Гарын авлагууд болон дуудлагууд
26. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг


“26. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“26. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Бишоп хүнтэй ярилцлага хийж байгаа нь

26.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг

26.0

Оршил

Их Эзэний өргөөнд орох нь ариун нандин, онцгой эрх юм. Тойрог, гадасны удирдагчид бүх гишүүнийг ариун сүмээс хол амьдардаг ч ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй мөн зохистой байхад урамшуулан дэмжинэ.

Их Эзэний өргөөнд орж байгаа хүн бүр ариун сүмд орох зохистой эсэхийг мэдэхийн тулд Сүмийн удирдагчид бүхий л хүчин чармайлтыг гаргадаг (Дуулал 24:3–5-ыг үзнэ үү). Эрх бүхий санваарын удирдагчид ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хөтлөн явуулах бөгөөд ярилцлагын асуултуудад зөв зохистой, чин сэтгэлээсээ хариулах гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгоно (26.3-ыг үзнэ үү). Хэрвээ Түүний өргөөнд орж байгаа хүмүүс цэвэр бол Өөрийнх нь оршихуй тэнд байх болно хэмээн Их Эзэн амласан (Сургаал ба Гэрээ 97:15–16-г үзнэ үү).

Гишүүд ариун сүмд орохын тулд ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Эцэг эхтэйгээ лацдан холбуулж байгаа эсвэл ах, эгч, дүү нь аав, ээжтэйгээ лацдан холбогдохыг харахаар хүрэлцэн ирсэн 8-аас доош насны хүүхдүүдэд зөвшөөрлийн бичиг шаардлагагүй (26.4.4-ийг үзнэ үү).

Энэ бүлэгт ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгодог удирдагчдад зориулсан удирдамж заавар өгөгдсөн. Энэ бүлэгт хариулаагүй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй холбоотой асуух зүйл бишопт гарч ирвэл тэрээр гадасныхаа ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Гадасны ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлийн албанд хандаж, асуултуудыг тавьж болно.

26.1

Ариун сүмийн эрхийн бичгийн төрлүүд

Ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичиг аль ч ариун сүмд орох боломжийг гишүүдэд олгодог. Санваарын удирдагчид гишүүдэд нөхцөл байдалд нь таарсан зөвшөөрлийн бичиг өгөхөд анхаарна. Гурван төрлийн зөвшөөрлийн бичиг байдаг. Үүнд:

  1. Хишиг хүртээгүй гишүүдэд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг Эдгээр зөвшөөрлийн бичгийг эцэг эхтэйгээ лацдан холбогдож буй эсвэл төлөөлөн үйлдэх баптисм болон гишүүний баталгааг гүйцэтгэж буй, хишиг хүртээгүй гишүүдэд зориулсан. Эдгээр зөвшөөрлийн бичгийг Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС)-г ашиглан олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 26.4-өөс үзнэ үү.

  2. Амьд хүмүүст зориулсан ёслолын ариун сүмийн зөвшөөрлийн бичиг. Эдгээр зөвшөөрлийн бичиг нь хишгээ хүртэх гэж байгаа эсвэл эхнэр, нөхөртэйгөө лацдан холбогдох гэж байгаа гишүүдэд зориулагдсан. Эдгээрийг эрхийн бичгийн 2-р номоос олгоно. Амьд хүмүүст зориулсан ёслолын ариун сүмийн зөвшөөрлийн бичиг нь хишгээ хүртсэн гишүүдэд (доор дүрслэн өгүүлсэн) зориулсан ариун сүмийн ердийн зөвшөөрлийн бичигт хавсаргагдсан байдаг. Ёслолыг гүйцэтгэх үед амьд хүмүүст зориулсан ёслолын эрхийн бичгийг ариун сүмд авч үлдэнэ. Гишүүн ердийн эрхийн бичгээ авч үлдэх бөгөөд ариун сүмд буцаж ирэхдээ үүнийгээ хэрэглэнэ.

  3. Хишиг хүртсэн гишүүдэд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг. Энэ зөвшөөрлийн бичиг нь өмнө нь хишиг хүртсэн гишүүдэд зориулагдсан. Эдгээрийг УБХАМС-аар дамжуулан олгодог. Энэ зөвшөөрлийн бичиг нь нас барсан хүмүүсийн өмнөөс ариун сүмийн бүх ёслолд оролцох эрхийг олгодог. Түүнчлэн хишиг хүртсэн гишүүн энэ эрхийн бичгийг амьд эсвэл нас барсан эцэг эх эсвэл хүүхдүүдтэйгээ лацдан холбогдоход ашигладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг 26.3-аас үзнэ үү.

26.2

Ариун сүмийн эрхийн бичгийг аюулгүй хадгалах

26.2.1

Санваарын удирдагчид ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг аюулгүй хадгалах

Ариун сүмийн эрхийн бичгийн хавтаснуудыг хариуцдаг санваарын удирдагчид үүнийг аюулгүй хадгалж, хамгаалах ёстой. Өөр хэн ч үүнийг ашиглаж болохгүй. Сүмээс ариун сүмийн эрхийн бичгийн хавтсыг шинэчлэх үед удирдагчид хуучин хавтсыг устгана.

Түүнчлэн санваарын удирдагчид УБХАМС дээрх ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хүмүүс нэвтрэх эрхгүй байх тал дээр хяналт тавина.

26.2.2

Гээсэн эсвэл хулгайд алдсан зөвшөөрлийн бичиг

Гишүүд ариун сүмийн эрхийн бичгээ гээсэн эсвэл хулгайд алдсан бол тэр даруй өөрт нь мэдэгдэхийг бишоп тэднээс хүснэ. Тэр өөрөө эсвэл томилогдсон зөвлөх эсвэл бичиг хэргийн ажилтан нь УБХАМС-г ашиглан зөвшөөрлийн бичгийг аль болох цаг алдалгүй цуцална. Хэрвээ энэ системийг ашигладаггүй бол бишоп уг эрхийн бичгийг цуцлуулахаар ариун сүмийн албатай холбоо барина.

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх гишүүнтэй ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагыг хөтлөн явуулна. Хэрэв гишүүн зохистой бол бишоп эсвэл томилогдсон зөвлөх зөвшөөрлийг бичгийг дахин хэвлэх юм уу шинээр гаргаж өгнө.

26.2.3

Зохистой байдлын жишгийг дагаж амьдрахгүй байгаа, зөвшөөрлийн бичигтэй хүмүүс

Хэрэв бишоп ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй гишүүн зохистой байх жишгийг дагаж амьдрахгүй байна гэж үзвэл (26.3-ыг үзнэ үү) уг гишүүнээс эрхийн бичгээ эргүүлэн өгөхийг хүснэ. Тэр УБХАМС-г ашиглан зөвшөөрлийн бичгийг цуцална. Хэрвээ энэ системийг ашигладаггүй бол бишоп уг эрхийн бичгийг цуцлуулахаар ариун сүмийн албатай холбоо барина.

26.3

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ерөнхий удирдамж

Эрх мэдэл бүхий санваарын удирдагчид ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг өгөхийн өмнө уг гишүүнтэй ярилцдаг. Удирдамж УБХАМС-д байгаа. Тухайн гишүүн ариун сүмийн эрхийн бичгийн асуултуудад зөв зохистой хариулсан тохиолдолд л санваарын удирдагч эрхийн бичгийг олгох ёстой.

Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага нь гэрчлэлтэй гэдгээ мөн Бурханы зарлигуудыг сахиж, Түүний бошиглогчдыг дагахыг хичээж байгаагаа харуулах боломжийг гишүүдэд олгодог. Санваарын удирдагчид ярилцлагаар дамжуулан уг гишүүнийг зохистой гэдгийг бататгана. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагыг хөтлөн явуулах тухай нэмэлт мэдээллийг 26.3.3-аас авна уу.

Гадаснуудад зөвшөөрлийн бичгийг олгосны дараа гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл гадасны бичиг хэргийн ажилтан зөвшөөрлийн бичгийг нь УБХАМС дээр идэвхжүүлдэг. Дүүргүүдэд, номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл номлолын бичиг хэргийн ажилтан эрхийн бичгийг идэвхжүүлнэ. Төлөөлөн гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан зөвшөөрлийн бичиг нь бишопын зөвлөлийн гишүүнийг эсвэл салбарын ерөнхийлөгчийг хэвлэж гаргах үед идэвхждэг. Тэр УБХАМС-г ашиглан эдгээр зөвшөөрлийн бичгийг хэвлэн гаргана.

26.3.1

Тойрог, салбарын гишүүдтэй ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага хийх

Тойрогт, бишоп эсвэл томилогдсон зөвлөх нь ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хөтлөн явуулж, зохистой хүмүүст эрхийн бичгийг олгоно. Салбарт, зөвхөн салбарын ерөнхийлөгч ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хөтлөн явуулж, эрхийн бичгийг олгоно.

Тойрогт бишоп нь дараах гишүүдтэй ганцаарчлан ярилцдаг. Үүнд:

  • Хувийн хишгээ хүлээн авч байгаа (27.1, 27.2-ыг үзнэ үү).

  • Эхнэр, нөхөртэйгөө лацдан холбогдож байгаа (27.3-ыг үзнэ үү).

Бишопыг эзгүй байхад яаралтай үед, эдгээр ярилцлагыг хийх зөвшөөрлийг тэрээр аль нэг зөвлөхдөө олгож болно.

Ганц бие залуучуудын том тойргуудад бишопууд нь эдгээр ярилцлагыг хийх эрхийг туршлагатай зөвлөхүүддээ олгож болно.

Бишоп нь дээр дурдсан нөхцөлд зөвшөөрлийн бичиг олгохынхоо өмнө гишүүний бүртгэлийг үзэж, Сүмийн гишүүнчлэлийг хязгаарласан тэмдэглэгээ байгаа эсэхийг магадлан шалгана. Хишиг хүртэх гэж байгаа эсвэл эхнэр нөхөртэйгөө лацдан холбогдох гэж байгаа гишүүдийн хувьд тэрээр дараах зүйлсэд анхаарна. Үүнд:

  • Уг хүний баптисм, гишүүний баталгаа гишүүнчлэлийн бүртгэлд бүртгэгдсэн байх

  • Ах нар Мелкизедек санваарыг хүлээн авсан байх ёстой.

Заримдаа, гишүүний баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан өдөр эсвэл Мелкизедек санваарт томилолт авсан огноо тэмдэглэлд ороогүй байдаг. Энэ нөхцөлд уг ёслолуудыг шалган, бүртгэж, баталгаажуулж эсвэл дахин гүйцэтгэх ёстой (38.2.6-г үзнэ үү).

Бишопын зөвлөлийн гишүүн эсвэл салбарын ерөнхийлөгчийг гишүүдтэй ярилцсаны дараа гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гадсанд амьдардаг гишүүдтэй ярилцана. Тэрээр зохистой гишүүдийн зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурна. Номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн дүүрэгт амьдардаг гишүүдтэй хоёр дахь ярилцлагыг хийнэ. Тэрээр түүнчлэн зохистой гишүүдийн зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурна. Дүүргийн ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөөгүй л бол ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг хийдэггүй.

Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч дараах гишүүдтэй ганцаарчлан ярилцдаг. Үүнд:

  • Хишиг хүртэх гэж байгаа

  • Эхнэр, нөхөртэйгөө лацдан холбогдох гэж байгаа

Гадасны ерөнхийлөгч боломжгүй үедээ эдгээр ярилцлагыг явуулах зөвшөөрлийг зөвлөхүүддээ олгоно.

Шаардлагатай бол номлолын ерөнхийлөгч эдгээр ярилцлагыг явуулах зөвшөөрлийг зөвлөхүүддээ олгож болно.

Ганц бие залуучуудын гадасны хувьд гадасны ерөнхийлөгч эдгээр ярилцлагыг хийх эрхийг зөвлөхүүддээ өгч болно.

26.3.2

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Алслагдсан бүсэд амьдардаг гишүүдтэй ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага хийх

Зарим гишүүн гадас эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй уулзахад хүндрэлтэй эсвэл хэт урт зам туулж байж ирэх шаардлагатай бүсэд амьдардаг. Эдгээр нөхцөлд ариун сүмийн ерөнхийлөгч уг хүнтэй ярилцаж, зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурж болно. Уг ярилцлагын өмнө тэрээр гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчтэй ярина. Бишоп, эрх нь олгогдсон зөвлөх эсвэл салбарын ерөнхийлөгч өмнө нь уг гишүүнтэй ярилцаж, ариун сүмийн зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсан байх ёстой.

Энэ бодлого журам нь алслагдсан бүсүүдэд цэргийн алба хааж байгаа гишүүдэд бас хамаатай. Тэд гэрийнхээ харьяа тойргийн эсвэл цэргийн ангийнхаа харьяа нэгжийн бишоптой эхлээд ярилцлагад орсон байх ёстой.

Зураг
Ариун сүмийн гадна буй өсвөр үеийнхэн

26.3.3.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг хөтлөн явуулах

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Ариун сүмд орж, ёслолуудад оролцох нь ариун нандин, онцгой эрх. Эрх бүхий санваарын удирдагчдын тодорхойлсноор, Их Эзэний жишгүүдийн дагуу амьдрахыг эрмэлзэж, сүнслэг байдлын хувьд бэлтгэгдсэн хүмүүст энэхүү онцгой эрх олгогддог.

Ийм шийдвэр гаргахын тулд санваарын удирдагчид доорх асуултуудыг ашиглан гишүүнтэй ярилцдаг. Удирдагчид ямар нэгэн шаардлага нэмэх, хасах ёсгүй. Харин тэд асуултыг гишүүний нас, нөхцөл байдалд тохируулж болно.

Заримдаа ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагын үеэр гишүүдэд асуух зүйл гарч ирдэг. Санваарын удирдагч сайн мэдээний үндсэн зарчмуудыг тайлбарлаж өгч болно. Шаардлагатай бол тэд бас ариун сүмийн эрхийн бичгийн асуултуудыг ойлгоход нь гишүүдэд тусалж болно. Гэхдээ тэр хувийн үзэл бодол, сонирхол, тайлбараа Сүмийн сургаал, бодлого журам болгон танилцуулах ёсгүй.

Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг яарч тэвдэн гүйцэтгэх хэрэггүй. Тэд ганцаарчлан ярилцах ёстой. Гэхдээ ярилцлагад орж буй хүн эхнэр нөхөр, эцэг эхээ эсвэл өөр нэг насанд хүрсэн хүнийг ярилцлагын үеэр байлцуулахаар урьж болно.

26.3.3.1

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагын асуултууд

  1. Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?

  2. Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?

  3. Танд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар гэрчлэл бий юү?

  4. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, түүнчлэн санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг уу?

    Та Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг уу?

    Та Сүмийн бусад ерөнхий эрх мэдэлтнийг болон орон нутгийн удирдагчдыг дэмжин баталдаг уу?

  5. Их Эзэн бүх зүйл Түүний өмнө “цэвэр ариун байдалд хийгддэг” (Сургаал ба Гэрээ 42:41) хэмээн хэлсэн.

    Та ёс суртахууны хувьд өөрийн бодол, зан үйлдлийг цэвэр ариун байлгахыг хичээдэг үү?

    Та ариун явдлын хуулийг дагадаг уу?

  6. Та ганцаараа эсвэл олны дунд гэр бүлийнхэнтэйгээ болон бусадтай харьцахдаа Есүс Христийн Сүмийн сургаалуудыг дагадаг уу?

  7. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харш аливаа сургаал, зан үйл, номлолыг дэмжиж, сурталчилдаг уу?

  8. Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч, сүмд ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн түүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?

  9. Та хийж буй бүх зүйлдээ шударга байхыг хичээдэг үү?

  10. Та аравны нэгийн бүрэн төлөгч үү?

    Төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгааг гүйцэтгэхээр зөвшөөрлийн бичиг авах гэж байгаа гишүүдийн хувьд: Та аравны нэгийг төлөх зарлигийг дагахад бэлэн үү?

  11. Та Мэргэн ухааны үгийг ойлгож, дагадаг уу?

  12. Та салсан нөхөр/эхнэрийнхээ эсвэл хүүхдүүдийнхээ өмнө ямар нэгэн санхүүгийн болон бусад үүрэг хариуцлага хүлээдэг үү?

    Хэрэв тийм бол тэдгээр үүрэг хариуцлагаа цагт нь биелүүлж байгаа уу?

  13. Та хишиг хүртэхэд зааварласны дагуу гарментаа өмсөх гэх мэт ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахидаг уу? (Гишүүн бүрд доорх “Ариун сүмийн гарментыг өмсөх” хэсгийг уншиж өгнө үү.)

  14. Наманчлалын нэг хэсэг болох, санваарын эрх мэдэлтнүүдтэй хамт шийдвэрлэвэл зохих ноцтой нүгэл таны амьдралд бий юү?

  15. Та өөрийгөө Их Эзэний өргөөнд орж, ариун сүмийн ёслолуудад оролцох зохистой гэж үзэж байна уу?

26.3.3.2

Ариун сүмийн гарментыг өмсөх

Ариун сүмийн гармент нь ариун сүмд байгуулсан гэрээнүүдийг сануулдаг бөгөөд амьдралынхаа туршид гарментыг зохистой өмсөх үед уруу таталт, хилэнцийн эсрэг хамгаалалт болдог. Гарментыг хувцасны дотуур өмсөх ёстой. Та гарментыг тайлахгүйгээр оролцож болох үйл ажиллагаанд оролцохдоо үүнийг тайлж болохгүй бөгөөд янз бүрийн хувцасны загварт тохируулан өөрчлөх ёсгүй. Хишиг хүртсэн гишүүд гармент өмсөхтэй холбоотой хувийн асуултынхаа хариултыг Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэн авбал зохино.

Гармент өмсөх нь ариун нандин онцгой эрх ба Аврагч Есүс Христийг дагах хувь хүний амлалтын гадаад илрэл юм.

Хэрэв гишүүдэд гармент өмсөх талаар асуулт байвал тэднийг 38.5.5-ыг уншихад урь.

26.3.3.3

Нэмэлт удирдамж

Санваарын удирдагч зөвшөөрлийн бичгээ хадгалан хамгаалах хэрэгтэйг гишүүнд онцлон хэл. Зөвшөөрлийн бичгийг хэзээ ч бусдад зээлдүүлж болохгүй. Хэрэв гээсэн эсвэл хулгайд алдсан бол олгосон хүндээ аль болох хурдан мэдэгд.

26.4

Хишиг хүртээгүй гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох

26.4.1

Ерөнхий удирдамж

Тойрогт бишоп юм уу томилогдсон зөвлөх нь ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохоор хишиг хүртээгүй гишүүдтэй ярилцана. Салбарт, зөвхөн салбарын ерөнхийлөгч ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг хийнэ. Тухайн удирдагч 26.3 дээрх удирдамж, зааврыг дагана. Хэрэв тухайн хүн зохистой бол тэрээр зөвшөөрлийн бичгийг олгоно.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг дараах тохиолдолд хишиг хүртээгүй гишүүдэд олгоно. Үүнд:

  • Нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах гэж буй 11 ба үүнээс дээш насны гишүүд (Тухайн ондоо 12 нас хүрэх залуу эмэгтэйчүүд ба санваарт томилогдсон залуу эрэгтэйчүүд 1-р сараас эхлэн ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг авах эрхтэй.)

  • Эцэг эхтэйгээ лацдан холбуулах 8-20 насны гишүүд. Эцэг эхтэйгээ лацдан холбогдоход 8-аас доош насны хүүхдүүдэд зөвшөөрлийн бичиг шаардлагагүй (26.4.4-ийг үзнэ үү).

  • Амьд ах, эгч дүү эсвэл хойд ах, эгч, дүү нараа эцэг эхтэйгээ лацдан холбуулж байгааг харах гэж байгаа 8–20 насны гишүүд.

Өмнө нь хишиг хүртсэн гишүүдэд энэ хэсэгт тайлбарласан аль ч зөвшөөрлийн бичгийг олгохгүй.

Санваар эзэмших насанд хүрсэн Сүмийн эрэгтэй гишүүн ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахынхаа өмнө санваарын албанд томилогдсон байх ёстой.

Бишопын зөвлөлийн гишүүн, салбарын ерөнхийлөгч нь гишүүнд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохдоо тухайн хүнтэй ганцаарчлан ярилцана. Гэхдээ ярилцлагад орж буй хүн эцэг эхээ эсвэл өөр нэг насанд хүрсэн хүнийг ярилцлагын үеэр байлцуулахаар урьж болно.

26.4.2

Баптисм хүртсэн шинэ гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох

Бишоп зохих насанд хүрсэн шинэ гишүүдтэй зөвхөн нас барагсдын өмнөөс гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг явуулна. Тэрээр гишүүнээр батлуулсных нь дараа цаг алдалгүй, ерөнхийдөө долоо хоногийн дотор ярилцана (26.4.1-ийг үзнэ үү). Ах нарын хувьд энэ ярилцлагыг Аароны санваар хүлээн авах ярилцлагын хэсэг болгон хийж болно. Сүмийн эрэгтэй гишүүд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахаасаа өмнө санваарын албанд томилогдсон байх ёстой.

Насанд хүрсэн зохистой гишүүд Сүмийн гишүүнээр батлуулснаас хойш бүтэн нэг жил өнгөрсний дараа өөрсдийн хишгийг хүртэх боломжтой (27.2.1.1-ийг үзнэ үү).

26.4.3

Зөвхөн төлөөлөн гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг

Төлөөлөн гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг зөвхөн энэхүү зорилгын тулд л ашиглаж болно. Эдгээр зөвшөөрлийн бичгийг УБХАМС-г ашиглан хэвлэнэ. Энэ бичигт зөвхөн гишүүний мөн бишопын зөвлөлийн гишүүний эсвэл салбарын ерөнхийлөгчийн гарын үсэг шаардлагатай.

Нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүний баталгааг гүйцэтгүүлэх цаг авах тухай мэдээллийг 28.2.1-ээс үзнэ үү.

26.4.4

Амьд байгаа хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбоход зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг

Хишиг хүртээгүй, 8-20 насны гишүүдэд дараах нөхцөлд лацдан холболтод оролцоход зориулан ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг олгоно. Үүнд:

  • Эцэг эхтэйгээ лацдан холбогдох

  • Амьд байгаа, төрсөн эсвэл хойд ах эгч, дүүсээ эцэг эхтэйгээ лацдан холбогдохыг харах гэж байгаа зэрэг нөхцөлүүд юм.

Лацдан холбогдоход оролцохоор ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авч байгаа гишүүд бишопын зөвлөлийн гишүүнтэй эсвэл салбарын ерөнхийлөгчтэй ярилцлагад ордог. Тэд түүнчлэн гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй ярилцана.

Бишопын зөвлөлийн гишүүн эсвэл салбарын ерөнхийлөгч УБХАМС-г ашиглан эдгээр зөвшөөрлийн бичгийг хэвлэнэ. Лацдан холбогдоход зориулан олгох ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг нэг хүүхдэд эсвэл нэг гэр бүлийн олон хүүхдэд хамтад нь олгож болно. Нэг эрхийн бичгийг лацдан холбогдох гэж байгаа болон харахаар ирж байгаа хүүхдүүдийн нэрийг жагсаан бичихэд ашиглаж болно.

Эцэг эхтэйгээ лацдан холбогдоход 8-аас доош насны хүүхдүүдэд зөвшөөрлийн бичиг шаардлагагүй. Түүнчлэн төрсөн эсвэл хойд ах эгч дүүс нь эцэг эхтэйгээ лацдан холбогдохыг харахын тулд тэд зөвшөөрлийн бичиг авах шаардлагагүй.

21 ба түүнээс дээш насны гишүүд зөвхөн (1) хишиг хүртсэн бол мөн (2) ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй бол эцэг эхтэйгээ лацдан холбогдож эсвэл лацдан холбогдохыг харж болно.

Эцэг эхтэйгээ лацдан холбогдох мөн лацдан холбогдохыг нь харах тухай нэмэлт бодлого журмыг 27.4.4, 38.4.2-оос үзнэ үү.

Зураг
Ариун сүмийн гадна эрхийн бичгээ барин зогсож буй өсвөр үеийнхэн

26.5

Онцгой нөхцөлд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох

26.5.1

Хишиг хүртэх гэж байгаа гишүүд

Өөрийн хишгийг хүртэх гэж байгаа хүнд зөвшөөрлийн бичиг олгох заавар ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн 2-р номд байдаг. Өөрийн хишгийг хүртэхийг хүссэн зохистой гишүүд дараах бүх нөхцөлийг хангасан байх ёстой. Үүнд:

  • Тэд хамгийн багадаа 18 настай байх ёстой.

  • Ахлах сургуулиа төгссөн эсвэл сургуульд явахгүй байгаа

  • Гишүүнээр батлуулснаас хойш бүтэн жил өнгөрсөн

  • Ариун сүмийн гэрээнүүдийг хүлээн авч, амьдралынхаа туршид эрхэмлэн дээдлэх хүсэлтэй.

Үүнээс гадна, эрэгтэй хүн хишиг хүртэхийн тулд Мелкизедек санваартай байх ёстой. Хишиг хүртэхээр бэлтгэж байгаа гишүүдийн талаарх мэдээллийг 25.2.8-аас үзнэ үү. Хишиг хэн хүртэж болох тухай мэдээллийг 27.2.1-ээс үзнэ үү.

26.5.2

Шинээр баптисм хүртсэн гишүүд

Насанд хүрсэн зохистой гишүүд Сүмийн гишүүнээр батлуулснаас хойш бүтэн нэг жил өнгөрсний дараа өөрсдийн хишгийг хүртэх боломжтой (27.2.1.1-ийг үзнэ үү). Уг гишүүний хишиг хүртэх өдөр нь баптисмын биш, харин гишүүнээр батлуулсан өдрөөс хойш хамгийн багадаа бүтэн нэг жил өнгөрсний дараа байхад санваарын удирдагчид анхаарна. Онцгой тохиолдолд зөвхөн Тэргүүн Зөвлөл зөвшөөрөл олгоно.

Зохистой шинэ гишүүдэд зөвхөн төлөөлөн гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгож болно (26.4.2-ыг үзнэ үү).

26.5.3

Гэрээсээ хол үйлчилж байгаад бууж байгаа залуу номлогчид

Гэрээсээ хол үйлчилж байгаа залуу номлогчийг үйлчлэлээ дуусгахаас нь өмнө номлолын ерөнхийлөгч нь ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хийнэ. Хэрэв номлогч зохистой бол тэрээр эрхийн бичгийг олгоно. Номлолын ерөнхийлөгч нь уг номлогчийг гэртээ очих өдрөөс гурван сарын дараа хугацаа нь дуусахаар зөвшөөрлийн бичиг дээр огноог тавьж, идэвхжүүлнэ.

Гурван сарын хугацаа дуусахын өмнөхөн бишоп буцаж ирсэн номлогчтой ярилцаж, ариун сүмийн эрхийн бичгийг шинээр олгоно. Бишопын эзгүй үед, яаралтай тохиолдолд эдгээр ярилцлагыг хийх зөвшөөрлийг тэрээр аль нэг зөвлөхдөө олгож болно.

Ганц бие залуучуудын том тойргуудад бишоп эдгээр ярилцлагыг хийх эрхийг туршлагатай зөвлөхүүддээ олгож болно.

Буцаж ирсэн номлогчид дараа нь ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагад орохоор гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй уулзана.

Ариун сүмийн эрхийн бичгийн эдгээр ярилцлагын үеэр бишоп болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь номлогчийг чөлөөлөх ярилцлагаар өгсөн зөвлөгөөг давтан ярилцана (24.8.2-ыг үзнэ үү). Тэд буцаж ирсэн номлогчийн өсөлт хөгжил, нөхцөл байдал, Сүмийн одоогийн дуудлагын талаар ярилцана. Түүнчлэн тэд сүнслэгээр өсөж хөгжих, насан туршдаа үйлчлэх зам дээр үргэлжлүүлэн алхахад түүнийг урамшуулан дэмжинэ.

Хэрвээ буцаж ирсэн номлогч Сүмийн дуудлага аваагүй бол бишоп, гадасны ерөнхийлөгч нь түүнд дуудлага өгсөн байхад анхаарна. Хэрвээ ариун сүм ойрхон байдаг бол буцаж ирсэн номлогчдыг ариун сүмийн ёслолын эсвэл сайн дурын ажилтнаар үйлчлэхийг санал болгож болно (25.5-ыг үзнэ үү).

26.5.4

Нэг ижил тойрогт ирээд нэг жил болоогүй гишүүд

Хэрэв гишүүн нэг тойрогт тасралтгүй нэг жил оршин суугаагүй бол бишоп уг гишүүний бүртгэлд Сүмийн гишүүнчлэлийг хязгаарласан тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгана.

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагаас өмнө, өмнөх бишоптой нь холбоо барина. Хэрвээ зөвлөх хувийн нууц мэдээлэл байгааг мэдвэл яриагаа өндөрлөнө. Тэр ярилцахаасаа өмнө, өмнөх бишоптой нь холбоо барихыг бишопдоо мэдээлнэ.

26.5.5

Гэр бүл салах, тусдаа амьдрах эсвэл гэрлэлтээ цуцлуулсны дараа

Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авснаасаа хойш гэр бүл нь салсан, хуулийн дагуу тусдаа амьдарч байгаа эсвэл гэрлэлтээ цуцлуулсан гишүүнтэй ярилцах хэрэгтэй гэсэн сүнслэг өдөөлт хүлээн авч болох юм. Энэ ярилцлагын үеэр тэд уг гишүүнийг сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлэн тусална. Тэд түүнчлэн тухайн гишүүнийг ариун сүмд орох зохистой хэвээр байгааг шалгана.

26.5.6

Ойрын хамаатан садан нь Сүмийг илт эсэргүүцдэг эсвэл урвагч бүлгүүдэд харьяалагддаг гишүүд

Ойрын хамаатан садан нь Сүмийг илт эсэргүүцдэг эсвэл урвагч бүлгүүдэд харьяалагддаг бол гишүүнд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохдоо бишоп, түүний зөвлөхүүд болгоомжтой хандах ёстой. Ийм нөхцөлд байгаа гишүүдэд гэр бүлийн харилцаанаасаа болж ариун сүмийн эрхийн бичгийг авч чадахгүй гэсэн бодлыг төрүүлэх ёсгүй. Тэднийг ойрын хамаатан садантайгаа халуун дулаан харилцаагаа хадгалж үлдэхийг урамшуулан дэмжих хэрэгтэй. Ариун сүмийн эрхийн бичгийн бүх асуултад зөв зохистой, чин сэтгэлээсээ хариулах юм бол тэдэнд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгож болно.

26.5.7

Өөрсдийгөө трансжендэр гэж үздэг гишүүд

Төрсөн биологийн хүйсээ эмнэлгийн болон мэс заслын аргаар эсрэг болгож өөрчлөөгүй, нийгмийн харилцааны хувьд өөр хүйс рүү шилжих гэж оролддоггүй, өөрсдийгөө трансжендэр гэж үздэг зохистой гишүүд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч болно.

Ариун сүмийн ёслолуудыг тухайн хүн төрөх үед тэмдэглэгдсэн биологийн хүйсээрээ хүлээн авдаг. Иймээс дараах гишүүд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг, үүний дотор төлөөлөн гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг авч болохгүй. Үүнд:

  • Өөрийн сонголтоор, хүйсээ өөрчилж шилжилт хийх зорилгоор эмнэлгийн эсвэл мэс заслын ажилбар хийлгэсэн гишүүд

  • Төрсөн биологийн хүйснээс нийгмийн харилцааны хувьд өөр хүйс рүү шилжилт хийсэн хүмүүс

Гадасны ерөнхийлөгч хувь хүний нөхцөл байдлыг авч үзэхдээ болгоомжтой, Христтэй адил хайраар хандан, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөх хэрэгтэй (38.6.23 ба 38.7.7-г үзнэ үү).

26.5.8

Ноцтой гэм нүгэл үйлдсэн гишүүд

Ноцтой гэм нүгэл үйлдсэн гишүүн наманчлах хүртлээ ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авч болохгүй (32.6-г үзнэ үү). Гэм нүгэл үйлдсэнээс хойш ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох хүртэл хүлээх хугацааг бишоп болон гадасны ерөнхийлөгч шийднэ. Энэ хугацаа нь тухайн хүн жинхэнээсээ наманчилсныг нотлоход хангалттай байх ёстой.

26.5.9

Сүмийн гишүүнчлэлээс хасуулсан эсвэл татгалзсаныхаа дараа дахин элссэн гишүүд

26.5.9.1

Өмнө нь хишиг хүртэж байгаагүй гишүүд

Өмнө нь хишиг хүртэж байгаагүй гишүүн баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, дахин элссэний дараа бишоп түүнд төлөөлөн гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохоор түүнтэй ярилцаж болно (26.4.2-ыг үзнэ үү). Ерөнхийдөө гишүүнээр батлуулснаас нь хойш долоо хоногийн дотор ярилцдаг. Сүмийн эрэгтэй гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохын өмнө тэднийг санваарын албанд томилсон байх ёстой.

Эдгээр гишүүнд баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, Сүмд дахин элссэн өдрөөс нь хойш бүтэн нэг жил өнгөрсний дараа хишиг хүртэх ариун сүмийн эрхийн бичгийг олгож болно.

26.5.9.2

Өмнө нь хишиг хүртэж байсан гишүүд

Өмнө нь хишиг хүртэж байсан гишүүдийн ариун сүмийн адислалуудыг сэргээх ёслолоор сэргээхээс нааш тэдэнд ариун сүмийн аливаа эрхийн бичгийг олгохгүй (32.17.2-ыг үзнэ үү). Адислалуудыг нь сэргээсний дараа, хишиг хүртсэн гишүүдэд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг тэдэнд олгож болно.