“26. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2025).
“26. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг,” Ерөнхий гарын авлага.
26.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг
26.0
Оршил
Их Эзэний өргөөнд орох нь ариун нандин, онцгой эрх юм. Тойрог, гадасны удирдагчид бүх гишүүнийг ариун сүмээс хол амьдардаг байсан ч ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй мөн зохистой байхыг урамшуулан дэмжинэ.
Их Эзэний өргөөнд орж байгаа хүн бүр ариун сүмд орох зохистой эсэхийг мэдэхийн тулд Сүмийн удирдагчид бүхий л хүчин чармайлтыг гаргадаг (Дуулал 24:3–5-ыг үзнэ үү). Эрх бүхий санваарын удирдагчид ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хөтлөн явуулах бөгөөд ярилцлагын асуултуудад зөв зохистой, чин сэтгэлээсээ хариулах гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгоно (26.3-ыг үзнэ үү). Хэрвээ Түүний өргөөнд орж байгаа хүмүүс цэвэр бол Өөрийнх нь оршихуй тэнд байх болно хэмээн Их Эзэн амласан (Сургаал ба Гэрээ 97:15–16-г үзнэ үү).
8 ба түүнээс дээш насны гишүүд ариун сүмд орохын тулд ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Тэд зөвшөөрлийн бичиг хүлээн авахын тулд баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан байвал зохино.
Эцэг эхтэйгээ лацдан холбуулж байгаа эсвэл ах, эгч, дүү нь аав, ээжтэйгээ лацдан холбогдохыг харахаар хүрэлцэн ирсэн 8-аас доош насны хүүхдүүдэд зөвшөөрлийн бичиг шаардлагагүй (27.4.1 ба 27.4.5-ыг үзнэ үү). Гэхдээ тэдний эцэг эх өөрсдийн мэдээллийг УБХАМС дахь Ёслолын бэлтгэл цэсээр дамжуулан баталгаажуулна (27.1.2-ыг үзнэ үү).
Энэ бүлэгт ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгодог удирдагчдад зориулсан удирдамж заавар өгөгдсөн. Энэ бүлэгт хариулаагүй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй холбоотой асуух зүйл бишопт гарч ирвэл тэрээр гадасныхаа ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Гадасны ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлийн албанд хандаж, асуултуудыг тавьж болно.
26.1
Ариун сүмийн эрхийн бичгийн төрлүүд
Ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичиг аль ч ариун сүмд орох боломжийг гишүүдэд олгодог. Санваарын удирдагчид гишүүдэд нөхцөл байдалд нь таарсан зөвшөөрлийн бичиг өгөхөд анхаарна. Гурван төрлийн зөвшөөрлийн бичиг байдаг. Үүнд:
-
Төлөөлөн гүйцэтгэх баптисм, гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг Эдгээр зөвшөөрлийн бичгийг төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгааг гүйцэтгэж байгаа хишиг хүртээгүй гишүүдэд зориулан гаргасан. Эдгээр зөвшөөрлийн бичгийг гишүүнд Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС)-г ашиглан олгоно. Гишүүн хэвлэмэл эсвэл цахим эрхийн бичгийг хүлээн авахаар сонгож болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 26.3.1-аас үзнэ үү.
-
Хишиг хүртсэн гишүүдэд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг. Энэ зөвшөөрлийн бичиг нь өмнө нь хишиг хүртсэн гишүүдэд зориулагдсан. Энэ зөвшөөрлийн бичиг нь хишиг хүртсэн гишүүдэд нас барсан хүмүүсийн өмнөөс ариун сүмийн бүх ёслолд оролцох эрхийг олгодог. Тэдгээрийг УБХАМС-аар дамжуулан гишүүнд олгодог. Гишүүн хэвлэмэл эсвэл цахим эрхийн бичгийг хүлээн авахаар сонгож болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 26.3.2-оос үзнэ үү.
-
Амьд хүмүүст зориулсан ёслолын ариун сүмийн зөвшөөрлийн бичиг. Эдгээр зөвшөөрлийн бичгийг хишгээ хүртэх гэж байгаа эсвэл эхнэр, нөхөр, хүүхдүүдтэйгээ лацдан холбогдох гэж байгаа гишүүдэд зориулан гаргасан. Тэдгээрийг УБХАМС дахь Ёслолын бэлтгэлээр дамжуулан дижитал хэлбэрээр олгодог. Санваарын удирдагчид Ёслолын бэлтгэл цэсийг ашиглан бөглөсөн зөвшөөрлийн бичгээ ёслол болох ариун сүм рүү илгээнэ.
Ёслол болох тухайн жилийн эцэс гэхэд 12 ба түүнээс дээш настай байх гишүүд ариун сүмд орохын тулд амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичгээс гадна бусад хоёр төрлийн зөвшөөрлийн бичгийн аль нэгийг авсан байх ёстой. Хэрэв шаардлагатай бол санваарын удирдагчид тухайн ярилцлагын үеэр тэдгээр зөвшөөрлийн бичгийн нэгийг болон амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичгийг олгож болно. Нэмэлт мэдээллийг 26.3.3-аас үзнэ үү.
Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 27-р бүлгээс үзнэ үү.
26.2
Ариун сүмийн эрхийн бичгийг аюулгүй хадгалах
26.2.1
Санваарын удирдагчид ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг аюулгүй хадгалах
Ариун сүмийн эрхийн бичгийн хавтаснуудыг хариуцдаг санваарын удирдагчид үүнийг аюулгүй хадгалж, хамгаалах ёстой. Өөр хэн ч үүнийг ашиглаж болохгүй. Сүмээс ариун сүмийн эрхийн бичгийн хавтсыг шинэчлэх үед удирдагчид хуучин хавтсыг устгана.
Түүнчлэн санваарын удирдагчид УБХАМС дээрх ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хүмүүс нэвтрэх эрхгүй байх тал дээр хяналт тавина.
26.2.2
Гээсэн эсвэл хулгайд алдсан зөвшөөрлийн бичиг
Гишүүд ариун сүмийн эрхийн бичгээ гээсэн эсвэл хулгайд алдсан бол тэр даруй өөрт нь мэдэгдэхийг бишоп тэднээс хүснэ. Хэрэв гишүүн зохистой хэвээр байвал бишоп эсвэл томилогдсон зөвлөх эсвэл бичиг хэргийн ажилтан УБХАМС-д нэвтрэн орж зөвшөөрлийн бичгийг дахин хэвлэнэ. Шинэ зөвшөөрлийн бичгийн дуусах хугацаа нь өмнөх бичигтэйгээ адил байна.
Зарим үед зөвшөөрлийн бичиг нь алдагдсан эсвэл хулгайлагдсан гишүүн зохистой байдлын жишгээр амьдрахаа больсон байдаг. Бишоп эдгээр тохиолдолд зөвшөөрлийн бичгийг даруй хүчингүй болгоно (26.2.3-ыг үзнэ үү).
26.2.3
Зохистой байдлын жишгийг дагаж амьдрахгүй байгаа, зөвшөөрлийн бичигтэй хүмүүс
Хэрэв бишоп ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй гишүүн зохистой байдлын жишгийн дагуу амьдрахгүй байна гэж үзвэл (26.3-ыг үзнэ үү), УБХАМС-г ашиглан зөвшөөрлийн бичгийг цуцална. Хэрвээ энэ системийг ашигладаггүй бол бишоп уг эрхийн бичгийг цуцлуулахаар ариун сүмийн албатай холбоо барина. Хэрэв тухайн гишүүн хэвлэмэл зөвшөөрлийн бичигтэй бол бишоп уг бичгийг тухайн гишүүнээс авахыг хүснэ.
26.3
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ерөнхий удирдамж
Эрх мэдэл бүхий санваарын удирдагчид ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг өгөхийн өмнө уг гишүүнтэй ярилцдаг. Удирдамж УБХАМС-д байгаа. Тухайн гишүүн ариун сүмийн эрхийн бичгийн асуултуудад зөв зохистой хариулсан тохиолдолд л санваарын удирдагч эрхийн бичгийг олгох ёстой.
Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага нь гэрчлэлтэй гэдгээ мөн Бурханы зарлигуудыг сахиж, Түүний бошиглогчдыг дагахыг хичээж байгаагаа харуулах боломжийг гишүүдэд олгодог. Санваарын удирдагчид ярилцлагаар дамжуулан уг гишүүнийг зохистой гэдгийг бататгана.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагыг хөтлөн явуулах тухай нэмэлт мэдээллийг 26.4-өөс авна уу.
26.3.1
Төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох
Төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг нь гишүүдэд нас барагсдын өмнөөс баптисм хүртэх, гишүүний баталгаанд оролцох эрхийг олгодог. Тэдгээрийг баптисм хүртэж гишүүнээр батлуулсан болон хишиг хүртээгүй гишүүдэд олгодог.
Өмнө нь хишиг хүртсэн гишүүдэд төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгаанд зориулсан зөвшөөрлийн бичиг олгохгүй.
Гишүүд 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн эдгээр зөвшөөрлийн бичгийг авах эрхийг хангана. Сүмийн эрэгтэй гишүүд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахаасаа өмнө санваарын албанд томилогдсон байх ёстой.
Тойргийн хувьд бишоп эсвэл томилогдсон зөвлөх нь төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг хишиг хүртээгүй гишүүдтэй хийнэ. Салбарт, зөвхөн салбарын ерөнхийлөгч ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг хийнэ. (Онцгой тохиолдлыг 23.6.1-ээс үзнэ үү.)
Ярилцлагыг хөтлөн явуулж буй удирдагч 26.4 дэх удирдамжийг баримтална. Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг яарч тэвдэн гүйцэтгэх хэрэггүй. Тэд ганцаарчлан ярилцах ёстой. Гэхдээ ярилцлагад орж буй хүн эцэг эхээ эсвэл өөр нэг насанд хүрсэн хүнийг ярилцлагын үеэр байлцуулахаар урьж болно.
Хэрэв гишүүн зохистой бол удирдагч УБХАМС-аар дамжуулан зөвшөөрлийн бичиг олгоно. Энэ зөвшөөрлийн бичигт зөвхөн гишүүний мөн бишопын зөвлөлийн гишүүний эсвэл салбарын ерөнхийлөгчийн гарын үсэг шаардлагатай.
Бишопын зөвлөлийн гишүүн эсвэл салбарын ерөнхийлөгч төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгаанд зориулсан зөвшөөрлийн бичгийг УБХАМС-д идэвхжүүлдэг.
Хишгээ хүлээн авахаар бэлтгэж байгаа эсвэл эхнэр нөхөр, эцэг эх, хүүхдүүдтэйгээ лацдан холбогдохоор бэлтгэж буй гишүүдэд зөвшөөрлийн бичиг олгох тухай мэдээллийг 26.3.3-аас үзнэ үү.
26.3.2
Хишиг хүртсэн гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох
Ариун сүмийн хишиг хүртсэн гишүүдэд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг нь нас барсан хүний өмнөөс ариун сүмийн бүх ёслолд оролцох эрхийг гишүүдэд олгодог. Тэдгээрийг өмнө нь хишгээ хүртсэн гишүүдэд олгодог. (Өөрийн хишгийг хүлээн авах гишүүдийн талаар 26.3.3-аас үзнэ үү.)
Тойрогт, бишоп эсвэл томилогдсон зөвлөх нь ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагыг хөтлөн явуулж зөвшөөрлийн бичгийг олгоно. Салбарт, зөвхөн салбарын ерөнхийлөгч ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хөтлөн явуулж, эрхийн бичгийг олгоно.
Ярилцлагыг хөтлөн явуулж буй удирдагч 26.4 дэх удирдамжийг баримтална. Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг яарч тэвдэн гүйцэтгэх хэрэггүй. Тэд ганцаарчлан ярилцах ёстой. Гэхдээ ярилцлагад орж буй хүн эхнэр нөхөр, эцэг эхээ эсвэл өөр нэг насанд хүрсэн хүнийг ярилцлагын үеэр байлцуулахаар урьж болно.
Хэрэв гишүүн зохистой бол удирдагч УБХАМС-аар дамжуулан зөвшөөрлийн бичиг олгоно.
Бишопын зөвлөлийн гишүүн эсвэл салбарын ерөнхийлөгчийг гишүүдтэй ярилцсаны дараа гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гадсанд амьдардаг гишүүдтэй ярилцана. Тэрээр зохистой гишүүдийн зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурна. Номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн дүүрэгт амьдардаг гишүүдтэй хоёр дахь ярилцлагыг хийнэ. Тэрээр түүнчлэн зохистой гишүүдийн зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурна. Дүүргийн ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөөгүй л бол ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг хийдэггүй.
Гадаснуудын хувьд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл гадасны бичиг хэргийн ажилтан зөвшөөрлийн бичгийг УБХАМС дээр идэвхжүүлдэг. Дүүргүүдэд, номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл номлолын бичиг хэргийн ажилтан эрхийн бичгийг идэвхжүүлнэ.
Хишгээ хүлээн авахаар бэлтгэж байгаа эсвэл эхнэр нөхөр, эцэг эх, хүүхдүүдтэйгээ лацдан холбуулах гэж байгаа гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох тухай мэдээллийг 26.3.3-аас үзнэ үү.
26.3.3.
Амьд хүмүүст зориулсан ёслолын ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох
Амьд хүмүүст зориулсан ёслолын ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг гишүүд дараах ёслолуудад бэлтгэж буй үед олгодог. Үүнд:
-
Өөрийн хишгийг хүлээн авах (27.2-ыг үзнэ үү).
-
Эхнэр, нөхөртэйгөө лацдан холбуулах (27.3-ыг үзнэ үү).
-
Эцэг эхтэйгээ лацдан холбуулах (27.4-ийг үзнэ үү).
-
Хүүхдүүдтэйгээ лацдан холбуулах (27.4-ийг үзнэ үү).
Ёслол болох тухайн жилийн эцэс гэхэд 12 ба түүнээс дээш настай байх гишүүд ариун сүмд орохын тулд амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичгээс гадна бусад хоёр төрлийн зөвшөөрлийн бичгийн аль нэгийг авсан байх ёстой. Хэрэв шаардлагатай бол санваарын удирдагчид тухайн ярилцлагын үеэр тэдгээр зөвшөөрлийн бичгийн нэгийг болон амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичгийг олгож болно.
Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчид ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахаар бэлтгэж байгаа гишүүдтэй биечлэн ярилцлага хийнэ.
Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёрыг эзгүйд яаралтай ярилцах хэрэг гарвал тэд зөвшөөрлийг аль нэгэн зөвлөхдөө олгож болно. Салбарт зөвхөн салбарын ерөнхийлөгч эдгээр ярилцлагыг явуулна.
Ганц бие залуучуудын том тойрог болон гадсанд бишоп болон гадасны ерөнхийлөгч нь эдгээр ярилцлагыг явуулах эрхийг туршлагатай зөвлөхүүддээ олгож болно.
Дүүрэгт номлолын ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх нь эдгээр ярилцлагыг явуулна. Дүүргийн ерөнхийлөгч ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох эрх мэдлийг Тэргүүн зөвлөлөөс аваагүй л бол эдгээр ярилцлагыг хөтлөн явуулахгүй.
Ярилцлагыг хөтлөн явуулж буй удирдагч 26.4 дэх удирдамжийг баримтална. Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг яарч тэвдэн гүйцэтгэх хэрэггүй. Тэд ганцаарчлан ярилцах ёстой. Гэхдээ ярилцлагад орж буй хүн эхнэр нөхөр, эцэг эхээ эсвэл өөр нэг насанд хүрсэн хүнийг ярилцлагын үеэр байлцуулахаар урьж болно.
Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичгийг олгохынхоо өмнө гишүүний бүртгэлийг үзэж, Сүмийн гишүүнчлэлийг хязгаарласан тэмдэглэгээ байгаа эсэхийг магадлан шалгана. Тэрээр мөн УБХАМС дахь Ёслолын бэлтгэл цэсийг ашиглан гишүүний мэдээллийг хянадаг. Хэрэв гишүүн зохистой бөгөөд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэгдсэн бол тэрээр амьд хүмүүст зориулсан ёслолуудын зөвшөөрлийн бичигт дижитал хэлбэрээр гарын үсэг зурна. Дараа нь тэрээр үүнийг УБХАМС дахь Ёслолын бэлтгэл цэсийг ашиглан гадас эсвэл номлолын ерөнхийлөгч рүү илгээнэ.
Дараа нь гадасны ерөнхийлөгч эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн тухайн гишүүнтэй ярилцана. Хэрэв гишүүн зохистой бөгөөд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэгдсэн бол тэрээр зөвшөөрлийн бичигт дижитал хэлбэрээр гарын үсэг зурна. Дараа нь тэрээр үүнийг УБХАМС дахь Ёслолын бэлтгэл цэсийг ашиглан ариун сүм рүү илгээнэ. Шаардлагатай бол тэрээр хишиг хүртсэн гишүүдэд зориулсан гишүүний зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурдаг ( 26.3.2-ыг үзнэ үү).
Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахаар бэлтгэж байгаа гишүүдийн тухай мэдээллийг 27.1.1 болон 27.1.2-оос үзнэ үү.
Хишиг хүртэхээр бэлтгэж байгаа гишүүдийн талаарх мэдээллийг 27.2-оос үзнэ үү.
Эхнэр нөхөртэйгөө лацдан холбогдохоор бэлтгэж байгаа гишүүдийн тухай мэдээллийг 27.3-аас үзнэ үү.
Эцэг эхтэйгээ лацдан холбогдохоор бэлтгэж байгаа гишүүдийн тухай мэдээллийг 27.4-өөс үзнэ үү.
Эцэг эхтэйгээ лацдан холбогдох мөн лацдан холбогдохыг нь харах тухай нэмэлт бодлого журмыг 27.4.5, 38.4.2-оос үзнэ үү.
26.3.4
Алслагдсан бүсийн гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох
Зарим гишүүн гадас эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй уулзахад хүндрэлтэй эсвэл хэт урт зам туулж байж ирэх шаардлагатай бүсэд амьдардаг. Эдгээр нөхцөлд гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг тухайн гишүүнтэй цахимаар хийж болно (31.4-ийг үзнэ үү).
Хэрэв гишүүн зохистой бол удирдагч зөвшөөрлийн бичгийг олгоно. Хэрэв гишүүн хэвлэмэл зөвшөөрлийн бичиг авахыг хүсвэл бишопын зөвлөлийн гишүүн эсвэл салбарын ерөнхийлөгч зөвшөөрлийн бичгийг хэвлэж өгнө.
Энэ бодлого журам нь алслагдсан бүсүүдэд цэргийн алба хааж байгаа гишүүдэд бас хамаатай.
26.4
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг хөтлөн явуулах
Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Ариун сүмд орж, ёслолуудад оролцох нь ариун нандин, онцгой эрх. Эрх бүхий санваарын удирдагчдын тодорхойлсноор, Их Эзэний жишгүүдийн дагуу амьдрахыг эрмэлзэж, сүнслэг байдлын хувьд бэлтгэгдсэн хүмүүст энэхүү онцгой эрх олгогддог.
Ийм шийдвэр гаргахын тулд санваарын удирдагчид доорх асуултуудыг ашиглан гишүүнтэй ярилцдаг. Удирдагчид ямар нэгэн шаардлага нэмэх, хасах ёсгүй. Харин тэд асуултыг гишүүний нас, нөхцөл байдалд тохируулж болно.
Заримдаа ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагын үеэр гишүүдэд асуух зүйл гарч ирдэг. Санваарын удирдагч сайн мэдээний үндсэн зарчмуудыг тайлбарлаж өгч болно. Шаардлагатай бол тэд бас ариун сүмийн эрхийн бичгийн асуултуудыг ойлгоход нь гишүүдэд тусалж болно. Гэхдээ тэр хувийн үзэл бодол, сонирхол, тайлбараа Сүмийн сургаал, бодлого журам болгон танилцуулах ёсгүй.
Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг яарч тэвдэн гүйцэтгэх хэрэггүй. Тэд ганцаарчлан ярилцах ёстой. Гэхдээ ярилцлагад орж буй хүн эхнэр нөхөр, эцэг эхээ эсвэл өөр нэг насанд хүрсэн хүнийг ярилцлагын үеэр байлцуулахаар урьж болно.
26.4.1
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагын асуултууд
-
Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?
-
Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?
-
Танд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар гэрчлэл бий юү?
-
Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, түүнчлэн санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг уу?
Та Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг уу?
Та Сүмийн бусад ерөнхий эрх мэдэлтнийг болон орон нутгийн удирдагчдыг дэмжин баталдаг уу?
-
Их Эзэн бүх зүйл Түүний өмнө “цэвэр ариун байдалд хийгддэг” (Сургаал ба Гэрээ 42:41) хэмээн хэлсэн.
Та ёс суртахууны хувьд өөрийн бодол, зан үйлдлийг цэвэр ариун байлгахыг хичээдэг үү?
Та ариун явдлын хуулийг дагадаг уу?
-
Та ганцаараа эсвэл олны дунд гэр бүлийнхэнтэйгээ болон бусадтай харьцахдаа Есүс Христийн Сүмийн сургаалуудыг дагадаг уу?
-
Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харш аливаа сургаал, зан үйл, номлолыг дэмжиж, сурталчилдаг уу?
-
Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч, сүмд ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн түүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?
-
Та хийж буй бүх зүйлдээ шударга байхыг хичээдэг үү?
-
Та аравны нэгийн бүрэн төлөгч үү?
Төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгааг гүйцэтгэхээр зөвшөөрлийн бичиг авах гэж байгаа гишүүдийн хувьд: Та аравны нэгийг төлөх зарлигийг дагахад бэлэн үү?
-
Та Мэргэн ухааны үгийг ойлгож, дагадаг уу?
-
(Энэ асуултыг хүүхэд, өсвөр үеийнхнээс асуухгүй.) Та салсан нөхөр/эхнэрийнхээ эсвэл хүүхдүүдийнхээ өмнө ямар нэгэн санхүүгийн болон бусад үүрэг хариуцлага хүлээдэг үү?
Хэрэв тийм бол тэдгээр үүрэг хариуцлагаа цагт нь биелүүлж байгаа уу?
-
(Энэ асуултыг хишиг хүртээгүй гишүүнээс асуухгүй.) Та ариун сүмд хийсэн гэрээнүүдээ сахидаг уу?
-
(Энэ асуултыг хишиг хүртээгүй гишүүнээс асуухгүй.) Анхдагч ёслолын үеэр зааварчилсны дагуу та ариун сүмийн өмсгөлийг өмсөх ариун нандин онцгой боломжоо хүндэтгэдэг үү? (Гишүүн бүрд доорх “Ариун сүмийн гарментыг өмсөх” гэсэн хэсгийг уншиж өгнө үү.)
-
Наманчлалын нэг хэсэг болох, санваарын эрх мэдэлтнүүдтэй хамт шийдвэрлэвэл зохих ноцтой нүгэл таны амьдралд бий юү?
-
Та өөрийгөө Их Эзэний өргөөнд орж, ариун сүмийн ёслолуудад оролцох зохистой гэж үзэж байна уу?
26.4.2
Ариун сүмийн гарментыг өмсөх
Тэргүүн зөвлөл ариун сүмийн өмсгөлийг өмсөх талаар дараах удирдамжийг өгсөн. Үүнд:
“Ариун санваарын өмсгөл нь бидэнд ариун сүмийн хөшгийг буюу Есүс Христийг бэлгэдсэн хөшгийг сануулдаг. Та ариун сүмийн өмсгөлөө өмсөх үедээ Есүс Христийг төлөөлсөн ариун нандин бэлгэдлийг өөр дээрээ авдаг. Үүнийг өмсөх нь Аврагчийг дагах таны өөртөө өгсөн амлалтын гадаад илрэл юм. Мөн ариун сүмийн өмсгөл нь ариун сүмд байгуулсан таны гэрээний сануулагч болж өгдөг. Та ариун сүмийн өмсгөлийг амьдралынхаа турш өдөр, шөнийн алинд нь ч өмсөх ёстой. Ариун сүмийн өмсгөлтэй оролцож болохгүй үйл ажиллагааны үеэр өмсгөлийг тайлсан тохиолдолд аль болох хурдан буцаан өмсөх ёстой. Та байгуулсан гэрээнүүдээ сахиснаар мөн анхдагч ёслолын үеэр зааварчилсны дагуу энэхүү өмсгөлийг өмсөх ариун нандин онцгой боломжийг хүндэтгэснээр Аврагчийн нигүүлсэл, хамгаалалт, хүч, чадлыг илүү ихээр хүлээн авах боломжтой болдог.
Хэрэв гишүүдэд өмсгөлийг өмсөх талаар асуулт байвал тэднийг 38.5-ыг уншихыг хүс.
26.4.3
Нэмэлт удирдамж
Санваарын удирдагч зөвшөөрлийн бичгээ хадгалан хамгаалах хэрэгтэйг гишүүнд онцлон хэл. Зөвшөөрлийн бичгийг хэзээ ч бусдад зээлдүүлж болохгүй. Хэрэв гээсэн эсвэл хулгайд алдсан бол олгосон хүндээ аль болох хурдан мэдэгд.
26.5
Онцгой нөхцөлд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох
26.5.1
Шинээр баптисм хүртсэн гишүүд
Бишоп төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авах насанд хүрсэн шинэ гишүүдтэй ярилцлагад орно (26.3.1-ийг үзнэ үү). Тэрээр энэ ярилцлагыг гишүүнээр батлуулсных нь дараа удалгүй, ерөнхийдөө долоо хоногийн дотор явуулна. Ах нарын хувьд энэ ярилцлагыг Аароны санваар хүлээн авах ярилцлагын хэсэг болгон хийж болно. Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч зөвлөхүүдийнхээ нэгийг энэ ярилцлагыг хөтлөн явуулахаар томилж болно. Сүмийн эрэгтэй гишүүд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахаасаа өмнө санваарын албанд томилогдсон байх ёстой.
Ярилцлагын үеэр бишоп шинэ гишүүнд ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэж болох нас барсан гэр бүлийн гишүүний нэрийг хэвлэхэд нь туслахын тулд Гэр бүлийн нэрийн туслах цэсийг ашиглахыг санал болгож болно (25.4.1 дэх “Гэр бүлийн нэрийн туслах”-ийг үзнэ үү).
Насанд хүрсэн зохистой гишүүд Сүмийн гишүүнээр батлуулснаас хойш бүтэн нэг жил өнгөрсний дараа өөрсдийн хишгийг хүртэх боломжтой (27.2.1.1-ийг үзнэ үү). Уг гишүүний хишиг хүртэх өдөр нь баптисмын биш, харин гишүүнээр батлуулсан өдрөөс хойш хамгийн багадаа бүтэн нэг жил өнгөрсний дараа байхад санваарын удирдагчид анхаарна. Онцгой тохиолдолд зөвхөн Тэргүүн Зөвлөл зөвшөөрөл олгоно.
26.5.2
Гэрээсээ хол үйлчилж байгаад бууж байгаа залуу номлогчид
Гэрээсээ хол үйлчилж байгаа залуу номлогчийг үйлчлэлээ дуусгахаас нь өмнө номлолын ерөнхийлөгч нь ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хийнэ. Хэрэв номлогч зохистой бол тэрээр эрхийн бичгийг олгоно. Номлолын ерөнхийлөгч нь уг номлогчийг гэртээ очих өдрөөс гурван сарын дараа хугацаа нь дуусахаар зөвшөөрлийн бичиг дээр огноог тавьж, идэвхжүүлнэ.
Гурван сарын хугацаа дуусахын өмнөхөн бишоп буцаж ирсэн номлогчтой ярилцаж, ариун сүмийн эрхийн бичгийг шинээр олгоно. Бишопын эзгүй үед, яаралтай тохиолдолд эдгээр ярилцлагыг хийх зөвшөөрлийг тэрээр аль нэг зөвлөхдөө олгож болно.
Ганц бие залуучуудын том тойргуудад бишоп эдгээр ярилцлагыг хийх эрхийг туршлагатай зөвлөхүүддээ олгож болно.
Буцаж ирсэн номлогчид дараа нь ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагад орохоор гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй уулзана.
Ариун сүмийн эрхийн бичгийн эдгээр ярилцлагын үеэр бишоп болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь номлогчийг чөлөөлөх ярилцлагаар өгсөн зөвлөгөөг давтан ярилцана (24.8.2-ыг үзнэ үү). Тэд буцаж ирсэн номлогчийн өсөлт хөгжил, нөхцөл байдал, Сүмийн одоогийн дуудлагын талаар ярилцана. Түүнчлэн тэд сүнслэгээр өсөж хөгжих, насан туршдаа үйлчлэх зам дээр үргэлжлүүлэн алхахад түүнийг урамшуулан дэмжинэ.
Хэрвээ буцаж ирсэн номлогч Сүмийн дуудлага аваагүй бол бишоп, гадасны ерөнхийлөгч нь түүнд дуудлага өгсөн байхад анхаарна. Хэрвээ ариун сүм ойрхон байдаг бол буцаж ирсэн номлогчдыг ариун сүмийн ажилтнаар үйлчлэхийг санал болгож болно (25.5-ыг үзнэ үү).
26.5.3
Нэг ижил тойрогт ирээд нэг жил болоогүй гишүүд
Хэрэв гишүүн нэг тойрогт тасралтгүй нэг жил оршин суугаагүй бол бишоп уг гишүүний бүртгэлд Сүмийн гишүүнчлэлийг хязгаарласан тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгана.
Бишоп эсвэл томилогдсон зөвлөх ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагаас өмнө, өмнөх бишоптой нь холбоо барина. Хэрвээ зөвлөх хувийн нууц мэдээлэл байгааг мэдвэл яриагаа өндөрлөнө. Тэр ярилцахаасаа өмнө, өмнөх бишоптой нь холбоо барихыг бишопдоо мэдээлнэ.
26.5.4
Гэр бүл салах, тусдаа амьдрах эсвэл гэрлэлтээ цуцлуулсны дараа
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авснаасаа хойш гэр бүл нь салсан, хуулийн дагуу тусдаа амьдарч байгаа эсвэл гэрлэлтээ цуцлуулсан гишүүнтэй ярилцах хэрэгтэй гэсэн сүнслэг өдөөлт хүлээн авч болох юм. Энэ ярилцлагын үеэр тэд уг гишүүнийг сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлэн тусална. Тэд түүнчлэн тухайн гишүүнийг ариун сүмд орох зохистой хэвээр байгааг шалгана.
26.5.5
Ойрын хамаатан садан нь Сүмийг илт эсэргүүцдэг эсвэл урвагч бүлгүүдэд харьяалагддаг гишүүд
Ойрын хамаатан садан нь Сүмийг илт эсэргүүцдэг эсвэл урвагч бүлгүүдэд харьяалагддаг бол гишүүнд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохдоо бишоп, түүний зөвлөхүүд болгоомжтой хандах ёстой. Ийм нөхцөлд байгаа гишүүдэд гэр бүлийн харилцаанаасаа болж ариун сүмийн эрхийн бичгийг авч чадахгүй гэсэн бодлыг төрүүлэх ёсгүй. Тэднийг ойрын хамаатан садантайгаа халуун дулаан харилцаагаа хадгалж үлдэхийг урамшуулан дэмжих хэрэгтэй. Ариун сүмийн эрхийн бичгийн бүх асуултад зөв зохистой, чин сэтгэлээсээ хариулах юм бол тэдэнд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгож болно.
26.5.6
Өөрсдийгөө трансжендэр гэж үздэг хүмүүс
Ариун сүмийн ёслолуудыг тухайн хүн төрөх үед тэмдэглэгдсэн биологийн хүйсээрээ хүлээн авдаг. Биологийн төрөлх хүйсээ эмнэлгийн болон мэс заслын аргаар өөрчлөх, эсвэл нийгмийн харилцааны хувьд өөр хүйс рүү шилжих гэж оролддоггүй зохистой гишүүд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг болон ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч болно. (Нийгмийн харилцааны шилжилтийн тухай тодорхойлолтыг 38.6.23-аас үзнэ үү.)
Шилжилт хийх алхмуудыг хийсэн ч биологийн төрөлх хүйсээ хэвээр нь үлдээсэн, зохистой, мөн Бурханы зарлигуудыг дагах амлалт өгсөн гишүүд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг болон ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч болно.
Бишоп гадасны ерөнхийлөгчтэй хувь хүний асуудлыг Христийнхтэй адил хайраар болгоомжтой авч үзэн, зөвлөлдөх хэрэгтэй. Гадасны болон номлолын ерөнхийлөгч Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвлөгөө авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 38.6.23-аас үзнэ үү.
26.5.7
Ноцтой гэм нүгэл үйлдсэн гишүүд
Ноцтой гэм нүгэл үйлдсэн гишүүн наманчлах хүртлээ ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авч болохгүй (32.6-г үзнэ үү). Гэм нүгэл үйлдсэнээс хойш ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох хүртэл хүлээх хугацааг бишоп болон гадасны ерөнхийлөгч шийднэ. Энэ хугацаа нь тухайн хүн жинхэнээсээ наманчилсныг нотлоход хангалттай байх ёстой.
26.5.8
Сүмийн гишүүнчлэлээс хасуулсан эсвэл татгалзсаныхаа дараа дахин элссэн гишүүд
26.5.8.1
Өмнө нь хишиг хүртэж байгаагүй гишүүд
Өмнө нь хишиг хүртэж байгаагүй гишүүн баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, дахин элссэний дараа бишоп түүнд төлөөлөн гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохоор түүнтэй ярилцаж болно (26.4.2-ыг үзнэ үү). Ерөнхийдөө гишүүнээр батлуулснаас нь хойш долоо хоногийн дотор ярилцдаг. Сүмийн эрэгтэй гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохын өмнө тэднийг санваарын албанд томилсон байх ёстой.
Эдгээр гишүүнд баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, Сүмд дахин элссэн өдрөөс нь хойш бүтэн нэг жил өнгөрсний дараа хишиг хүртэх ариун сүмийн эрхийн бичгийг олгож болно.
26.5.8.2
Өмнө нь хишиг хүртэж байсан гишүүд
Өмнө нь хишиг хүртэж байсан гишүүдийн ариун сүмийн адислалуудыг сэргээх ёслолоор сэргээхээс нааш тэдэнд ариун сүмийн аливаа эрхийн бичгийг олгохгүй (32.17.2-ыг үзнэ үү). Адислалуудыг нь сэргээсний дараа, хишиг хүртсэн гишүүдэд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг тэдэнд олгож болно.