2012
Залбирахыг тэдэнд ухуул
Үхэр 2012


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2012 оны 2-р сар

Залбирахыг тэдэнд ухуул

Бяцхан хүүхэд байхад маань эцэг эх минь надад хэрхэн залбирахыг зааж өгсөн юм. Би залбирч эхлэхдээ Тэнгэрлэг Эцэгийг алс хол байгаагаар төсөөлөн боддог байлаа. Нас минь нэмэгдэх тусам залбирах үйл явц маань өөрчлөгдсөн. Би Тэнгэрлэг Эцэгийг хурц гэрлээр хүрээлэгдсэн, надад их ойрхон байдаг, намайг сайн мэддэг хэмээн төсөөлдөг болсон юм.

1820 онд Нью-Йоркийн Манчестерт Иосеф Смитэд тохиолдсон үйл явдлын тухай түүний бичсэн зүйлийг үнэн гэдэг гүн гэрчлэлтэй болсон тул Тэнгэрлэг Эцэгийн тухай төсөөлөл маань ийн өөрчлөгдсөн билээ.

“Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.

Намайг хүлсэн тэрхүү дайснаас миний бие чөлөөлөгдсөн нь удалгүй мэдэгдэв. Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь намайг нэрээр минь дуудан, нөгөө рүүгээ заагаад надад—“Энэ бол Миний Хайртай Хүү. Түүний үгийг сонсогтун! хэмээв.” (Иoсеф Смит—Түүх 1:16–17).

Хаврын тэр нэгэн сайхан өдөр Тэнгэрлэг Эцэг ойн цоорхойд байсан бөгөөд Иосефийг нэрээр нь дуудсан билээ. Тэгээд Тэрээр дахин амилсан дэлхийн Аврагчийг Өөрийн “Хайрт Хүү” хэмээн танилцуулсан юм. Та хэзээ ч, хаана ч залбирсан тэрхүү агуу үйл явдлын тухай гэрчлэл тань таныг адисалж чадна.

Бидний хандан залбирдаг Эцэг маань Өөрийн Хайрт Хүүгээрээ дамжуулан дэлхийнүүдийг бүтээсэн гайхамшигт Бурхан юм. Тэрээр Иосефийн залбирлыг сонссоны адил Түүний оршихуйд байгаа мэтээр бидний залбирлыг сонсдог. Тэрээр бидэнд маш их хайртай учир Өөрийн Хүүг бидний Аврагчаар илгээсэн. Бурхан бидэнд тэрхүү бэлгээр дамжуулж үхэшгүй мөнхийн амьдралыг авах боломжийг өгсөн. Энэ амьдралдаа хүссэн үедээ Есүсийн Христийн нэр дээр залбиран, Түүнтэй харилцах боломжийг Тэр бидэнд санал болгосон.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн санваар атгагчид “гишүүн бүрийн гэрээр айлчлан чанга дуугаар болон чимээгүй залбирахыг ухуулах” (C ба Г 20:47) үүрэгтэй.

Залбирахыг ухуулах олон арга зам байдаг. Жишээлбэл үргэлж залбирч байх Бурханы тушаалын тухай бид гэрчилж болно. Эсвэл талархаж, гуйж хүсч, асууж лавлан залбирсан тухай судрын жишээнүүдээс мөн өөрсдийн туршлагаасаа хуваалцаж болно. Жишээ нь би Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хариулдаг гэдгийг мэднэ хэмээн гэрчилж чадна. Оюун ухаандаа хүлээн авсан үгсээс ирэх удирдамж болон тайтгаралаасаа би эдгээр үг нь Бурханаас ирсэн гэдгийг Ариун Сүнсээр дамжуулан мэддэг.

Бошиглогч Иосеф Смитэд ийм явдлууд тохиолдсон бөгөөд танд ч мөн тохиолдох боломжтой. Чин сэтгэлийн залбирлынхаа хариуд тэр:

“Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;

Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно” (C ба Г 121:7–8) гэсэн хариултыг авсан билээ.

Энэ бол маш ихээр зовж шаналж байсан итгэлтэй хүүдээ өгсөн Хайрт Эцэгийнх нь илчлэлт байлаа. Бурханы хүүхэд бүр залбирлаар дамжуулж Түүнтэй харилцаж чадна. Түүнд даруухнаар залбиран хайр болон гэрэлт мэдрэмжүүдийг хүлээн авах нь надад залбирах урам зоригийг юу юунаас илүүтэйгээр өгдөг юм.

Бид Бурханы тушаалуудыг дагаснаар тушаалуудын тухай гэрчлэлтэй болдог (Иохан 7:17-г үз). Чангаар болон чимээгүйхэн тогтмол залбирах тушаал нь үнэн тушаал юм. Бурхан та нарын залбирлуудад хариулдаг бөгөөд Ариун Сүнсний хүчээр хүлээн авдаг хариулт бүр Түүнээс ирдэг гэдгийг та бүхэн мэдэж чадна гэдгийг би та бүгдийн найз мөн багшийн хувьд амлаж байна.

Энэ захиасаас заах нь

  • “Зургууд нь хичээлийн гол санааг хүчирхэгжүүлэхэд чухал үүрэгтэй” (Teaching, No Greater Call [1999], 176). Иосеф Смит эсвэл Анхны үзэгдэл зургийг үзүүл. Иосеф Смитийн залбирлын тухай ярилц. Залбирахдаа Ерөнхийлөгч Айрингтай адил “Тэнгэрлэг Эцэгийг ойрхон байгаа” мэтээр төсөөлөх нь яагаад чухал вэ?

  • Ерөнхийлөгч Айрингын зөвлөснөөр залбирч, залбирлын тухай судруудаас хуваалцсанаар хүлээн авсан адислалуудынхаа тухай гэрчлэлээ хуваалцаж болно.