Лиахона
Сайн мэдээний дагуу амьдарснаар ирэх үүрдийн баяр баясгалан
2024 оны 2-р сар


“Сайн мэдээний дагуу амьдарснаар ирэх үүрдийн баяр баясгалан,” Лиахона, 2024 оны 2-р сар.

Сар тутмын Лиахона дээрх захиас, 2024 оны 2-р сар

Сайн мэдээний дагуу амьдарснаар ирэх үүрдийн баяр баясгалан

Есүс Христийн сайн мэдээг эцсээ хүртэл дагаж, бусдыг мөн тийн үйлдэхэд тусалснаар мөнхийн баяр баясгалан ирдэг.

Зураг
Адам, Ева хоёрын цаана Едений цэцэрлэг харагдаж буй зураг

Едений цэцэрлэг, Грант Ромни Клосон; Едений цэцэрлэгийг орхисон нь, Жөүсэф Брики

Дэлхий дээрх хүмүүний амьдралын эхлэлийн тухай Лихайн бошиглолын сургаалаас бидний амьдралын зорилгын товч илэрхийллийг олох боломжтой. Едений цэцэрлэгт Адам, Ева хоёр гэнэн байдалд амьдардаг байсан. Тэд тэрхүү байдалдаа үлдсэн бол “баяр баясал үгүй, гэм зэмгүй, тэд нүглийг мэдэхгүй учир сайныг эс үйлдэх байсан билээ” (2 Нифай 2:23). Иймд Лихайн тайлбарласнаар “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25 мөн Мосе 5:10–11-ийг үзнэ үү).

Бид унасан дэлхийд өсөж торнихдоо сайн муугийн ялгааг заалгасан бөгөөд өөрсдийн биеэр мэдэрч ойлгосон зүйлсээр дамжуулан энэ тухай мэдэж авдаг. Бид “сайн сайхны үнэ цэнийг мэдэж болохын тулд гашууныг амс[даг]” (Мосе 6:55). Бид тэрхүү гашуунаас татгалзаж, сайн сайхныг улам ихээр эрхэмлэн, үүнээс зууран барьснаар баяр баясгалантай болдог.

Баяр баясгаланг олох

Тэнгэрлэг Эцэг маань биднийг төгс хайрладаг учир Өөрийн төгс баяр баясгаланг одоо болон мөнхөд аль алинд нь бидэнтэй хуваалцахыг хүсдэг. Энэ нь эхнээсээ Түүний аз жаргалын алдар суут төлөвлөгөө, биднийг гэтэлгэхээр Төрсөн Ганц Хүүгээ золиослох зэрэг бүх зүйл дэх Түүний учир шалтгаан байсаар ирсэн.

Бурхан бидэнд баяр баясгалантай, аз жаргалтай байхыг тулгахыг оролддоггүй, харин үүнийг хэрхэн олохыг зааж өгдөг. Тэрээр “ёс бус явдал [одоо ч мөн] хэзээ ч аз жаргал байгаагүй” (Алма 41:10) хэмээн баяр баясгаланг хаанаас олж чадахгүйг бидэнд бас хэлдэг. Тэнгэрлэг Эцэг бидэнд баяр баясгаланд хүрэх замыг Өөрийн зарлигуудаар илчилдэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүнийг ингэж тодорхойлсон.

“Эрх мэдэл, эд хөрөнгө, алдар нэр, махан биеийн таашаал нь аз жаргал авчирдаг гэж энэ дэлхий хэлдэг ч тийм биш гэдэг нь агуу үнэн юм! Тэдгээр нь авчирч чаддаггүй! Тэдгээр нь ‘Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг’ [Мозая 2:41] хий хоосон орлохоос өөр юу ч бүтээдэггүй.

Үнэндээ аз жаргалыг хэзээ ч олж авч чадахааргүй газраас хайх нь илүү төвөгтэй юм! Харин таныг Есүс Христийн буулгыг өөртөө авч, ертөнцийг ялахад шаардлагатай сүнслэг ажлыг хийх үед энэ ертөнцийн таталтаас таныг дээш өргөх хүч зөвхөн Түүнд л бий.”1

Иймээс удаан үргэлжлэх баяр баясгаланг Бурханы зарлигуудыг дагаснаар олж авдаг бөгөөд Бурханы зарлигуудыг Есүс Христийн сайн мэдээнээс олдог. Гэвч энэ нь бидний сонголт юм. Хэрэв бид сул дорой байдлаасаа болж хэсэг зуур зарлигуудыг сахиж чадаагүй бол эргэн явж, гашуунаас татгалзан, сайныг дахин эрэлхийлэх боломжтой. Бурханы хайр нүглийг зөвтгөдөггүй; хэрэв тэгэх аваас нигүүлсэл шударга ёсыг дээрэмдсэн болох тул Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан нүглийн гэтэлгэлийг санал болгодог.

“Амюлек Их Эзэн өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр гарцаагүй ирэх болно, гэвч тэрээр тэднийг нүгэлд нь гэтэлгэхээр ирэх бус, харин тэднийг нүглүүдээс нь гэтэлгэхээр ирнэ хэмээн … хэлсэн билээ.

Мөн наманчлалын учир нүглүүдээс нь тэднийг гэтэлгэхээр Эцэгээс түүнд хүч өгөгдсөн буй; тиймийн тул Гэтэлгэгчийн хүчинд, бодгалиудынх нь авралд хүргэх, наманчлалын нөхцөлүүдийн мэдээг тунхаглуулахаар тэрээр тэнгэр элчүүдээ илгээсэн билээ” (Хиламан 5:10–11; тодотгол нэмсэн).

Есүс:

“Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно.

“Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв” (Иохан 15:10–11) гэж хэлжээ.

Лихай зүүдэндээ Бурханы хайрыг төлөөлдөг амьдралын модны жимсийг хүртэхдээ үүнийг мэдэрсэн. Тэр: “Мөн би түүний жимснээс хүртэхийн сацуу энэ нь миний сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэв” гэж хэлсэн (1 Нифай 8:12 мөн 11:21–23-ыг үзнэ үү).

Лихай мөн амьдралдаа баяр баясгаланг авчрах хоёр дахь аргыг илчилж, “иймийн тул, гэр бүлийнхэн маань үүнээс түүнчлэн хүртээсэй хэмээн би хүсэж эхлэв” (1 Нифай 8:12) гэжээ.

Зураг
Гараас гарт жимс дамжуулж буй ардаа модтой зураг

Амьдралын мод,, Казүто Үота

Бусдад баяр баясгаланг олоход нь туслах

Бид нүглийнхээ ангижралыг хүлээж авахдаа Бенжамин хааны хүмүүсийн адил “баяр хөөрөөр дүүргэгдэж,” “ухамсрын амар амгаланг” мэдэрдэг (Мозая 4:3). Бид өрөөлийг бодож, гэр бүлийнхэндээ болон бусдад яг тэр баяр баясгалан, амар амгаланг хүлээн авахад туслахыг эрэлхийлэхдээ үүнийг дахин мэдэрдэг.

Залуу байхдаа Алма Есүс Христийн сайн мэдээний эсрэг бүх зүйлээс аз жаргалыг эрэлхийлсэн. Тэнгэр элчид зэмлүүлснийхээ дараа, тэр “үхэх дөхөн” (Мозая 27:28) наманчилж, Аврагчийн хэмжээлшгүй их нигүүлслийн ачаар “гашуунаас” “сайн сайхан руу” өөрчлөгдөж чадсан юм. Олон жилийн дараа Алма хүү Хиламандаа ийн бахдалтайгаар тунхаглажээ.

“Мөн ай ямар баясал, мөн ямар гайхамшигт гэрлийг болгоосон билээ би; тийм ээ, бодгаль минь ямархуу шаналалд байсан лугаа адил тийм үлэмжийн баяслаар дүүргэгдсэн байв! …

Тийм ээ, мөн тэр цагаас бүр одоог хүртэл, би бодгалиудыг наманчлалд авчирч болохын тул; өөрийн амталсан тэр үлэмжийн баяслаас амтлахад тэднийг авчирч болохын тул … зогсолтгүйгээр хөдөлмөрлөсөөр ирсэн билээ.

Тийм ээ, мөн эдүгээ болгоогтун, Ай хүү минь, Их Эзэн хөдөлмөрийн минь үр шимд үлэмжийн агуу баяслыг надад өгдөг билээ;

Учир нь түүний надад мэдүүлсэн тэрхүү үгийн учир, болгоогтун, олон нь Бурханаар төрж, мөн миний амталсныг амталсан” (Алма 36:20, 24–26).

Алма мөн өөр нэг удаа ийн гэрчилсэн байдаг.

“Энэ нь, зарим бодгалиудыг наманчлалд авчрахад Бурханы мутар дахь зэмсэг байж болох нь миний бахархал; мөн энэ нь миний баясал.

Мөн болгоогтун, ах дүүсийн маань олон нь үнэхээр гэмшихийг, мөн Их Эзэн Бурхандаа ирэхийг харахад, бодгаль минь баяслаар дүүрнэм” (Алма 29:9–10).

Алма хүмүүсийг Христэд бодгалиудыг амжилттай авчрахад мэдэрсэн хэмжээлшгүй их баяр баясгалангаа ийн үргэлжлүүлэн тунхаглажээ.

“Гэвч би зөвхөн өөрийн амжилтад баясах бус, харин Нифайн нутагт байсан ах дүүсийнхээ (Мозаягийн хөвгүүд) амжилтын төлөө баясал минь илүү дүүрэн байна.

Болгоогтун, тэд үлэмж их хөдөлмөрлөсөн, мөн их үр шимийг авчирсан; мөн шагнал нь хичнээн агуу байх билээ!

Эдүгээ, эдгээр ах дүүсийнхээ амжилтын тухай намайг бодоход сүнс минь зөөгдөн одож, бүр биеэс салах лугаа адил, баясал минь тийм агуу байна” (Алма 29:14–16).

Бид бусдыг “Христийн цэвэр хайр”-аар (Моронай 7:47; мөн 48-р шүлгийг үзнэ үү) хайрлаж, тэдэнтэй сэргээгдсэн үнэнийг хуваалцан, тэднийг гэрээт хүмүүстэй хамт цуглахыг урихдаа ийм баяр баясгаланг олох болно.

Зураг
Аврагч Гетсеманид

Ай Эцэг минь, Саймон Дюүи

Бэрхшээл зовлонтой байх үеийн баяр баясгалан

Бид мөнх бус амьдралд баяр баясгаланг үгүй болгодог эсвэл биднийг холдуулдаг зайлшгүй тулгардаг сорилт, бэрхшээлүүдээс айх хэрэггүй юм. Алма бусдад амиа үл хайрлан үйлчлэхдээ маш их зовсон. Тэр шоронд хоригдож, удаан хугацааны турш өлсөж цанган, зодуур амсаж, амь насаа алдах шахаж, олон удаа доог тохуу, гадуурхалтад өртсөн. Гэсэн хэдий ч энэ бүгдийг “Христийн баясалд автагдаж” (Алма 31:38) туулсан юм. Магадгүй Алмагийн зовлон зүдүүр дараа нь ирэх баяр баясгаланг илүү их нэмэгдүүлсэн байж ч болох юм.

Ерөнхийлөгч Нэлсон Аврагчийн зовлон шаналалд баяр баясгалан үүрэг гүйцэтгэснийг “Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө … [Тэрээр] загалмайг тэвчсэн” (Еврей 12:2) гэж бидэнд сануулжээ.

Бодоод үз дээ! Аврагч маань энэ дэлхийн түүхэн дэх хамгийн их зовлон шаналлыг тэвчин гарахын тулд баяр баясгалан дээр анхаарлаа төвлөрүүлсэн юм!

Тэгэхлээр, Түүний өмнө ямар баяр баясгалан байсан бэ? Үүнд цэвэршүүлэх, эдгээх, биднийг хүчирхэгжүүлэхийн баяр баясгалан мөн наманчилсан бүх хүний нүглийн төлөөсийг төлөх, танд бас надад Тэнгэрлэг Эцэг Эх болон гэр бүлдээ цэвэр, зохистой эргэн очиж, хамт амьдрах боломжийг олгохын баяр баясгалан багтах нь гарцаагүй.

Хэрэв бид өөрсдөд маань болон бидний хайрладаг хүмүүст ирэх баяр баясгаланд анхаарлаа төвлөрүүлбэл яг одоо дааж давшгүй, зовлонтой, аймшигтай, шударга бус эсвэл ердөө боломжгүй мэт санагдаж байгаа ямар зүйлүүдийг тэвчиж чадах вэ?”2

Есүс Христийн сайн мэдээг эцсээ хүртэл дагаж, бусдыг мөн тийн үйлдэхэд тусалснаар мөнхийн баяр баясгалан ирдэг. Бид Бурханы хайранд оршин, Түүний зарлигуудыг дагаж, Аврагчийн ач ивээлийг хүлээн авснаар үүрдийн баяр баясгалан ирнэ. Сайн мэдээний зам дээр аялах үед мөн төгсгөлд нь баяр баясгалан буй. Есүс Христийн сайн мэдээ бол өдөр бүр баяр баясгаланг өгдөг зам юм.