Хуучин Гэрээ 2022
6-р сарын 13–19. 1 Самуел 8–10; 13; 15–18: “Энэ тулалдаан ЭЗЭНийх”


“6-р сарын 13–19. 1 Самуел 8–10; 13; 15–18: ‘Энэ тулалдаан ЭЗЭНийх,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“6-р сарын 13–19. 1 Самуел 8–10; 13; 15–18,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Чавхтай бяцхан хөвгүүн Давид

Давид ба Голиат, Стийв Нэтэркотт

6-р сарын 13–19

1 Самуел 8–10; 13; 15–18

“Энэ тулалдаан ЭЗЭНийх”

Энэхүү тойм дахь санаанууд нь эдгээр бүлэгт орших хамгийн чухал зарим зарчмыг тодорхойлоход танд туслах боломжтой. Судалж байхдаа та өөр зарчмуудыг олж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Израилын овгийнхныг амлагдсан нутагт суурьшиж эхэлсэн цагаас хойш филистчууд тэдний амар амгалан байдалд тасралтгүй заналхийлсээр байв. Өмнө нь Их Эзэн израилчуудыг дайснуудаас олон удаа чөлөөлж байсан. Харин одоо Израилын ахлагчид “Бидний дээр хаан бай[ж] … , бидний тэргүүнд явж дайн тулаанд маань тулалдах болтугай” (1 Самуел 8:19–20) хэмээн шаардах болжээ. Их Эзэн зөөлөрч, Саулыг хаанаар тослов. Ийм байтал аварга том сүрдмээр Голиат Израилын их цэргийг тулаанд дуудахад Саул болон цэргүүд нь бүгд “ихэд айв” (1 Самуел 17:11). Тэр өдөр Израилыг хаан Саул биш, харин ямар ч хуяг дуулга өмсөөгүй ч Их Эзэнд итгэх бат бөх итгэлээр хуягласан Давид нэртэй жирийн нэгэн хоньчин хүү аварсан юм. Энэ тулаан нь Израил руу болон сүнслэг тулаанд орох гэж байгаа хүн бүрд “ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй авар[даг]” бөгөөд “Энэ тулалдаан ЭЗЭНийх” (1 Самуел 17:47) гэдгийг баталсан юм.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

1 Самуел 8

Есүс Христ бол миний Хаан.

Та 1 Самуел 8-ыг уншихдаа, Их Эзэн Өөрөөс нь өөр хаантай болох гэсэн израилчуудын хүслийн талаар ямар бодолтой байсныг анхаарна уу. Их Эзэнийг “[өөрийн] дээрх хаан байлгах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (1 Самуел 8:7). Та мөн Их Эзэнийг дагахын оронд дэлхийн зөв шударга бус чиг хандлагыг дагахад уруу татагдаж болох арга замуудын талаар бодож болно. Та Есүс Христийг өөрийн Мөнхийн Хаан болгохыг хүсэж байгаагаа хэрхэн харуулж болох вэ?

Мөн Шүүгчид 8:22–23; Мозая 29:1–36-г болон Нийл Л.Андэрсэны “Дэлхийг ялах нь” хэлсэн үгийг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 46–50-аас үзнэ үү.

1 Самуел 9:15–17; 10:1–12; 16:1–13

Бурхан Өөрийн хаант улсад үйлчлэх хүмүүсийг бошиглолоор дууддаг.

Бурхан Саул, Давид хоёрыг бошиглол, илчлэлтээр дамжуулан хаанаар сонгосон (1 Самуел 9:15–17; 10:1–12; 16:1–13-ыг үзнэ үү). Тэрээр мөн энэ арга замаар өнөөдөр Өөрийн Сүмд үйлчлэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг дууддаг. Та “бошиглолоор Бурханаас дуудагдах” гэдэг нь ямар утгатай үг болох талаар эдгээр түүхээс юу олж мэдсэн бэ? (Итгэлийн тунхаг 1:5). Их Эзэний эрх мэдэл бүхий үйлчлэгчдээр дуудагдаж, онцгойлон адислагдсанаар ямар адислал хүлээн авдаг вэ?

Зураг
Саулыг тосолж буй Самуел

Саулыг тосолж буй Самуелыг дүрсэлсэн зураг, © Lifeway Collection/licensed from goodsalt.com

1 Самуел 13:5–14; 15

“Дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү.”

Хэдийгээр Саул өндөр бие хаатай нэгэн байсан ч хаан болох үедээ “өөрийн нүдэнд дорой байв” (1 Самуел 15:17). Гэхдээ амжилтаар адислагдсаныхаа дараа түүний Их Эзэнд найдах нь багасаж, өөртөө итгэж найдах нь ихэсжээ. Та энэ талаарх ямар нотолгоог 1 Самуел 13:5–14; 15-аас харж байна вэ? Хэрэв та яг тэр үед Саултай хамт байсан бол “тэрслэл” болон “гөжүүдлээ” ялан дийлэхэд нь түүнд туслах ямар үг хэлэх байсан бэ? (1  Самуел 15:23).

Мөн 2 Нифай 9:28–29; Хиламан 12:4–5; Сургаал ба Гэрээ 121:39–40-ийг болон Томас С.Монсоны “Хөлийнхөө доорх замыг хар” хэлсэн үгийг 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 97–100-аас үзнэ үү.

1 Самуел 16:7

“ЭЗЭН зүрхийг нь хардаг.”

Хүмүүс ямар ямар байдлаар бусдыг “гаднах төрхөөр нь” шүүдэг вэ? Их Эзэний адил “зүрхийг нь” харах гэдэг нь юу гэсэн үг вэ? (1 Самуел 16:7). Та бусдыг болон өөрийгөө харж дүгнэдэг байдалдаа эдгээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Ийн үйлдэх нь бусадтай харилцах таны харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?

1 Самуел 17

Би Их Эзэний тусламжтайгаар ямар ч саад бэрхшээлийг даван гарч чадна.

1 Самуел 17-г уншихдаа энэ бүлэгт гарах янз бүрийн хүмүүсийн тухай тунгаан бод (доорх жагсаалтыг үзнэ үү). Тэдний үгс өөрсдийнх нь талаар юуг илчилж байна вэ? Давидын үг хэрхэн түүний эр зориг, Их Эзэнд итгэх итгэлийг харуулж байна вэ?

Өөрт тань тулгарч буй хувийн тэмцлийнхээ талаар тунгаан бод. Их Эзэн танд тусална гэдэгт итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлэх ямар зүйлийг та 1 Самуел 17-оос олж болох вэ?

Мөн Gordon B. Hinckley, “Overpowering the Goliaths in Our Lives,” Ensign, May 1983, 46, 51–52-ыг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

1 Самуел 9:15–21; 16:7.Эдгээр шүлгийг ахлагч Дийтр Ф.Угдорфын хэлсэн доорх үгстэй хамт уншсанаар яагаад Их Эзэн Саул, Давид хоёрыг сонгосон тухай хэлэлцэхэд тэднийг хүргэж болох юм. “Хэрэв бид өөрсдийгөө зөвхөн мөнх бус нүдээр харах юм бол хангалттай сайн харж чадахгүй. Харин Тэнгэрлэг Эцэг биднийг яг бодитоор хардаг” (“Сайн мэдээ ашиг тусаа өгдөг!2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6). Гэр бүлийн гишүүд нэг нэгнээсээ олж хардаг сайн зан чанаруудын талаар ээлжлэн ярьж болно (1 Самуел 16:7-г үзнэ үү).

1 Самуел 10:6–12.Бурхан Саулыг адисалсны адил үүрэг даалгавар гүйцэтгэж, дуудлагаа гүйцэтгэх сүнслэг хүчээр хэн нэгнийг адисалж байхыг бид хэзээ харж байсан бэ? “Бурхан [бидний] зүрхийг өөрчилж” эсвэл “Бурханы Сүнс [бидний] дээр буусан” (9–10-р шүлэг) ямар туршлагаа бид хуваалцаж болох вэ?

1 Самуел 17:20–54.Давид, Голиат хоёрын түүхийг унших (Хуучин Гэрээний түүхүүд дээрх “Давид, Голиат хоёр” тус болж болох юм) эсвэл “The Lord Will Deliver Me” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэх нь гэр бүлийнхэнд тань таалагдаж магад. Энэ нь бидэнд “Голиатынх” шиг санагдах зовлон бэрхшээлийнхээ талаар ярилцахад хүргэж болох юм. Та нар бас зарим зовлон бэрхшээлээ бичсэн цаасыг эсвэл Голиатын зургийг бай болгон тавиад, бөөрөнхийлсөн цаас гэх мэт зүйлсийг тухайн бай руу ээлжлэн шидэж болно.

Үүнээс гадна Голиатын хуяг дуулга, зэр зэмсгийн талаар унших сонирхолтой байж магадгүй (4–7-р шүлгийг үзнэ үү). Давидад юу байсан бэ? (38–40, 45–47-р шүлгийг үзнэ үү). Бурхан бидэнд өөрсдийн Голиатыг ялан дийлэхэд туслах ямар зүйлийг өгсөн бэ?

1 Самуел 18:1–4.Давид, Ионатан хоёр хэрхэн бие биенийхээ сайн найзууд байсан бэ? Сайн найзуудтай байх нь биднийг хэрхэн адисалж байсан бэ? Бид хэрхэн гэр бүлийнхээ гишүүдийн болон бусдын сайн найз байж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Би зоригтой байна,” Хүүхдийн дууны ном, 85.

Заах чадвараа сайжруулах

Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц. Сүнслэг үнэний талаарх таны энгийн бөгөөд чин сэтгэлийн гэрчлэл [гэр бүлийнхэнд] тань хүчтэй нөлөөлж чадна. Гэрчлэл шууд бөгөөд чин сэтгэлийн угаас гарч ирэх үедээ хамгийн хүчтэй байдаг. Гэрчлэл уран цэцэн үгтэй, урт [байх] шаардлагагүй” (Аврагчийн арга барилаар заах нь, 11-ийг үзнэ үү.)

Зураг
Давид

Давидын зураг, Диллин Марш