2018
Лукас ба дээрэлхүү хүүхэд
January 2018


Лукас ба дээрэлхүү зан

Лукас Пэдрогийн царайны хувирлыг харах хүртлээ хэлсэн зүйлдээ сэтгэл хангалуун байв.

“Бүгдээрээ гэртээ байвч, хаа ч явж байсан бие биедээ эелдэг үг хэлцгээе” (Hymns, д. 232).

Зураг
Lucas and the Bully

“Өө, үгүй ээ! Пэдро ирж байна”

Сургууль дээрх хүн бүр Пэдрог дээрэлхүү гэдгийг мэддэг. Тэр том биетэй бас догшин ширүүн зантай хүүхэд! Тэр хүүхдүүдийг доромжилж, өдрийн хоолыг нь булааж, сургуулийн хашаагаар тэднийг хөөдөг. Хэн ч түүний эргэн тойронд байхыг хүсдэггүй.

Пэдро Лукас, түүний найз Артур хоёрын хажуугаар зөрөв. Тэр тэднийг “азгүй амьтад” гэж дуудан, Артурыг түлхлээ.

Лукас догшин ширүүн зантай Пэдрогоос залхаж байв. Тэр бодох ч сөхөөгүй “Болиоч, Пэдро!” гэж хашхирлаа.

Лукас өөртөө ч итгэсэнгүй. Тэр сургуулийн хамгийн дээрэлхүү хүүхдийг эсэргүүцлээ шүү дээ!

Пэдро Лукас руу ухасхийн очоод, заамдан авав. “Чи юу гэж хэлсэн бэ?” Лукасын зүрх амаар нь гарах шахуу хурдан цохилж байлаа. “Би та нарт нэг л анхааруулга өгнө” гэж Пэдро хэлээд, “Та нар анхааралтай л байгаарай!” гэв. Тэр Лукасыг түлхээд, цаашаа яваад өгөв.

Лукас үргэлж Пэдрогоос зайдуу байхыг хэр чадлаараа хичээж байсан ч Пэдро түүнийг олчихдог байжээ. Тэр Лукасыг савлуур дээр тоглуулахгүй, гар бөмбөг тоглох үеэр болон хоолны газар түлхэж унагаан, байнга бүдүүлэг үг хэлдэг байлаа.

Нэг өдөр Лукас, Артур хоёр Артурын хөл бөмбөгөөр тоглож байв. Пэдро модны цаанаас гарч ирээд, бөмбөгийг булаав.

“Өгчих тэгэх үү?” гэж Артур хэллээ.

“Хэн надаас авч чадах юм бэ?” Пэдро Лукасыг мод руу түлхээд, шоолж инээв.

Лукас туйлдаа хүртэл сэтгэлээр уналаа. Тэр маш их уурласан байв. “Юу гээч, Пэдро?” гэж Лукас хэлээд, “Чи бол миний мэдэх хамгийн муу хүүхэд! Хэн ч чамд дургүй. Хүн бүр чамайг үүрд яваасай гэж хүсдэг!” гэв.

Пэдро инээхээ болив. Лукас Пэдрогийн царайны хувирлыг харах хүртлээ хэлсэн зүйлдээ сэтгэл хангалуун байв. Тэр уйлах гэж байна уу даа? Пэдро доош ширтсээр цааш явлаа.

Тэр даруй Лукаст муухай санагдав. Лукас тэр өдөр хэчнээн хичээсэн ч энэ муухай мэдрэмжээсээ салж чадахгүй байлаа. Мөн орой нь тэр унтаж чадахгүй хөрвөөсөөр байв. Тэр Пэдрогийн хэчнээн гунигтай харагдсан тухай бодсоор байлаа.

“Пэдрод муухай санагдах ёсгүй” гэж тэр бодов. “Тэр бусад хүүхдэд дээрэлхүү хандаж байгаадаа санаа нь зовдоггүй. Би ямар нэгэн зүйл хэлэх ёстой биз дээ?” Лукас энэ тухай бодох тусам өөрийнхөө мөн найзуудынхаа төлөө зогсох нь зөв байсан гэдгийг ухаарав. Гэхдээ эелдэг бус зүйл хэлсэн нь түүний буруу байлаа.

Лукас өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгээс өршөөхийг гуйв. Тэр дахиад хэнийг ч гомдоохыг хүсэхгүй байгаагаа Тэнгэрлэг Эцэгт хэллээ. Тэр эелдэг байхыг хүссэн. Лукас “амен” гэж хэлэхдээ юу хийх ёстойгоо ойлгожээ.

Дараагийн өдөр нь өдрийн хоолны үеэр Лукас хана налан ганцаар зогсож байгаа Пэдрог олов. Лукас сандарч байлаа. Пэдро яах бол? Лукас гүнзгий амьсгаа аваад, урагш алхлаа.

“Өчигдрийн болсон явдалд намайг уучлаарай.”

Пэдро гайхсан байдалтай харагдав. “Чи уучлал гуйж байгаа юм уу?”

“Тийм ээ. Би үнэхээр муухай зүйл хэлсэн бололтой. Тэгэх ёсгүй байсан юм. Уучлаарай.”

Пэдро гутал руугаа ширтэв. “Зүгээр ээ.”

Хонх дуугарлаа. Лукас анги руугаа буцаад алхав. Түүнд арай дээр болж байгаа санагдлаа. Гэхдээ тэр дахиад нэг зүйл хэлэхийг хүсжээ. Тэр эргэж харав. “Хэрвээ чи хүсэж байвал хоёулаа маргааш завсарлагаанаар хөл бөмбөг тоглож болох юм.”

Пэдрогийн нүүрэнд инээмсэглэл тодров. “Сайхан санаа байна.”

Энэ бүхний дараа Пэдро дээрдэв. Тэр зарим үед дээрэлхдэг хэвээрээ байсан ч урьдынх шиг ширүүн дориун байхаа болив. Тэр завсарлагаанаар хэд хэдэн удаа Лукастай хамт тоглосон байна. Үнэхээр хөгжилтэй байсан! Сургууль амарсны дараа Пэдро Лукаст нүүх гэж байгаагаа хэлэв. Дараа нь тэр Лукасыг гайхшируулсан нэг зүйлийг хэллээ.

“Эелдэг бус байсан ч гэсэн надтай найзалсанд баярлалаа” гэж Пэдро хэлэв.

Лукасын зүрх сэтгэлд мэдрэгдсэн халуун дулаан мэдрэмж эелдэг байх нь үргэлж зөв сонголт байх болно гэдгийг батлав.