2018
Өвчтэй хүүхдээ асарч, дуудлагаа хийсэн нь
January 2018


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Өвчтэй хүүхдээ АСРАНГАА ДУУДЛАГАТ АЖЛАА хийсэн нь

Зураг
Young Womanhood Recognition

Би тойргийнхоо Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн зөвлөхөөр үйлчлэхээр дуудагдахдаа дуудлагыг хүлээн авсан ч, хэрхэн хийх вэ гэдэгтээ санаа зовж байлаа. Надад бэлэн биш юм шиг санагдаж байсан бөгөөд би сорилт бэрхшээлтэй тулгараад байв.

Уг дуудлагыг хүлээж авахаас гурван сарын өмнө амь насанд ихэд халгаатай жирэмслэлтийн дараа бяцхан хүү Николас маань мэндэлсэн юм. Түүнд байнгын эмнэлгийн асаргаа хэрэгтэй байв. Төрснөөс нь хэдэн долоо хоногийн дараа нүдний давхраа дээр нь жижигхэн улаан толбо гарч, бага багаар томорсон юм. Хүүхдийн эмч маань энэ нь хоргүй хавдар бөгөөд Николасыг нэг нас хүрэхэд аяндаа алга болно гэж бидэнд хэлэв. Харин хавдар хурдацтай томорч байлаа. Хавдар нь нүдний ухархайгаар тарж, эмчлүүлэхгүй бол хараагүй болгох байв.

Бид химийн эмчилгээ хийлгэх хэцүү шийдвэр гаргасан. Николасын турьхан биенд эмчилгээ таарахгүй байв. Тэр өдөр бүр халуурч, байнгын халдвар авч, жин нь байх ёстойгоосоо бага байлаа. Эмчилгээнээс болж тэр их уйлах болсон юм. Энэ нөхцөл байдалд дуудлагаа хийх улам бүр хэцүү болов. Би яаж хийхээ ч сайн мэдэхгүй байлаа.

Аз болж нөхөр маань намайг дэмжив. Үргэлжлүүлэн хийх нь зөв болохыг бид хамтдаа мэдэрсэн. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч ч бас намайг дэмжсэн. Тэр бол итгэлтэй, тэвчээртэй эгч байсан. Тэр надаас өөртөө байгааг ч мэдэхгүй байсан тэр зан чанаруудыг олж харж мөн бодож байгаагүй арга замаар үйлчлэхэд минь тусалсан юм.

Долоо хоног бүр залуу эмэгтэйчүүдтэй байх нь надад тариа, үзлэг, эмч гэх мэт нэг хэвийн байдлаас гарахад тусалсан. Энэ нь намайг өөрөө өөрийгөө өрөвдөх эсвэл яагаад ийм зүйл миний бяцхан тэнгэр элчид тохиолдож байгааг асууж цагаа дэмий үрэхээс холдуулсан билээ. Миний дуудлага адислал байсан бөгөөд нэг л мэдэхэд Николас маань өсөж томрон, эмчилгээ хийгдэж дууссан байв. Николас эрч хүчээр дүүрэн, аз жаргалтай, эрүүл саруул хүү болсон юм.

Тэнгэрлэг Эцэгийн энэ зоригт охидод үйлчилснээр надад сэтгэл дундуур байдлаасаа салж, найз нөхдийн мөнхийн харилцааг үүсгэж, авьяасаа нээн, эх болон эхнэр хүн гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, илүү сайн ажиллахад тусалсан билээ.

Их Эзэн биднээс сорилт бэрхшээлийг үргэлж холдуулаад байдаггүй ч нүүр тулах хүч чадлыг өгөхөд үргэлж бэлэн байдгийг би бүхий л сэтгэл зүрхээрээ мэднэ.