Гарын авлагууд болон дуудлагууд
31. Гишүүдтэй ярилцах ярилцлага, бусад уулзалт


“31. Гишүүдтэй ярилцах ярилцлага, бусад уулзалт,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“31. Гишүүдтэй ярилцах ярилцлага, бусад уулзалт,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Гар барилцаж байгаа хоёр эрэгтэй

31.

Гишүүдтэй ярилцах ярилцлага, бусад уулзалт

31.0

Оршил

Есүс Христ бусдад нэг нэгээр нь тохинуулдаг байсан (жишээлбэл: Иохан 4:5–26; 3 Нифай 17:21-ийг үзнэ үү). Тэрээр Бурханы бүх хүүхдийг хайрладаг. Тэрээр хүн нэг бүрд тусалдаг.

Сүмийн удирдагч, Есүс Христийн үйлчлэгчийн хувьд танд Бурханы хүүхэд нэг бүрийн сүнслэг ахиц дэвшилд туслах боломж бас бий. Үүнийг хийх нэг чухал арга бол ярилцлага болон бусад ганцаарчилсан уулзалт юм. Таны хамгийн утга учиртай үйлчлэлийн зарим нь ганцаарчлан уулзах үед тохиолдох болно. Ийн уулзах үед та Христийн адил хайрлаж, “доош унжсан гарнуудыг” өргөн, “сул дорой өвдөгнүүдийг” (Сургаал ба Гэрээ 81:5) хүчирхэгжүүлэх боломжтой байх болно.

Энэ бүлэгт гарах ярилцлага гэсэн үг хэллэг нь ямар нэгэн ёслолд оролцох эсвэл дуудлага хүлээн авах хэрэгтэй эсэхийг тодорхойлохын тулд явуулах удирдагч, хувь хүн хоёрын хоорондын уулзалтыг хэлнэ (31.2-ыг үзнэ үү). Ерөнхийдөө эдгээр ярилцлагыг бишопын зөвлөлийн эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн удирдан явуулдаг. Мөн ярилцлага гэдэгт Халамжийн нийгэмлэгийн эсвэл ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний удирдан явуулах тохинууллын ярилцлага ордог (21.3-ыг үзнэ үү).

Эдгээр ярилцлагаас гадна Сүмийн удирдагч хувь гишүүдтэй уулзаж болох өөр олон шалтгаан бий (31.3-ыг үзнэ үү). Жишээлбэл: Бишопын зөвлөл тойргийнхоо өсвөр үеийнхэн бүртэй тогтмол уулзах хуваарьтай байдаг (31.3.1-ийг үзнэ үү). Та бишопын зөвлөлд үйлчилдэггүй ч бишоп байнгын дэмжлэг, тохинуулал шаардлагатай гишүүнтэй уулзахыг танаас хүсэж болно. Эсвэл хэн нэгэн гишүүн хувийн болон гэр бүлийн асуудалтай тулгарсан үед танд хандаж магадгүй.

Энэ бүлэг нь хувь гишүүдтэй уулзах боломжтой бүх удирдагчид тусалж чадна. Ийм удирдагчдад Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулга, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид болон тохинуулагч ах, эгч нар эсвэл бишопын томилсон бусад хүн орно.

31.1

Удирдах зарчмууд

31.1.1

Сүнслэг байдлын хувьд бэлтгэх

Хэрэв таны үүрэг хариуцлагад гишүүнтэй уулзах уулзалт багтдаг бол тусламж эрэлхийлэх үед тань Их Эзэн хэрэгтэй сүнслэг өдөөлтөөр таныг адислах болно. Залбирах, судраас судлах, зөв зохистой амьдрах замаар өөрийгөө сүнслэгээр бэлтгэ. Ариун Сүнсний шивнээг сонс. Тэрээр таныг ойлголт, бодол, мэдрэмжээр удирдан чиглүүлнэ. Тэрээр уулзаж байгаа хүнд тань тус болох хожмын үеийн бошиглогчдын үгсийг болон судраас судалсан сургаалаа санахад нь тусалж чадна (Сургаал ба Гэрээ 84:85; 100:5–8-ыг үзнэ үү).

Gospel Library аппликэйшн дээр Зөвлөгөө өгөх эх сурвалж гэсэн цуглуулга бий. Гишүүнтэй уулзахаар бэлдэж байхдаа түүнтэй хамааралтай сэдвүүдийн талаарх мэдээллийг уншихыг бодож үз.

Ариун Сүнс ч мөн таны уулзаж байгаа гишүүнийг удирдаж чадна. Та түүнийг уулзалтдаа мөн адил сүнслэгээр бэлтгэхийг урьж болно.

Уулзалтыг эхлүүлэхдээ гишүүнтэй хамт залбирахыг бод. Бурханаас ийнхүү хамтдаа тусламж хүссэнээр даруу байдал, итгэлийн сүнсийг урьж чадна (Сургаал ба Гэрээ 6:32; 29:6-г үзнэ үү).

Ярилцлагын эсвэл уулзалтын үеэр танд хариулахад бэлэн биш асуудал эсвэл асуулт гарч ирж магадгүй. Та өөртөө мөн тухайн гишүүнд суралцах, залбирах, мацаг барих зэргээр Их Эзэний удирдамжийг дор бүрнээ эрэлхийлэхийг санал болгож болно. Түүнчлэн та Gospel Library дээрх Зөвлөгөө өгөх эх сурвалж эсвэл Амьдралд зориулсан тусламж хэсгээс холбогдох мэдээллийг харж болно. Дараа нь та дахин уулзаж, уг асуудлыг үргэлжлүүлэн ярилцаж болно.

Хэрэв гишүүн ноцтой нүгэл үйлдсэн бол түүнд бишоптой уулз гэж хэл.

31.1.2

Гишүүнд Бурханы хайрыг мэдрэхэд нь тусал

Сүмийн удирдагчийн хувьд та Аврагчийг төлөөлдөг. Түүний зорилгын чухал хэсэг бол Бурханы хайрыг Түүний хүүхдүүдэд тунхаглах явдал юм (Иохан 3:16–17-г үзнэ үү). Гишүүд ярилцлагад орохоор эсвэл хувийн асуудалдаа тусламж эрэлхийлэн тан дээр ирэх үед тэдэнд хамгийн их хэрэгтэй зүйл нь ихэнхдээ Тэнгэрлэг Эцэг тэднийг хайрладаг гэдгийг мэдэх явдал байдаг. Энэхүү хайр тэднийг хүчирхэгжүүлэхээс гадна Христэд ирж, нүглээ наманчилж, сайныг сонгоход нь сүнслэгээр нөлөөлж чадна.

Судрууд болон хожмын үеийн бошиглогчдын үгс Сүнсийг урьж, цэвэр сургаалыг заадаг. Гишүүдтэй уулзахдаа хайр, мэдрэмж дээр тулгуурлан тэдгээрийг тогтмол ашигла. Буруушаах, албадах, айдас төрүүлэхийн тулд бус харин сүнслэгээр өдөөж, урамшуулахын тулд тэдгээрийг ашигла (Лук 9:56-г үзнэ үү).

Уулзалтад зориулж хангалттай цаг гарга. Та хэт завгүй мэт сэтгэгдлийг гишүүнд төрүүлэх ёсгүй. Түүнд бүх анхаарлаа хандуул.

31.1.3

Аврагчийн хүчийг ашиглахад гишүүнд туслах

“Өөрийн чөлөөлөлтийн хүчний дагуу [бидний] зөрчлүүдийг арилгаж болохын тулд” (Алма 7:13) Есүс Христ бидний нүглийг Өөр дээрээ авсан. Мөн Тэрээр “өөрийн хүмүүсийг … хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд” (Алма 7:11–12-ыг үзнэ үү) бидний зовлон зүдгүүр, өвчин, сул дорой чанаруудыг Өөр дээрээ авсан.

Гишүүдийг Түүнд хандахад урамшуул. Тэднийг хүчирхэгжүүлж, тайвшруулж, гэтэлгэхийн тулд Түүний хүчийг ашиглахад тусал. Энэхүү хүч нь Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, Түүний үлгэр жишээг дагаж, санваарын ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг сахиж, Ариун Сүнсний өдөөлтүүдийн дагуу үйлдсэнээр ирдэг.

31.1.4

Гишүүнд тав тухтай, аюулгүй байдлыг мэдрэхэд нь туслах

Зарим гишүүн Сүмийн удирдагчтай уулзаад түгших юм уу сандрах тохиолдол гардаг. Тэдэнд тайван, аюулгүй, тав тухтай байдлыг мэдрэхэд нь туслах арга замыг эрэлхийл. Гишүүнд туслахын тулд та юу хийж чадахаа түүнээс олж мэд.

Ярилцлагын эсвэл уулзалтын үеэр өөр хэн нэгнийг байлцуулах эсэх сонголтыг гишүүнд үргэлж өг. Эсрэг хүйсийн хүн, хүүхэд, өсвөр үеийнхэнтэй уулзахдаа эцэг/эхийг эсвэл өөр насанд хүрсэн хүнийг байлцуулахад анхаар. Таны уулзаж буй гишүүний сонголтоос хамааран тухайн хүн уулзалтад оролцож эсвэл өрөөний гадаа хүлээж болно.

Удирдагчид ихэвчлэн гишүүдтэй биечлэн уулзаж ярилцан, сүнслэг тусламж үзүүлж, тохинуулдаг. Удирдагчид хаана уулзахаа шийдэхдээ Ариун Сүнс байж, нууцлалыг хадгалж болох газрыг сонгодог. Энэ нь цуглааны байр дахь анги эсвэл оффис байж болно. Мөн удирдагчийн эсвэл гишүүний гэр орон уулзах тохиромжтой газар байж болно. Уулзах газрыг тогтоохдоо удирдагчид өөрсдийн болон гишүүдийн аюулгүй байдлыг харгалзана. Гишүүдтэй онлайнаар уулзах тухай мэдээллийг 31.4-өөс үзнэ үү.

Гишүүдэд аюулгүй байдлыг мэдрэхэд нь туслах бас нэг чухал зүйл бол нууцыг чанд хадгалах явдал юм. Гишүүний ярьсан зүйлийг нууцална гэдгээ түүнд батлан хэл.

Гишүүнийг зөвшөөрөөгүй тохиолдолд нууц мэдээллийг хэнтэй ч, тэр дундаа эхнэр, нөхөртэйгөө эсвэл Сүмийн бусад удирдагчтай бүү хуваалц. Чөлөөлөгдсөнийхөө дараа ч ийм нууцыг хадгал. Нууцыг задлах нь гишүүний итгэл, найдвар, гэрчлэлд сөргөөр нөлөөлж болно. Гишүүд хуваалцсан зүйлийг нь нууцална гэдгийг мэдэж байгаа бол Сүмийн удирдагчдаас тусламж хүсэх магадлал нэмэгддэг.

Нууцлалтай холбоотой, тухайлбал хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 32.4.4-өөс үзнэ үү.

31.1.5

Сүнслэгээр өдөөгдсөн асуулт тавьж, анхааралтай сонсох

Гишүүнтэй уулзахдаа түүний нөхцөл байдлыг ойлгоход туслах асуултуудыг тавь. Гишүүнд бодол санаа, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх боломж олго.

Гишүүнийг ярьж байхад анхааралтай, сэрэмжтэй сонс. Хариулахаасаа өмнө бүрэн ойлгохыг эрэлхийл. Шаардлагатай бол ойлгож байгаа эсэхээ бататгахын тулд нягтлах асуултуудыг тавь. Шаардлагагүй тохиолдолд нягтлан асуух хэрэггүй.

Сонсох нь итгэлцэл төрүүлэхэд тусалдаг. Энэ нь хүмүүст ойлгогдож, үнэлэгдэж, хайрлагдаж байгаагаа мэдрэхэд тусалдаг. Ихэвчлэн хүмүүсийг тулгарсан сорилт дээрээ ажиллах үед итгэдэг хэн нэгэн нь тэднийг сонсох хэрэгтэй байдаг. Сонсох нь мөн Ариун Сүнсний өдөөлтөд зүрх сэтгэлээ нээхэд танд тусална.

31.1.6

Бие даасан байдлыг урамшуулах

Гишүүдээ хайрладаг учраас та тэдэнд асуудлаа шийдвэрлэх арга замыг шууд санал болгохыг хүсэж магадгүй. Гэсэн хэдий ч та тэдэнд шийдлийг өөрсдөө олж, шийдвэр гаргахад нь тусалснаар тэднийг илүү их адислах болно (Сургаал ба Гэрээ 9:8-ыг үзнэ үү).

Есүс Христийн сайн мэдээ болон авралын төлөвлөгөөний агуулгын хүрээнд асуудалдаа эсвэл асуултууддаа дүн шинжилгээ хийхэд нь тэдэнд тусал. Судрууд, амьд бошиглогчдын үгсээр болон хувийн илчлэлтээр дамжуулан Их Эзэний удирдамжийг хэрхэн эрэлхийлэхийг тэдэнд заа. Ингэснээр та гишүүдийг ирээдүйд өөр сорилттой тулгарахад бэлтгэлтэй байхад тусалдаг. Мөн тэд бусдад, тэр дундаа гэр бүлдээ илүү сайн туслах боломжтой болно.

31.1.7

Наманчлах хүчин чармайлтыг дэмжих

Заримдаа гишүүн нүглээ наманчлахын тулд тусламж хүсэж болно. Есүс Христэд итгэхийг нь дэмжиж, өршөөл эрэлхийлэхэд нь гишүүнд туслах маш олон зүйлийг та хийж чадна.

Зөвхөн гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп ноцтой гэм нүглийг шийдвэрлэхэд нь уг хүнд тусалж чадна. Тэдгээрийн заримыг 32.6-д жагсаасан. Хэрэв гишүүн эдгээр нүглийн аль нэгийг үйлдсэн бол тэр даруй бишоптойгоо юм уу гадасны ерөнхийлөгчтэй уулзах ёстой.

Гадасны ерөнхийлөгч, бишоп бүр “Израилд шүүгч” (Сургаал ба Гэрээ 107:72) юм. Тэд энэ эрх мэдлээр гишүүдийг нүглээ наманчлахад нь, нүглийг уучилдаг Христэд ирэхэд нь тусалдаг (32.1, 32.3-ыг үзнэ үү).

Эдгээр удирдагч энэ үүрэг хариуцлагад Их Эзэнийг төлөөлдөг. Тэд “[Түүний] [тэдэнд] өгөх шүүлтийг” (3 Нифай 27:27) хэрэглэхийг хичээдэг. Наманчлалд Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох, харууссан сэтгэлтэй байх, нүглээ орхих, өршөөл эрэлхийлэх, учруулсан хохирлыг барагдуулах, зарлигуудыг сахихаа дахин амлах зэрэг нь ордог гэдгийг тэд заадаг.

Тэдэнд үүргээ биелүүлэхэд нь туслахын тулд гадасны ерөнхийлөгч, бишопуудыг ялган таних сүнслэг бэлгээр адисалдаг. Энэ бэлэг тэдэнд үнэнийг ялган таньж, гишүүний зүрх сэтгэлийг ойлгон, хэрэгцээг нь тодорхойлоход тусалдаг (1 Хаад 3:6–12; Сургаал ба Гэрээ 46:27–28-ыг үзнэ үү).

Хэдийгээр гишүүн “Израилын шүүгч”-д гэм буруугаа хүлээдэг ч гишүүний зөвшөөрлөөр бусад удирдагч түүнийг наманчлахаар хичээж чармайхад нь дэмжлэг үзүүлж болно. Ялангуяа наманчлахад ихээхэн цаг хугацаа шаардагдах үед энэ нь тустай юм. Удирдамжийг 32.8.1-ийн төгсгөлөөс үзнэ үү.

31.1.8

Хүчирхийлэлд зохих ёсоор хариу арга хэмжээ авах

Хүчирхийллийн ямар ч хэлбэртэй эвлэрч болохгүй. Хүчирхийллийн талаарх мэдээллийг нухацтай авч үз. Хэрэв та хэн нэгэн хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн бол энэ талаар төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бишоптой зөвлөлд. Хүчирхийллийн тухай мэдээлэх, хариу арга хэмжээ авах тухай удирдамж 38.6.2-т байгаа.

Хүчирхийллийн талаар мэдсэн тохиолдолд гадасны ерөнхийлөгч, бишоп юу хийвэл зохих талаарх мэдээллийг 38.6.2.1-ээс үзнэ үү.

Хүчирхийлэлд өртсөн хохирогчдод туслах талаар мэдээлэл авахыг хүсвэл Зөвлөгөө өгөх эх сурвалж доторх “Хүчирхийлэл (хохирогчид үзүүлэх тусламж)” гэснийг үзнэ үү. Мөн та гишүүдийг Амьдралд зориулсан тусламж доторх Хүчирхийллийн талаарх эх сурвалж руу хандуулж болно.

Хүчингийн хэргийн эсвэл өөр бэлгийн халдлагын хохирогч болсон хүнд хэрхэн туслах талаарх мэдээллийг 38.6.18.2-оос үзнэ үү.

31.2

Ярилцлага

31.2.1

Ярилцлагын зорилго

Ерөнхийдөө Сүмийн удирдагчид дараах зүйлийг тодорхойлохын тулд гишүүдтэй ярилцдаг. Үүнд:

  • Ёслол хүлээн авах эсвэл ёслолд оролцох бэлтгэлтэй эсэх

  • Сүмийн дуудлагад дуудах хэрэгтэй эсэх

Энэ төрлийн ихэнх ярилцлагыг бишопын эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн явуулдаг. Үүнийг тойргийн бусад удирдагчид хариуцуулж болохгүй. Гэсэн хэдий ч гадасны ерөнхийлөгч Дуудлагуудын хүснэгтэд дурдсаны дагуу зарим ярилцлагыг дээд зөвлөлийн гишүүдэд хариуцуулж болно (30.8-ыг үзнэ үү).

31.2.2

Ярилцлагын хэлбэр

Бишоп бол тойргийнхоо “олон нийтийн шүүгч” юм (Сургаал ба Гэрээ 107:74-ийг мөн 7.1.3-ыг үзнэ үү). Гадасны ерөнхийлөгч бас олон нийтийн шүүгчийн үүргийг гүйцэтгэдэг (6.2.3-ыг үзнэ үү). Эдгээр удирдагч ёслолуудыг зөвшөөрөх санваарын түлхүүрүүдийг атгадаг. Эдгээр шалтгааны улмаас зөвхөн тэдний хийж чадах тодорхой ярилцлагууд байдаг. Тэд бусад ярилцлагыг зөвлөхүүдэд даалгаж болно. Дараах хүснэгтэд ярилцлага бүрийг хэн явуулж болохыг жагсаав.

Ярилцлагыг хэн явуулах

Ярилцлагын зорилго

Ярилцлагыг хэн явуулах

Зөвхөн бишоп

Ярилцлагын зорилго

  • Хишгээ хүртэх гэж байгаа гишүүнд эсвэл лацдан холбуулах гэж байгаа эхнэр, нөхөрт ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (26.3.1-ийг үзнэ үү)

  • Шинэ хөрвөгчид ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (26.4.2-ыг үзнэ үү)

  • Эрэгтэй шинэ хөрвөгчийг Аароны санваарын албанд томилох (38.2.9.1-ийг үзнэ үү)

  • Залуу эрэгтэйг эсвэл насанд хүрсэн эрэгтэйг пристийн албанд томилох (18.10.2-ыг үзнэ үү)

  • Эрэгтэй хүнийг ахлагчийн эсвэл дээд пристийн албанд томилуулахаар санал оруулах (31.2.6-г үзнэ үү). Энэ ярилцлагыг явуулахын тулд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагатай.

  • Гишүүнийг бүрэн цагийн номлогчоор үйлчлүүлэхээр санал болгох (24.4.2-ыг үзнэ үү)

  • Тойргийн байгууллагын ерөнхийлөгчөөр үйлчлэх гишүүнийг дуудах

  • Пристийн чуулгад туслахаар үйлчлэх пристийг дуудах

  • Гишүүнд ноцтой гэм нүглээ наманчлахад нь туслах (32-р бүлгийг үзнэ үү).

  • Гишүүнийг Сүмийн их сургууль, коллеж-д элсэх буюу үргэлжлүүлэн суралцахад нь батламжлах

  • Боломжтой газарт, Тасралтгүй боловсролын сангийн зээл авах гишүүнийг батламжлахын тулд ярилцах

  • Гишүүнд аравны нэг төлөгчийн статусаа тайлагнах боломж олгох (34.3.1.2-ыг үзнэ үү)

  • Мацгийн өргөлийн санг ашиглах зөвшөөрөл олгох (31.3.4, 22.6.1-ийг үзнэ үү)

Ярилцлагыг хэн явуулах

Бишоп эсвэл түүний томилсон зөвлөх

Ярилцлагын зорилго

  • Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг шинэчлэх (26.3.1-ийг үзнэ үү)

  • Ариун сүмд төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгаанд оролцох зөвшөөрлийн бичгийг олгох (26.4.3-ыг үзнэ үү)

  • Ариун сүмд эцэг эхтэйгээ лацдан холбуулах эсвэл ах, эгч, дүү нараа эцэг эхтэйгээ лацдан холбуулахыг харах зөвшөөрлийн бичгийг олгох (26.4.4-ийг үзнэ үү)

  • 30.8-д заасан тойргийн дуудлагад үйлчлүүлэхээр гишүүнийг дуудах

  • Сүмд бүртгэлтэй эсвэл эцэг, эх хоёрын нэг нь эсвэл асран хамгаалагч нь Сүмийн гишүүн, 8 настай хүүхдүүдийн баптисм, гишүүний баталгааг зөвшөөрөх (31.2.3.1-ийг үзнэ үү)

  • Залуу эрэгтэйг диконы эсвэл багшийн албанд томилох (18.10.2-ыг үзнэ үү)

  • Патриархын адислал авах зөвшөөрөл олгох (18.17-г үзнэ үү)

  • Ариун сүмийн зөвшөөрлийн бичиггүй бол өөр тойрогт санваарын ёслол гүйцэтгэх зөвшөөрлийг санваартанд олгох (Ёслол гүйцэтгэхийг санал болгох маягт-ыг үзнэ үү.)

Ярилцлагыг хэн явуулах

Зөвхөн гадасны ерөнхийлөгч

Ярилцлагын зорилго

  • Хишгээ хүртэх гэж байгаа гишүүнд эсвэл лацдан холбуулах гэж байгаа эхнэр, нөхөрт ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (26.3.1-ийг үзнэ үү)

  • Гишүүнийг бүрэн цагийн номлогчоор үйлчлүүлэхээр санал болгох (24.4.2-ыг үзнэ үү)

  • Бүрэн цагийн номлогчдыг гэртээ буцаж ирснийх нь дараа үйлчлэлээс нь чөлөөлөх (24.8.2-ыг үзнэ үү)

  • Зөвшөөрөгдсөн бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, патриархаар эсвэл бишопоор үйлчлэх гишүүнийг дуудах (30.8.1 ба 30.8.3-ыг үзнэ үү)

  • Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчөөр эсвэл гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчлэх гишүүнийг дуудах

  • Гишүүнд ноцтой гэм нүглээ наманчлахад нь туслах (32-р бүлгийг үзнэ үү)

Ярилцлагыг хэн явуулах

Гадасны ерөнхийлөгч эсвэл түүний томилсон зөвлөх

Ярилцлагын зорилго

  • Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг шинэчлэх (26.3.1-ийг үзнэ үү)

  • Эрэгтэй хүнийг ахлагчийн болон дээд пристийн албанд томилох (18.10.1-ийг үзнэ үү)

  • 30.8.1 30.8.3-т заасан дуудлагуудад үйлчлэх гишүүдийг дуудах

  • Номлолд гарч буй номлогчийг онцгойлон адислахаасаа өмнөхөн түүний эрүүл мэнд, зохистой байдлыг нягтлах (24.5.3-ыг үзнэ үү)

  • Сүмийн их сургууль, коллеж-д элсэх гишүүнийг батламжлахын тулд ярилцах

Бүрэн цагийн номлогчид хөрвөгчидтэй баптисмын болон гишүүний баталгааны өмнө ярилцдаг (31.2.3.2-ыг үзнэ үү).

Ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд тохинууллын ярилцлагыг явуулдаг (21.3-ыг үзнэ үү).

31.2.3

Баптисмын болон гишүүний баталгааны ярилцлага

31.2.3.1

Сүмд бүртгэлтэй хүүхдүүд

Бишоп тойрогт нь бүртгэлтэй, баптисм хүртэх 8 настай гишүүдийг гишүүнээр батлах санваарын түлхүүрийг атгадаг. Ийм учраас бишоп эсвэл томилогдсон зөвлөх дараах хүмүүстэй баптисмын өмнө ярилцана. Үүнд:

  • Сүмд бүртгэлтэй 8 настай хүүхдүүд

  • Сүмд бүртгэлгүй ч эцэг, эх хоёрынх нь аль нэг эсвэл асран хамгаалагч нь Сүмийн гишүүн, 8 настай хүүхдүүд

  • Оюуны хөгжлийн бэрхшээлээс болж баптисм нь хойшлогдсон, 9 ба түүнээс дээш насны бүртгэлтэй гишүүд

Ярилцлагаар бишопын зөвлөлийн гишүүн уг хүүхэд баптисм хүртэх зорилгыг ойлгож байгаа эсэхийг бататгадаг (2 Нифай 31:5–20-ийг үзнэ үү). Мөн тэрээр тухайн хүүхэд баптисмын гэрээг ойлгож, үүний дагуу амьдрах шийдвэрт хүрсэн эсэхэд анхаарна (Мозая 18:8–10-ыг үзнэ үү). Тэр асуултуудын тодорхой жагсаалтыг ашиглах шаардлагагүй. Энэ нь зохистой байдлыг тодорхойлох ярилцлага биш юм. Учир нь “бяцхан хүүхдүүдэд наманчлал хэрэггүй” (Моронай 8:11).

Насанд хүрээгүй хүүхэд баптисм хүртэх бол эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах шаардлагатай (38.2.8.2-ыг үзнэ үү).

Зураг
Ярилцаж буй эрэгтэй, эмэгтэй хоёр

31.2.3.2

Хөрвөгчид

Номлолын ерөнхийлөгч хөрвөгчдөд баптисм хүртээх санваарын түлхүүрүүдийг атгадаг. Ийм учраас бүрэн цагийн номлогч дараах ярилцлагыг явуулна. Үүнд:

  • 9 ба түүнээс дээш настай, урьд нь баптисм хүртэж, гишүүнээр батлуулж байгаагүй хүмүүс. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг онцгойлон авч үзэх талаар 31.2.3.1-ээс үзнэ үү.

  • Эцэг эх нь Сүмийн гишүүн бус, 8 ба түүнээс дээш насны хүүхдүүд

  • Эцэг эх нь баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан, 8 ба түүнээс дээш насны хүүхдүүд

Ярилцлагыг дүүргийн эсвэл бүсийн удирдагч номлогч хөтлөн явуулна. Тусгай зөвшөөрөл шаардлагатай нөхцөл байдлын талаарх мэдээллийг 38.2.8.6-аас үзнэ үү.

Мөн хөрвөгч бүр баптисм хүртэхээсээ өмнө бишоптой уулзах ёстой. Гэхдээ энэ нь баптисмын ярилцлага биш. Мөн тэрээр зохистой байдлыг тодорхойлохгүй. Энэ уулзалтын зорилго нь тухайн хүнтэй холбоо харилцаа тогтоох явдал юм.

Ярилцлага явуулж байгаа номлогч Сүнсний удирдамжийг дагаж, тухайн хүнийг Сургаал ба Гэрээ 20:37-д дүрсэлсэн шаардлагуудыг хангасан эсэхийг тодорхойлно (мөн Мозая 18:8–10; Моронай 6:1–4-ийг үзнэ үү). Номлогч дараах асуултуудыг ашиглана. Тэр энэ асуултуудыг тухайн хүний нас, төлөвшил, нөхцөл байдалд тохируулна.

  1. Та Бурхан бол бидний Мөнхийн Эцэг гэдэгт итгэдэг үү? Та Есүс Христ бол Бурханы Хүү, дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдэгт итгэдэг үү?

  2. Та Сүмд болон Есүс Христийн сайн мэдээ бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэнд итгэдэг үү? Та [одоогийн Сүмийн ерөнхийлөгч]-ийг Бурханы бошиглогч гэдэгт итгэдэг үү? Энэ нь таны хувьд ямар утгатай вэ?

  3. Наманчлах гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Та урьдын нүглээ наманчилсан гэж бодож байна уу?

  4. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байснаар сайн мэдээний жишгүүдээр амьдрах ёстой гэдгийг заалгасан. Дараах жишгүүдийн талаар та ямар ойлголттой байдаг вэ? Та эдгээрийг дуулгавартай дагах хүсэлтэй байна уу?

    • Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох хууль ёсны гэрлэлтээс гадуурх аливаа бэлгийн харьцааг хориглодог ариун явдлын хууль

    • Аравны нэгийн хууль

    • Мэргэн ухааны үг

    • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, түүний дотор ариун ёслолоос долоо хоног бүр хүртэж, бусдад үйлчлэх

  5. Та ноцтой гэмт хэрэг үйлдэж байсан уу? Хэрэв тийм бол та одоо тэнсэнтэй байгаа юу эсвэл хугацаанаасаа өмнө суллагдсан уу?

  6. Та үр хөндөлтөд оролцож байсан уу? (38.6.1-ийг үзнэ үү).

  7. Та баптисм хүртсэнээр Христийн нэрийг өөр дээрээ авч, бусдад үйлчилж, бүх цагт Түүний гэрчлэгч болж зогсон, Түүний зарлигуудыг насан туршдаа сахих хүсэлтэй байна хэмээн Бурхантай гэрээ байгуулдаг. Та энэхүү гэрээг байгуулахад мөн үүнд үнэнч байхыг хичээхэд бэлэн байна уу?

Хэрэв тухайн хүн 5 эсвэл 6-р асуултад тийм гэж хариулбал 38.2.8.6 дахь зааврыг үзнэ үү. Мөн 38.2.8.7-г үзнэ үү.

Хэрэв тухайн хүн баптисм хүртэхэд бэлэн бол ярилцлага хөтлөн явуулагч нь Баптисмын болон гишүүний баталгааны бүртгэлийг бөглөнө (18.8.3-ыг үзнэ үү).

31.2.4

Аароны санваарын албанд томилох ярилцлага

Бишоп нь Аароны санваарын албанд томилох санваарын түлхүүрүүдийг атгадаг. Мөн тэрээр дикон, багш, пристийн албанд томилох түлхүүрүүдийг атгадаг. Бишоп эсвэл томилогдсон зөвлөх дикон, багшаар томилогдох ах нартай тэднийг сүнслэгээр бэлтгэгдсэн эсэхийг нь тодорхойлохоор ярилцана. Пристээр томилогдох ах нартай бишоп ярилцана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 18.10.2-оос үзнэ үү.

31.2.5

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлага

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Ариун сүмд орж, ёслолуудад оролцох нь ариун нандин, онцгой эрх. Эрх бүхий санваарын удирдагчдын тодорхойлсноор, Их Эзэний жишгүүдийн дагуу амьдрахыг эрмэлзэж, сүнслэг байдлын хувьд бэлтгэгдсэн хүмүүст энэхүү онцгой эрх олгогддог.

Ийм шийдвэр гаргахын тулд санваарын удирдагчид УБХАМС дээрх асуултуудыг ашиглан гишүүнтэй ярилцдаг (мөн 26.3 дахь удирдамжийг үзнэ үү). Удирдагчид ямар нэгэн шаардлага нэмэх, хасах ёсгүй. Харин тэд асуултыг гишүүний нас, нөхцөл байдалд тохируулж болно.

31.2.6

Мелкизедек санваарын албанд томилох ярилцлага

Гадасны ерөнхийлөгч Мелкизедек санваар олгох санваарын түлхүүрүүдийг атгадаг. Мөн тэрээр ахлагчийн болон дээд пристийн албанд томилох түлхүүрүүдийг атгадаг.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлөөр бишоп доорх асуултуудыг ашиглан гишүүнтэй ярилцана. Тэрээр ярилцлагын өмнө уг хүний гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэгээ болон ёслолын юм уу Сүмийн гишүүнчлэлийн хязгаарлалт байгаа эсэхийг нягтална.

Хэрэв ярилцлагын дараа бишоп гишүүнийг томилогдоход бэлэн гэж үзвэл Мелкизедек санваарын ёслолын бүртгэл-ийг бөглөж, илгээнэ. Дараа нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн доорх асуултуудыг ашиглан гишүүнтэй ярилцана.

Мелкизедек санваар хүлээн авсан эрэгтэй хүн санваарын тангараг өргөж, гэрээ байгуулдаг. Үүнийг Сургаал ба Гэрээ 84:33–44-т дүрсэлсэн байдаг. Ярилцлагын үеэр бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь тухайн гишүүнийг уг тангараг, гэрээг ойлгож, тэдгээрийг дагаж мөрдөхийг зөвшөөрч байгаа эсэхийг нягтална. Дараа нь удирдагч дараах асуултуудыг тавина. Үүнд:

  1. Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?

  2. Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?

  3. Танд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар гэрчлэл бий юү?

  4. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, түүнчлэн санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг уу?

    Та Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг уу?

    Та Сүмийн бусад ерөнхий эрх мэдэлтнийг болон орон нутгийн удирдагчдыг дэмжин баталдаг уу?

  5. Их Эзэн бүх зүйл Түүний өмнө “цэвэр ариун байдалд хийгддэг” (Сургаал ба Гэрээ 42:41) хэмээн хэлсэн.

    Та ёс суртахууны хувьд өөрийн бодол, зан үйлдлийг цэвэр ариун байлгахыг хичээдэг үү?

    Та ариун явдлын хуулийг дагадаг уу?

  6. Та ганцаараа эсвэл олны дунд гэр бүлийнхэнтэйгээ болон бусадтай харьцахдаа Есүс Христийн Сүмийн сургаалуудыг дагадаг уу?

  7. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харш аливаа сургаал, зан үйл, номлолыг дэмжиж, сурталчилдаг уу?

  8. Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч, сүмд ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн түүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?

  9. Та хийж буй бүх зүйлдээ шударга байхыг хичээдэг үү?

  10. Та аравны нэгийн бүрэн төлөгч үү?

  11. Та Мэргэн ухааны үгийг ойлгож, дагадаг уу?

  12. Та салсан нөхөр/эхнэрийнхээ эсвэл хүүхдүүдийнхээ өмнө ямар нэгэн санхүүгийн болон бусад үүрэг хариуцлага хүлээдэг үү?

    Хэрэв тийм бол тэдгээр үүрэг хариуцлагаа цагт нь биелүүлж байгаа уу?

  13. Наманчлалын нэг хэсэг болох, санваарын эрх мэдэлтнүүдтэй хамт шийдвэрлэвэл зохих ноцтой нүгэл таны амьдралд бий юү?

  14. Та өөрийгөө Мелкизедек санваарын албанд томилогдох зохистой гэж үзэж байна уу?

31.3

Удирдагчид гишүүдтэй уулзах бусад боломж

Удирдагчид гишүүдтэй ганцаарчлан уулзах олон боломж бий. Жишээлбэл:

  • Гишүүд сүнслэг удирдамж хэрэгтэй эсвэл хувийн ноцтой асуудалтай үедээ Сүмийн удирдагчтай уулзах хүсэлт гаргаж болно. Зарим тохиолдолд удирдагч гишүүнтэй уулзах өдөөлтийг мэдэрч болно. Гишүүдийг ерөнхий эрх мэдэлтнүүдэд хувийн асуудлаар хандахыг дэмждэггүй (38.8.25-ыг үзнэ үү).

    Өсвөр үеийнхэнд илүү их цаг зарцуулахын тулд бишоп эдгээр уулзалтын заримыг тойргийн бусад удирдагчид даалгаж болно. Ялангуяа Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд үүнд тусалж чадна. Гэсэн хэдий ч ноцтой нүглээ наманчилж буй хүмүүстэй ярилцах гэх мэт олон нийтийн шүүгчийн үүрэг шаардагдах асуудлуудыг бишоп бусдад даалгаж болохгүй.

  • Бишоп эсвэл түүний томилсон хүн материаллаг хэрэгцээтэй гишүүдтэй уулзана (31.3.4 ба 22.6-г үзнэ үү).

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч чуулгын гишүүн бүртэй жилд нэг удаа ганцаарчлан уулздаг. Тэд уг гишүүний тухай болон түүний гэр бүлийн нөхцөл байдлын талаар ярилцана. Тэд мөн түүний санваарын үүргүүдийн талаар ярилцана. (8.3.3.2-ыг үзнэ үү.)

  • Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Халамжийн нийгэмлэгийн гишүүн бүртэй жилд нэг удаа уулздаг. Тэд уг эгчийн тухай болон түүний гэр бүлийн нөхцөл байдлын талаар ярилцана. (9.3.2.2-ыг үзнэ үү.)

  • Бишопын зөвлөлийн гишүүн Хүүхдийн хэсгээс диконы чуулга эсвэл Залуу эмэгтэйчүүдийн анги руу шилжих, 11 настай хүүхэд бүртэй уулздаг. Энэ уулзалтын үеэр бишопын зөвлөлийн гишүүн нь мөн Аароны санваарыг хүлээн авах залуу эрэгтэйчүүдтэй ярилцдаг (18.10.2-ыг үзнэ үү).

  • Бишопын зөвлөлийн гишүүн цэргийн албанд явж буй гишүүдтэй уулзана (38.9.2-ыг үзнэ үү).

  • Бишопын зөвлөлийн гишүүн өсвөр үеийнхэн бүртэй жилд хоёр удаа уулзана (31.3.1-ийг үзнэ үү).

  • Бишопын зөвлөлийн гишүүн ганц бие залуучуудтай жилд доод тал нь нэг удаа уулзана (31.3.2-ыг үзнэ үү).

  • Гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөлийн гишүүд, бусад удирдагч өөрсдийн удирдлага доор үйлчилдэг удирдагчидтай тогтмол уулзана (31.3.3-ыг үзнэ үү).

Удирдагчид гишүүдтэй уулзахдаа 31.1-д заасан зарчмыг мөрдөнө.

Гишүүдтэй уулзах үед гарч болох тодорхой сэдвүүдийн талаарх хэрэгтэй мэдээллийг Gospel Library дахь Зөвлөгөө өгөх эх сурвалж-аас үзнэ үү. Удирдагчид мөн гишүүдийг Амьдралд зориулсан тусламж хэсэгт хандуулж болно.

31.3.1

Өсвөр үеийнхэнтэй уулзах

Бишопын нэн тэргүүний үүрэг бол тойргийнхоо өсөж буй үеийнхэнд сүнслэг байдлын хувьд ахиж дэвшихэд нь туслах явдал юм. Үүнийг хийх нэг чухал арга нь тэдэнтэй ганцаарчлан уулзах юм (эсвэл өөр насанд хүрсэн хүнтэй цуг; 31.1.4-ийг үзнэ үү). Бишоп эсвэл түүний зөвлөхүүдийн аль нэг нь өсвөр үеийнхэнтэй жилд хоёр удаа уулзана. Жил бүрийн энэ уулзалтуудын дор хаяж нэгийг нь бишоп өөрөө явуулах ёстой. Өсвөр үеийнхнийг 16 нас хүрэх жилээс нь эхлэн жилд уулзах хоёр удаагийн уулзалтыг боломжтой бол бишоп өөрөө явуулах ёстой.

Эдгээр уулзалтаас гадна өсвөр үеийнхэн заавар, дэмжлэг хэрэгтэй үедээ бишоптойгоо чөлөөтэй зөвлөлдөх хэрэгтэй. Бишоп өсвөр үеийнхэнтэй итгэлтэй, бат бөх харилцаа тогтоохыг хичээх ба ингэснээр тэдэнд бишоптой зөвлөлдөх нь ая тухтай санагдах юм.

Мөн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч залуу эмэгтэйчүүддээ нэг нэгээр нь тохинуулах үүрэгтэй. Тэрээр залуу эмэгтэйчүүдтэй нэг нэгээр нь (эсвэл өөр насанд хүрсэн хүнтэй цуг; 31.1.4-ийг үзнэ үү) уулзах замаар үүнийг гүйцэтгэж болно.

Удирдагчид өсвөр үеийнхэнтэй уулзахдаа 31.1-д заасан зарчмыг мөрдөнө. Эдгээр зарчмын ихэнх нь өсвөр үеийнхэнтэй уулзахад онцгой чухал байдаг.

31.3.1.1

Эцэг эхтэй харилцах

Удирдагчид өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэх хичээл зүтгэлдээ эцэг эхчүүдтэй нягт хамтран ажиллана. Тэд эцэг эхчүүдэд хүүхдүүддээ Есүс Христийн сайн мэдээг заах үүрэг хариуцлагад нь дэмжлэг үзүүлэхийг эрмэлздэг.

Удирдагчид өсвөр үеийнхэнтэй болон тэдний эцэг эхтэй уулзах анхны уулзалтынхаа өмнө дараах мэдээллийг хуваалцана.

  • Эцэг эхчүүд хүүхдүүдээ харж халамжлах, тэдэнд зааж сургах гол үүрэгтэй.

  • Бишоп эсвэл түүний зөвлөхүүдийн аль нэг нь өсвөр үеийнхэнтэй жилд хоёроос доошгүй удаа уулздаг. Мөн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч залуу эмэгтэй бүртэй үе үе уулзаж болно. Эдгээр уулзалтаар удирдагчид асуултад хариулж, дэмжлэг үзүүлж, үүрэг оноож, 31.3.1.2-т заасан сэдвүүдийг ярилцаж болно.

  • Өсвөр үеийнхнийг сүнслэг байдлын хувьд бэлдэхэд нь туслахын тулд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг, санваарын томилгоо, номлолын дуудлага гэх зэрэг ариун нандин ажилд зориулан ярилцлага явуулах шаардлагатай. Удирдагчид өсвөр үеийнхнийг ийм ярилцлагад бэлдэхэд нь туслахдаа эцэг эхчүүдтэй хамтран ажилладаг.

  • Эцэг эхчүүд хүүхдүүддээ сүнслэг удирдамж эсвэл наманчлалтай холбоотой тусламж хэрэгтэй үед бишоптой эсвэл Сүмийн өөр удирдагчтай зөвлөлдөхийг урамшуулна.

  • Өсвөр үеийнхнийг Сүмийн удирдагчтай уулзах үед эцэг эх эсвэл өөр насанд хүрсэн хүн хамт байлцах ёстой. Өсвөр үеийнхэн уг хүнийг уулзалтад оролцохыг урьж эсвэл өрөөний гадаа хүлээлгэж болно.

31.3.1.2

Ярилцах сэдэв

Өсвөр үеийнхэнтэй уулзах уулзалтын гол зорилго нь Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг бий болгож, өсвөр үеийнхэнд Тэднийг дагахад нь туслах явдал юм. Эдгээр уулзалт нь сүнслэг байдлыг хөгжүүлэх үйл явдал байх ёстой. Удирдагчид өсвөр үеийнхэн бүрд хайр, урам зоригийг мэдрэхэд нь мөн Аврагчтай илүү адилхан болох хүсэлтэй болоход нь туслахыг хичээнэ.

Өсвөр үеийнхэн болон удирдагч дараах зүйлийн тухай ярилцаж болно. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай болон сэргээгдсэн сайн мэдээний талаарх өсвөр үеийнхний гэрчлэлийг бататгаж буй сүнслэг туршлага

  • Өсвөр үеийнхэн баптисмын гэрээгээ хэрхэн сахиж байгаа талаар

  • Ариун сүмийн гэрээ байгуулж, сахихын тулд өсвөр үеийнхний хийж буй бэлтгэл

  • Амьдралынхаа бүхий л талбарт Аврагчтай илүү адилхан болох өсвөр үеийнхний хувийн зорилгын талаар (“Хүүхэд, өсвөр үеийнхэн”-ийг үзнэ үү)

  • Хувиараа болон гэр бүлээрээ залбирч, судраас судлахын ач холбогдол

  • Эцэг эх, гэр бүлийн бусад гишүүнтэй харилцах харилцааг хэрхэн бэхжүүлэх

  • Эдгээр зарчмыг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч-өөс үзэх боломжтой.

  • Өсвөр үеийнхэн Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох арга замууд (1.2-ыг үзнэ үү)

  • Залуу эрэгтэйтэй уулзаж байгаа бол санваарын үүргээ биелүүлж, дараагийн санваарын албанд томилогдохоор бэлтгэж буй түүний туршлага

  • Семинарт оролцохын адислал

  • Бүрэн цагийн номлолд үйлчлэх бэлтгэл (24.0, 24.3-ыг үзнэ үү). Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй хэмээн хүссэн. Хожмын үеийн гэгээнтэн залуу эрэгтэйчүүдийн хувьд номлогчийн үйлчлэл бол санваарын үүрэг хариуцлага юм (Сургаал ба Гэрээ 36:1–4, 4–7-г үзнэ үү). Зохистой, боломжтой залуу эмэгтэйчүүд номлолд үйлчлэх хүсэлтэй бол тэднийг Их Эзэн баяртайяа хүлээн авдаг. Номлол нь залуу эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн сонголтоор үйлчилж болох хүчирхэг боломж юм. Номлолд бэлтгэх нь номлогчоор үйлчлэх шийдвэр гаргах эсэхээс нь үл хамааран залуу эмэгтэйг адисална.

    Удирдагчид бүрэн цагийн номлолд үйлчилж чадахгүй байж болох хүмүүст мэдрэмжтэй хандах ёстой (24.4.4-ийг үзнэ үү).

    Үйлчлэлийн номлолын тухай мэдээллийг 24.2.2-оос үзнэ үү.

Удирдагчид зарлигуудыг дуулгавартай дагах талаар ярилцахдаа ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуултууд, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг ашиглаж болно. Тэд ёс суртахууны хувьд цэвэр ариун байх талаарх ярилцлага нь сониуч занг нь хөдөлгөж, туршиж үзэх хүсэл сонирхлыг нь өдөөхгүй байхад анхаарах ёстой.

31.3.2

Ганц бие залуучуудтай уулзах

Бишоп тойргийнхоо ганц бие залуучуудын сүнслэг ахиц дэвшилд онцгой ач холбогдол өгнө. Тэр эсвэл томилогдсон зөвлөх нь ганц бие залуу хүн бүртэй жилд дор хаяж нэг удаа уулзана.

Бишопын зөвлөлийн гишүүн болон ганц бие залуу хүн 31.3.1.2-т дурдсан холбогдох зүйлсийн талаар ярилцаж болно. Тэд мөн бие даах чадвар хөгжүүлэх гэх мэт залуу хүнд онцгой ач холбогдолтой асуудлуудын талаар ярилцаж болно.

31.3.3

Гишүүдтэй тэдний дуудлага, үүрэг хариуцлагын талаар ярилцахаар уулзах

Гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөл, бусад удирдагч тэдэнд дуудлагынхаа талаар тайлагнадаг гишүүн бүртэй ганцаарчлан уулзана. Жишээлбэл:

  • Гадасны ерөнхийлөгч гадсан дахь бишоп бүртэй тогтмол уулзана (6.2.1.2-ыг үзнэ үү).

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гадсан дахь ахлагчийн чуулгын ерөнхийлөгч бүртэй тогтмол уулзана (8.3.1-ийг үзнэ үү).

  • Бишоп Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчтэй сар бүр уулзана (9.3.1-ийг үзнэ үү). Мөн тэрээр ахлагчийн чуулгын болон Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчтэй тогтмол уулзана (8.3.1, 11.3.1-ийг үзнэ үү).

  • Бишопын зөвлөлийн гишүүн Хүүхдийн хэсгийн болон Ням гаргийн ангийн ерөнхийлөгчтэй тогтмол уулзана (12.3.1, 13.2.1-ийг үзнэ үү).

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд тохинуулагч ах, эгч нартай уулзана (21.3-ыг үзнэ үү).

Эдгээр уулзалтаар удирдагч нь гишүүнд урам зориг өгч, үүрэг хариуцлагыг нь зааж өгдөг. Удирдагч гишүүний үйлчлэлд талархал илэрхийлж, урам зориг өгдөг. Гишүүн нь үйлчилж буй хүмүүсийнхээ ахиц дэвшил, нөхцөл байдлын талаар тайлагнадаг. Тэд хамтдаа зорилго, сорилт, боломжуудын талаар ярилцдаг. Боломжтой бол тэд төсөв, зардлаа хянана.

Зураг
Ярилцаж байгаа эмэгтэйчүүд

31.3.4

Материаллаг хэрэгцээ, бие даах чадварын талаар гишүүдтэй ярилцахаар уулзах

Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын нэгэн хэсэг юм (1.2-ыг үзнэ үү). Удирдагчид материаллаг хэрэгцээтэй гишүүдтэй уулзахдаа, богино хугацааны хэрэгцээг нь шийдвэрлэж, цаашид урт хугацаанд бие даах чадвартай болгоход тусалдаг (22.3-ыг үзнэ үү).

Бишоп Халамжийн нийгэмлэгийн болон ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл зэрэг тойрогт байгаа бусад хүнийг материаллаг хэрэгцээтэй гишүүдтэй уулзуулахаар томилж болно. Гэхдээ зөвхөн бишоп мацгийн өргөлийн санг ашиглах зөвшөөрлийг олгоно (22.6.1-ийг үзнэ үү).

Материаллаг хэрэгцээтэй хүмүүст туслах нэмэлт зарчим, бодлогыг 22-р бүлэгт тайлбарласан.

31.3.5

Гэрлэлт, гэр бүл цуцлалтын асуудлаар гишүүдтэй уулзах

Сүмийн удирдагчид хэнтэй гэрлэхийг зөвлөх ёсгүй. Мөн эхнэрээсээ юм уу нөхрөөсөө салах эсэхийг зөвлөж болохгүй. Зарим тохиолдолд гэр бүл цуцлуулах нь тохиромжтой сонголт боловч ийм шийдвэр гаргах эсэхийг тухайн хүн өөрөө шийдэх ёстой.

Сүмийн удирдагчид тусдаа амьдарч байгаа эсвэл гэр бүлээ цуцлуулж байгаа гэр бүлийн хостой болон хувь хүнтэй Сүнсний удирдамжийн дагуу байнга уулзана. Удирдагчид мөн хосуудад гэрлэлтээ бэхжүүлэхэд нь туслахыг эрэлхийлж болно. Тэд Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээ сахиж, Түүний сургаалаар амьдарснаар ирдэг хүч чадал, эдгэрэлтийн талаар заана. Эдгээр сургаалд итгэл, наманчлал, уучлал, хайр, залбирал багтана.

Эхнэр, нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа болон салж байгаа гишүүд гэр бүл цуцлалт нь эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл болзохгүй байх ёстой.

31.3.6

Мэргэжлийн зөвлөгөө ба эмчилгээ

Сүмийн удирдагчдыг мэргэжлийн зөвлөхөөр эсвэл эмчилгээ хийлгүүлэх зорилгоор дууддаггүй. Тэдний өгч буй тусламж нь сүнслэг бөгөөд Есүс Христийн хүчирхэгжүүлэх, тайвшруулах, гэтэлгэх хүчинд төвлөрдөг. Энэхүү чухал бөгөөд сүнслэг нөлөө бүхий тусламжаас гадна боломжтой газарт зарим гишүүн мэргэжлийн зөвлөгөө авах нь ашиг тустай байж болно. Ийм зөвлөгөө буюу эмчилгээ нь амьдралд тулгарах зовлон бэрхшээлийг ойлгож, эрүүл, зөв арга замаар хариу арга хэмжээ авахад гишүүдэд тусалж чадна.

Мэргэжлийн зөвлөхтэй уулзан, сэтгэл санааны сайн сайхан байдалд туслах ойлголт, ур чадварыг олж авах нь сул доройн шинж биш юм. Харин энэ нь даруу байдал, хүч чадлын илэрхийлэл байж болно.

Гишүүд энэ төрлөөр мэргэшсэн, зохих зөвшөөрөлтэй, нэр хүндтэй зөвлөхийг няхуур нямбай шалган сонгох хэрэгтэй. Зөвлөхүүд тусламж хүссэн хүний сонгох эрх, үнэт зүйл, итгэл үнэмшлийг хүндэтгэх нь зүйтэй. Эдгээр үнэт зүйлийг мэргэжлийн зөвлөгөө өгөх хүмүүс авч хэлэлцвэл зохино.

Гишүүд бие махбодын дотно харьцааны талаар зөвлөгөө авахыг хүсвэл бишоп тэднийг ийм зөвлөгөөгөөр мэргэшсэн, итгэл үнэмшил, үйл ажиллагаа нь Сүмийн сургаалтай нийцдэг мэргэжилтнүүд рүү явуулж болно.

Хүмүүсийг дарангуйлах маягаар бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжааг нь өөрчлөх буюу засах гэх мэт аливаа эмчилгээг Сүм хориглодог. (Амьдралд зориулсан тусламж дотроос “Ижил хүйсийн хүнд сэтгэл татагдах” ба “Трансжендер хүмүүс” гэдгийг үзнэ үү.”)

АНУ, Канадад бишоп болон гадасны ерөнхийлөгч сайн мэдээний зарчимд нийцсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх эх сурвалжуудыг мэдэж авахын тулд Гэр бүлийн үйлчлэлийн албатай холбоо барьж болно. Холбоо барих мэдээллийг доор оруулав.

1-801-240-1711

1-800-453-3860, дотуур утас 2-1711

FamilyServices.ChurchofJesusChrist.org

Бусад бүсийн хувьд удирдагчид бүсийн албан дахь Гэр бүлийн үйлчлэлийн албаны мэргэжилтэнтэй эсвэл халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх менежертэй холбогдож болно.

Хэрэв гишүүд мэргэжлийн зөвлөгөө авах үйлчилгээний хөлсийг хувиасаа эсвэл даатгалаасаа төлж чадахгүй бол бишоп мацгийн өргөлийн санг ашиглаж болно (22.4-ийг үзнэ үү).

31.4

Гишүүдтэй онлайнаар уулзах

Удирдагчид ихэвчлэн гишүүдтэй биечлэн уулзаж ярилцан, сүнслэг тусламж үзүүлж, тохинуулдаг. Биечлэн уулзахад тохиромжгүй бол удирдагчид гишүүдтэй ярилцлага хийж, сүнслэг тусламж үзүүлж, тохинуулахын тулд цахимаар уулзаж болно.

Удирдагчийн гишүүдтэй ярилцах ярилцлага, бусад уулзалтыг бичиж авч болохгүй.

Биечилсэн ярилцлага, уулзалтын нэгэн адил гишүүн онлайн ярилцлага эсвэл уулзалтад өөр хэн нэгнийг урьж болно.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг цахимаар хийх үед тухайн гишүүн зохистой бол удирдагч зөвшөөрлийн бичиг дээр цахимаар гарын үсэг зурна. Бишопын зөвлөлийн гишүүн эсвэл салбарын ерөнхийлөгч зөвшөөрлийн бичгийг хэвлэж, гишүүнд өгнө.