Хуучин Гэрээ 2022
11-р сарын 21–27. Иона; Мика: “Нигүүлслийг хайрлагч Тэрээр”


“11-р сарын 21–27. Иона; Мика: “Нигүүлслийг хайрлагч Тэрээр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“11-р сарын 21–27. Иона; Мика,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Халимтай далайг орхин эрэг дээр мөлхөн гарч ирж буй эр

Иoна Ниневегийн эрэгт, Даниэл A. Льюис

11-р сарын 21–27

Иона; Мика

“Нигүүлслийг хайрлагч Тэрээр”

Та төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэхдээ Иона болон Микагийн зарчмууд судраас суралцаж байгаа зүйлстэй тань хэрхэн холбогдож байгаа талаар бодоорой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Иона Таршиш руу явж байсан хөлөг онгоцон дотор байв. Таршиш руу явах нь буруу зүйл байгаагүй ч Иона Бурханы захиасыг хүргэх ёстой байсан Ниневегээс хол байсан нь гол асуудал байлаа. Тиймээс хөлөг онгоц хүчит шуурганд өртөхөд энэ нь дуулгаваргүй байдлаас нь болсныг Иона мэдэж байв. Шуургыг зогсоохын тулд далайчид Ионагийн шаардлагаар түүнийг тэнгисийн гүн рүү шиджээ. Энэ нь Ионагийн төдийгүй тохинууллынх нь төгсгөл болсон мэт байлаа. Гэвч Их Эзэн Ниневегийн ард иргэдийг болон бидний хэнийг ч орхиогүйн адил Ионаг орхисонгүй. Микагийн зааснаар Их Эзэн биднийг буруушаан зэмлэхдээ баясдаггүй, харин “Нигүүлслийг хайрлагч” ажээ. Биднийг Түүнд хандахад, “биднийгээ Тэрээр дахин өрөвдөх билээ; хилэнцийг маань хөл доор гишгэчнэ; [бидний] бүх нүглийг [Тэр] тэнгисийн гүн уруу хаяна” (Мика 7:18–19-ийг үзнэ үү).

Иона, Мика номуудын тоймыг Bible Dictionary дэх “Jonah,” “Micah” хэсгүүдээс уншина уу.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Иона 1–4; Мика 7:18–19

Их Эзэн Өөрт нь хандсан бүгдэд нүгүүлсэнгүй ханддаг.

Иона ном нь бусад зүйлийн хажуугаар Их Эзэн биднийг наманчлахад хэрхэн нигүүлсэнгүй ханддагийг харуулдаг. Та Ионаг уншиж байхдаа Түүний нигүүлслийн жишээг олоорой. Та тэрхүү нигүүлслийг амьдралдаа хэрхэн мэдэрснээ тунгаан бодно уу. Бусдад илүү нигүүлсэнгүй хандахад туслах ямар зүйлийг та сурч мэдсэн бэ?

Их Эзэний нигүүлслийг гэрчлэх нь ихэвчлэн хайрлаж, талархах мэдрэмжийг өдөөдөг. Гэсэн ч Их Эзэнийг Израилын дайсан байсан Ниневегийн ард иргэдэд нигүүлсэнгүй хандахад Иона “дургүйцэж” бас “уурласан” (Иона 4:1). Яагаад Ионад ийм мэдрэмж төрсөн бэ? Танд үүнтэй төстэй мэдрэмж төрж байсан уу? 4-р бүлэгт Их Эзэн юуг Ионад ойлгуулахыг хичээсэн гэж та бодож байна вэ?

Мика 7:18–19 дэх сургаалын талаар тунгаан бод. Эдгээр үнэн Ионад Их Эзэний тухай болон Ниневегийн ард иргэдийн талаарх хандлагаа өөрчлөхөд хэрхэн тусалсан бэ?

Мөн Лук 15:11–32; Jeffrey R. Holland, “The Justice and Mercy of God,” Ensign, Sept. 2013, 16–21-ийг үзнэ үү.

Зураг
Голын хажууд ярилцаж буй хоёр хүн

Бид сайн мэдээг Бурханы хүүхдүүдтэй хуваалцаж чадна.

Иона 1; 3–4

Бурханы бүх хүүхэд сайн мэдээг сонссон байх ёстой.

Ниневе нь хүчирхийлэл, харгислалаараа алдартай Израилын дайсан Ассиригийн эзэнт гүрний нэгэн хэсэг байжээ. Ниневегийн ард түмэн Бурханы үгийг хүлээн авч, наманчлахад бэлэн байсан гэдэгт Иона итгэхгүй байх нь аргагүй. Гэхдээ ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн заасанчлан, “Бид хүмүүсийн бэлэн, бэлэн биш эсэхийг шүүх шүүгчид хэзээ ч болох ёсгүй. Их Эзэн Өөрийнхөө бүх хүүхдийн зүрх сэтгэлийг мэддэг бөгөөд хэрэв бид илчлэлт хүсэн залбирвал Тэр бидэнд “бурханы үгийг сонсоход бэлтгэгдсэн” (Алма 32:6)” гэж мэдэж буй хүмүүсээ олоход туслах болно” (“Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь,” Ensign, Nov. 2016, 58–59 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48–51). Өөрчлөгдөхөд бэлэн биш байсан ч хүмүүстэй сайн мэдээг хуваалцахад сүнслэгээр өдөөсөн ямар зүйлийг та Иона 3-аас сурч мэдсэн бэ?

Ионагийн хандлагыг (Иона 1; 3–4-ийг үзнэ үү) Алма болон Мозаягийн хөвгүүдийн бодол санаатай харьцуулах нь тус болж болох юм (Мозая 28:1–5; Алма 17:23–25-ыг үзнэ үү) .

Мөн 3 Нифай 18:32-ыг үзнэ үү.

Мика 4:11–13; 5:8–15; 7:5–7

Микагийн бичвэрийг Есүс Христ эш татаж байсан.

Аврагч Исаиа, Дуулал номуудаас эш татаж байсныг бид сайн мэднэ. Тэр бас Мика номоос хэд хэдэн удаа эш татсаныг та мэдэх үү? Дараах жишээнүүдийг авч үзээд, яагаад эдгээр судрын хэсэг Аврагчид чухал байсныг тунгаан бод. Эдгээр нь танд яагаад чухал вэ?

Мика 4:11–13 (3 Нифай 20:18–20-ийг үзнэ үү). Их Эзэн хожмын өдрүүдэд болох цугларалтыг улаан буудай хураахтай харьцуулжээ (мөн Алма 26:5–7; Сургаал ба Гэрээ 11:3–4-ийг үзнэ үү). Энэ харьцуулалт нь Израилын цугларалтын талаар танд юу зааж байна вэ?

Мика 5:8–15 (3 Нифай 21:12–21-ийг үзнэ үү). Эдгээр шүлэгт хожмын өдрүүдэд амьдрах Бурханы хүмүүсийн (“Иаковын үр удам”) талаар танд юу зааж байна вэ?

Мика 7:5–7 (Матай 10:35–36-г үзнэ үү). Эдгээр шүлэгт цэдэглэснээр, эхлээд “Их Эзэнийг хүлээн харуулдах” нь яагаад чухал вэ? Яагаад энэ зөвлөгөө өнөө үед ч чухал хэвээр байна вэ?

Mика 6:1–8

“Юуг Эзэн чамаас шаарддаг вэ?”

Мика биднийг “ЭЗЭНий өмнө юутай очиж, өндөрт орших Бурханы өмнө бөхийх” (Мика 6:6)-д ямар байхыг төсөөлөхөд урьдаг. Их Эзэн таны амьдралыг үнэлж дүгнэхдээ юуг чухалчилж үздэг талаар 6–8-р шүлэг танд юу зааж байна вэ?

Мөн Матай 7:21–23; 25:31–40-ийг мөн Дэйл Г. Рэнландын “Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх” үгийг Ensign, Nov. 2020, 109–112 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121–124-өөс үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Иона 1–4.Зугтаж, тэнгисийн шуурганы дуу чимээг үүсгэж, том загасанд залгиулж байгаа мэтээр Ионагийн түүхийг үйлдлээрээ харуулж ярих нь хүүхдүүдэд тань таалагдаж болох юм (Хуучин Гэрээний түүхүүд дээрх “Бошиглогч Иона”-г үзнэ үү). Ионад тохиолдсон үйл явдлаас юу сурч мэдсэнийг гэр бүлийнхээ гишүүдээс асуу. Ионагаас авч болох сургамжийн нэг жишээг “Бошиглогчийг дага” дууны 7-р мөрөөс үзнэ үү (Хүүхдийн дууны ном, 58–59).

Иона 3.Сайн мэдээг хуваалцах талаар Иона юу сурч мэдсэн бэ? Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг сонссоноор адислагдах ямар ямар хүнийг бид мэдэх вэ?

Mика 4:1–5.Эдгээр шүлэгт цэдэглэснээр, ямар зүйл Их Эзэний хүмүүст амар амгалан, хөгжил цэцэглэлтийг авчрах вэ? Бид гэр орондоо энэхүү бошиглолыг гүйцэлдүүлэхэд туслахын тулд юу хийж болох вэ?

Mика 5:2.Та ээжтэйгээ хамт байгаа бяцхан Есүсийн зургийг (Сайн мэдээний уран зургийн ном, дуг. 33) өрөөнийхөө нэг талд, мэргэдийн зургийг нөгөө талд тавьж болно. Mика 5:2, Матай 2:1–6-г үзнэ үү. Микагийн бошиглол мэргэн хүмүүст Есүсийг олоход нь хэрхэн тусалсан бэ? Гэр бүлийн тань гишүүд мэргэн хүмүүсийн зургийг Есүсийн зургийн хажууд зөөж тавьж болох юм. Түүнчлэн танай гэр бүлийнхэнд “The Christ Child: A Nativity Story” (ChurchofJesusChrist.org) видеог үзэх нь таалагдаж магадгүй.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Хаа дуудсан ч би үйлчлэх болно,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 46.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Бурханы хайрыг ол. Судраас уншихдаа, танд гүн сэтгэгдэл төрүүлсэн Бурханы хайрын нотолгоог тэмдэглэх талаар бодож үзээрэй. Жишээлбэл, Бурхан Ионагийн түүхэн дээр Өөрийн хүүхдүүдийг хайрлах хайраа хэрхэн харуулсныг олж мэд.

Зураг
Нэгэн эрийг завинаас далай руу шидэж байгаа нь

Зураг чимэглэлийг Кэвин Гардэн