Хуучин Гэрээ 2022
Санах зүйлүүд: Израилын угсаа


“Санах зүйлүүд: Израилын угсаа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Санах зүйлүүд: Израилын угсаа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
санах шигтгээ зураг

Санах зүйлүүд

Израилын угсаа

Канаанаас зүүн зүгт орших цөлд Иаков ихэр ах Есавтайгаа уулзахыг санаа зовон хүлээж байв. Иаков Есавыг хамгийн сүүлд 20 жилийн өмнө харсан бөгөөд Есав түүнийг ална хэмээн айлган заналхийлж байсан. Иаков шөнийн турш цөлд өөртэйгөө тэмцэлдэн өнгөрөөж, Бурханаас адислал хүссэн. Иаковын итгэл, шаргуу байдал, шийдэмгий байдлын үр дүнд Бурхан түүний залбиралд хариу өгсөн. Иаковын нэр тэр шөнө “Их Эзэний мутраар хадгалагдан хамгаалагдсан” гэсэн утгатай Израиль болон өөрчлөгдсөн билээ (Эхлэл 32:28, зүүлт тайлбар b; мөн Эхлэл 32:24–32-ыг үзнэ үү).1

Зураг
Иаббок гол

Иаббок голын ойролцоо Иаков Израиль хэмээх нэрийг хүлээн авав.

Библи дээр анх удаа ийнхүү Израил гэх нэр гарч ирж байгаа бөгөөд энэ нь энэ номд болон түүхийн туршид хадгалагдсаар ирсэн нэр юм. Удалгүй энэ нэр нь зөвхөн нэг хүн биш харин олон хүнтэй хамаатай болсон. Иаков 12 хүүтэй байсан бөгөөд тэдний үр удам бүгдээрээ “Израилын угсаа,” “Израилын овог,” “Израилын хүүхдүүд,” эсвэл “Израилчууд” хэмээн нэрлэгддэг.

Түүхийн туршид, Израилын хүүхдүүд Израилын арван хоёр овгийн аль нэг гарал үүсэлдээ маш их ач холбогдол өгдөг. Тэдний удам тэдний гэрээг тодорхойлох чухал хэсэг байсан. Төлөөлөгч Паул өөрийгөө “Бениамин овгийн” (Ром 11:1) нэгэн гэдгээ тунхагласан. Лихай хөвгүүдээ гуулин ялтаснуудыг олж авахын тулд Иерусалим руу явуулах болсны нэг шалтгаан нь гуулин ялтаснууд нь“эцэг өвгөдийнх нь угийн бичгийг” агуулсан байсан (1 Нифай 5:14; мөн 1 Нифай 3:3-ыг үзнэ үү). Лихай нь Иосефын удам гэдгээ олж мэдсэн бөгөөд түүний үр удам Израилын угсаатай хэрхэн холбоотой байгааг ойлгосон нь ирээдүйд ач тустай байх болно (Алма 26:36; 3 Нифай 20:25-ыг үзнэ үү).

Өнөөдөр сүм дээр та Израилын тухай “Израилын цугларалт” гэх мэт үгсийг сонсох болно. Бид “Израилын Гэтэлгэгч,” “Израилын Найдвар,” мөн “Израилын ахлагчдын”2 тухай дуулдаг. Эдгээр тохиолдолд бид зөвхөн эртний Израилын хаант улс эсвэл Израил хэмээх орчин үеийн үндэстний тухай ярьж эсвэл дуулдаггүй. Харин бид Есүс Христийн сүмд дэлхийн улс орнуудаас цугларсан хүмүүсийг хэлж байгаа юм. Бурхантай хамт тэмцдэг, Түүний адислалуудыг чин сэтгэлээсээ эрэлхийлж, баптисм хүртсэнээр Түүний гэрээт хүмүүс болсон хүмүүсийг бид хэлж байна.

Патриархын адислал тань таныг Израилын угсааны овгуудын аль нэгтэй холбоотой гэдгийг хэлж өгдөг. Энэ нь гэр бүлийн түүхийн сонирхолтой мэдээлэл гэдгээс илүү юм. Израилын угсааны нэг хэсэг байна гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой гэрээ хийсэн гэсэн үг. Энэ нь Абрахамын адил та Бурханы хүүхдүүдэд “ерөөл” болох болно гэсэн үг юм (Эхлэл 12:2; Aбрахам 2:9–11). Петрийн хэлснээр энэ нь “Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм” (1 Петр 2:9) хэмээх утгатай юм. Энэ нь та Түүнтэй хийсэн гэрээгээ сахиснаар “Бурхантай хамт тэмцдэг” нэгэн юм гэсэн үг.

Эшлэлүүд

  1. Израилын нэрэнд “Бурхан захирдаг” эсвэл “Бурхан тулалддаг, эсвэл тэмцдэг” гэсэн өөр өөр утга байдаг.

  2. Hymns, ду. 6, 259 ба 319.

Зураг
Иаковын гэр бүлийн мод

Иаковын гэр бүлийн модын дүрсэлсэн зураг, Кийф Л.Бивэрс