Сүмийн түүх
Шуудангийн тэргээр ариун сүм рүү


Шуудангийн тэргээр ариун сүм рүү

Чойбалсан салбарын гишүүн 70 гаруй настай хожмын үеийн гэгээнтэн Тогооч эгч 2007 оны 11-р сард Хятадын Хонконг ариун сүм рүү галт тэргээр явахаар тасалбарынхаа мөнгийг цуглуулжээ. Зүүн зүг рүү Бээжин, тэндээсээ урагш Хонконг руу нийт гурван өдөр галт тэргээр аялсныхаа дараа тэр Хонконгийн Кавлун Тонг дүүрэгт хүрч, ариун сүмийн эсрэг талд байрлах зочдын байранд хүнд ачаагаа арайхийн зөөж оруулав. Тогооч эгч долоо хоног тэнд байрлан, өөрийнхөө болон нас барагсдын төлөөх ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэлээ. Санхүүгийн боломжгүй нэг бус хүмүүсийн адил, түүний хувьд энэ долоо хоног насан туршийнхаа ариун сүмийн үйлчлэлийг гүйцэтгэх хугацаа байв. Дараа нь Тогооч эгч дахин галт тэргэнд суугаад гурав хоног явж буцаж ирнэ.

Хонконг руу галт тэргэнд суухаас өмнө, тэрээр Чойбалсангаас Улаанбаатар хүртэл онгоцоор явах, аль эсвэл замын ихэнхийг шороон замаар туулж 14 цаг явах ёстой байлаа. Тогооч эгч авхаалж самбаа гарган шуудангийн машинд сууж хүрчээ. Галт тэрэг хөдлөхийн өмнөх орой тэрээр Улаанбаатар дахь номлолын гэрт ирлээ. Маргаашийн аян замдаа бэлдэн хүн бүр сандралдаж байхыг тэр олж харав. 16 номлогчийг оролцуулаад 43 хүн ариун сүм рүү явах гэж байлаа. Тэд өдөржингөө саван, шампунь, ариун цэврийн цаас, хувцас хунар болон хөнгөн, мууддаггүй хүнсний бүтээгдэхүүн зэргийг нэг баглаж, нэг задлан янзалсан аж. Номлолын ерөнхийлөгч өдрийн турш ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагад оржээ. Тогооч 20000 төгрөгтэй (20 хүрэхгүй ам.доллар), үүнийгээ аяны 2 долоо хоногийн хоол хүнсэндээ хэрэглэхийн тулд солиулах хэрэгтэй байгаагаа хэлэв. Харамсалтай нь тэр үед валют солих газрууд хаасан, маргааш өглөө нь үүрээр эрт хөдлөх байлаа. Номлолын ерөнхийлөгч болон түүний эхнэр өмнө нь Хонконгод амьдарч байсан учир Тогооч эгчид аялалдаа хэрэглэх хятад болон хонконг мөнгөтэй хоёр дугтуй өгөв.

Жавартай өглөөний 07:30 цагт гишүүд, номлогчид галт тэргэндээ суугаад, буудлаас хөдлөв. Тэд олуулаа учир бүтэн нэг вагоныг дүүргэжээ. Олон гишүүн болон номлогчид хоол хүнсээр дүүргэсэн том гэгчийн цүнхтэй явж байсан ба хүнсээ бие биетэйгээ замдаа хуваалцаж байв. Хонконгод очмогцоо Тогооч эгч аяллын багийнхантай хамт бүхий л үйл ажиллагаанд оролцож, нэг хөл нь нөгөөхөөсөө богино тул доголж алхдаг ч юунаас ч хоцорсонгүй. Тэр юмнаас хойш суухыг хүсээгүй юм.

Зураг
Хятадын Хонконг ариун сүм

Хятадын Хонконг ариун сүм

Тогооч эгч дээрээс ирэх хүчээр адислагдан Чойбалсанд буцаж иржээ. Урт өвөл үргэлжлэв. 2009 оны 3-р сарын сүүлчээр Чойбалсан салбарын чуулганд номлолын ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт оролцохоор иржээ. Сүм тараад, Тогооч эгч гэр лүүгээ яаран явав. Тэр амьсгаадан, хөлсөө дуслуулсаар эргэж ирэн, хоёр жилийн өмнө Хонконг руу явахад нь өгсөн зардлын мөнгийг буцааж өгөхөөр дугтуйнд хийгээд, ууттай боорцог, өөрийн гараар чанаж, хайрлан хадгалсан алимны компотын хамт тэдэнд өгч билээ.