Үдэшлэгийн асуудал
Зохиогч нь Аргентины Корриентест амьдардаг.
Лузийн нэг хэсэг үдэшлэгт явахыг хүсэж байв. Гэсэн ч дотор нь тавгүй байлаа.
“Чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг … надаас асуух ёстой” (Сургаал ба Гэрээ 9:8). Энэ үйл явдал Аргентины Корриентэст болсон юм.
Луз баяртай байв. Хичээлийн жил дуусаж, олон олон сэтгэл хөдөлгөм зүйл болж байлаа. Удахгүй тэр зургаадугаар ангиа дүүргэнэ. Дараа жил дунд сургуульд орно!
Тэр том болж байгаадаа өөрөө ч гайхаж байв. Тэр өндөр болж, жижигхэн хүүхэд байхаа больжээ. Эдгээр өөрчлөлтөд тэр сэтгэл догдолж байсан ч дотроо бас бага зэрэг санаа зовдог байв.
Энэ тухайгаа тэр эцэг эхтэйгээ ярихаар шийджээ.
Аав нь “Луз, энэ бол чиний амьдралын хамгийн гайхалтай сайхан цаг үе. Энэ бол сурч мэдэх, бүх чадлаараа хичээх, мөн чамайг болж чадна гэж Бурханы мэдэх тэр хүн болоход чинь туслах зорилгууддаа хүрэх цаг үе юм” гэж хэлэв.
Харин ээж нь “Амьдрал нэг удаад нэг өдрөөр урагшилж өрнөдөг. Хийсэн жижигхэн, сайн сонголт бүр чинь чамайг өсгөн хөгжүүлж, болохыг хүсэж буй шиг чинь тийм хүн болгоно” гэв.
Энэ нь Лузийн сэтгэлийг тайтгаруулав. Нэг дор өсөж томрох шаардлагагүй гэдэгтээ тэр баярлаж байлаа.
Нэг өдөр сургууль дээр нь Лузийн найзууд төгсөлтийн үдэшлэг хийх гэж байгаагаа хэлэв. Тэд маш их баярлаж байсан. Оройн хоол, дуу хөгжим, гэрэл, бас бүжиг болох байв!
Харин найзуудыгаа үдэшлэгийн талаар ярьж байхыг сонсож байх үед Лузад тавгүй мэдрэмж төрж эхлэв. Энэ нь түүнд Ариун Сүнсийг мэдрүүлэх үдэшлэг биш юм шиг санагдав.
“Луз, чи ирнэ биз дээ?” гэж нэг найз нь асуулаа.
“Чи ирэх ёстой!” гэж нөгөө найз нь хэлэв. “Би эцэг эхээ чиний эцэг эхтэй яриулъя. Тэгвэл чамайг явуулах байх” гэж тэр хэллээ.
“Магадгүй.” Лузийн гэдэс базлав. “Би … Би чамд яахаа хэлнэ ээ.”
Луз амралтын өдрүүдийн үлдсэн хугацааг үдэшлэгийн талаар бодож өнгөрүүлэв. Тэр төгөлдөр хууран дээрээ дадлага хийх зуураа энэ талаар бодлоо. Тэр жоохон дүүтэйгээ тоглож байхдаа ч энэ талаар бодсоор байв. Юу ч хийж байсан энэ бодол толгойноос нь гарахгүй байлаа.
Тэр нэг талаас үдэшлэгт явахыг хүсэж байв. Гэсэн ч дотор нь тавгүй байлаа. Доторх түгшүүртэй мэдрэмж нь түүнээс салахгүй байв.
“Чи зүгээр үү, охин минь?” гэж ээж нь ням гаргийн үдээс хойш асуулаа. Тэр хуруугаараа Лузийн урт, хар үсийг самнав.
“Зүгээр л …” гэж Луз хэллээ.
“Чи үдэшлэгийн талаар бодсоор л байна уу?” гэхэд,
“Би юу хийхээ мэдэхгүй байна. Би явмаар л байна. Гэхдээ тэнд надад сайхан санагдахгүй гэдгийг би мэднэ” гэж Луз хэллээ.
Ээж инээмсэглээд, “Чамайг сайн сонголт хийнэ гэдгийг би мэднэ. Чи энэ тухай бодоод, сонголтоо хийж, Тэнгэрлэг Эцэгтээ ямар шийдвэр гаргаснаа хэлээрэй. Тэр чамд юу зөв болохыг мэдэхэд тусална. Чи зүрх сэтгэлдээ мэдэх болно” гэлээ.
Луз толгойгоо дохив. Тэр гүн амьсгаа аваад, өрөөндөө залбирахаар орлоо.
Луз “Тэнгэрлэг Эцэг минь. Найзууд маань намайг үдэшлэгт урьсан ч энэ нь надад сайхан санагдахгүй байна. Би очиж чадахгүйгээ тэдэнд хэлье. Ингэж хэлэх нь зөв биз дээ?” хэмээн шивнэлээ.
Халуун дулаан мэдрэмж Лузийг нөмрөн авлаа. Юу хийхээ мэдэхгүй байсан мэдрэмж нь алга болсон байв. Гэрлээр дүүрсэн мэт түүнд санагдлаа! Тэр зөв сонголт хийж байгаагаа мэдэж байв.
Луз өрөөнөөсөө гараад, ээжийгээ чанга гэгч тэвэрлээ.
“Би явахгүй байхаар шийдлээ” гэж Лузийг ээждээ хэлэхэд,
“Би чамаар бахархаж байна” гэж ээж нь хариуллаа.
Аав нь бас Лузийг тэврээд, “Надад нэг санаа байна. Бүгдээрээ төгсөлтийн баярын үдэшлэг зохиоё. Бид зайрмаг идэж, гэр бүлээрээ тэмдэглэж болно шүү дээ!” гэлээ.
Луз инээмсэглэв. Тэр зайрмагт ямар дуртай гээч! Түүнчлэн хэцүү байсан ч зөвийг хийж чадна гэдгээ мэдэх түүнд сайхан байлаа. Жижигхэн, сайн сонголт бүр нь түүнийг өсгөн хөгжүүлж, Бурханы хүсэж буй тийм хүн болгож чадна.