2017 оны онцгой цугларалтууд
Хайр ба гэрлэлт


Хайр ба гэрлэлт

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонтой хамт нэгэн үдэш

Залуучуудад зориулсан дэлхий дахины онцгой цугларалт • 2017 оны 1-р сарын 8 • Бригам Янгийн Их Сургууль

Сэтгэл хөдөлгөм сайхан дуулал эгшиглүүлсэн найрал дуучдадаа баярлалаа.

Ах, эгч нар аа бид та нарт хайртай. Мөн та нартай хамт байх дуртай. Та нар үнэхээр Израилын найдвар учраас би та бүхэнд хэдэн зүйлийн талаар хуваалцах гэсэн юм. Би бодол санаагаа хуваалцангаа Ариун Сүнс танд хэрэгтэй яг тэр захиасыг хүргээсэй хэмээн залбирч байна.

Биднийг гэрлэхийн өмнө би 25 жилийн турш гэрлэлт, гэр бүлийн сэтгэл зүйн эмчилгээ хийдэг эмч байсан бөгөөд үүнээс сүүлийн 13 жилд нь Бригам Янгийн Их Сургуульд ажилласан. Би олон мянган хостой уулзаж, ан цав суусан гэр бүл, муудсан харилцааны эмгэнэлт түүхийг ээлж дараалан сонсдог байв. Би гэрлэлтэд юу амжилт авчирдаг мөн юу авчирдаггүйг өөрийн биеэр харсан. Мөн би сүйрсэн гэрлэлтийг юу эдгээдгийг мөн юу нэг л шөнийн дотор гэрлэлтийг нурааж болохыг мэдсэн. Тиймээс өнөөдөр орой та нартай хамгийн дуртай сэдвээрээ ярилцахыг минь зөвшөөрнө үү? Хайр ба гэрлэлт?

Би таныг зөвхөн шаардлагагүй сэтгэлийн зовлонгоос хамгаалах төдийгүй зөв шударга хань байж мөн зөв шударга ханийг сонгож, аз жаргалтай гэрлэлт, үр бүтээлч гэр бүлийг бий болгоход тусална гэж итгэж явдаг дөрвөн үнэнийг хуваалцмаар байна.1

Өнөөдөр би та нартаа өөрийнхөө ач, зээ нарт хандаж байгаа мэт чин сэтгэлээсээ ярих тул намайг өөрсдийн “Вэнди нагац эгч” гэж бодоосой хэмээн найдаж байна. Вэнди нагац эгчийн хайр, гэрлэлтийн талаарх дараах дөрвөн үнэнийг хуваалцъя.2

Эхний үнэн: Хайр, гэрлэлтийн талаарх бүхий л үнэн Ариун Сүнсээр дамжин Тэнгэрлэг Эцэгээс ирдэг. Тэрээр гэрлэлтийг Өөрийнхөө аз жаргалын төлөвлөгөөний юугаар ч орлуулшгүй нэгэн хэсэг байхаар тогтоосон. Сүнс бол эдгээр үнэний элч билээ.3 Би та бүхнээс эдгээрийг ойлгох гэж хичээгээсэй гэж хүсэж байна.

Харин үүний эсрэг зүйл бол хайр, гэрлэлтийн тухай бүхий л худал хуурмаг Сатан болон түүний үйлчлэгчдээс үүдэлтэй бөгөөд тэр тэдгээрийг бататгадаг. Тэрээр хохирогчийг хайр болон гэрлэлтийг гутаан доромжилж, дорд үзэх аливаа зүйлийг хүлээн зөвшөөрөхөд ятгаж чадсандаа баярладаг. Гэсэн хэдий ч, үнэн бол үнэн, худал бол худал хэвээрээ байна. Ямар ч ухаалаг сурталчилгаа, компанит ажил, ухуулга үүнийг өөрчилж чадахгүй.

Хоёр дахь үнэн: Хувийн цэвэр ариун байдал бол жинхэнэ хайрын түлхүүр юм. Таны бодол санаа, мэдрэмж, үг, үйлдэл хэдий чинээ цэвэр ариун байна, жинхэнэ хайрыг өгөх мөн хүлээж авах чадавх тань төдий чинээ агуу байна.

Үүнд надад итгээрэй. Та Тэнгэрлэг Эцэгт зүрх сэтгэлээ уудлан залбирах бүрийнхээ дараа сонсон, зүрх сэтгэлийн угт байх асуултынхаа хариултыг судруудаас эрэлхийлж, сүнсийг тань шархлуулах аливаа зүйлсээс зайлсхийж (порнограф гэх мэт), ариун сүмд шүтэн биширч, өвөг дээдсийнхээ ёслолыг хийлгэж болохуйц мэдээллийг олох бүрдээ хувийн цэвэр ариун байдлаа өсгөн нэмэгдүүлэх сонголтыг хийж байдаг юм.

Яг энэ цаг мөчид та гэрлэлтийн жинхэнэ дотно харилцаанд өөрийгөө бэлтгэж байгаа тул таны ирээдүйн хань ч гэсэн танд талархах болно. Тиймээс, хэрэв та ганц бие бол, мөн жинхэнэ хайрыг олж авахын тулд өөрийгөө хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байвал хариулт тань энд байна. Бодол санаа, мэдрэмж, үг, үйлдлээ цэвэр ариун байлгахын тулд бүхий л зүйлийг хий. Сүнсийг урьж, Түүгээр удирдуул. Тэр танд тусална! Хэрэв та гэрлэсэн бол би яг адил зүйлийг зөвлөж байна.

Та илүү цэвэр ариун болохыг хичээх юм бол Ариун Сүнс тантай хамт улам их байх болно. Хувийн илчлэлт хүлээж авах чадвар тань нэмэгдэж байгаа болохоор амьдралын тань зүг чиг улам бүр тодорхой болж байна гэсэн үг. Та илүү амар тайван, баяр баясгалантай болж, ганцаардах нь багасаж, ирээдүйдээ илүү итгэлтэй болно. Түүнчлэн таныг суралцаж, хөдөлмөрлөхөд оюун санаа тань илүү сэргэг байна. Мөн та өдөр бүр арай илүү цэвэр ариун байхыг хичээснээр ирэх эдгээр агуу шагналаас гадна жинхэнэ гэрлэлтийн дотно харилцааг мэдрэх чадавхаа өсгөн нэмэгдүүлнэ.

Тиймээс л порнограф сүйрүүлэгч нөлөөтэй байдаг юм. Порнографыг сурталчлагчид юу ч гэж хэлж бай, энэ нь үнэндээ танд гайхалтай дотно харилцааг мэдрэхэд саад болдог.

Одоо дараагийн, гурав дахь үнэн таныг цочролд оруулж магадгүй. Яагаад гэвэл, энэ нь дайсны болон дэлхий дээрх ихэнх хүний хайр, гэрлэлтийн талаар танд итгүүлэх гэж оролддог зүйлийн яг эсрэг зүйл юм.

Гурав дахь үнэн: Эхнэр, нөхрүүдийг бие биенээ хайрлах хайраа илэрхийлэхдээ гэрлэлтийн дотно харилцааны гайхамшиг, баяр баясгалангаас хүртээсэй гэж Их Эзэн хүсдэг.

Бурхан гэрлэлтийн дотно харилцааг тогтоосон. Энэ нь эхнэр, нөхрийг нэг нэгэндээ болон Их Эзэнд ойртуулдаг учраас Тэрээр үүнийг зарлиглаж мөн дэмждэг. Жинхэнэ гэрлэлтийн дотно байдал нь эхнэр, нөхөр хоёрын бүхий л бодгалийг багтаадаг.4 Энэ нь нөхрийн бие махбод болон сүнс эхнэрийн бие махбод болон сүнстэй нэгдэж байна гэсэн үг.

Уг бодгалийн нэгдэл нь эхнэр, нөхөр хоёр амьдралынхаа бүхий л хүрээнд хэрхэн нэгдмэл байж чаддагийг харуулдаг. Тэд хамтрагч болж хамтдаа хөдөлмөрлөдөг. Тэд хамтдаа залбирч, тоглон наадаж, өсөж хөгжин, амьдралын баяр баясгаланг мэдэрдэг. Тэд нэг нэгнийхээ төлөө золиослол гарган, энэ дэлхийд төрсөн зорилгоо биелүүлэхэд бие биенээ урамшуулан дэмждэг.

Хайрт ах, эгч нар аа гэрлэлтийн дотно харилцаа нь ариун нандин юм шүү. Үнэндээ эхнэр, нөхөр хоёр жинхэнэ гэрлэлтийн дотно харилцаанд орсон үедээ Бурханд илүү ойртож чаддаг.

Иймээс та ийм дотно харилцаанд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ? Сүнс таны мөн эхнэр, нөхрийн тань хамтрагч байж болохын тулд зөв зохистой амьдрах шаардлагатай.

Энэ нь дөрөв дэх үнэн рүү хөтөлж байгаа юм. Жинхэнэ гэрлэлтийн дотно харилцаанд Ариун Сүнс оролцох хэрэгтэй байдаг. Гэрлэлтэд байдаг дотно харилцааг гэрлэлтээс гадуур мэдрэх боломжгүй. Учир нь тэнд Сүнс байхгүй.

Ахлагч Парлий П.Пратт Ариун Сүнс “төрөлхийн бүхий л дур хүсэл, сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлж, өсгөж, тэлж, цэвэршүүлэх”5 чадвартай хэмээн заажээ. Тэр та нарын мэдрэмжийг цэвэр болгож чадна. Иймээс Сүнсийг таны болон ханийн тань амьдралд мөн гэрлэлтэнд урьж авчрах ямар ч зүйл гэрлэлтийн дотно харилцааг мэдрэх чадварыг тань өсгөн нэмэгдүүлдэг. Энэ нь ийм л энгийн мөртлөө гүн гүнзгий зүйл юм.

Нөгөөтэйгүүр, Сүнсийг гомдоох аливаа зүйл эхнэр, нөхөртэйгөө нэгдмэл байх чадавхыг тань бууруулна. Уур уцаар, шунал тачаал, өршөөнгүй биш байх, тэмцэл, ёс бус байдал, наманчлаагүй нүгэл зэрэг нь гэрлэлтийн дотно харилцааг зүгээр л нэг бэлгийн харилцаанаас ялгарахгүй зүйл болгодог.

Товчоор хэлбэл, дэлхийнхний бэлгийн харилцаа нь дэлхий болон дайсны нөлөөн доор байж, үүнд бие махбодын, тачаангуй, хилэнцэт хүсэл ордог бол Бурханы томилсон гэрлэлтийн дотно харилцаа нь Сүнсний нөлөөн доор байж, үүнд Сүнсээр сайжирч, цэвэршсэн хүсэл ордог. Та хэдий чинээ цэвэр ариун байна, таны гэрлэлтийн дотно харилцаа төдий чинээ гайхамшигтай байх болно гэдэг нь үнэн юм.6

Дэлхийнхний бэлгийн харилцаанд бүх зүйл хүлээн зөвшөөрөгддөг. Гэрлэлтийн дотно харилцаатай байхад үг ярианаас эхлээд дуу хөгжим хүртэлх бүх зүйлээс буюу Сүнсийг, таны болон эхнэр, нөхрийн тань сүнсийг гомдоох ямар ч зүйлээс зайлсхийхэд онцгой анхаарал хандуулдаг.

Дэлхийнхний бэлгийн харилцаа нь тачаадсан, хайрыг мөхөөсөн шинжтэй бол гэрлэлтийн дотно харилцаа хайрыг улам бүр төрүүлж байдаг.

Дэлхийнхний бэлгийн харилцаа нь эрэгтэй, эмэгтэйчүүдийг болон тэдний бие махбодыг доромжлон гутаадаг бол гэрлэлтийн дотно харилцаа эрэгтэй, эмэгтэйчүүдийг хүндэтгэн, бие махбодыг мөнх бус амьдралын хамгийн агуу бэлгүүдийн нэг хэмээн магтан дуулдаг.

Дэлхийнхний бэлгийн харилцаанд хувь хүн ашиглуулсан, хүчирхийлүүлсэн эсвэл ганцаардсан байдлыг мэдэрч болдог бол гэрлэлтийн дотно харилцаанд байхад хосууд илүү нэгдмэл байж, хайрлуулж, халамжлуулж, харилцан ойлголцсоныг мэдэрдэг.

Дэлхийнхний бэлгийн харилцаа нь улмаар харилцаа холбоог сүйрүүлэн үгүй хийдэг. Харин гэрлэлтийн дотно харилцаа гэрлэлтийг хүчирхэгжүүлдэг бөгөөд хосуудын амьдрал, гэрлэлтийг дэмжиж, эдгээн, адисалдаг.

Дэлхийнхний бэлгийн харилцааг лимбэний эгшиг гэж бодвол гэрлэлтийн дотно харилцаа нь бүхэл бүтэн найрал хөгжмийн тансаг аялгуу юм.7

Дэлхийнхний бэлгийн харилцаа хэзээ ч амлалтаа биелүүлдэггүй учраас донтолт болон хувирдаг. Бурханы томилсон гэрлэлтийн дотно харилцаа нь гайхамшигтай бөгөөд гэрээгээ сахидаг эхнэр, нөхрийн хооронд үүрд мөнхөд үргэлжилнэ.

Товчоор хэлбэл, Их Эзэн Сүнсээр зөвшөөрөгдсөн гэрлэлтийн дотно харилцааг адисалдаг ба энэ нь ариусгагч хүчтэй байдаг.8

Тэгэхлээр, хүчирхэг, аз жаргалтай гэрлэлтийг бий болгох тийм ч амар бус. Би үүнтэй санал нэг байгаа ч энэ нь танд баяр баясгалангавчирна.

Би гэрлэснийхээ 10 жилийн ойгоор гэрлэлтийн маань надад авчирсан баяр баясгаланг илэрхийлэх ямар зүйлийг нөхөртөө бэлэглэж болох вэ гэж бодсон. Би юу өгсөн гээч!

Савлуур!

Хайрт ах, эгч нар аа, хэрэв та эдгээр дөрвөн үнэнийг зорьж хэрэгжүүлбэл, та өөрийг тань үүрд дэмжин, тайтгаруулах, аз жаргалтай гэрлэлтийг бий болгож чадна гэдэгт би итгэлтэй байна. Энэ гэрлэлт нь таны хэзээ ч төсөөлж байгаагүй тийм хүн болгох боломжийг танд олгоно.

Гэрлэлт нь Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу онцгой эрх бөгөөд зүйрлэшгүй баяр баясгалангийн эх сурвалж байж чадна гэдгийг мөн хувийн цэвэр ариун байдал нь үүний түлхүүр гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Хэнри Б.Айринг, “Renaissance of Marriage: To Become as One“ (address given at the Complementary of Man and Woman: An International Interreligious Colloquium in Vatican City, Rome, Nov. 18, 2014), LDS.org.

  2. Вэнди Л.Вацон, Purity and Passion: Spiritual Truths about Intimacy That Will Strengthen Your Marriage (2001).

  3. Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,“ Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35.

  4. Жэффри Р.Холланд, “Of Souls, Symbols, and Sacraments,“ in Morality (1992), 152–66.

  5. Парлий П.Пратт, Key to the Science of Theology, 9 дэх хэвлэл [1978], 61.

  6. Одоо та нар сайн байхыг хүсэж байгаа ч хэт их сайн байхыг хүсэхгүй байж болно. Та нарын зарим нь хэтэрхий ариун журамтай харагдах вий гэдгээс зайлсхийн бүхий л зүйлийг хийхээр уруу татагдаж болно. Хэрэв та нар гэрлэлэлтийн хамгийн бүрэн дүүрэн дотно байдлыг мэдрэхийг хүсэж байвал энэ яг та нарын хүсэж байгаа зүйл юм. Гэрлэлтийн дотно байдлаа аль болох гайхамшигтай байлгахын тулд та нар аль болох цэвэр ариун байхыг хүсэж байгаа.

  7. Труман Г.Мадсэнтэй хийсэн ярилцлага.

  8. Сургаал ба Гэрээ 88:34-ийг үзнэ үү.