2018
Бурханы хүүхдүүддээ өгөх үг
March 2018


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2018 оны гуравдугаар сар

Бурханы хүүхдүүддээ өгөх үгс

Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээснийхээ дараа хамгийн эхлээд тэдэнд хандан ярьсан гэдгийг бид судруудаас олж мэддэг.1 Тэр чухал мэдээлэл, үнэт зааврыг тэдэнд өгөх хэрэгтэй байв. Тэр тэдний санааг зовоох эсвэл ачаалал өгөх биш харин аз жаргал, мөнхийн алдар суу руу удирдах зорилготой байжээ.

Энэ нь зөвхөн эхлэл байв. Тэр өдрөөс эхлэн өнөөг хүртэл, Бурхан Өөрийн хүүхдүүдтэй харилцсаар ирсэн билээ. Үе үеийн шавь нар нь Түүний үгсийг бичин хадгалж, эрхэмлэн, тэдгээрээс суралцсаар ирсэн юм. Бурханы хүслийг мэдэхээр эрэлхийлдэг хүмүүс эдгээр үгийг хүндэтгэн үздэг бөгөөд тэдгээр нь “Эзэн Бурхан зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй”2 хэмээх үнэнийг баталдаг.

Энэ хэв загвар нь эхлэлд ч ийм байсан бөгөөд одоо ч хэвээр үргэлжилсээр байна. Энэ нь зөвхөн Библийн сайхан түүх биш, харин Бурханы Өөрийнхөө хүүхдүүдэд чухал захиасуудыг өгдөг тогтсон арга зам юм. Тэр бидний дундаас хувь хүмүүсийг өсгөн, бошиглогчоор дуудаж, тэдэнд хэлэх үгсийг нь өгдөг бөгөөд бид тэдгээр үгийг “[Түүний] амнаас гарсан мэтээр”3 хүлээн авах ёстой байдаг. Тэрээр “миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил”4 хэмээн тунхагласан юм.

Бурхан чимээгүй байдаггүй гэдэг нь Сэргээлтийн хамгийн агуу, урам өгөм, найдвар төрүүлэм захиасуудын нэг юм. Тэр Өөрийн хүүхдүүдийг хайрладаг. Тэр биднийг харанхуйд төөрөхөөр орхиогүй билээ.

Жилд хоёр удаа буюу дөрөв, аравдугаар сард гайхалтай ерөнхий чуулганы үеэр Их Эзэний үгсийг үйлчлэгчдээр нь дамжуулан сонсох боломж бидэнд олддог.

Ерөнхий чуулганд үг хэлэх хүн нь үг хэлэхээр индэр рүү алхахаас ч илүү урт хугацааны өмнөөс эхлэн, үг хэлэх томилолтыг аваад их хичээл зүтгэл гаргаж, залбиран, суралцдаг гэдгийг би хувиасаа гэрчилж байна. Ерөнхий чуулганаар хэлдэг үгс бүрийн цаана маш олон цагийн бэлтгэл мөн Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдийг юуг сонсохыг хүсэж байгааг ойлгохыг хүссэн чин сэтгэлийн олон удаагийн залбирал байдаг.

Бид сонсогчдын хувьд үг хэлж байгаа хүмүүсийн адилаар бэлтгэвэл юу тохиолдож болох вэ? Хэрвээ бид ерөнхий чуулганыг Их Эзэнээс Өөрөөс нь захиасуудыг хүлээж авах боломж гэж үзэх юм бол ерөнхий чуулганд хэр өөрөөр хандах бол? Ерөнхий чуулганы үгс, дуу хөгжмөөр дамжуулан бид өөрсдөдөө тулгарсан ямар ч бэрхшээлдээ эсвэл асуултдаа хариултыг олж авч чадна.

Тэнгэрлэг Эцэг үнэхээр өөрт чинь хандан ярих болов уу гэж та нар бодож байсан бол, би та нарт Хүүхдийн хэсгийн “[Чи] Бурханы хүүхэд тул энэ эх дэлхийд [чамайг] … заяав” гэдэг дууны энгийн хэдий ч хүчирхэг үгсийг сануулмаар байна. “Нэгэн цагт Түүнтэй амьдрахын тулд” эргэн очиход тань туслах нь Түүний зорилго юм.

Та нар Тэнгэрлэг Эцэгт хүүхдийнх нь хувиар хандан, “Надад замаа олоход туслан, хөтлөн удирдаач … Юу хийх ёстойг заагаач” хэмээн чин сэтгэлээсээ Түүнээс гуйж болно. Тэр тантай Өөрийн Ариун Сүнсээр дамжуулан ярих болно. Харин дараа нь “Түүний хүслийг дагах” эсэх нь танаас шалтгаална. Хэрвээ та дагах аваас “их адислал хүртэнэ”5 гэдгийг би амлаж байна.

Дэлхийн түүхийн туршид байсны адил Их Эзэний удирдамж өнөөдөр ч бидэнд хэрэгтэй байгаа билээ. Бид Их Эзэний үгийг сонсохоор бэлтгэх явцдаа үнэний Сүнсийг хичээнгүйлэн хайх болтугай. Ингэж хайснаар Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан ярих үед бид ойлгож, гэгээрэн мөн хамтдаа баясах болтугай.6

“Эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд [биднийг] дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг [бидний] өмнөөс сарниулж, мөн [бидний] сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” хэмээн би гэрчилж байна.7