Хуучин Гэрээ 2022
2-р сарын 14–20. Эхлэл 18–23: “ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу?”


“2-р сарын 14–20. Эхлэл 18–23: ‘ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу?’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“2-р сарын 14–20. Эхлэл 18–23,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Сара Исаак хүүгээ тэвэрч байгаа нь

Сара, Исаак хоёр, Скотт Снөү

2-р сарын 14–20

Эхлэл 18–23

“ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу?”

Эхлэл 18–23-ыг уншиж тунгаан бодоод, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Та эдгээр бүлгийг суралцахдаа энэхүү тойм дахь санаануудыг ашиглаж болох ба Их Эзэний зөвхөн танд зориулсан өөр захиасуудыг судруудаас хайж олох мэдрэмж төрж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Абрахамын амьдрал уй гашуу мөн баяр хөөртэй үйл явдлуудаар дүүрэн байсан нь Абрахамын үзэгдэлд үзсэн үнэний баталгаа болдог. Энэ дэлхий бол “Их Эзэн [бидний] Бурхан бидэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн [бид] хийх нь үү гэдгийг харж, нотлох сорилт шалгалтын үе юм” (Aбрахам 3:25). Абрахам өөрөө үнэнч гэдгээ баталсан уу? Сара тэр хоёр өндөр настайдаа үр хүүхэдгүй байсан ч гэсэн түүний үр удам нь олон байх болно хэмээх Бурханы амлалтад тэр итгэсээр байсан уу? Исаакийг төрсний дараа Абрахамын итгэл нь төсөөлөхийн аргагүй тэр тушаал болох—тэрхүү гэрээг гүйцэлдүүлэхээр Бурханы амласан цорын ганц хүүгээ золиослох тушаалыг тэвчсэн үү? Абрахам үнэнч гэдгээ батлан харуулсан. Абрахам Бурханд итгэсэн, Бурхан Абрахамд итгэсэн. Эхлэл 18–23-аас бид Абрахам ба бусад хүний амьдралаас Бурханы амлалтуудад итгэх, ёсон бусаас зугатаж мөн хэзээ ч эргэж харахгүй байх, ямар ч золиослолоос үл хамааран Бурхандаа итгэлтэй үлдэх өөрсдийн чадвараа бодож үзэхэд нөлөөлөхүйц түүхүүдийг олж хардаг.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Эхлэл 18:9–14; 21:1–7

Их Эзэн Өөрийн цаг хугацаанд Өөрийн амлалтуудыг гүйцэлдүүлдэг.

Их Эзэн итгэлтэй хүмүүст гайхамшигтай амлалтуудыг өгсөн байдаг бөгөөд заримдаа бидний амьдралын нөхцөл байдал эдгээр амлалт нь хэрхэн яаж биеллээ олох бол гэсэн бодлыг бидэнд төрүүлдэг. Абрахам Сара хоёрт ч бас ийм мэдрэмж төрсөн байж магадгүй. Та тэдний туршлагаас юу сурч мэдэж болох вэ? Суралцах цагаа Эхлэл 17:4, 15–22-д байгаа Абрахамд амласан Их Эзэний амлалтыг давтсанаар эхлэх нь хэрэгтэй байж болох юм. Абрахам, Сара хоёр ямар хариу өгсөн бэ? (мөн Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 17:23 [ Эхлэл 17:17, зүүлт тайлбар b]; Эхлэл 18:9–12-ыг үзнэ үү). Их Эзэн Өөрийнх нь амлалтад илүү итгэлтэй байхад нь туслахын тулд тэдэнд хэрхэн хариулсан бэ? (Эхлэл 18:14-ийг үзнэ үү).

Итгэлийг тань бий болгох юуг та эдгээр шүлгээс олж мэдсэн бэ? Таны эсвэл өөр хэн нэгний амьдралд тохиолдсон ямар ямар туршлага Их Эзэн танд өгсөн амлалтаа Өөрийн цаг хугацаа болон арга замаар биелүүлэх болно гэсэн итгэлийг тань бэхжүүлсэн бэ?

Мөн Сургаал ба Гэрээ 88:68-ыг үзнэ үү.

Эхлэл 19:12–29

Их Эзэн бидэнд ёс бусаас зугт хэмээн зарлигласан.

Та Лот болон түүний гэр бүлийн тухай уншаад ёс бусаас зугтаах талаар юу олж мэдэж болох вэ? Жишээлбэл, Лот болон түүний гэр бүл сүйрлээс зугтан гарахад тэнгэр элчийн хэлсэн үгс, хийсэн зүйлийн юу нь таныг гайхшируулж байна вэ? (Эхлэл 19:12–17-г үзнэ үү). Дэлхийд гарч буй муу нөлөөнөөс хамгаалах хамгаалалт олоход мөн зугтахад Их Эзэн танд болон танай гэр бүлд хэрхэн тусалдаг вэ?

Содом, Гоморрагийн нүглийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Eзeкиел 16:49–50 бас Иуда 1:7–8-ыг үзнэ үү.

Мөн Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 19:9–15-ыг үзнэ үү (Библийн хавсралт дахь).

Зураг
Лот гэр бүлийн хамт Содом, Гоморрагаас зугтаж байгаа нь

Содом, Гоморрагаас зугтаж байгаа нь, Жулиус Шнорр Каролсфелд

Эхлэл 19:26

Лотын эхнэр юуг буруу хийсэн бэ?

Ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү заасан.

“Чухамдаа Лотын эхнэр ямар буруу зүйл хийсэн бэ гэвэл тэр зүгээр л эргэж харж байсан биш, харин зүрх сэтгэлдээ бол буцахыг хүсэж байсан ажээ. Бүр хотын захаас гарахаас өмнө тэрээр Содом, Гоморра хоёрын өөрт нь өгсөн зүйлийг санагалзаж байсан бололтой. Түүнд итгэл байсангүй. Тэрээр өөрт нь байгаа юмсаас илүү сайн зүйлсийг өгөх Их Эзэний чадварт эргэлзэж байсан ажээ.

Эдгээр асуултыг асуух бүхий л үеийн хүн бүрд би “Лотын эхнэрийг санагтун” [Лук 17:32] хэмээн хариулна. Итгэл ирээдүй өөд чиглэдэг. Итгэл өнгөрсөн үе дээр төлөвшдөг ч хэзээ ч тэндээ үлддэггүй. Итгэл Бурхан бидний хүн нэг бүрд зориулан агуу зүйлсийг төлөвлөсөн, Христ бол “ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч” (Еврей 9:11)” (“The Best Is Yet to Be,” Ensign, Jan. 2010, 24, 27) гэдэгт биднийг үнэмшүүлдэг билээ.

Эхлэл 22:1–19

Абрахам Исаакийг золиослоход бэлэн байгаа нь Бурхан ба Түүний Хүүгийн дүрслэл юм.

Бурхан Абрахамд Исаакаараа тахил өргө хэмээн тушаасан бүх шалтгааныг бид мэддэггүй; энэ нь түүний Бурханд итгэх итгэлийн сорилт байсан гэдгийг бид мэдэж байна (Эхлэл 22:12–19-ийг үзнэ үү). Та Эхлэл 22:1–19-ийг уншиж байхдаа Абрахамын туршлагаас юу мэдэж авсан бэ?

Абрахамын өөрийн хүүг золиослох хүсэл нь “Бурхан болон Түүний Төрсөн Ганц Хүүгийн дүрслэл” (Иаков 4:5) байсан. Абрахамын сорилт, Бурхан Эцэг Өөрийн Хүүг бидний төлөө золиос болгон өргөсний адил төстэй байдлын талаар бодохдоо Тэнгэрлэг Эцэгийн төлөө юу мэдэрч байна вэ?

Исаак, Аврагч хоёрын хооронд ижил төстэй зүйл байдаг. Эхлэл 22:1–19-ийг дахин уншихыг бодож үзээд эдгээр адил шинжийг хайж ол.

Мөн “Akedah (The Binding) (видeo)-г, ChurchofJesusChrist.org)-оос үзнэ үү.

Зураг
family study icon

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Эхлэл 18:14.Их Эзэнд хэцүү зүйл гэж байдаггүй гэдгийг танд зааж өгсөн судрын түүх, гэр бүлийн тань түүх эсвэл өөрийн тань амьдралаас авсан түүхүүд байдаг уу?

Эхлэл 18:16–33.Эдгээр үгээс бид Абрахамын зан чанарын талаар юуг мэдэж авч байна вэ? Бид түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ? (Мөн Алма 10:22–23-ыг үзнэ үү.)

Эхлэл 19:15–17.Эдгээр шүлэг нь гэр бүлийн тань гишүүдийг ёсон бус нөхцөл байдлаас зугтах хэрэгтэй болоход бэлтгэхэд тусална. Эдгээр зарим нөхцөл байдал юу байж болох вэ? Жишээлбэл, та зохисгүй хэвлэл мэдээллийн талаар ярилцах эсвэл хов жив ярихад уруу татагдах гэсэн сэдвүүд байж болно. Ийм нөхцөл байдлаас бид хэрхэн зугтах вэ?

Эхлэл 21:9–20.Сара, Абрахам хоёр Хагар, Ишмаел хоёрыг хөөж гаргасны дараа Бурханы тэдэнд хандсан байдал танай гэр бүлд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Эхлэл 22:1–14.Бурхан Абрахамд Исаакийг золиослохыг тушааж буй түүх ба Аврагчийн цагаатгагч золиосын хоорондын уялдаа холбоог гэр бүлийнхэндээ олж харахад нь яаж туслах вэ? Эдгээр үйл явдлын хоорондын ижил төстэй байдлыг гэрийнхэн тань ярилцаж байх хооронд та тэдэнд Абрахам, Исаакийн болон Цовдлолтын зургийг үзүүлж болно ( Хуучин Гэрээний түүхүүд дэх “Абрахам ба Исаак”-ийг үзнэ үү). Мөн та нар “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20) зэрэг Аврагчийн золиосын тухай дууг дуулж, Аврагчийн золиосыг дүрсэлсэн үг хэллэлийг олж хайж болно.

Бид гэр бүлээрээ юу золиослох хэрэгтэй болж байсан бэ? Эдгээр золиос нь биднийг Бурханд хэрхэн ойртуулсан бэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Санал болгох дуу: “God Loved Us, So He Sent His Son,” Hymns, д. 187.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сүнсийг сонс. Судалж байхдаа уншиж буй зүйлтэй тань хамааралгүй байсан ч бодол, мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүл. Эдгээр мэдрэмж нь Бурханы таныг мэдээсэй хэмээн хүссэн зүйл байж болох юм.

Зураг
Алхаж буй Абрахам, Исаак хоёр

Абрахам, Сара хоёр, Жэфф Вард