Шинэ Гэрээ 2023
9-р сарын 4–10. 1 Коринт 14–16: “Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн”


“9-р сарын 4–10. 1 Коринт 14–16: ‘Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“9-р сарын 4–10. 1 Коринт 14–16,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Ариун сүмийн баптисмын усан сан

9-р сарын 4–10

1 Коринт 14–16

“Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн”

1 Коринт 14–16-г уншихдаа төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Сүнсний заасан зүйлсийн талаар залбирч, Тэнгэрлэг Эцэгээс илүү сайн сураасай хэмээн хүсэж байгаа зүйл байгаа эсэхийг асуу.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сүм болон Сүмийн сургаал Коринтод харьцангуй шинэлэг зүйл байсан тул Коринтын гэгээнтнүүд эргэлзээ төөрөгдөлтэй тулгарсан нь ойлгомжтой. Өмнө нь Паул сайн мэдээний үндэс суурийн талаар тэдэнд “Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, … гурав дахь өдөртөө амилуулагджээ” (1 Коринт 15:3–4) хэмээн заасан. Гэвч зарим гишүүн удалгүй “үхэгсдийн амилал байхгүй” 1 Коринт 15:12) хэмээн зааж эхэлжээ. Паул заалгасан үнэнээ “баримтлахыг” (1 Коринт 15:2) тэднээс хүссэн. Бид сайн мэдээний үнэний талаар зөрчилдөх үзэл бодолтой тулгарахдаа “Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн” (1 Коринт 14:33) гэдгийг санах нь зүйтэй. Их Эзэний томилсон үйлчлэгчдийг сонсож, тэдний байнга заадаг энгийн үнэнээс зууран барих нь бидэнд амар амгаланг олж, “итгэл дотроо бат зогсоход” (1 Коринт 16:13) тусална.

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

1 Коринт 14

Би бошиглолын бэлгийг эрэлхийлж чадна.

Бошиглолын бэлэг гэж юу вэ? Энэ нь ирээдүйг урьдчилан хэлэх чадвар мөн үү? Эсвэл энэ нь зөвхөн бошиглогчдод зориулсан бэлэг үү? Эсвэл ямар ч хүн энэ бэлгийг хүлээн авах боломжтой юу?

Та 1 Коринт 14:3, 31, 39–40-ийг судлахдаа эдгээр асуултыг тунгаан бодоорой. Та мөн Илчлэл 19:10 болон Судруудын удирдамж дахь “Бошиглол, бошиглох” гэдгийг үзнэ үү (scriptures.ChurchofJesusChrist.org). Та сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн бошиглолын бэлгийг хэрхэн тодорхойлох вэ? Паул коринтчуудыг “эш үзүүлэхийг хүсэн тэмүүл” гэж урихдаа үүнийг ямар утгаар хэлсэн бэ? (1 Коринт 14:39). Та энэ урилгыг хэрхэн хүлээн авч болох вэ?

Мөн Иоел 2:28–29; Алма 17:3; Сургаал ба Гэрээ 11:23–28-ыг үзнэ үү.

1 Коринт 14:34–35

Эдгээр шүлгэн дэх эмэгтэйчүүдийн тухай мэдэгдэл өнөө үед хэр хамаатай вэ?

Паулын амьдарч байсан цаг үед эмэгтэйчүүдийн нийгэмд, тэр дундаа сүмийн цуглаанд хэрхэн оролцох оролцооны талаар янз бүрийн ойлголт байв. Паулын амьдарч байсан цаг үед 1 Коринт 14:34–35 дээрх сургаалууд ямар утга агуулгатай байснаас үл хамааран энэ нь өнөөдөр эмэгтэйчүүд Сүмд ярьж, удирдаж чадахгүй гэсэн үг биш юм (Иосеф Смитийн Орчуулга, 1 Коринт 14:34 [ 1 Коринт 14:34, зүүлт тайлбар b-г үзнэ үү]). Рассэлл М.Нэлсон өнөөгийн Сүмийн эмэгтэйчүүдэд хандан ийн хэлсэн. “Бидэнд та нарын хүч чадал, хөрвөлт, итгэл үнэмшил, удирдах чадвар, мэргэн ухаан, дуу хоолой хэрэгтэй. Ариун нандин гэрээ байгуулж, тэдгээрийг сахидаг, Бурханы хүч чадал болон эрх мэдлээр ярьдаг эмэгтэйчүүдгүйгээр Бурханы хаант улс бүрэн биш бөгөөд бүрэн байж чадахгүй!” (“Эгч нараасаа гуйх гуйлт,”  2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86.)

1 Коринт 15:1–34, 53–58

Есүс Христ үхлийг ялсан.

Есүс Христийн Амилалт нь Христийн шашны чухал үндэс суурь бөгөөд үүнгүйгээр Христийн шашин гэж байхгүй байх байсан гэж хэлж болох төдийгүй Паулын хэлснээр “бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно” (1 Коринт 15:14). Гэсэн ч Коринтын гэгээнтнүүдийн зарим нь “үхэгсдийн амилал байхгүй” (1 Коринт 15:12) хэмээн зааж байв. 1 Коринт 15 дээрх Паулын хариултыг уншаад, Амилалуултад итгэдэггүй байсан бол амьдрал тань хэр өөр байх байсныг цаг гарган бодоорой (2 Нифай 9:6–19; Алма 40:19–23; Сургаал ба Гэрээ 93:33–34-ийг үзнэ үү). “Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хоосон” байх байсан гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ? (17-р шүлэг).

Паул нас барагсдын төлөөх баптисм нь амилуулалт бодит гэдгийг баталдаг хэмээн хэлснийг тэмдэглэх нь зүйтэй (1 Коринт 15:29-ийг үзнэ үү). Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил амилуулалтын сургаалд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

Мөн Сургаал ба Гэрээ 138:11–37-г үзнэ үү.

1 Коринт 15:35–54

Амилуулагдсан биес мөнх бус биесээс ялгаатай.

Та амилуулагдсан бие ямар байдаг талаар бодож байсан уу? 1 Коринт 15:35-д цэдэглэснээр, зарим коринт хүн үүний талаар бодож байжээ. 36–54-р шүлэг дэх Паулын хариултыг уншаад, мөнх бус биес, амилуулагдсан биесийн хоорондын ялгааг дүрсэлсэн үг, хэллэгийг тэмдэглэж аваарай. Та уншихдаа 40–42-р шүлгийг Сургаал ба Гэрээ 76:50–112-той харьцуулж болох юм. Бошиглогч Иосеф Смитэд өгсөн энэхүү илчлэлтээс та ямар ойлголтыг олж авсан бэ? (мөн Иосеф Смитийн Орчуулга, 1 Коринт 15:40 [1 Коринт 15:40, зүүлт тайлбар a]-г үзнэ үү). Яагаад эдгээр үнэн танд үнэ цэнтэй вэ?

Мөн Лук 24:39; Алма 11:43–45; Сургаал ба Гэрээ 88:14–33-ыг үзнэ үү.

Зураг
Нар мандаж байгаа нь

“Нарны алдар өөр” (1 Коринт 15:41).

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

1 Коринт 15:29.Бид 29-р шүлгээс өнөө үед бид нас барагсдын төлөөх баптисмд оролцдог шиг эрт үеийн Христэд итгэгчид ч бас нас барагсдын төлөөх баптисмд оролцдог байсныг мэдэж авч болно. Бид өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртдэг шалтгаанаа бусдад хэрхэн тайлбарлах вэ? Бид гэр бүлээрээ нас барсан өвөг дээдэстээ зориулан шаардлагатай ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэхийн тулд юу хийж байна вэ? Та энэ сэдвээр (topics.ChurchofJesusChrist.org) болон FamilySearch.org дээрээс илүү олон эх сурвалжийг олох боломжтой.

1 Коринт 15:35–54.Та мөнх бус биес амилуулагдсан биесээс ямар ялгаатай болохыг дүрслэхдээ Паулын ашигласан зарим үг хэллэгийг ойлгоход нь гэр бүлийнхэндээ туслахын тулд ямар эд зүйл эсвэл зургийг үзүүлж болох вэ? Тухайлбал, муудах болон үл муудах (52–54-р шүлгийг үзнэ үү) гэсэн хэллэгүүдийн хоорондын ялгааг харуулахын тулд зэвтэй болон зэвэрдэггүй металыг үзүүлж болно. Эсвэл ямар нэгэн мөхөс зүйлийг хүчтэй зүйлтэй харьцуулж болно (43-р шүлгийг үзнэ үү).

1 Коринт 15:55–57.Хэрэв танай гэр бүлийнхэн нас барсан хүнийг таньдаг бол эдгээр шүлгийн талаарх ярилцлага илүү үр дүнтэй болж чадна. Гэр бүлийн гишүүд Есүс Христ хэрхэн “үхлийн хатгуурыг” (56-р шүлэг) авдаг талаар гэрчлэлээ хуваалцаж болно.

1 Коринт 16:13.Энэхүү шүлэгтэй өөрсдийгөө холбож ойлгоход нь гэр бүлийнхэндээ туслахын тулд газарт тойрог зураад, гэр бүлийнхээ нэг гишүүний нүдийг боож, тойрог дотроо “бат зогсохыг” хүс. Дараа нь хүмүүс түүнийг тойргоос түлхэж эсвэл татаж гаргах гэж оролдоно. Тойрог дотор байгаа хүн нүдээ нээгээд “хар[ах]” боломжтой байх нь үүнээс ямар ялгаатай байна вэ? Бид муу сонголт хийн уруу татагдсан үедээ “бат зогсохын” тулд юу хийж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Христ амилсан!,” Дуулал, д. 105.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Хэв маягийг олж хар. Бид судруудаас Их Эзэн Өөрийн ажлыг хэрхэн хийдгийг үзүүлсэн загварыг олж хардаг. Та 1 Коринт 14-өөс бие биеэ хэрхэн сэнхрүүлж болохыг ойлгоход бидэнд туслах ямар ямар загварыг олсон бэ?

Зураг
Христ цэцэрлэгт бунхны дэргэд Мариад үзэгдэв

Чи юунд уйлна вэ?, © Simon Dewey 2021. Altus Fine Art/www.altusfineart.com-ын зөвшөөрлөөр ашиглав