2010
Moral Courage
2010 оны 3-р сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг 2010 оны гуравдугаар сар

Ёс суртахуунтай байх зориг

Мөнх бус амьдралын маань зорилгуудын нэг нь ямар ч нөхцөлд Бурханд зарлигуудыг нь дагах болно гэдгийг нотлох явдал. Бид энэхүү сорилтыг сүнсний дэлхийд байхдаа давсан билээ. Гэвч мөнх бус амьдралын шалгалтанд унах магадлалтай байсан Тэнгэрийн эрхсийн гуравны нэг нь энэ төлөвлөгөөний эсрэг босон зогсов.

Бид энэ дэлхийд төрөхөөсөө өмнө Бурхан Эцэг, Түүний хүү Есүс Христийг биечлэн мэддэг байв. Тэд бидэнд зааж, зоригжуулж байхад бид Тэднийг харж мөн сонсож байсан. Харин одоо оюун ухаан, ой дурсамжийг маань нэгэн гивлүүр бүрхэж байгаа. Худал бүхний эцэг болох Сатанд биднийг мэхлэх давуу тал байгаа. Учир нь бид энэ дэлхийн зүйлсэд уруу татагдаж, бие махбодийн сул дорой чанаруудыг үзэж байх зуур зөвхөн итгэлийн нүдээр л хэн бэ гэдгээ харах ёстой болдог.

Энэ амьдралд эрч хүчийг бидэнд өгдөг агуу тусламжууд байдаг. Есүс Христийн Цагаатгал бол хамгийн агуу нь юм. Тэрээр үүнийг хийсэн учир бид баптисмын усанд нүглээ угааж, ариутгаж, гэрээ хийдэг. Бид ариун ёслолыг итгэлтэйгээр мөн гэмшсэн зүрх сэтгэлтэйгээр хүртэх аваас энэхүү гэрээгээ дахин шинэчилдэг.

Сүнслэг бэлгүүд нь бас нэгэн тусламж. Бид төрөх үедээ Христийн Сүнсийг хүлээж авдаг. Энэ нь мөнх амьдрал уруу хөтлөх тэрхүү сонголтуудыг хийх хүч чадлыг өгдөг. Бид судруудыг Ариун Сүнсний тусламжтайгаар уншсанаар найдвартай хөтөчтэй болдог.

Залбиралдаа талархлаа илэрхийлж, тусламжийг тодорхой мөн итгэл найдвартайгаар хүсэн гуйхдаа, Түүн уруу эргэн очих үед эдлэх тэр баяр баяслыг, Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт байгаа мэт тэр мэдрэмжийг Ариун Сүнс бидэнд өгдөг. Энэхүү Бурхантай харьцах харьцаа нь бидний зүрх сэтгэл дэх айдсыг хөөн зайлуулж, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн хайр ба итгэлийг бий болгоход тусалдаг.

Ариун санваар нь бидний үйлчлэлд эрч хүчийг өгдөг. Ёслолуудаар дамжуулан үйлчлэх болон Сатаны нөлөөг давж гарах хүчийг хүлээж авдаг. Бид үйлчлэхээр дуудагдахад, Тэрээр бидэнд “Та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд Би тэрчлэн байх болно, учир нь Би та нарын нүүрний өмнө явах болно гэж амладаг. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно. Мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88).

Бошиглогч Иосеф Смит үйлчилж байхдаа айдастай байсан юм. Гэвч Бурхан түүнд Есүс Христийн жишээгээр дамжуулж эр зоригийг өгсөн юм.

“Мөн хэрэв чи нүхэнд, эсвээс алуурчдын гарт чам дээр тохиох үхлийн яланд хаягдах ёстой аваас; хэрэв чи гүнд хаягдах аваас; хэрэв хүрхрэх далайн давалгаа чиний эсрэг хуйвалдах аваас; хэрэв догшин салхи чиний дайсан болох аваас; хэрэв тэнгэр хар барааныг цуглуулж, мөн бүх элементүүд замыг хүрээлэн хаахаар нэгдэх аваас; мөн бүхний дээгүүр, хэрэв тамын эрүү чиний араас амаа томоор ангайлгах аваас; эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь.”

“Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?” хэмээн хэлсэн юм. (С ба Г 122: 7–8).

Бурхан бидэнд энэ амьдралд юутай ч учирсан тулалдах хангалттай эр зориг, хүчийг өгсөн. Хэрвээ бид Түүний тусламжийг хүсэх аваас, бидний эрэлхийлж буй мөнхийн амьдрал уруу Тэрээр биднийг чиглүүлэх болно.