн шаргуу гуйснаа та нарт би хэлэх болно.

3 Болгоогтун, би ан агнахаар ойд очив; мөн мөнх амьдралын болон гэгээнтнүүдийн баяслын талаар эцгийнхээ ярьж байхыг олонтоо сонссон тэр үгс зүрх сэтгэлд минь гүнзгий шингэсэн байв.

4 Мөн бодгаль минь эгээрэн хүсэж байв; мөн Бий Болгогчийнхоо өмнө би сөхөрч, мөн бодгалийнхаа төлөө хүчит залбирлаар мөн гуйлтаар түүнээс гуйсан; мөн бүх өдрийн турш би түүнээс гуйв; тийм ээ, мөн шөнө болоход би дуугаа өндөрсгөн үргэлжлүүлсээр байсан учир энэ нь тэнгэрт хүрсэн бөлгөө.

5 Мөн нэгэн дуу хоолой надад ирж, өгүүлсэн нь: Инос оо, нүглүүд чинь өршөөгдсөн, мөн чи адислагдах болно хэмээв.

6 Мөн Инос би, Бурхан худал хэлж эс чадахыг мэдэж байв; иймийн тул, миний гэмшил арилгагдсан бөлгөө.

7 Мөн би хэлэв: Их Эзэн, энэ нь яаж хийгддэг вэ?

8 Мөн тэрээр надад хэлэв: Чиний урьд нь хэзээ ч сонсож бас харж байгаагүй тэрхүү Христэд итгэлтэйн чинь учир буюу. Мөн тэрээр өөрийгөө маханбодод үзүүлэхээс өмнө олон жил улирч одно; иймийн тул, явагтун, итгэл чинь чамайг ариутгалаа.

9 Эдүгээ, улиран тохиох дор би эдгээр үгийг сонсоод, өөрийн ах дүү нар, нифайчуудын сайн сайхны төлөө хүслийг мэдэрч эхэллээ; иймийн тул, би тэдний төлөө бүх сэтгэлээ Бурханд юүлсэн бөлгөө.

10 Мөн намайг тийн сүнсэндээ зүдэрч байхад, болгоогтун, Их Эзэний дуу хоолой миний оюунд дахин ирж, өгүүлсэн нь: Зарлигуудыг минь дагах ах дүүсийн чинь чармайлтын дагуу би тэдэнд зочлох болно. Би тэдэнд энэ нутгийг өгсөн билээ, мөн энэ нь ариун нутаг; мөн алдсын учир бус аваас би үүнийг зүхэх нь үгүй; иймийн тул, би хэлснийхээ дагуу ах дүүст чинь зочлох болно; мөн тэдний зөрчлүүдийг өөрсдийнх нь толгой дээр шаналлын хамт би доош авчрах болно.

11 Мөн Инос би эдгээр үгийг сонссоны дараа, Их Эзэнд итгэх итгэл минь гуйвшгүй болж эхлэв; мөн би өөрийн ах дүүс, леменчүүдийн төлөө удаан хугацаанд машид ихээр зүдэрч түүнд залбирав.

12 Мөнхүү улиран тохиох дор байдгаараа хичээнгүйлэн залбирч мөн хөдөлмөрлөсний дараа, Их Эзэн надад: Итгэлийн чинь улмаас, хүслийн чинь дагуу би чамд өгнө хэмээв.

13 Мөн эдүгээ болгоогтун, түүнээс миний хүссэн тэрхүү хүсэл энэ байв—хэрэв миний ард түмэн, нифайчууд, зөрчилд унаж мөн ямар нэгэн байдлаар устгагдах аваас, мөн леменчүүд устгагдахгүй байх аваас, Их Эзэн Бурхан нифайчууд болох миний ард түмний цэдгийг, бүр өөрийн ариун мутрын хүчээр байлаа ч, хадгалан үлдээгээсэй; энэ нь ирээдүйн нэгэн өдөр леменчүүдэд, тэд авралд авчрагдаж болох магад хэмээн илрүүлэгдэж болохын тулд болой—

14 Учир нь одоо бол тэднийг үнэн итгэлд сэргээх гэсэн бидний зүтгэлүүд үр дүнгүй байв. Мөн хэрэв энэ нь боломжтой байвал тэд бидний цэдгүүдийг мөн биднийг, мөн түүнчлэн бидний эцэг өвгөдийн бүх уламжлалыг устгах болно хэмээн тэд уурандаа ам өчиг өргөсөн бөлгөө.

15 Иймийн тул, Их Эзэн Бурхан бидний цэдгүүдийг хадгалан үлдээх чадвартайг би мэдэж байсан учир, би түүнээс үргэлжлүүлэн гуйв, учир нь тэрээр надад: Чи Христийн нэрээр хүлээн авах болно хэмээн итгэлтэйгээр гуйсан юуг ч болов, чи хүлээн авах болно хэмээн хэлсэн болой.

16 Мөн надад итгэл байж, мөн би Бурханд түүнээс цэдгүүдийг хадгалан үлдээхийг гуйн залбирсан болой; мөн тэрээр тэдгээрийг өөрийн тогтоосон цагт леменчүүдэд авчрах болно хэмээн надтай гэрээлсэн бөлгөө.

17 Мөн Инос би, энэ нь түүний хийсэн тэрхүү гэрээний дагуу байхыг мэдсэн бөлгөө; иймийн тул, бодгаль минь амрав.

18 Мөн Их Эзэн надад хэлэв: Чиний эцэг өвгөд түүнчлэн энэ зүйлийг надаас хүссэн юм; мөн энэ нь тэдний итгэлийн дагуу гүйцэлдэх болно; учир нь тэдний итгэл чинийхтэй адил байсан бөлгөө.

19 Мөнхүү улиран тохиох дор Инос би, ирэх зүйлсийн талаар бошиглон, мөн өөрийн сонссон мөн үзсэн зүйлсийн тухай гэрчлэн Нифайн ард түмний дунд явсан бөлгөө.

20 Мөн Нифайн ард түмэн леменчүүдийг Бурханы үнэн итгэлд сэргээхээр шаргуу эрэлхийлснийг би гэрчилж байна. Гэвч бидний хөдөлмөр үр дүнгүй байв; тэдний үзэн ядалт хувиршгүй тогтож, мөн тэд хилэнцэт чанартаа удирдагдсан учир тэд зэрлэг, догшин ширүүн, мөн цусанд дуртай хүмүүс болж, хиймлийг шүтэх явдал ба бузар байдлаар дүүрсэн болой; агнасан амьтдаараа хооллон; майханд амьдарч, мөн хэвлийн тус газраараа богино арьс бүслэн мөн үсээ хусаад, аглаг буйдад хэрэн тэнүүчлэх бөлгөө; мөн тэд нум суманд, мөн тахир сэлэм, мөн сүхэнд чадварлаг байлаа. Мөн тэдний олон нь түүхий махнаас өөр юуг ч эс иддэг байв; мөн тэд биднийг устгахаар үргэлж эрэлхийлдэг байсан болой.

21 Мөнхүү улиран тохиох дор Нифайн ард түмэн газар боловсруулж, мөн бүх төрлийн будаа тариа, мөн жимс ургуулж, мөн мал сүргийг, мөн янз бүрийн малыг төрөл төрлөөр нь, мөн ямаа, бас зэрлэг ямаа, мөн түүнчлэн олон адуу өсгөсөн болой.

22 Мөн бидний дунд үлэмж олон бошиглогч байв. Мөн ард түмэн нь гөжүүд, ойлгохдоо удаан хүмүүс байв.

23 Мөн үлэмж хатуу байдлаар, дайнууд мөн тэмцлүүд, мөн устгалуудын талаар номлож мөн бошиглохоос, мөн үхлийг, мөнхийн хугацааг, мөн Бурханы хүч болон шийтгэлүүд, мөн эдгээр бүх зүйлийг үргэлж сануулахаас—тэднийг Их Эзэнээс айх айдаст байлгахын тулд үргэлж өдөөхөөс бусдаар бол юу ч байсангүй. Эдгээр зүйлээс, мөн ярихдаа үлэмж агуу тодорхой байхаас өөр, тэднийг устгал руу доош хурдан явахаас хамгаалах өөр юу ч эс байсныг би хэлнэ. Мөн ийм маягаар тэдний талаар би бичиглэх буюу.

24 Мөн би амьдралынхаа өдрүүдэд нифайчууд бас леменчүүдийн хоорондоо дайтахыг үзсэн болой.

25 Мөнхүү улиран тохиох дор би өтөлж эхлэв, мөн бидний өвөг Лихай Иерусалимыг орхисон тэр цагаас нэг зуун далан есөн жил улиран оджээ.

26 Мөн би удахгүй доош булшиндаа орох ёстойгоо мэдэв, мөн Бурханы хүч надад нөлөөлсөн учир би энэ ард түмэнд номлож мөн бошиглон, мөн Христ дэх тэрхүү үнэний дагуу үгийг тунхаглах ёстой байв. Мөн би үүнийг бүх өдрийнхээ турш тунхагласан мөн дэлхийн зүйлсээс илүүгээр үүнд баяссан бөлгөө.

27 Мөн би Гэтэлгэгчтэйгээ хамт байх тэрхүү амрах газартаа удахгүй явна; учир нь би түүнд амрах болно гэдгээ мэднэ. Мөн зуурдын бие минь үхэшгүй байдлыг өмсөх, мөн түүний өмнө зогсох тэр өдөрт баясна би; тэгээд түүний царайг тааламжтайгаар харж, мөн тэрээр надад: Надад ирэгтүн, адислагдсан болой чи, миний Эцэгийн харшуудад чамд зориулан бэлтгэгдсэн байр буй гэж хэлэх болно. Амен.