2014
Надад бусадтай хуваалцах хоол хүнс хангалттай их байлаа
дөрөвдүгээр 2014


Надад бусадтай хуваалцах хоол хүнс хангалттай их байлаа

АНУ, Калифорн, Брэнт Фишэр

Онцгой үед бэлтгэлтэй байх нь гэр бүлдээ болон өөртөө анхаарал халамж тавих явдал гэж би үргэлж боддог байлаа. Гэтэл би 1992 онд өмнөд Флоридад байхдаа нэгэн ням гарагийн өглөө бэлтгэлтэй байхыг өөрөөр ойлгодог болсон юм. Хамгийн их эвдрэл, сүйрэл учруулагч хар салхинуудын нэг Андрей хар салхи Нэгдсэн Улсыг нэрвэж, Флоридагийн Майамид гайхамшигтай сайхан зуныг сүйтгэж билээ.

Би наран шарлагын газрын ойролцоо нэг орон сууцанд түр хугацаагаар ганцаараа амьдарч байсан бөгөөд ажлынхаа шугамаар гурван сарын сургалтын хөтөлбөрт оролцож байв. Хар салхины талаар бидэнд сэрэмжлүүлсэн бөгөөд үд гэхэд бид орон сууцны барилгуудаас нүүх хэрэгтэй байлаа. Миний таньдаг нэг хүн хамт ажиллагсдад маань болон надад зориулж эх газар дахь зочид буудалд өрөөнүүд захиалсан байсан юм. Би сууцныхаа цонхнуудад банз хадаад хувийнхаа эд юмсыг хадгалж, орхиод явлаа.

Эхнэр, хүүхдүүд маань долоо хоногийн хугацаагаар над дээр ирэх байсан учраас би зургаан хүнтэй гэр бүлдээ зориулж, хангалттай хоол хүнс, ус урьдчилан худалдаж авсан байлаа. Би аюулгүй газар руу хэдэн долоо хоног хангалттай хүрэлцэх хоол хүнс авч явах болсондоо сэтгэл тайван байв.

Өглөөний 10:30-д хөдлөхөөр бэлтгэх үед бүх зүйл бэлэн болсонд би сэтгэл хангалуун байсан. Тэгээд өвдөг сөгдөн залбирч, адислалуудынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт талархал илэрхийлж, айсуй яваа шуурганы үед туслахыг Түүнээс гуйлаа. Залбирлаа дуусгах үед “Хэрэв тусламж хэрэгтэй хэн нэгэн байгаа бол түүнийг олоход надад тусална уу” гэж хэлэхэд Сүнс намайг өдөөв.

Хэдхэн минутын дараа 80 орчим насны нэгэн бэлэвсэн эмэгтэй хаалга тогшив. Тэр эмэгтэй “Уучлаарай, би өрөө андуурчээ. Би нэг найзыгаа хайж явна” гэв.

Тэр санаа нь ихэд зовж, уймарсан байдалтай харагдав. Намайг түүнд тусалж болох уу гэж асуухад тэр эмэгтэй сэтгэл санаа минь уймарч, яахаа ч мэдэхгүй бүр хаашаа явахаа ч мэдэхгүй байна гэлээ. Би түүнээс хаана амьдардгийг нь асуугаад бид нөхцөл байдлыг нь үнэлж цэгнээд түүний хэлсэн газар руу хамт явлаа.

Хамт ажиллагсад маань зочид буудлын өрөөнүүдийн нэгэнд байрлах болно гэдгийг би түүнд хэлээд манай бүлэгтэй хамт байхад урив. Тэр эмэгтэйн сэтгэл уужирч, санаа алдлаа. Бид бэлтгэлээ түргэхэн хангаж, түүний сууц, эд хогшлыг бэхэлж орхиод нөгөө таньдаг хүнээсээ түүнийг машинаар зочид буудалд хүргэж өгөхийг хүслээ.

Намайг явахаар бэлтгэж байх үед дахиад хоёр бэлэвсэн эмэгтэй тусламж хүсч ирэв. Би тэдэнд хар салхины үеэр толгой хоргодох байр хаанаас олж болохыг тодорхой зааж өгөн, тайван байхад нь тусаллаа. Намайг хамт ажиллагсдынхаа нэгнийх нь ачааг авч байтал дахиад нэг настай бэлэвсэн эмэгтэй ирж тусламж гуйсан. Бид түүний нарийн нандин эд зүйлсийг найдвартай газарт хадгалаад явахад бэлтгэхэд нь туслав.

Мөн энэ үед хамтран ажиллагсад маань арал дээр амьдарч байсан коллежийн хоёр оюутныг эх газарт манай бүлэгтэй нэгдэхэд урьсан байлаа. Тэдэнд байсан хоол хүнс гэвэл ердөө ганц таваг хөнгөн зууш, 0.950 литр рашаан л байв. Аз болоход надад тэр хоёр оюутантай төдийгүй бусад хүн бүртэй хуваалцах хоол хүнс хангалттай байсан юм.

Бэлтгэлтэй байж, Их Эзэнээр удирдуулах нь ямар их адислал билээ! Энэ нь аюул тохиолдсон үед бусдыг тайтгаруулж, бараг бүх цаг заваа амин хувиа бодолгүйгээр бусдад туслахад зориулах боломжийг надад олгосон юм. Манай санваарын удирдагчдаас бидэнд өгдөг бэлтгэлтэй байх зөвлөгөөг би шинэ түвшинд өндрөөр үнэлдэг болсон.