Шинэ Гэрээ 2023
12-р сарын 26-аас 1-р сарын 1. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй


“12-р сарын 26-аас 1-р сарын 1. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“12-р сарын 26-аас 1-р сарын 1. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Гэрэл зургийн цомгоо үзэж буй гэр бүл

12-р сарын 26-аас 1-р сарын 1

Бид өөрсдөө суралцах үүрэгтэй

Судруудын зорилго бол Христэд ирж, Түүний сайн мэдээнд илүү гүн хөрвөгдөхөд тань туслах явдал юм. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь судруудыг ойлгож, тэдгээрт байдаг танд болон гэр бүлд тань хэрэгтэй сүнслэг хүчийг олж авахад тусална. Ингэснээр та Сүмийн ангидаа санал бодлоо хуваалцаж, бусад гэгээнтэнд Христийг дагахын тулд гаргаж буй хичээж зүтгэлд нь урам зориг өгөх боломжтой байх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

“Та нар юу эрнэ вэ?” хэмээн Есүс Баптисч Иоханы шавь нараас асуув (Иохан 1:38). Та дээрх асуултыг өөрөөсөө асууж болно. Учир нь энэ жил Шинэ Гэрээнээс олж мэдэх зүйл тань юу эрэлхийлж байгаагаас тань шууд хамааралтай. “Хай, тэгвэл та нар олно” (Maтай 7:7) хэмээн Аврагч амласан. Суралцаж байхдаа санаанд орж ирсэн асуултаа тавьж, хариултыг нь хичээнгүйлэн эрэлхийл. Та Шинэ Гэрээнээс Есүс Христийн шавь нарын хүчирхэг сүнслэг туршлагын тухай унших болно. Аврагчийн итгэлтэй шавийн хувьд та энэ ариун нандин номд гардаг “Ирээд, Намайг дага” (Лук 18:22) хэмээх Түүний урилгыг хүлээн авснаар өөрийн гэсэн хүчирхэг сүнслэг туршлагыг олж авч чадна.

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Би чин сэтгэлээсээ Аврагчаас суралцахын тулд “Ирээд, Намайг дага” хэмээх Түүний урилгыг хүлээн авах ёстой.

“Ирээд, Намайг дага” хэмээсэн Аврагчийн урилга шавь байх зам дээр дөнгөж гарсан эсвэл бүхий л амьдралынхаа турш энэ замаар алхаж байгаа эсэхээс үл шалтгаалан бүх хүнд хамаатай. Энэ бол зарлигуудыг дагахыг хичээж байсан чинээлэг залуу эрд өгсөн Түүний урилга юм (Maтай 19:16–22; Лук 18:18–23-ыг үзнэ үү). Шавь байх гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт бүхий л сэтгэл зүрхээ зориулах гэсэн утгатай болохыг залуу эр мэдсэн бөгөөд үүнийг бид ч гэсэн мэдэх ёстой. Бид дутагдлаа тодорхойлж, өөрчлөгдөж, Тэднийг бүрэн дүүрэн дагахыг эрэлхийлснээр шавь байх замдаа өсөж, хөгждөг.

Аврагчийн юу заасныг ойлгохыг эрэлхийлэх үед бид Түүнээс суралцаж эхэлдэг. Жишээлбэл, дараахыг судалснаар даруу байдлын талаарх таны ойлголт хэрхэн гүнзгийрсэн бэ?

Хэрэв та энэ талаар илүү ихийг сурч мэдэхийг хүсвэл энэ үйл ажиллагааг хайр, өршөөл зэрэг сайн мэдээний өөр зарчимтай хамт хийж үзээрэй.

Би өөрөө суралцах үүрэгтэй.

Ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан. “Үнэнч шавь нар болж, зоригтой тэвчдэг байхын тулд бидний мэдвэл зохих болон хийх шаардлагатай бүх зүйлийг байгууллагын хувьд зааж эсвэл хэлж өгнө хэмээн бид Сүмд найдах ёсгүй. Харин сурах ёстой зүйлдээ суралцан, амьдрах ёстойгоороо амьдарч, Багшийнхаа хүссэн тийм хүмүүс болох нь бидний хувийн үүрэг хариуцлага юм. Бидний гэр орон бол суралцаж, дагаж амьдарч, өөрсдийгөө хөгжүүлэх анхдагч орчин билээ” (“Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123).

Та өөрөө суралцах үүрэгтэй гэдэг нь ямар утгатай вэ? Ахлагч Бэднарын хэлсэн үгээс болон дараах судруудаас боломжтой хариултуудыг ол. Үүнд: Иохан 7:17; 1 Тесалоник 5:21; Иаков 1:5–6, 22; 2:17; 1 Нифай 10:17–19; 2 Нифай 4:15; Aлма 32:27 ба Сургаал ба Гэрээ 18:18; 58:26–28; 88:118. Сайн мэдээнээс илүү идэвхтэй суралцахын тулд юу хийх сүнслэг өдөөлтийг та хүлээн авсан бэ?

Би үнэнийг өөрөө мэдэх хэрэгтэй.

Амьдралд нь юу ч тохиолдож байсан хэзээ ч итгэл алдарч байгаагүй мэт санагддаг хүмүүсийг та мэддэг байх. Тэд танд Аврагчийн сургаалт зүйрлэлд гардаг ухаалаг таван охиныг санагдуулдаг байж болох юм (Maтай 25:1–13-ыг үзнэ үү). Тэдний үнэний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд шаргуу хичээн зүтгэсэн нь танд харагддаггүй байж болно.

Бид хэрхэн гэрчлэлтэй болж, үүнийгээ арчлан торддог вэ? Дараах судруудыг тунгаан бодохдоо төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэ. Үүнд: Лук 11:9–13; Иохан 5:39; 7:14–17; Үйлс 17:10–12; 1 Коринт 2:9–11; Aлмa 5:45–46. Мөн Судруудын удирдамж дахь “Гэрчлэл”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Зураг
Замын хажууд зогсож буй залуу эмэгтэй

Бидний хүн нэг бүр гэрчлэлийг өөрөө олж авах ёстой.

Надад асуух зүйл байвал би юу хийх ёстой вэ?

Сүнслэг мэдлэгийг эрэлхийлэх үед таны санаанд асуултууд орж ирнэ. Дараах зарчмууд нь итгэл, гэрчлэлээ хөгжүүлэх замаар асуултынхаа хариултыг олоход танд тусална.

  • Ойлголтыг Бурханаас эрэлхийл. Бурхан бол бүх үнэний эх сурвалж бөгөөд Тэрээр Ариун Сүнс, судар, бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан үнэнийг илчилдэг.

  • Итгэлээр үйлд. Хэрэв хариулт тэр даруй ирэхгүй бол Их Эзэн зөв цагт хариултыг илчлэх болно гэдэгт итгэ. Тэр болтол мэддэг үнэнийхээ дагуу амьдар.

  • Мөнхийн хэтийн төлөвийг баримтал. Аливаа зүйлийг дэлхийнхний хардгаар биш, Их Эзэний хардгаар харахыг хичээ. Асуултаа Тэнгэрлэг Эцэгийнхээ авралын төлөвлөгөөний хүрээнд хар.

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Maтай 13:1–23.Энэ жил Шинэ Гэрээнээс суралцахаар бэлтгэхэд нь гэр бүлдээ туслахын тулд та нар тариачны сургаалт зүйрлэлийг уншиж болох юм. Танай гэр бүлд гадуур гарч, сургаалт зүйрлэл дээр гардаг өөр өөр хөрсийг хайж олох нь таалагдаж магад. Бид хэрхэн зүрх сэтгэлээ Есүсийн дүрсэлсэн “сайн хөрс” шиг болгож чадах вэ? (Матай 13:8).

Галат 5:22–23; Филиппой 4:8.Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон та нарыг “өөрсдийн гэр орныг итгэлийн ариун газар” мөн “гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгоход” урьсан. Тэрээр ийн үйлддэг хүмүүст хандан “Танай хүүхдүүд Аврагчийн сургаалаас суралцаж, түүгээр амьдрахдаа баяртай байх бөгөөд таны амьдрал, гэр орон дахь дайсны нөлөө багасах болно. Гэр бүлд тань мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, тогтвортой үргэлжлэх болно” хэмээн амласан (“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119).

Жилийн эхэнд гэр бүлийн зөвлөлийн хурал хуралдуулж, гэр орноо “итгэлийн ариун газар” мөн “сайн мэдээнээс суралцах төв болгох” талаар ярилцах нь тохиромжтой. Галат 5:22–23 болон Филиппой 4:8-ыг уншихад үүнийг хэрхэн хийх талаар ямар бодол санаа танд орж ирж байна вэ? Магадгүй танай гэр бүл ирэх онд Шинэ Гэрээг судлах хувийн болон гэр бүлийн зорилго тавьж болох юм. Зорилгоо өөртөө сануулахын тулд бид юу хийж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Хайрын гэрэлд байхыг надад заагаач,” Хүүхдийн дууны ном, 70.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сургаалыг эрж ол. Сургаал бол мөнхийн, өөрчлөгдөшгүй үнэн юм. Ерөнхийлөгч Боид К.Пакэр “үнэн сургаалыг ойлговол энэ нь зан төлөв, харьцаа хандлагыг өөрчилдөг” гэж тунхагласан (“Little Children,” Ensign, Nov. 1986, 17). Та гэр бүлтэйгээ судруудыг судлахдаа, Аврагчтай илүү адил амьдрахад туслах үнэнийг олж хараарай.

Зураг
Есүс Христ

Дэлхийн гэрэл, Брэнт Борап