2021
Санваар бол Бурханы хүч
2021 оны 8-р сар


“Санваар бол Бурханы хүч,” Лиахона, 2021 оны 8-р сар

Лиахонагийн сар тутмын захиас, 2021 оны 8-р сар

Санваар бол Бурханы хүч

Бурхан биднийг санваарын хүчээр дамжуулан адисалдаг. Санваарын адислалууд хүн бүрд боломжтой.

Санваар бол Бурханы хүч юм. Бурхан энэ хүчийг Өөрийн бүх хүүхдийг адислахад мөн тэднийг эргэн ирж Өөртэй нь хамт амьдрахад туслахын тулд ашигладаг. Бурхан дэлхий дээрх Өөрийн хүүхдүүдэд санваарын хүчийг өгсөн. Санваарын удирдагчид энэхүү хүчээр Сүмийг удирддаг бөгөөд санваартнууд биднийг Бурханд ойртоход тусалдаг баптисм зэрэг ариун нандин ёслолуудыг гүйцэтгэдэг. Санваарын ёслолуудыг зохистойгоор хүлээн авч, гэрээнүүдээ (ариун амлалтууд) сахидаг эрэгтэй, эмэгтэй хүн бүр Бурханы хүчийг хүлээн авах боломжтой.

Зураг
Ариун ёслол

Санваарын хүчийг Иосеф Смитэд өгсөн

Есүс Христ дэлхий дээр байхдаа Өөрийн Сүмийг санваарын хүчээр дамжуулан удирдсан юм. Есүс мөн энэ хүчийг төлөөлөгчдөдөө өгсөн. Төлөөлөгчдийг нас барсны дараах эрин зуунуудад олон гишүүн Сүмийг орхисон билээ. Тэд сайн мэдээг болон Сүмийн ажиллаж байсан арга барилыг буруугаар өөрчлөв. Дэлхий дээр Бурханы санваар байхаа больжээ. 1829 онд Есүс Баптисч Иохан, төлөөлөгч Петр, Иаков, Иохан нарыг Иосеф Смитэд санваар хүртээлгүүлэхээр илгээсэн юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Бурханаас өгөгдсөн энэхүү эрх мэдэл бүхий дэлхий дээрх цор ганц байгууллага юм.

Зураг
Мелкизедек санваарын сэргээлт

Петр, Иаков, Иохан нарын дуу хоолой, Линда Көрли Кристэнсэн, Майкл Т.Малм

Санваарын түлхүүрүүд

Санваарын түлхүүр бол ёслолуудыг гүйцэтгэх зөвшөөрөл өгөх зэрэг санваарыг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлдэг эрх мэдэл юм. Есүс Христ санваарын бүх түлхүүрийг атгадаг. Сүмийн ерөнхийлөгч бол Сүмийг бүхэлд нь удирдах санваарын түлхүүрийг ашиглаж чадах дэлхий дээрх цор ганц хүн. Түүний удирдлаган доор бусад хүн Бурханы ажлыг гүйцэтгэх тодорхой түлхүүрүүдийг ашиглаж болдог. Гадасны ерөнхийлөгч, бишоп гэх мэт удирдагчид гадас, тойргоо удирдахдаа санваарын түлхүүрүүдийг ашигладаг. Үйлчлэлийн дуудлагууд санваарын түлхүүр бүхий удирдагчдаас ирдэг учраас дуудлагадаа үйлчилж буй эрэгтэй, эмэгтэйчүүд үүргээ гүйцэтгэх үедээ санваарын эрх мэдлийг ашиглаж байдаг.

Аароны болон Мелкизедек санваар

Санваар нь Аароны санваар, Мелкизедек санваар гэсэн хоёр хэсэгтэй. Сүмийн удирдагчид Мелкизедек санваарын эрх мэдлээр дамжуулан номлогчид болон ариун сүмийн ажил гэх мэт Сүмийн бүх сүнслэг ажлыг удирдан явуулдаг. Аароны санваар нь Мелкизедек санваарын эрх мэдлийн доор ажилладаг. Үүгээр баптисм, ариун ёслол гэх мэт ёслолуудыг гүйцэтгэдэг.

Зураг
Баптисм

Санваарын адислал

Гэрээ, ёслолуудаар дамжуулан Бурхан санваарын адислалуудыг Өөрийн бүх хүүхдэд боломжтой болгосон. Эдгээр адислалд баптисм, Ариун Сүнсний бэлэг, ариун ёслол, ариун сүмийн адислалууд багтана. Ариун сүмд хишиг хүртсэн эрэгтэй, эмэгтэйчүүд гэрээнүүдээрээ дамжуулан Бурханы санваарын хүчийн бэлгийг хүлээн авдаг. Түүнчлэн бид санваарын эдгээх, тайтгаруулах, удирдан чиглүүлэх адислалуудыг хүлээн авч чадна.

Зураг
Шинэхэн гэрлэсэн хос ариун сүмд

Судруудад санваарын талаар юу гэж заадаг вэ?

Өнөө үед буй санваар эрт үед байсан санваартай ижил билээ (Мосе 6:7-г үзнэ үү).

Санваарын түлхүүрүүд бидэнд Их Эзэний ажлыг зохих ёсоор гүйцэлдүүлэхэд тусалдаг (Сургаал ба Гэрээ 42:11-ийг үзнэ үү).

Санваар атгаж буй эрэгтэйчүүд санваарыг “зөвхөн шударга ёсны зарчмуудаар” ашиглаж болно (Сургаал ба Гэрээ 121:36-г үзнэ үү).

Санваар атгагчдын гүйцэтгэх зарим үүргийг Сургаал ба Гэрээ 20:38–67-д тодорхойлсон байдаг.